| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0311/Э |
| Дугаар | 326 |
| Огноо | 2019-04-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 326
2019 04 30 2019/ШЦТ/326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайхан,
шүүгдэгч Ц.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө- овогт Ц-ийн А-д холбогдох эрүүгийн 1910000240280 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ц.А- нь урьд ажиллаж байсан “....” ХХК-ний нэрийг барьж 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-ийн “....” салбарын худалдааны төлөөлөгч Е.Е-аас “....” брэндийн цахилгаан үүсгэврийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, залилж түүнд 899.990 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910000240280 дугаартай хэргээс:
Хохирогч Е.Е- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би “....” ХХК-ний “....” салбарт худалдааны зөвлөхөөр 2 жил ажиллаж байна. 2015 оноос “....” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байсан А- нь эрчим хүчний тоног төхөөрөмж болох нарны зай, цахилгаан үүсгэвэр, нарны зайн аккумлятор зэргийг худалдан авдаг байсан. ...Хэд хэдэн удаа надаар дамжуулж манай салбараас дээрхи тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр А- надтай уулзаад “1 ширхэг цахилгаан үүсгэвэр авъя, мөнгийг нь нэхэмжлэлийн дагуу шилжүүлье, би Хятад хүмүүст үзүүлээд хэрэв тэд нарт таалагдвал 3 ширхэгийг авна” гэхээр нь “төлбөрөө яах юм бэ” гэхэд “нэхэмжлэлийн дагуу өгнө” гэхээр нь “тэгвэл захиралтайгаа яриул” гэхэд “бид нар танай салбараар олон удаа үйлчлүүлдэг байнгын харилцаатай байсан биз дээ, манай захирал ажилтай надтай хамт ирж чадаагүй, чи нэхэмжлэл биччих, тэгээд төлбөрийг чинь барагдуулчихна” гэхээр нь өмнө байнга бараа худалдан авдаг байсан юм чинь гэж итгээд 1 ширхэг .... нэртэй, 2.5кв хүчин чадалтай цахилгаан үүсгэврийг А-д өгсөн. Энэ өдрөөс хойш 7 хоногийн дараа 88182104 дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байсан. 10 хоногийн дараа А- над руу залгаад “манай захирал урагшаа ажлаар явчихсан байгаа, 15 хоногийн дараа ирэхээр нь шилжүүлчихнэ” гэхээр нь “за” гээд хүлээж байсан. 15 хоногийн дараа А-тай холбогдоход “би төлбөрийг чинь шилжүүлчихсэн шүү” гэхээр нь компаний дансаа шүүж үзэхэд төлбөр нь орж ирээгүй байсан. Тэгээд А-тай ярихад “би банк орж шүүж үзье” гээд хэд хоног алга болсон. 2017 оны 10 дугаар сарын эхээр би “....” ХХК руу залгаад “А- гэж хүн ажилладаг уу, манай салбараас тоног төхөөрөмж аваад захирал ирэхээр өгнө гэж хэлчихээд алга болчихлоо” гэхэд “наад хүн чинь ажлаасаа гараад 2 cap гаруй болж байна” гэж хэлсэн. Тэгээд А-г ажлаасаа гарсан байж надад худлаа хэлж бараа авсан талаар мэдсэн. А-тай холбогдоод “та ажлаасаа гарсан байж яагаад надад худлаа хэлж бараа авч байгаа юм бэ, би таныг цагдаад өглөө шүү” гэхэд “эгч нь хөдөө ажилд орсон, би чиний мөнгийг цалингаа буухаар өгнө” гэхээр нь итгээд өдийг хүрсэн. Тэгээд би А-д зарсан цахилгааны үүсгэврийн мөнгө болох 899.990 төгрөгийг өөрөөсөө гаргаж байгууллагадаа төлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16-р хуудас/,
Шүүгдэгч Ц.А- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би өөрөө нягтлан бодогч мэргэжилтэй. 2015 оноос 2017 оны 08 дугаар сар хүртэл “....” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Манай байгууллага нь тус дүүрэгт байдаг .... худалдааны төвтэй хамтран ажиллаж ихэнхдээ аккумулятор, инветэр зэргийг тус дэлгүүрт ажилладаг худалдааны төлөөлөгч Е-тай уулзаж авдаг байсан. 2017 оны 08 дугаар сарын сүүлээр байх би Е-ад хандан “3 ширхэг цахилгаан үүсгэвэр авъя, эхнээс нь 1 ширхэгийг авч худалдан авах хүнд нь үзүүлчихээд ирье” гэж хэлээд 1.050.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг цахилгаан үүсгэврийг компаний нэр дээр нэхэмжлэх бичиж авсан. Тэгээд бага зэрэг таньдаг хаана, ажиллаж амьдардаг гэдгийг нь мэдэхгүй залууд 1.150.000 төгрөгөөр зараад мөнгийг нь үрчихсэн. Би өөрийн гэм бурууг ойлгож гэмшиж байна. Үүнээс хойш Е-ад “мөнгийг нь өгнө” гэж хэлээд өдийг хүрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 21, 47-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46-р хуудас/, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 48-49-р хуудас/, “....” ХХК-ийн ажилд томилсон тушаал /хх-ийн 50, 56-57-р хуудас/, “....” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 52-55, 58-59-р хуудас/, “....” ХХК-ийн ажлаас халсан тушаал /хх-ийн 60-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Ц.А- нь урьд ажиллаж байсан “....” ХХК-ний нэрийг ашиглан 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-ийн “....” салбарын худалдааны төлөөлөгч Е.Е-аас “.... брэндийн цахилгаан үүсгэвэр 1 ширхэгийг авъя, хүмүүст үзүүлээд ирье” гэж итгүүлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан, залилж бусдад 899.990 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Е.Е-ын ...2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр А- надтай уулзаад “1 ширхэг цахилгаан үүсгэвэр авъя, мөнгийг нь нэхэмжлэлийн дагуу шилжүүлье, би Хятад хүмүүст үзүүлээд хэрэв тэд нарт таалагдвал 3 ширхэгийг авна” гэхээр нь “төлбөрөө яах юм бэ” гэхэд “нэхэмжлэлийн дагуу өгнө” гэхээр нь “тэгвэл захиралтайгаа яриул” гэхэд “бид нар танай салбараар олон удаа үйлчлүүлдэг байнгын харилцаатай байсан биз дээ, манай захирал ажилтай надтай хамт ирж чадаагүй, чи нэхэмжлэл биччих, тэгээд төлбөрийг чинь барагдуулчихна” гэхээр нь өмнө нь байнга бараа худалдан авдаг байсан юм чинь гэж итгээд 1 ширхэг .... нэртэй, 2.5кв хүчин чадалтай цахилгаан үүсгэврийг А-д өгсөн. ...10 хоногийн дараа А- над руу залгаад “манай захирал урагшаа ажлаар явчихсан байгаа, 15 хоногийн дараа ирэхээр нь шилжүүлчихнэ” гэхээр нь “за” гээд хүлээж байсан. 15 хоногийн дараа нь А-тай холбогдоход “би төлбөрийг чинь шилжүүлчихсэн шүү” гэхээр нь компаний дансаа шүүж үзэхэд төлбөр нь орж ирээгүй байсан. Тэгээд А-тай ярихад “би банк орж шүүж үзье” гээд хэд хоног алга болсон. 2017 оны 10 дугаар сарын эхээр би “....” ХХК руу залгаад “А- гэж хүн ажилладаг уу, манай салбараас тоног төхөөрөмж аваад захирал ирэхээр өгнө гэж хэлчихээд алга болчихлоо” гэхэд “наад хүн чинь ажлаасаа гараад 2 cap гаруй болж байна” гэж хэлсэн. Тэгээд А-г ажлаасаа гарсан байж над дээр ирж худлаа хэлж бараа авсан талаар мэдсэн. А-тай холбогдоод “та ажлаасаа гарсан байж яагаад надад худлаа хэлж бараа авч байгаа юм бэ, би таныг цагдаад өглөө шүү” гэхэд “эгч нь хөдөө ажилд орсон, би чиний мөнгийг цалингаа буухаар өгнө” гэхээр нь итгээд өдийг хүрсэн. Тэгээд би А-д зарсан цахилгааны үүсгэврийн мөнгө болох 899.990 төгрөгийг өөрөөсөө гаргаж байгууллагадаа төлсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 7-9-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-16-р хуудас/,
Төлбөр барагдуулах тухай баталгаа /хх-ийн 78-р хуудас/,
Мөрдөн байцаалтанд Ц.А- яллагдагчаар өгсөн: …Би 2017 оны 08 дугаар сарын сүүлээр худалдааны төлөөлөгч Е-ад хандан “3 ширхэг цахилгаан үүсгэвэр авъя, 1 ширхэгийг авч худалдан авах хүнд үзүүлчихээд ирье” гэж хэлээд 1.050.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг цахилгаан үүсгэврийг компаний нэр дээр нэхэмжлэх бичиж аваад танихгүй залууд 1.150.000 төгрөгөөр зараад мөнгийг нь үрчихсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 72-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл: шүүгдэгч Ц.А- нь урьд ажиллаж байсан “....” ХХК-ийн нэрийг ашиглан “....” ХХК-ийн “....” салбарын худалдааны зөвлөх Е.Е-аас “цахилгаан үүсгэврийг бусдад зарна” гэж авч бусдад худалдсан боловч мөнгийг нь өгөлгүй өөрийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.А-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Иргэний хуульд зааснаар бусдын эд хөрөнгөд санаатай, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Хохирогч Е.Е- нь “Б.А-д зарсан цахилгаан үүсгэврийн мөнгө болох 899.990 төгрөгийг өөрөөсөө байгууллагадаа төлсөн тул энэ мөнгийг Б.А-гаас нэхэмжилнэ” гэж мэдүүлжээ. /хх-ийн 7-р хуудас/
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.А- нь хохирогч Е.Е-ад 50.000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 850.000 төгрөгнөөс 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дотор 150.000 төгрөг шилжүүлэх, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн өдөр бүр 30.000 төгрөг өгч, 2019 оны 05 дугаар сарын 18-ны дотор хохирлыг барагдуулахаар “Төлбөр барагдуулах тухай” баталгаа /хх-ийн 78-р хуудас/ гаргаж, нотариатаар баталгаажуулсан байх тул шүүгдэгч Ц.А-г 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хохирогч Е.Е-ад гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 850.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Е.Е-, шүүгдэгч Ц.А- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.А- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.А-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.А- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө- овогт Ц-ийн А-г хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.А-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А- нь хохирогч Е.Е-ад 50.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ц.А- нь хохирогч Е.Е-ад 2019 оны 05 дугаар сарын 18-ны дотор нийт 850.000 төгрөг төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ц.А- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР