Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 09

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн иргэн Г.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох,

 

Гуравдагч этгээд: М.Мөнхчимэг, Д.Улаанхүүхэн

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 29, 30 дахь хэсгийн Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн М.Мөнхчимэг, Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн Д.Улаанхүүхэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалт хийгдээгүй, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баянмөнх, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, гуравдагч этгээд М.Мөнхчимэг, Д.Улаанхүүхэн, нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гансүх овогтой Мөнх-Эрдэнэ миний бие нь 2013 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцооны мэргэжилтнээр 4 жил ажиллаж байна. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын А/10 тоот тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлөгдөж, эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна. 

Учир нь Ч.Энхцэцэг нь Тамгын газрын даргаар томилогдохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10,  33 дугаар зүйлийн 33.3, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, 17.5, 17.6 дахь заалтуудыг тус тус зөрчин томилогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар 21-ний өдрийн 225 тоот албан бичгээр баталгаажиж байгаа тул бүтцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилох эрхгүй гэж үзэж байна. 

Мөн түүнчлэн дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3 дахь заалтуудыг зөрчсөн бөгөөд миний хариуцаж ажиллаж байсан Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцооны мэргэжилтний албан тушаал, ажлын үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа болно гэв. 

 

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баянмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Гансүх овогтой Мөнх-Эрдэнэ нь 2013 оноос Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцооны мэргэжилтнээр 4 жил ажилласан. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Монгол Улсын Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчин хууль бусаар томилогдсон Ч.Энхцэцэг нь ямар ч тооцоо судалгаа, үндэслэлгүй Захиргааны ерөнхий хуулийн процессыг үл хэрэглэсэн шийдвэр гаргаж бүтцийн өөрчлөлт нэрийн дор үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн болно. 

  Ч.Энхцэцэг нь Тамгын даргын албан тушаалд томилогдохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 33 дугаар зүйлийн 33.3, Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.3, 17.4, 17.5, 17.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Энэ нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 225 тоот албан бичгээр батлагдаж байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1278 тоот албан бичгээр “ Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу сонгон шалгаруулалтын үр дүнгээр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд хууль ёсоор хүн томилогдох хүртэлх хугацаанд албан хаагчдыг томилж, чөлөөлөх хөдөлгөөн хийхгүй, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөсөн албан бичиг ирүүлсээр байхад үл ойшоон хууль зөрчин шийдвэр гаргасан. 

  Хариуцагч талаас нотлох баримтаар ирүүлсэн 2017 оны 02 дугаар сарын 07, 08-ны өдрүүдийн хурлын тэмдэглэл бүгд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Уг хурлыг ямар шийдвэрийн хүрээнд ямар хүмүүсийг оролцуулан хуралдуулж байгаа нь тодорхойгүй. 

  Ажлаас чөлөөлөгдсөн Тамгын газарт огт хамааралгүй Ш.Мандахнар нь хуралд оролцсон байна. Зүй нь бол тухайн үед ажиллаж байгаа хэлтсийн дарга нар уг хуралд суух ёстой. Мөн Засаг даргын зөвлөл хуралдаж болно. Хуралдааны тэмдэглэл нь хурал тэргүүлсэн даргын гарын үсэг байхгүй. /Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4.3.4-д зааснаар хуралдааны тэмдэглэлд хурлын дарга болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурагдана/ 

    Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4.3.4-д заагдсан бичиг хэргийн бүрдэл байгууллагын нэр, дугаар, хөтлөх хэрэгт хадгалсан тэмдэглэгээ, санамжид байх мэдээллийг эрж хайх тэмдэглэгээ байхгүй. Мөн эдгээр хуралдаан нь огт асуудал шийдвэрлээгүй байна.

    Засаг даргын зөвлөхүүд Тамгын газрын бүтэц орон тооны асуудалд санал тусгах эрхгүй. Энэ нь Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор уг албан тушаалыг хүчингүй болгож хориглосон. Төрийн захиргааны албан тушаалтны томилгоо шийдвэр нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэгдэнэ. 

    Захиргааны шийдвэрийн хяналтын дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагч нарт хэлтсийн дарга нар оролцоогүй гэж үзэж байна. Учир нь миний хувьд уг шийдвэрт санал өгсөн тэмдэглэл байхгүй. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.4.1.9, 2.4.1.10, 2.4-д заасны дагуу шийдвэрт санал өгсөн тухай тэмдэглэл нь санал өгч буй хүний албан тушаал, нэр, гарын үсэг, гарын үсгийн тайлал, огноо гэсэн бүрдэлтэй байна. Гэтэл санал өгсөн тэмдэглэл байхгүй байхад оролцсон мэтээр төрийн тамга, тэмдэг, албан тушаалын давуу байдлыг ашиглаж баримтыг бүрүүлсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгчтэй нэг ч удаа уулзаж санаа бодлыг сонсоогүй, саналыг аваагүй.

    Бүтцийн өөрчлөлт хийхийн өмнө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, мэдлэг ур чадвар зэргээр нь болон албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүүтэй хангаж байгаа албан хаагчдыг шалгаруулж авна гэж заасан байна. 

    Ямар ч тохиолдолд шалгаруулалтыг заавал хийх ёстой бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа “шалгаруулалт” гэдгийг эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн ажлын хэсэг, комиссын дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Гэтэл шийдвэр гаргаж ажлын хэсэг байгуулаагүй, мөн ажлын хэсэг байгуулаагүй учраас шалгаруулалт хийж дүгнэлт гаргаагүй.

    Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 90 дүгээр тушаалаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн ажлын чиг үүрэг, бүтэц орон тоог баталсан заавар чиглэлийг өгсөн байна. Дээрх тушаалыг судалсан тохиолдолд төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн нараас орон тоо цөөлөхгүйгээр хэлтсийн өөр бусад ажлын байрыг нэгтгэх, нягтруулах замаар орон тооны асуудал шийдэх боломж байсныг олж судлаагүй, ажлын байрны асуудалд хэт хөнгөн хийсвэр хандсаны сөрөг үр дагавар гэж үзэж байна. Иймээс бүтэц хийхдээ Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох дүрэм журамд нийцүүлээгүй, судлаагүй хууль зөрчин шийдвэр гаргасан нь тогтоогдож байна. 

  Мөн Засаг даргын Тамгын газраас 13 хүн ажлаас чөлөөлж, огт төрийн албаны шалгалтад ороогүй, төрийн албаны нөөцөд бүртгэлгүй 9 хүнийг ажилд шинээр авсан нь бүтцийн өөрчлөлт болон орон тоо цөөрүүлсэн гэж үзэх боломжгүй юм. 

    Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолоор хүчингүй болсон Засаг даргын зөвлөх болон үндэслэлгүй нэмэгдүүлсэн Засаг даргын орлогчийн албан тушаал зэргээс авч үзвэл Тамгын газарт бүтэц орон тоо хийх шаардлага байхгүй, төсөв санхүүгийн хувьд боломжтой байсан гэж үзэж байна.

    Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалын 2 дугаар хавсралтын 29, 30 дахь хэсгийн төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн М.Мөнхчимэг, Д.Улаанхүүхэн гэсэн хэсгийг хүчингүй болгон Г.Мөнх-Эрдэнийг шалгаруулалт хийлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцооны мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хариуцагч талаас нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж Г.Мөнх-Эрдэнийг хохиролгүй болгож өгөхийг хүсч байна гэв. 

 

    Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Г.Мөнх-Эрдэнэ нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны Б/54 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Аймгийн Засаг даргын         Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор Тамгын газрын бүтэц орон тоог 37 байхаар тогтоосон ба зайлшгүй орон тоо цөөлөх шаардлагатай байсан нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. 

 

Бид төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан 3 хүнээс үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээ, ажлын дадлага туршлага, мэдлэг ур чадвар зэргийг шалгуур болгож М.Мөнхчимэг, Д.Улаанхүүхэн нарыг томилсон. Мөн Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн М.Мөнхчимэг, Д.Улаанхүүхэн нар нь 3 хүртэлх насны хүүхэдтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ажлаас чөлөөлөхийг хориглосон заалтад хамаарч байсан учраас нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. 

Нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнэд хүүхэд асрах чөлөөтэй байгаа Д.Улаанхүүхэний оронд ажилла гэсэн саналыг тавьсан боловч хүлээж аваагүй. Нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан тэтгэмж, ээлжийн амралтын мөнгийг тооцож олгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Гуравдагч этгээд М.Мөнхчимэг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Моонон овогтой Мөнхчимэг миний бие нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. 2014 онд хүү Б.Мандуулыг төрүүлсэн. 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн “төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн”-ээр анх томилогдон ажилласан ба ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно. 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан уг тушаалын 1 дүгээр хавсралтаар ажлаас чөлөөлөгдөж, бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан ажилд томилох тухай 2 дугаар хавсралтаар дахин төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. Миний хувьд төрийн албанд 10 гаруй жил ажиллаж байгаа. Төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцооны мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан миний эрх ашиг хөндөгдөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Гуравдагч этгээд Д.Улаанхүүхэн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даваа овогтой Улаанхүүхэн миний бие нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2016 онд хүү Б.Мандахбаярыг төрүүлсэн. 

Миний бие 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн “төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн”-ээр анх томилогдон ажилласан ба ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно. 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан уг тушаалын 1 дүгээр хавсралтаар ажлаас чөлөөлөгдөн, бүтэц шинэчлэгдсэнтэй холбогдуулан ажилд томилох тухай 2 дугаар хавсралтаар дахин төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтнээр томилогдсон ба 2016 оны 11 дүгээр сараас эхлэн 2017 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хүүхэд асрах чөлөөтэй байгаа болно.  

Төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцооны мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан миний эрх ашиг хөндөгдөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа:  Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 29, 30 дахь заалтыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх бүрэн сэргэхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн иргэн Г.Мөнх-Эрдэнээс  аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын Г.Мөнх-Эрдэнэд холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Санхүү, төрийн сангийн хэлтсийн төлбөр тооцооны мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж, намайг хохиролгүй болгож өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 29, 30 дахь хэсгийн Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн М.Мөнхчимэг, Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн Д.Улаанхүүхэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалт хийгдээгүй, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах” гэж өөрчилсөн болно. 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрыг 37 хүртэл орон тоотой байхаар тогтоосон бөгөөд Тамгын газрын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар нэр бүхий 44 албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, 2 дугаар хавсралтаар 37 албан тушаалтныг томилжээ. 

Маргаан бүхий акт болох дээрх тушаалын 1 дүгээр хавсралтын холбогдох заалтаар Төрийн сангийн мэргэжилтэн Г.Мөнх-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэж, 2 дугаар хавсралтын 29, 30-д Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтнээр М.Мөнхчимэг, Д.Улаанхүүхэн нарыг томилсон байх ба нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар “... цөөрсөн ажлын байранд сонгон шалгаруулалт хийгдээгүй тул миний ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилуулж, төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах ёстой ...” гэж, хариуцагчаас “... бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орон тоог нэгээр цөөрүүлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн ...”  хэмээн маргаж байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө.”, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх),  эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан, Тамгын газрын орон тоог тогтоож ажилтнуудыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд хэрэв төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшил, мэдлэг, ур чадварыг үнэлүүлэн сонгон шалгаруулж ажиллуулах; албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсийг бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллуулах; харин тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.2-т  “... орон тоо цөөрүүлэх ...” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгохоор заажээ.  

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Сүхбаатар аймгийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” А/368 дугаар захирамжийн дагуу  Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс нь 9 орон тоотой ажиллаж байсныг Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарийг батлах тухай” А/09 дүгээр тушаалаар 8 орон тоотой ажиллахаар баталж, Төрийн сангийн мэргэжилтний 3 орон тоог 2 болгож цөөрүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа тул хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг хэрэглэж төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт орж, орон тоо цөөрсөн энэ тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “ ... цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангасан заалтыг хэрэгжүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Тодруулбал албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн тухайн тохиолдолд уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага болон Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн хүүхэдтэй эмэгтэйн хөдөлмөр эрхлэх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан хуулийн зохицуулалтыг тус тус харгалзан төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтнээр М.Мөнхчимэг, Д.Улаанхүүхэн нарыг томилж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т зааснаар нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна. 

Дээрх үйл баримт нь хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан “ ... үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээ, ажлын дадлага туршлага, мэдлэг ур чадвар зэргийг шалгуур болгосноос гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг харгалзаж М.Мөнхчимэг, Д.Улаанхүүхэн нарыг томилсон. Нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнэд хүүхэд асрах чөлөөтэй байгаа Д.Улаанхүүхэний оронд ажилла гэсэн саналыг тавьсан боловч хүлээж аваагүй ... ” гэх тайлбар болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн 2016 оны үр дүнгийн гэрээний илтгэх хуудас /хх-ийн 69-73, 116-123-рт/, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн мэдээлэл /хх-ийн 61-рт/,  гуравдагч этгээд М.Мөнхчимэг нь маргаан бүхий акт гарах өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 2 нас 9 сартай, Д.Улаанхүүхэн нь 1 сартай хүүхэдтэй байсныг нотлох  Б.Мандуул, Б.Мандахбаяр нарын төрсний гэрчилгээ /хх-ийн 74, 89-рт/, хариуцагчаас төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангасан хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлж нэхэмжлэгчид 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 1.620.099 төгрөгийг түүний Хаан банкны 5630189312 тоот дансанд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 140-141-рт/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. 

 

Нэгэнт нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан төрийн сангийн мэргэжилтний албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрч хуульд заасны дагуу М.Мөнхчимэг, Д.Улаанхүүхэн нар уг албан тушаалд томилогдсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлөхийг хариуцагчид даалгах боломжгүй юм. 

 

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд  “...аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг нь холбогдох хуулийн заалтуудыг зөрчин томилогдсон тул төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлж томилох эрхгүй, хэрэгт авагдсан 2017 оны 02 дугаар сарын 07, 08-ны өдрийн хуралдааны тэмдэглэл хүчин төгөлдөр бус, түүнчлэн цөөрсөн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах эрх бүхий ажлын хэсэг томилогдож Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүх албан тушаалтнуудыг шалгаруулалтад оруулж дүгнэлт гаргах ёстой байтал энэ ажиллагаа хийгдээгүй ...” гэж тайлбарлан маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Ч.Энхцэцэгийг томилсон аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дүгээр захирамж нь хүчин төгөлдөр үйлчлэлтэй байгаа, түүнийг хөндсөн ямар нэгэн эрхийн акт гараагүй байх тул Ч.Энхцэцэгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг ажлаас чөлөөлж, томилох эрх бүхий албан тушаалтан гэж үзнэ. 

 

Хэрэгт авагдсан 2017 оны 02 дугаар сарын 07, 08-ны өдрийн хуралдааны тэмдэглэлүүд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан буюу байгууллагын архивын “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажсан байгаа учраас шүүхээс эдгээр тэмдэглэлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй юм.

 

Түүнчлэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст адил ажил албан тушаал буюу төрийн сангийн мэргэжилтэн 3 ажиллаж байсныг 2 болгож цөөрүүлсэн энэ нөхцөлд уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага болон бусад нөхцөл байдлыг харгалзан судалж тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг эрх бүхий албан тушаалтан томилох хуулийн зохицуулалттай байна. 

 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь хуулиар тогтоосон “төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх болон нэмэгдэл баталгаагаар хангагдах” хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй, маргаан бүхий дээрх тушаалын улмаас нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнээс Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан  “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 29, 30 дахь хэсгийн Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн М.Мөнхчимэг, Д.Улаанхүүхэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, сонгон шалгаруулалт хийгдээгүй, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ЦЭРЭНХАНД