Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 488

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч Г.*******ын нэхэмжлэлтэй Б.*******ийн эцэг байх эрхийг хасуулах тухай 153/2016/00462/И индекстэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.*******, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, гэрч Г.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг  нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2008 онд Б.*******той үерхэж байгаад 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсон. Бидний дундаас 2010 оны 03 дугаар сарын 30-нд охин ******* төрсөн. Б.******* нь 2011 оны 01 сард сална гээд явсан. Түүнээс хойш эргэж ирээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй. Миний бие нь Б.*******оос албан ёсоор гэрлэлтээ цуцлуулах шаардлага бий болсон ба түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт өгч хаягийг тодруулсан. 6 дугаар тойргийн Тахарын алба нь Б.*******ийн хаягийг тодруулж олж өгсөн. Тэр хаягаар нь би Б.*******оос гэрлэлтээ цуцлуулахаар Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй гээд иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Б.******* нь үр хүүхдээ ч харж хандах үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Иймд түүний эцэг байх эрхийг хасч өгнө үү гэв.

Гэрч Б.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Г.******* нь миний төрсөн охин байгаа юм. Манай охин хотод байж байгаад ирэхдээ ой өнгөрсөн хүүхэдтэй ирсэн. Хүүхдийн эцэг болох Б.******* манайд байдаг байсан. Тэгэхэд л харсан. Түүнээс хойш хараагүй, уулзаагүй. Охин маань одоо ******* гэдэг залуутай, нэг охин, хүүтэйгээ дөрвүүлээ амьдарч байгаа гэв.

Гэрч Г.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Г.******* миний төрсөн дүү байгаа юм. Манайх Улаанбаатар хотодамьдардаг. Миний дүү Г.******* нь оюутан болоод манай гэрт очсон. Оюутан байх хугацаандаа Б.******* гэдэг залуутай танилцсан.Бид нар эхлээд мэдээгүй байсан ч дараа нь мэдсэн. Ганц хоёр удаа ирж очоод сайн танилцаж амжаагүй байхад жирэмсэн болсон байсан. Тэгээд хүүхдийг нь гаргуулъя гээд манай гэрт байж байгаад төрсөн. Төрөөд хүүхэд нь 10 сартай болсны дараа Б.******* ирэхээ больсон. Төрөхөөс өмнөх болон төрсний дараах хугацаанд хүүхэдтэй боллоо гээд хайр халамж, тусламж дэмжлэг байгаагүй. Ирж очин явдаг байсан. Б.*******ид эцэг эх гээд байх хүн байхгүй. Ах нь гээд нэг хүн ирж уулзсан. Би дүүгээ нэг өдөр яваад ах дүү байдаг бол сураглаад ирээч гэсэн чинь ямар ч сураг гараагүй. Тэгэхэд хүүхэд нь 10 сартай байсан. Б.*******ийг 2 сар ирэх байх гээд хүлээсэн боловч ирээгүй. Тэгээд арга буюу дүүгээ хүүхэдтэй нь хамт Ховд аймаг руу эцэг эх рүү явуулсан. Түүнээс хойш сураг байхгүй.Хүүхэд байгаа гэдгээ мэдсэн хэрнээ ямар ч хайр халамж, тусламж дэмжлэг үзүүлээгүй ирсэн. Бид тэр хүнийг олох талаас нь тодорхойхэмжээнд тусалж дэмжиж явсан. Б.*******ид эцэг хүнийхээ хувьд хүүхдээ өсөж бойжиход тусалж дэмжсэн зүйл байхгүй гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

ҮНДЭСЛЭХ нь:

Г.*******, Б.******* нар нь 2008 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдгээрийн дундаас 2010 оны 03 дугаар сарын 30-ны өдөр охин Б.******* төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Г.*******, Б.******* нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Б.******* нь охин Б.*******г төрсөн цагаас нь эхлэн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхгүй, хүүхэдтэйгээ ямар ч холбоо байдаггүй, тусламж дэмжлэг үзүүлдэггүй, хуулиар олгогдсон эцэг хүнийхээ үүргийг биелүүлдэггүй болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт,шүүх хуралдаанд гэрч Г.*******, Б.******* нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх ба хүсэлт гаргагч нь Б.*******ийг эрэн сурвалжлуулж, гэрлэлтээ цуцлуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б.*******ийн оршин суугаа хаяг тогтоогдоогүй болох нь Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 541 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тахарын ерөнхий газар 6-р тойрогийн Тахарын албаны 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2016/18552 дугаартай Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2016/14518 дугаартай Хариуцагчийг албадан ирүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар зэргээр нотлогдож байна.

Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг гэж, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг тус тус заажээ.

Иймд Б.******* нь эцгийн үүргээ биелүүлээгүй, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоорБ.*******ийн эцэг байх эрхийг хасч, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан Тахарын ерөнхий газар 10 дугаар тойрог, Нийслэлийн тахарын албаны 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/434 дугаартай албан бичиг нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Аюуранзурай овогт Батнасангийн *******ийг охин Б.*******гийн эцэг байх эрхийг хассугай.

2.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 35 дугаар зүйлийн 35.1-д зааснаар *******ийн *******гийн эцгээр Батнасангийн *******ийг бүртгэсэн бичилтийг хүчингүй болгохыг Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

            3.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

            4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МАРИНА