Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 102/2024/02530/И |
Дугаар | 210/МА2024/01830 |
Огноо | 2024-09-27 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/01830
Э.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/03685 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.А-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д ТӨХК-д холбогдох, 2022 оны урамшуулалт цалин 7,430,136 төгрөг, алданги 3,715,068 төгрөг, нийт 11,145,204 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Д ТӨХК болон ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээг Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт 2021 оны 10 сарын 21-ний өдөр бүртгүүлсэн. Тус хамтын гэрээний 8.6-д энэхүү гэрээг ЗДТГ-т бүртгүүлсэн өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд хүчинтэй байхаар заасан. Мөн хамтын гэрээний 7.4-т ҮЭ-ийн хорооны даргыг компанийн ажилтны нэгэн адил хамтын гэрээнд хамруулан жилийн болон сарын ажлын үр дүнгийн шагналт цалин, мэргэшлийн нэмэгдэл, нийгмийн хамгааллын хөнгөлөлт олгохоор заасан. Э.А миний бие Д-ын дэргэдэх үйлдвэрчний хорооны даргаар 2019 оны 09 сарын 06-ны өдөр томилогдсон. Үйлдвэрчний хорооны 2022 оны үйл ажиллагааны тайланг 2023 оны 09 сарын 29-ний өдөр бүх гишүүдийн хуралд танилцуулж, тус хурлаас хангалттай сайн ажилласан гэж дүгнэж, үнэлгээ нь бүх гишүүдийн хурлын 01, 02-р тогтоолоор баталгаажсан. Тиймээс хорооны 2022 оны үйл ажиллагааг үнэлсэн тогтоолыг холбогдох бусад материалыг хавсаргаж, ажил олгогчид 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 59 тоот албан бичгээр хорооны даргын 2022 оны үйл ажиллагааны урамшуулалт цалин авах тухай албан бичгийг хүргүүлсэн, хариу ирүүлээгүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын үр дүнгийн урамшуулал олгохдоо Д ТӨХК-ийн ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журмын 5.2.3-т зааснаар ажлын үр дүнг танилцуулж, үнэлүүлсэн байхыг шаардсан. Тиймээс хорооны бүх гишүүдийн хурлыг 2023 оны 09 сарын 29-ний өдөр зохион байгуулж, хорооны 2022 оны үйл ажиллагааг дүгнүүлэн хангалттай сайн гэсэн үнэлгээ авсан тул ажил олгогч хамтын гэрээний дагуу үр дүнгийн урамшууллыг олгох ёстой. Дээрх байдлаар Д ТӨХК-ийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаар 2022 оны үйл ажиллагааг тайлагнаж, үнэлүүлснээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нөхцөл байдал арилж, хорооны дарга Э.А-гийн шаардах эрх үүссэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-т заасны дагуу хорооны хурлын шийдвэрийг хүргүүлснээс хойш хуанлийн 30 хоног буюу 2023 оны 12 сарын 15-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэн гэж үзэж, 1 өдрийн 22,290 төгрөгөөр тооцоход нийт 186 өдрийн алданги 4,145,940 төгрөг болж байна.
Иймд, 2022 оны урамшуулалт цалин 7,430,136 төгрөг, алданги 3,715,068 төгрөг, нийт 11,145,204 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан 2021-2022 оны хамтын гэрээний 7.4-т заасан зохицуулалт нь ҮЭХ-ны даргад жилийн үр дүнгийн шагналт цалинг шууд буюу 100 хувь бүрэн олгоно гэсэн утга илэрхийлэхгүй бөгөөд ҮЭХ-ны даргыг компанийн ажилтны нэгэн адил үзэж, компанид мөрдөгдөж байгаа дотоод журам, эрх зүйн актын дагуу шагналт цалин олгох утга илэрхийлж байна. Ажилтны жилийн ажлын үр дүнг үнэлэхийн тулд тухайн ажилтан ажлын тайлангаа заавал бичиж дүгнүүлж, хамгаалсан байх ёстой. Нэхэмжлэгч нь компанийн хэмжээнд үйлчилж, мөрдөгдөж байгаа журмыг зөрчиж ажлын тайлан, үнэлгээг компанийн захиргаанд ирүүлээгүй. Нэхэмжлэгч нь ажилтнуудад жилийн үйл ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журмыг зөрчсөн. Ажилтан жилийн ажлын тайлангаа гаргаж ирүүлээгүй, үр дүнгийн тайлангаа үнэлүүлж хамгаалаагүй нөхцөлд түүнд олгох урамшууллын хувь хэмжээг тогтоох, олгох боломжгүй. Нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь тус шүүхэд гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/02229 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 25-ны өдрийн 210/МА2023/01665 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 001/ШХТ2023/01342 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн.
Иймд, маргаан бүхий үйл баримтыг өмнө нь шүүх шийдвэрлэж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэжээ.
3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Д ТӨХК-д холбогдуулан урамшуулалт цалин, алданги 11,145,204 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
4.1. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг буруу хэрэглэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 25-ны өдрийн 210/МА2023/01665 дугаар магадлалаар 2022 оны үйл ажиллагаагаа тайлагнаагүй, дүгнүүлээгүй байгаа тул тус урамшууллыг олгох боломжгүй гэсэн агуулгаар дүгнэсэн. Энэ хүрээнд нэхэмжлэгч нь 2022 оны үйл ажиллагааны тайланг 2023 оны 09 сарын 29-ний өдөр бүх гишүүдийн хуралд танилцуулж, тус хурлаас хангалттай сайн гэсэн үнэлгээ авч, бүх гишүүдийн хурлын 01, 02-р тогтоолоор баталгаажсан.
4.2. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 124 дүгээр зүйлийн 124.1-т заасныг буюу хэрэглэх ёсгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь, өмнөх маргааны нөхцөл байдал арилсан эсэх нь дээрх хуулийн заалтуудтай огт холбоо, хамааралгүй. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2022 оны үр дүнгийн урамшуулал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан цалин хөлс гэдэг ойлголтод мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасан нэмэгдэл тул бүрэн хамаарах юм.
4.3. Дээр дурдсанчлан, 2022 оны үйл ажиллагааны тайланг 2023 оны 09 сарын 29-ний өдөр бүх гишүүдийн хуралд танилцуулж, тус хурлаас хангалттай сайн ажилласан гэж дүгнэж, бүх гишүүдийн хурлын 01, 02-р тогтоолоор баталгаажсан, нэхэмжлэгчийг хорооны даргаар дахин сонгосон баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх тэдгээрийг үнэлэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
4.4. Д ТӨХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2021-2022 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 7.4-т заасан нь хорооны даргад Захиргааны зүгээс ажилтны нэгэн адил жилийн урамшууллыг ижил олгоно гэж заасан бөгөөд үүнд ажил олгогчийн өмнө ажлаа хариуцаж, тайлагнана гэж огт заагаагүй.
4.5. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 25-ны өдрийн 210/МА2023/01665 дугаар магадлалд Хорооны дарга нь үйл ажиллагааны урамшууллыг авахдаа бусад ажилтны нэгэн адил тайлан тавьж, үнэлүүлэх ёстой гэж дүгнэхдээ Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн хуралд тайлан тавьж, үнэлүүлэх ёстойг үгүйсгээгүй. Тиймээс, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нь сонгуульт ажилтан бөгөөд хорооны нийт гишүүд хурлаараа сонгодог, үйл ажиллагааныхаа тайланг хорооны гишүүдийн өмнө тавьж, үнэлүүлдэг учир захиргаа буюу Д ТӨХК-ийн захиргаанаас үйл ажиллагаа нь хараат бус байх ёстой.
4.6. Нэхэмжлэгч нь урамшуулал олгох журамд зааснаар ажлын тайлан хамгаалж, үнэлгээ авна гэснийг огт зөрчөөгүй бөгөөд 2022 оны үйл ажиллагааны тайланг 2023 оны 09 сарын 29-ний өдөр хорооны бүх гишүүдийн өмнө хамгаалж, үнэлүүлсээр байхад заавал компанийн захиргаа буюу захирлын өмнө тайлан тавих ёстой гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүх хамтын гэрээ, урамшуулал олгох журамд заагаагүй асуудлыг буруу дүгнэсэн болно.
4.7. Хорооны даргыг компанийн захиргааны өмнө ажлаа тайлагнадаг, захиргаа ажлыг нь дүгнэдэг байх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.10, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд ноцтой халдсан үйлдэл юм.
4.8. Түүнчлэн, шүүх шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т заасан хууль хэрэглээний эрэмбэ, 2.5-д заасан ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалт-ыг хэрэглэх зохицуулалтыг огт харгалзаж үзээгүй бөгөөд хамтын гэрээг байгууллагын дотоод журмаас доогуур үнэлсэн.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Шагнал урамшуулал өгөх эсэхийг ажил олгогч өөрөө тооцож шийдэх ёстой. Төсөв санхүүтэй холбоотой асуудал нарийн зохицуулалттай, төлөвлөгөө, төсөв гаргадаг дүрэм журамтай учраас ажил олгогчоос батлагдсан шагнал урамшуулал олгохтой холбоотой дүрэм, журмаа мөрдөж зохих ёсны шаардлага тавьж байгаа. Гэтэл тус байгууллагад мөрддөг шагнал урамшуулал олгохтой холбоотой ажлын тайлан өгөх процессыг зөрчиж байгаа ганц хүн бол Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга байдаг. Ажил олгогчоос тавьж байгаа шаардлагын хувьд Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нь бусад ажилтантай адилхан эрхтэй, давуу эрх эдэлж болохгүй, өнгөрсөн хугацаанд ийм ажил хийсэн гээд тайлангаа бичгээр ирүүлэх ёстой. Гэтэл Э.А 2022 онд тайлангаа ирүүлээгүй бөгөөд урамшуулал авах асуудал яриагүй байж 3 жилийн дараа 2022 оны урамшуулал авна гэж шаардсан нь үндэслэлгүй. Байгууллагын төсөв тухайн жил жилдээ батлагдаж байгаа, 2024 онд 2022, 2023 оны урамшууллыг өгөх боломжгүй. Анхан шатны шүүх нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч 2022 оны шагнал урамшуулалтай холбоотой асуудлаар 2 дахь удаа шүүхэд хандаж байгаа. Анх шүүх 2022 оны урамшууллыг олгох боломжгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдсэн байхад дахин шүүхэд хандсан. Хариуцагчийн зүгээс шүүхээр тогтоосон үйл баримт байх тул хэрэгсэхгүй болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан үндэслэл илэрсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Д ТӨХК-д холбогдуулан 2022 оны урамшуулалт цалин 7,430,136 төгрөг, алданги 3,715,068 төгрөг, нийт 11,145,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгч нь ажлын тайлангаа бичгээр ирүүлж дүгнүүлээгүй, хамгаалаагүй, мөн тус маргааныг шүүх өмнө нь хянан шийдвэрлэсэн... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч Э.А өмнө нь хариуцагч Д ТӨХК-д холбогдуулан 2022 оны урамшуулалт цалин 7,430,136 төгрөг, алданги 1,961,555 төгрөг, нийт 9,391,691 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/02229 дугаар шийдвэрээр хангаж, хариуцагч Д ТӨХК-аас 9,391,691 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ад олгож шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 25-ны өдрийн 210/МА2023/01665 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д ТӨХК-д холбогдох, урамшуулалт цалин, алданги 9,391,691 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
4. Дээрх үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ... шийдвэр ... байгаа бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарч байна.
Иймд, давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д заасантай тус тус нийцнэ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т Зохигч ба хэргийн бусад оролцогчид ... шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заажээ.
Иймд, нэхэмжлэлд дурдагдсан ...Үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн хурлаар 2022 оны үйл ажиллагааг тайлагнаж үнэлүүлснээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан нөхцөл байдал арилсан... гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар тус маргааныг дахин шийдвэрлэх үндэслэл болохгүй.
Учир нь, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 сарын 25-ны өдрийн 210/МА2023/01665 дугаар магадлалын хянавал хэсгийн 6-д хийсэн ...ажилтнуудад жилийн ажиллагааны үр дүнгээр урамшуулал олгох журмын 5.2-т ажилтанд урамшуулал олгох нөхцөл, шаардлагыг заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн нөхцөл, шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй... гэсэн дүгнэлт нь нэхэмжлэгч Э.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл байх ба тус магадлалд ...нэхэмжлэгч нь зохих журмын дагуу 2022 оны ажлаа тайлагнаж, үнэлүүлсний дараа дахин уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй... гэсэн агуулга тусгагдаагүй байна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/03685 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д тус тус зааснаар хариуцагч Д ТӨХК-д холбогдох, 2022 оны урамшуулалт цалин 7,430,136 төгрөг, алданги 3,715,068 төгрөг, нийт 11,145,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.А-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Э.А-гээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 193,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР