Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 317

 

 

 

 

 

 

 

   2019         04           24                                    2019/ШЦТ/317   

 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Б-ын М-д холбогдох эрүүгийн 1810027530252 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.М- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 22 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” хотхоны .. дүгээр байрны ... тоотод Э.Б-тай “эмэгтэй хүн дээр ирж байж дарс авчирсангүй” гэх шалтгааны улмаас  маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуун, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1810027530252 дугаартай хэргээс:

 

Хохирогч Э.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б- над руу яриад “Н- Швед улс руу маргааш буцах гэж байгаа” гэхээр нь би Н-т “баяртай” гэж хэлэхээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо .... хотхоны .. дүгээр байрны ... тоот дахь Б-гийн гэр рүү явсан. Замд явж байхад Б- над руу “Н-ын найз нь манайд байгаа шүү, энэ хүн манайхаас явахгүй байна, надад эрэгтэй хүний тусламж хэрэгтэй байна” гэсэн мессэжийг ирүүлсэн. Би орой 22 цагийн үед Б-гийн гэрт очоод гал тогооны хэсэгт нь сууж байхад том өрөөний буйдан дээр М- дээшээ хараад хэвтэж байсан. Тэрээр өндөр дуугаар нэг зүйл яриад байх шиг байсан. Би түүний юу яриад байгааг ойлгоогүй. Б- гал тогоонд орж ирээд “Н- бид хоёр М-ийг яв гэхэд би чамтай хононо, Н- энэ залуутайгаа хонодог юм байгаа биз гээд” байна гэж хэлсэн.  М- гал тогооны өрөөнд ирээд миний хажууд суугаад “чи монгол эр хүн байж эмэгтэй хүмүүс дээр нэг шил юм бариад орж ирдэггүй хогийн гөлөг вэ” гэхээр нь “би машинтай явж байгаа, найзууд дээрээ архи уух гэж ирээгүй” гэж хэлсэн. М- сууж байсан сандал дээрээсээ босч зүүн гараараа миний хоолойг боож, багалзуурдсан. Б-, Н- хоёр М-ий гарыг тавиулахаар “боль” гэхэд М- баруун гараа атгаад намайг цохих гэхээр нь би бултаад духны зүүн хэсэг рүү хальт шүргээд өнгөрсөн. Тэр үед миний нүдний шил газар унасан. Би өөрийгөө “аюултай байдалд орлоо” гэж бодоод биеэ хамгаалах үүднээс М-ий үснээс 2 гараараа зулгааж, доош нь дараад газар унасан. Би түүний дээрээс босоод ариун цэврийн өрөөнд ороод хаалгаа дотор талаас нь түгжихэд М- ариун цэврийн өрөөний хаалгыг өшиглөж, нүдээд “би чамайг эндээс хэзээ ч амьд гаргахгүй, манай ар гэр, найз нөхөд хуулийн хүмүүс, чамайг нэг жил шоронд суулгана, Зөрчлийн тухай хуулиар чамд гомдол гаргаж, чамайг шоронд суулгана, Монгол намайг ингэж байсан хүн байхгүй, Цагдаагийн байгууллага дээр очоод чиний мууг чинь үзнэ хараарай, миний найзууд өмгөөлөгч” гээд орилж хашгираад байхаар нь би өөрийнхөө 99127370 дугаараас цагдаад дуудлага өгсөн боловч өөрийнхөө хаана байгааг мэдэхгүй байсан. Нэг мэдэхэд Н- хаалга тогшоод “нөгөөхийг чинь гаргачихлаа, чи одоо гарч болно” гэхээр нь би ариун цэврийн өрөөнөөс гарч ирсэн. Удалгүй хаалга тогшихоор нь онгойлготол эрэгтэй, эмэгтэй хоёр цагдаа, М-ий хамт зогсож байсан. М-ийг гаднаас орж ирэхэд түүний духны баруун хэсгээс цус гарч байсан. М- цагдаа нарыг байхад их томоотой байдалтай урьд нь гаргасан зангаасаа огт өөр зан гаргаж, өөрийгөө зааж “энэ цусыг харж байна уу, энэ хүн намайг зодоод тархи толгой хагалчихлаа” гэж худлаа мэдээлэл өгсөн. Цагдаа нар М- бид хоёрыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16, 79-80-р хуудас/,

Гэрч А.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Швед улсад сурдаг юм. Монголд 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирээд найз Б-гийн гэрт түр байсан. Би 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Швед улс руу явах гэж байгаа юм. Би өөрийнхөө дуулах гэж байгаа дууныхаа алдааг засуулж, зөвлөгөө авахаар 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой М-ийг дуудахад тэрээр 18 цагийн үед ирэхдээ пиво уучихсан, халаасандаа нэг пиво хийчихсэн орж ирсэн.  Б- орой 21 цагийн орчимд миний утсаар Б- руу залгаж дуудахад тэрээр 22 цагийн үед ирсэн. Б- гал тогооны өрөөнд цай ууж байхад нь М- Б-т “чи эр хүн байж эмэгтэй хүмүүс дээр ганц шил юм бариад ирж чадахгүй” гээд дээрэнгүй харьцсан. Тэгээд маргаж байгаад барьцалдаад авсан. Б- бид хоёр салгах гэсэн боловч айгаад больсон. М-, Б- хоёр зууралдаад дээр доороо ороод л байсан. Тэгж байгаад Б- нойлын өрөө рүү ороод хаалгаа дотор талаас нь түгжсэн. М- хаалгыг нь цохиод “чи эндээс амьд гарахгүй шүү, надтай ингэж харьцдаг хүн байхгүй, би чамайг эндээс алж байж гарна” гээд орилоод байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-..-р хуудас/,

Гэрч М.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 04 цагийн үед Б-, Н- бид гурав Сансарт байрлах Б-ын гэрт нь очсон. Тэднийд 2 цаг орчим болоод Н- бид хоёр гэртээ харьсан. Маргааш орой нь би гэртээ Б-, Н-, М- нарыг дуудсан. Н- нь М-д “Б-гийн найз Б- гэх залуу намайг хүчиндэх гэсэн” гэж хэлсэн байсан. Гэтэл хэрэгтээ Б- хүчиндэх гэсэн зүйл болоогүй. ...М- манай гэрт ирээд миний орон дээр суугаад хувцсаа тайлаад надад “одоо хоёулаа унтана” гээд хэвтээд байхаар нь “чи одоо манай гэрээс яв, манай найз ирж байгаа” гэхэд өмдөө өмсөөд ширээн дээр сууж байхад нь Б- гаднаас орж ирсэн. М- Б-т “эмэгтэй хүмүүс дээр ирж байж ганц шил дарсгүй ирлээ” гэх шалтгаанаар түүнийг шалан дээр унагааж зодсон. Н- бид хоёр тэр хоёрыг салгах гэж зөндөө оролдсон боловч дийлээгүй. Тэр хоёр зодолдож дууссаны дараа М- гараад цагдаа дуудсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 35-р хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №14063 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: Зүүн гарын сарвуу овойж хавдсан, зүүн гарын сарвууны ар талд 8х5см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, тэмтрэлтээр эмзэглэлтэй, зүүн шууны урд доод хэсэгт 4х1см, хүзүүний баруун хажуу хэсэгт 7х3,5см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Дүгнэлт:

1. Э.Б-ын биед зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуун, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 37-р хуудас/,

Шүүгдэгч Б.М- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …2018 оны 11 дүгээр сарын 25-ны өглөө үүрээр 05 цагийн үед Н- над руу яриад “гэрт хүрээд ир” гэж дуудахаар нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “....” хотхоны ..-... тоот дах гэрт нь очсон. Н- надад “өнөөдөр намайг Б- гэх залуу хүчиндэх гэж оролдлоо, бид хоёр түүний гэрт очоод дотносох маягтай байж байхад Б- Б-г гэрээсээ гаргачихаад намайг гаргахгүй, өөртэй нь бэлгийн харьцаанд орохыг шаардахаар нь би орилж хашгирч байгаад гэрээс нь гарлаа” гэхээр нь “болсон асуудлыг ойлголоо” гэж хэлээд харьсан. Тухайн өдрийн орой Н- над руу яриад “дуу бэлдүүлээд өгөөч” гээд гэртээ дуудсан. Н- Швед улсад ажиллаж амьдардаг ба тэрээр Монгол улсад түр хугацаагаар ирээд найз Б-гийн гэрт амьдарч байгаа юм. Намайг Б-гийн гэрт очиход Н-, Б- хоёр байсан. Би замдаа 500 граммын савлагаатай пиво авсан ба уг пивоо тэднийд уусан. Тэгтэл Б- 500 граммын шилний талаар архи гаргаж ирсэн. Уг архинаас Б- 50 орчим граммыг, би 100 орчим граммыг уусан. Бид ярилцаж байхад Н- “маргааш өглөө 06 цагт бөөд үзүүлнэ, биднийг хүргээд өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд “орой болсон юм чинь би танайд хоноё” гэж хэлсэн. Би урьд нь тэр хоёртой хамт хонож байсан болохоор тухайн өдөр гэрт нь хоноход тэднээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэж бодсон. Гэтэл гаднаас Н-ыг хүчиндэхийг завдсан гэх Б- залуу орж ирсэн. Би тухайн үед гал тогооны өрөөний сандал дээр сууж байсан ба Б-ыг орж ирээд суунгуут нь “чи эмэгтэй хүнээс уучлалт гуйх гэж байж юм барьж орж ирдэггүй юм уу” гэж хэлсэн. Би энэ үгээ “цэцэг ч юм уу, дарс барьж орж ирдэггүй юм уу” гэсэн утгаар хэлсэн. Мөн би Б-т “чи эмэгтэй хүнийг хүчиндэх гэж оролддог яасан овоо залуу вэ” гэхэд “би тийм юм мэдэхгүй, тийм зүйл болоогүй” гэхээр нь би сандал дээр сууж байсан чигээрээ зүүн гараараа Б-ын хоолойг боосон. Б- ч гэсэн сандал дээр сууж байсан чигээрээ миний зулай хэсгийн үснээс зулгааж татахад нь би боссон. Б- ч сандлаас боссон. Б- намайг өөр рүүгээ татаад, Б- шалан дээр нуруугаараа, би түүний дээр унасан. Б- баруун гараараа миний үснээс зулгаасан чигээрээ зүүн гараараа миний духны баруун чамархай орчим руу олон удаа цохисон. Би түүнд нилээн олон удаа цохиулаад ирэнгүүтээ нурууныхаа ард хоёр гараа бариад “одоо больё, салъя” гэхэд Н-, Б- нар бид хоёрыг салгаад, Б- ариун цэврийн өрөө рүү ороод хаалгаа дотор талаас нь түгжсэн. Тухайн үед миний баруун чамархайнаас цус гарч байхыг хараад миний уур маш их хүрээд ариун цэврийн өрөөний хаалгыг өшиглөөд Б-ыг “гараад ир, хүн гэмтээх хуультай шүү, чи шоронд орно шүү, эсвэл хоёулаа зодолдоё” гэж орилж байгаад гараад явсан. Гадагшаа гарангуутаа өөрийнхөө 91014466 дугаараас 102 дугаарт дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 63-р хуудас/, “....” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 83-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 88-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт Г.Н-ын мэдүүлэг /хх-ийн 94-р хуудас/, гэрч Э.С-ын мэдүүлэг /хх-ийн 95-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: 2018 оны 11 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” хотхоны .. дүгээр байрны ... тоот М.Б-гийн гэрт шүүгдэгч М- нь хохирогч Э.Б-ыг “эмэгтэй хүмүүс дээр ирж байж дарс авчирсангүй” гэж шалтаглан маргаан үүсгэж, улмаар хоолойг нь боож, газар унагаан зодож биед нь”зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуун, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Э.Б-ын ...Би орой 22 цагийн үед Б-гийн гэрт очоод гал тогооны өрөөнд сууж байхад том өрөөний буйдан дээр М- дээшээ хараад хэвтэж байсан. ...Б- гал тогоонд орж ирснээ “Н- бид хоёр М-ийг яв гэхэд би чамтай хононо, Н- энэ залуутайгаа хонодог юм байгаа биз гэж хэлж байна” гэсэн. М- том өрөөнөөс гарч ирээд гал тогооны өрөөнд миний хажууд сууснаа “чи монгол эр хүн байж эмэгтэй хүмүүс дээр нэг шил юм бариад орж ирдэггүй хогийн гөлөг вэ” гэхээр нь “би машинтай явж байгаа, найзууд дээрээ архи уух гэж ирээгүй” гэж хэлсэн. М- сууж байсан сандал дээрээсээ босч ирснээ зүүн гараараа миний хоолойг боож, багалзуурдсан. ...Би өөрийгөө “аюултай байдалд орлоо” гэж бодоод биеэ хамгаалах үүднээс М-ий үснээс 2 гараараа зулгааж, доош нь дараад газар унасан. ...М-ийг гаднаас орж ирэхэд түүний духны баруун хэсгээс цус гарч байсан. М- цагдаа нарыг байхад их томоотой байдалтай урьд гаргаж байсан зангаасаа өөр зан гаргаж өөрийгөө заагаад “энэ цусыг харж байна уу, энэ хүн намайг зодоод тархи толгой хагалчихлаа” гэж худлаа мэдээлэл өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 16, 79-80-р хуудас/,

 

Гэрч А.Н-ын ...Б- гал тогооны өрөөнд цай ууж байхад нь М- Б-т “чи эр хүн байж эмэгтэй хүмүүс дээр ганц шил юм бариад ирж чадахгүй” гээд дээрэнгүй харьцсан. Тэгээд маргаж байгаад М- Б-ыг бариад авсан. ...М-, Б- хоёр зууралдаад дээр доороо ороод л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-..-р хуудас/,

 

Гэрч М.Б-гийн ...М- Б-т “эмэгтэй хүмүүс дээр ирж байж ганц шил дарсгүй ирлээ” гэх шалтгаанаар түүнийг шалан дээр унагааж зодсон. Н- бид хоёр тэр хоёрыг салгах гэж зөндөө оролдсон боловч дийлээгүй. Тэр хоёр зодолдож дууссаны дараа М- гараад цагдаа дуудсан байсан...гэх мэдүүлэгл /хх-ийн 31-32, 35-р хуудас/,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №14063 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Э.Б-ын биед зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуун, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 37-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Б.М- яллагдагчаар өгсөн: …Би тухайн үед гал тогооны өрөөний сандал дээр сууж байсан ба Б-ыг орж ирээд суунгуут нь “чи эмэгтэй хүнээс уучлалт гуйх гэж байж юм барьж орж ирдэггүй юм уу” гэж хэлсэн. Би энэ үгээ “цэцэг ч юм уу, дарс барьж орж ирдэггүй юм уу” гэсэн утгаар хэлсэн. Мөн би Б-т “чи эмэгтэй хүнийг хүчиндэх гэж оролддог яасан овоо залуу вэ” гэхэд “би тийм юм мэдэхгүй, тийм зүйл болоогүй” гэхээр нь би сандал дээр сууж байсан чигээрээ зүүн гараараа Б-ын хоолойг боосон. Б- ч гэсэн сандал дээр сууж байсан чигээрээ миний зулай хэсгийн үснээс зулгааж татахад нь би боссон. Б- ч сандлаас боссон. Б- намайг өөр рүүгээ татаад, Б- шалан дээр нуруугаараа, би түүний дээр унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл: шүүгдэгч Б.М- нь хохирогч Э.Б-тай дээрэнгүй харьцаж улмаар зодож биед  нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

        

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-ын биед хөнгөн хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд нэхэмжилсэн 20.000 төгрөгөө авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 99-р хуудас/ гэснийг нь тогтоолд дурдав.

             Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Б.М- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Э.Б-, шүүгдэгч Б.М- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.М- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан ба, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь “Хатуу талх” ХХК-нд захирлаар ажилладаг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Б.М-д торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

            1. Х овогт Б-ын М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь хохирогч Э.Б-т 20.000 төгрөг төлсөн болоаыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Б.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР