Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 303

 

 

 

 

 

 

 

  2019          04          17                                   2019/ШЦТ/303

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганчимэг,

шүүгдэгч Х.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Х-ын А-т холбогдох эрүүгийн 1910004800218 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Х.А- нь 2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо Яармагийн хуучин эцсийн буудлын дэргэдэх нүүрс зардаг цэг дээр иргэн Б.Э-ыг “хадам аав Г-г дээрэлхдэг” гэх шалтгаанаар толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Х.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910004800218 дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Яармагийн хуучин эцсийн урд нүүрс зардаг цэгт ажил дээрээ хонож байсан юм. Орой 18 цагийн үед манай ажлын байр байрладаг хашааны эзэн Г- ах согтуу ирээд “гэрт нь галгүй” гээд манай өрөөнд унтсан. Шөнө 02 цаг өнгөрч байхад амбаарын гадаа гэрэл асаад машин зогсохоор нь “хүн нүүрс авах гэж байгаа юм байна” гэж бодоод хартал Г- ахын хүргэн А- ирээд миний толгойны зүүн талын чамархай хэсэгт гараараа хүчтэй цохисон. Би цохиулаад газарт унахад миний хувцаснаас чирч амбаарт оруулаад гал дээр тавьсан байсан данхтай халуун цайг аваад миний нүүрэн дээрээс хийх гээд сүрдүүлээд байсан. Удалгүй түүний эхнэр нь орж ирээд аваад явсан. Миний биед учирсан гэмтлүүдийг А- учруулсан. Би А-аас эмчилгээнд 100.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-11-р хуудас/,

Гэрч А.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай нөхөр Э- 2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ажил дээрээ хоноод өглөө нь 11 цагийн үед гэртээ ирэхдээ түүний зүүн нүд нь хөхөрсөн, толгойны зүүн хэсэгт овойсон байсан. Би юу болсон талаар асуухад “манай захирлын хүргэн намайг шөнө зодсон” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Гэрч Д.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 11-ний орой найзынхаа гэрт архи ууж байгаад нилээн согтуу гэртээ орох гэж байснаа “гэрт галгүй хүйтэн байгаа” гэж бодсон. Тэгээд нүүрс зардаг амбаарт ажилчин Э- байхаар нь ороод орон дээр нь унтсан. Тэгтэл чанга чимээ гарахаар нь сэрээд хартал манай хүргэн А- Э-ыг амбаар дотор түлхэж унагаагаад “наад хүний чинь ард хамгаалах хүн байдаг юм шүү, битгий хөгшин хүн дарамтлаад байгаарай” гэсэн. Би хүргэн А-ыг загнаж явуулчихаад гэртээ орсон. Манай хүргэн А-ын уурласан шалтгаан нь “Э-ыг хэл амаар доромжлоод байсан” гээд хэлчихсэн байсан тул намайг өмөөрсөн юм шиг байгаа юм. Маргааш өглөө нь Э- надад “танай хүргэн чинь намайг зодсон” гэхээр нь “чи хөгшин хүн дээрэлхэхээр тэгнэ шүү дээ” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

Гэрч Г.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манай аав Г- ер нь нилээн архи уудаг. Аав Г- манай нөхөр А-т “намайг хүн байнга дээрэлхээд зодож нүдээд байна, намайг өмөөрөх хүн алга, очоод хэлээд өгөөч” гэдэг байсан. 2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө манай нөхөр “ажлаа тараад ирж байна” гэчихээд ирэхгүй удаад байхаар нь нөхөр рүүгээ залгахад цаанаа хүнтэй хэрэлдээд байх шиг байсан. Би “хаана байна” гэхэд “аавынд урд байна” гэж хэлсэн. Би аавынхаа хашаанд байдаг нүүрс зардаг амбаарт ортол манай нөхөр А- нүүрс зардаг хүнтэй /Э-/ зодолдсон юм шиг байхаар нь нөхрийгөө аваад гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №2348 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний зовхинд хаван, цус хуралттай. Дүгнэлт:

1. Б.Э-ын биед зүүн нүдний зовхинд хаван, цус хуралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэл болно. /хх-ийн 26-р хуудас/,

Шүүгдэгч Х.А- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Манай хадам аав Г- ганц бие амьдардаг ба надад өмнө нь “Э- намайг дээрэлхээд байдаг” гээд ярьдаг байсан. Тухайн үед би нээх тоож байгаагүй. Гэтэл цагаан сарын үеэр надад  “нөгөө хүн дахиад дээрэлхээд байна” гэсэн. Би 2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ харих замаараа хадам аав Г-гийн хашаанд байдаг нүүрсний амбаарт очиход Э- гарч ирсэн. Би түүнээс “О мөн үү” гэхэд “тийм байна” гэхээр нь түүний зүүн шанаа хэсэгт нь гараараа хоёр удаа цохиход тэрээр газар унасан. Би нүүрс зардаг амбаарт ороход хадам аав унтаж байсан. Удалгүй манай эхнэр ирээд бид хоёр гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч А.А-ийн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39-р хуудас/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 40-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Х.А- нь 2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо Яармагийн хуучин эцсийн буудлын дэргэдэх нүүрс зардаг цэг дээр хохирогч Б.Э-ыг “хадам аав Г-г дээрэлхдэг” гэх шалтгаанаар цохиж биед нь “зүүн нүдний зовхинд хаван, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Э-ын ...Шөнө 02 цаг өнгөрч байхад амбаарын гадаа гэрэл асаад машин зогсохоор нь “хүн нүүрс авах гэж байгаа юм байна” гэж бодоод хартал Г- ахын хүргэн А- ирээд миний толгойны зүүн талын чамархай хэсэгт гараараа хүчтэй цохисон. Би цохиулаад газарт унахад миний хувцаснаас чирч амбаарт оруулаад гал дээр тавьсан байсан данхтай халуун цайг аваад миний нүүрэн дээрээс хийх гээд сүрдүүлээд байсан. ...Миний биед учирсан гэмтлүүдийг А- учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-11-р хуудас/,

 

Гэрч А.О-ийн ...Манай нөхөр Э- 2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ажил дээрээ хоноод өглөө нь 11 цагийн үед гэртээ ирэхдээ түүний зүүн нүд нь хөхөрсөн, толгойны зүүн хэсэгт овойсон байсан. Би юу болсон талаар асуухад “манай захирлын хүргэн намайг шөнө зодсон” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

 

Гэрч Д.Г-гийн ...Чанга чимээ гарахаар нь сэрээд хартал манай хүргэн А- Э-ыг амбаар дотор түлхэж унагаагаад “наад хүний чинь ард хамгаалах хүн байдаг юм шүү, битгий хөгшин хүн дарамтлаад байгаарай” гэсэн. ...Манай хүргэн А-ын уурласан шалтгаан нь гэвэл би хэд хоногийн өмнө согтуу байхдаа Э-ыг хэл амаар доромжлоод байсан гээд хэлчихсэн байсан тул намайг өмөөрсөн юм шиг байгаа юм. Маргааш өглөө нь Э- надад “танай хүргэн чинь намайг зодсон” гэхээр нь “чи хөгшин хүн дээрэлхэхээр тэгнэ шүү дээ” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

Гэрч Г.Ц-ийн ...2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө манай нөхөр “ажлаа тараад ирж байна” гэчихээд ирэхгүй удаад байхаар нь нөхөр рүүгээ залгахад цаанаа хүнтэй хэрэлдээд байх шиг байсан. ...Би аавынхаа хашаанд байдаг нүүрс зардаг амбаарт ортол манай нөхөр А- нүүрс зардаг хүнтэй /Э-/ зодолдсон юм шиг байхаар нь нөхрийгөө аваад гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №2348 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.Э-ын биед зүүн нүдний зовхинд хаван, цус хуралт гэмтэл тогтоодлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэмтэл болно. /хх-ийн 26-р хуудас/ гэх дүгнэлт,

Мөрдөн байцаалтанд Х.А- яллагдагчаар өгсөн: …Би 2019 оны 02 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 00 цагийн үед ажлаасаа буугаад гэртээ харих замаараа хадам аав Г-гийн хашаанд байдаг нүүрсний амбаарт очиход Э- гарч ирсэн. Би түүнээс “О- мөн үү” гэхэд “тийм байна” гэхээр нь түүний зүүн шанаа хэсэгт нь гараараа хоёр удаа цохиход тэрээр газар унасан гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь “хадам аав Г-г дээрэлхдэг” гэх шалтгааны улмаас шүүгдэгч, хохирогч нарын хооронд таарамжгүй харилцаа маргаан үүсч, шүүгдэгч Х.А- нь хохирогч Б.Э-ын бие махбодид халдаж хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

         Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

             Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ын биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг нь тогтоолд дурдав.

 

             Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Х.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Б.Э-, шүүгдэгч Х.А- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

          Шүүгдэгч Х.А- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Х.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Х.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.А-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Х.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

            1. Б овогт Х-ын А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.А-т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ОДБАЯР