Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01826

 

С ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/02977 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.Э-т холбогдох, У ХК-д учруулсан гэм хорын хохиролд 440,000,000 төгрөг гаргуулж У ХК-д олгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц, Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: С-ноос 2021 оны 02 сард У ХК-ийн эрх бүхий албан тушаалтан Ш.Б нарын 9 хүнд холбогдуулан У ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7, 2016 оны 6 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, эдгээр тогтоолыг үндэслэж 2016-2018 онд Н ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, компанид учруулсан 4,400,000,000 төгрөгийн хохирлыг хамтран хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Улмаар 3 шатны шүүхийн шийдвэр гарч, У ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолыг баталсан гишүүн тус бүрээс 440,000,000 төгрөг гаргуулж У ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тодруулбал, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т заасан үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийх үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн гэж үзсэн.

Иймд У ХК-ийн 2015 оны 12 сарын 15-ны өдрийн 7 дугаар тогтоолыг батлах үед төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Ш.Э-аас 440,000,000 төгрөгийг гаргуулж У ХК-д олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Ш.Э нь У ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар 2012 оны 04 сарын 30-ны өдрөөс 2016 оны 04 сарын 29-ний өдрийг хүртэл 4 жил ажилласан бөгөөд 2015 оны 12 сарын 15-ны өдрийн 7 дугаар тогтоолыг Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, Компанийн дүрмийн 8.11-д заасан үүргийн дагуу баталсан. Тодруулбал, Ш.Э нь тус тогтоол гарахад саналын эрхгүй оролцсон. У ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлээс харахад хараат бус гишүүд болох Л.Ч, Д.Д, Н.Б нар саналын эрхтэй оролцсон байдаг. С нь У ХК-д учирсан хохирол 440,000,000 төгрөгийг шаардаж байх боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасны дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Нэр бүхий 9 гишүүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг үүсгэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн танхимын 2023 оны 07 сарын 04-ний өдрийн 001/ХТ2023/00147 дугаар тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. Тус тогтоол нь У ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 7, 2017 оны 6 дугаар тогтоолыг үндэслэж 2017 оны 04 сараас 2018 оныг дуустал хугацаанд У ХК-д учирсан хохирол гэж дүгнэсэн 4,400,000,000 тэрбум төгрөгийн хохирлыг шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Ш.Э-аас 440,000,000 төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Компанийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д тус тус зааснаар хариуцагч Ш.Э-аас У ХК-д учруулсан хохиролд 440,000,000 төгрөг гаргуулж У ХК-д олгуулах тухай нэхэмжлэгч С-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д ...хариуцагч Ш.Э-ыг Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.2, 84.4.3-т заасныг зөрчиж У" ХК-д 4,400,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай гэж үзнэ гэж, мөн шийдвэрийн 7-д Компанийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Сонирхлын зөрчилтэй хэлцлийн улмаас компани, түүний хараат болон охин компанид учирсан хохирлыг гэм буруутай этгээд өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар нэхэмжлэгч С нь У ХК-д учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагч Ш.Э-аас шаардах эрхтэй" гэж тус тус дүгнэсэн.

4.2. Гэтэл шүүх хариуцагч Ш.Э нь Компанийн тухай хуулийг зөрчиж, У ХК-д хохирол учруулсан гэм буруутай, нэхэмжлэгч нь Ш.Э-аас хохирлыг шаардах эрхтэй гэж дүгнэсэн атлаа дээрх дүгнэлтээ үгүйсгэж хариуцагчаас ямар ч хохирол гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг шударга ёсны зарчимд нийцүүлэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн. С яагаад зөвхөн Ш.Э-аас 440,000,000 төгрөг шаардаж байгаа болохоо тайлбарлаж чадаагүй. Ш.У, Б.Х гэх төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс нэхэмжлэхгүй үлдээж байгаа шалтгаан нөхцөлийг анхан шатны шүүх хуралдааны үед тодруулахад мөн адил тайлбар хэлээгүй. Бодит байдалд 2015, 2017 онуудад давхардсан тоогоор 12 төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, дарга, хараат бус гишүүд ажиллаж байсан. Гэтэл С 9 гишүүнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүхээс Л.Ч-ын нас барсан баримтыг үнэлэн түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Ш.Э-ыг хариуцагчаар татаагүй тул 8 гишүүнээс тус бүр 440,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, С хариуцагчаа дутуу тодорхойлсноос болж шүүх баримтын хүрээнд хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолыг 2023 онд гаргасан. С нь өөрсдийн хайнга үйлдлээс болж үүсээгүй бодит нөхцөл байдлыг шүүх буруутай мэтээр давж заалдах гомдол гаргасан нь харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхив.

2.Нэхэмжлэгч С ТБАГУТҮГ нь хариуцагч Ш.Э-т холбогдуулан У ХК-д учруулсан гэм хорын хохиролд 440,000,000 төгрөг гаргуулж У ХК-д олгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...2015 оны 7 дугаар тогтоол гарахад Ш.Э нь саналын эрхгүй оролцсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өмнө нь тус маргаан хянан шийдвэрлэгдсэн... үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Өмнө нь нэхэмжлэгч С ТБАГУТҮГ нь У ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр ажиллаж байсан нэр бүхий 9 этгээд (Ш.Б, А.Ш, Р.С, А.Н, Б.А, С.Х, Д.Д, Н.Б, Л.Ч нар)-д холбогдуулан компанид учруулсан 4,400,000,000 төгрөгийн хохирлыг тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Үүний дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/00145 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 сарын 21-ний өдрийн 210/МА2023/00845 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 07 сарын 04-ний өдрийн 001/ХТ2023/00147 дугаар тогтоолоор хариуцагч Ш.Б, А.Ш, Р.С, А.Н, Б.А, С.Х, Д.Д, Н.Б нараас тус бүр 440,000,000 төгрөгийг гаргуулан У ХК-д олгож, хариуцагч Л.Ч-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ ...төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх шийдвэр гаргахдаа Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т заасныг зөрчсөн, Ш.Б, А.Ш, Р.С, А.Н, Б.А, С.Х нар Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.2-т заасан үүргээ биелүүлээгүй, Д.Д, Н.Б нар Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.2, 92 дугаар зүйлийн 92.2, 55 дугаар зүйлийн 55.3-т заасан үүргээ биелүүлээгүй тул тус тус хохирлыг хариуцах үндэслэлтэй... гэж дүгнэжээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж, 120 дугаар зүйлийн 120.4-т Зохигч ба хэргийн бусад оролцогч ... шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эргүй гэж тус тус хуульчилсан тул дээрх үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд зохигчид энэ талаар маргах эрхгүй. 

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дээрх үйл баримтыг зөв тогтоож, улмаар ...тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр нэр бүхий 12 хүн ажиллаж байсны 1 хүн нь нас барсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, 8 хүнээс тус бүр 440,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, 3 хүнээс ямар хэмжээний хохирол гаргуулахыг шийдвэрлээгүй, 2015 оны 7-р тогтоол гарахад Ш.Э, Ш.У, Б.Х нар төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, даргаар ажиллаж байсан байхад зөвхөн Ш.Эаас 440,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа үндэслэлээ нэхэмжлэгч ... нотлоогүй... гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

6.  Давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг нэмж дүгнэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

6.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байхаар хуульчилсан.

Нэхэмжлэгч нь У ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 12 сарын 15-ны өдрийн 7 дугаартай тогтоолыг шаардлагынхаа үндэслэл болгосон байх тул уг тогтоолд даргын хувьд гарын үсэг зурсан Ш.Э-аас гэм хорын хохирол шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 12 сарын 15-ны өдөр дууссан байна.

6.2. Өмнө дурдсанчлан, нэхэмжлэгч өмнө нь нэр бүхий 9 этгээдэд холбогдуулан компанид учруулсан хохирол гаргуулах шаардлага гаргахдаа хариуцагчаар Ш.Э-ыг тодорхойлоогүй, үүний улмаас шүүх шийдвэр, магадлал, тогтоолдоо Ш.Э-ын гэм буруугийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарахгүй болно.

6.3. Өмнө дурдсанчлан, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор компанид учирсан хохирол гэх 4,400,000,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн, уг маргаанд Ш.Э хариуцагчаар оролцоогүй, уг хохирлын хэмжээ хожим нэмэгдээгүй байна.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/02977 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Д.НЯМБАЗАР