| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0052/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2017-04-10 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.4., 181.2.5., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 31
П.Б- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Б.Манлайбаатар
Ц.Амаржаргал
Оролцогчид:
Прокурор О.Доржмаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаартай “Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П-гийн Б-, Г-ын Ц-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ын М- нарт холбогдох эрүүгийн 201609000567 тоот 1 хавтас хэргийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Боржигон овогт П-гийн Б-, 1986 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Хушаатын 19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ТБ86011611 регистрийн дугаартай.
2. Монгол Улсын иргэн, Боржигон овогт Б-ын М-, 1989 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан- Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 4-60 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 2 сар хорих ялаар шийтгэгдэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, ВЮ89120331 регистрийн дугаартай.
3. Монгол Улсын иргэн, Хар ямаат овогт Г-ын Ц-, 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, 4 настай хүү, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Үйлдвэрийн 2-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,Үүнд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 5 хоног хорих ял оногдуулсаныг 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар Комиссын тогтоолоор түүний эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 10 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн.
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 20.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоногийн хорих ял оногдуулсаныг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Хар ямаат овогт Г-ын Ц-ад Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 болгон өөрчлөн зүйлчилж, урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлээд ялгүй болох хугацаа дуусаагүй байхдаа бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар Ц-ад 5 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй” гэж, 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулмйн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэг зааснаар Г.Ц-ад оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсөн.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 196 дугаартай шүүгчийн захирамжаар Г.Ц-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 10 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ВЮ88111035 регистрийн дугаартай.
Шүүгдэгч П.Б-, Г.Ц-, Б.М- нар нь архидан согтуурсан үедээ бүлэглэн 2016 оны 09 сарын 24-ний өдрийн 23.00 цагийн орчим Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” баарны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Д.Шинэбаярыг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, шүүгдэгч Б.М- нь танхайрах гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдэж танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дүгээр сарын 24-ний өдрийн 88 дугаартай шүүгчийн захирамжаар:
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 2 дахь хэсэгт зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар П-гийн Б-, Г-ын Ц-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Б-ын М- нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000561 тоот эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Дархан Уул аймгийн Прокурорын газарт буцааж,
-Хэргийг прокурорт очтол шүүгдэгч П.Б-, Б.М-, Г.Ц- нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр...тус тус заажээ.
Улсын яллагч О.Доржмаа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:
“...-3ахирамжийн захирамжлах хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад шийдвэрлэж байгаа бүх асуудлаар шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан ба харин 187 дугаартай шүүгчийн захирамж нь шүүх хуралдааны явцад үүссэн асуудлыг шийдвэрлэсэн захирамж биш юм.
Шүүх хэргийг прокурорт буцаахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийг баримтлах байтал энэ хуулийн 250 дугаар зүйлийг баримталсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2 дахь хэсэгт заасан...шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн... гэж үзэх үндэслэлтэй байна
Хэргийг прокурорт буцаасан захирамжийн 3 дахь заалт болох “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т зааснаар хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тэр нь нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд хохирогч Д.Шинэбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “П.Б-той хамт явсан 2 залуу л намайг зодсон болов уу гэж бодож байна”, гэрч А.Муратхааны мөрдөн байцаалтанд өгсөн “П.Б-той хамт бааранд үйлчлүүлж байсан хоёр залуу л Б-той нийлж Шинэбаярыг зодсон болов уу гэж бодож байна, царай зүсийг нь сайн харж чадаагүй” гэх мэдүүлэг, мөн хохирогч Д.Шинэбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “миний толгой руу нэг юмаар цохих шиг болсон, тэгээд би ухаан алдаад уначихсан” гэх мэдүүлгээс хохирогчийн эрх чөлөөнд зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэхийг тодруулах нь шүүгдэгч нарын хэргийн зүйлчлэлд нөлөөлөх тул дээрх нөхцөл байдлуудыг дахин шалгах шаардлагатай” гэснийг дараах байдлаар эс зөвшөөрч байна.
Хохирогч Д.Шинэбаяр болон гэрч А.Муратхаан нарыг мөрдөн байцаалтын шатанд удаа дараалан байцаахад мэдүүлгийн зөрүү гараагүй бөгөөд болж өнгөрсөн явдлыг мэдэж байгаа зүйлийнхээ хүрээнд тогтвортой мэдүүлдэг.
Мөн хохирогч Д.Шинэбаяр нь 3 хүнд толгой хэсэгтээ нэгэн зэрэг зодуулж гавал тархины битүү гэмтэл, тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай духны хэсгийн шарх, зүүн чамархайн хуйхан дахь ба зүүн нүдний зовхины цус хуралт зэрэг гэмтэл авсан, зодуулж байхдаа гараараа толгойгоо хамгаалж байсан гэж мэдүүлсэн. Гэтэл хохирогчийг хүн тус бүрийн үйлдлийг нарийн мэдүүлж чадахгүй байна гэж үзэх нь бодит байдалд нийцэхгүй дүгнэлт юм.
Түүнчлэн хохирогч Д.Шинэбаяр нь “шүүгдэгч П.Б-той маргалдаж байх явцад араас хүн ирж намайг цохиж унагаасан, би ухаан алдаад сэргэхэд цохиулж унасан газраа сэргэсэн, намайг 3 хүн зодож байсан, шүүгдэгч П.Б- нь гудамжны гэрлийн өөдөөс харсан байсан болохоор сайн танигдсан” гэж мэдүүлсээр байхад араас нь зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн цохисон эсэхийг тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна.
Хохирогчийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн цохисон эсэх асуудлыг хэрэг гарснаас хойш 6 сарын дараа одоогийн нөхцөл байдалд шалгаж тогтоох боломжгүй ба өөрөөр хэлбэл энэ заалт нь биелэгдэх боломжгүй заалт гэж үзэж байна
Иймд анхан шатны шүүх хэргийг цугларсан нотлох баримтын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.
Улсын яллагч О.Доржмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ:
“...Эсэргүүцлээ дэмжиж байна, хэрэгт цугларсан нотлох баримт, яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
“...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд 4 настай хүүхдийг Г.Ц-ын асрамжинд байгаа эсэхийг тогтоо гэж дурдсан” гэв.
Тодорхойлох нь:
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий…” байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос П.Б-, Г.Ц-, Б.М- нарыг архидан согтуурсан үедээ бүлэглэн 2016 оны 09 сарын 24-ний өдрийн 23.00 цагийн орчим Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” баарны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Д.Шинэбаярыг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.М-ийг танхайрах гэмт хэрэгт шийтгүүлж ялтай байх хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдэж танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Ц-ын хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй, ам бүл хэдүүлээ, хэдэн хүүхэдтэйгээ амьдардаг талаар холбогдох бичиг баримт хэрэгт авагдаагүй, урьд шийтгүүлсэн ялаас нь өршөөн хассан шүүхийн магадлалыг хавсаргаагүй, шүүгдэгч нар нь танхайрах явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэхийг тодруулах шаардлагатай...” гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Анхан шатны шүүх нь шүүх хуралдаан дээр дээрх бичиг баримтуудыг гаргуулан авч, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, нотлох баримтуудыг хэрхэн үнэлэх талаар үнэлэлт дүгнэлтээ өгч, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой, энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй.
Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 187 дугаартай “Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Шүүгдэгч П.Б-, Б.М-, Г.Ц- нарт урьд бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Ц.АМАРЖАРГАЛ