Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/0089

 

“С” ХХК-ийн гомдолтой,

Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг

хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын

хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Н-д

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн:   Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                               М.Батсуурь

                                                                  П.Соёл-Эрдэнэ

                                                                  Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                                  Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0289 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2023/0420 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 426 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.З, Э.Б, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ү.Г, хариуцагч Ч.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдлын шаардлага:

1.“С” ХХК-аас Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Н-д холбогдуулан “...тус татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00**** дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахшаардлага бүхий гомдол гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.“С” ХХК-ийн И**** (E***t) сүлжээ дэлгүүрийн худалдан авагчдад олгож буй төлбөрийн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж буй эсэхийг шалгуулах зөрчлийн талаар “Н т” ХХК-аас бичгээр ирүүлсэн мэдээллийг хүлээн авч, прокурорын нэгдсэн бүртгэл бүртгүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийжээ.

2.1.Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Н-н 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00**** дүгээр шийтгэлийн хуудсаар С” ХХК нь ... борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй төлбөрийн баримт олгосон нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасныг зөрчсөн, уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад зааснаар 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

3.Гомдол гаргагч “С” ХХК-аас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “... манай компани 2014 оноос үйл үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш үйлчлүүлэгчдэдээ үзүүлэх хөнгөлөлт, маркетингийн зорилгоор И**** (E**) онооны урамшууллыг эхлүүлсэн, тус онооны карттай гишүүд нь зөвхөн оноо цуглуулж ашиглахаас гадна төрөл бүрийн үнэгүй үйлчилгээ, хямдрал, урамшуулалд хамрагдах боломжтой, үйлчлүүлэгчийн хүслээр сайн дурын үндсэн дагуу хялбаршуулсан гэрээний үндсэн дээр олгодог, тухайн И**** (E**)   карт ашиглан төлсөн төлбөрөөсөө цуглуулсан оноо нь үйлчлүүлэгчийн нэр дээр хадгалагдаж байгаа мөнгө юм. Тухайн хэрэглэгч өөрт цугларсан оноогоо хэзээ, ашиглах, цуглуулахаа өөрөө шийддэг, хэрэглэгч өөрийн цуглуулсан оноогоо ашиглах үед нэмэгдсэн өртгийн албан татварын баримт дээр нэмэгдэж гарах ба хэрэгжсэн үед нь татвар бодогдох ёстой, энэ нь нягтлан бодох бүртгэлийн суурь зарчим болох аккруэл суурьтай нийцэж байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар санхүү болон татварын тайлангаа аккруэл сууриар бүртгэн тайлагнадаг, Татварын ерөнхий газар болон дүүргийн татварын хэлтэс нь Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасны дагуу тайланг мэдээллийн зөрүүгүй гэж хүлээн авдаг, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад (СТОУС-15 Б44, Хэмжилт, СТОУС-14 Зохицуулалтаар хойшлогдсон дансууд) төлбөрийн баримт болон орлон хүлээн зөвшөөрөлтийг тайлагнах талаар зааварласан, эдгээр зааврын дагуу санхүү болон татварын тайлангаа тайлагнадаг. Аж ахуйн орлогын албан татварын тухай хуульд татвар ногдох орлогыг бууруулан тайлагнахгүй, тухайн орлогыг олоход холбогдон гарсан зардлыг хасна гэж заасан, үүнийг манайх аккруэл сууриар бүртгэж байгаа. Хэрэглэгчийн оноо мөнгө хэлбэрээр үлдэж манай компани өглөг хэлбэрээр тайлагнаж байгаа нь хууль зөрчөөгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд төлбөрийн баримтыг мөнгөн сууриар үйлдэхийг шаардаж байгаа нь энэ хууль болон СТОУС-ын заалтууд зөрчилдөж байна гэж үзэж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн татварын улсын байцаагчийн 2022 оны 00**** дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй ...” гэж маргажээ.

3.1.Хариуцагчаас “... “С” ХХК нь худалдаа үйлчилгээ эрхэлж, бараа бүтээгдэхүүн борлуулахдаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан зохицуулалтыг хэрэглэлгүйгээр албан татвар тооцох үнэлгээнээс тооцох албан татварыг өөрөөр тогтоож худалдан авагчид төлбөр төлсөн үнийн дүнгээс зөрүүтэй баримт олгосон ь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д заасныг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсан, холбогдогч компани нь худалдан авагчдаа урамшуулах зорилгоор бонус картад худалдан авалтын үнийн дүнгээс тодорхой хувиар дараагийн худалдан авалтад эдлэх эрх олгож буй дүнг эдлээгүй буюу хэрэгжээгүй байхад хүлээн зөвшөөрч татвар ногдуулах орлогын дүнг бууруулж буй бүртгэл нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн тул 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 2022 оны 10 дугаар сард тайлагнасан дүн, худалдан авагчийн төлсөн нийт үнийн дүн зөрүүтэйгээс борлуулалтын орлогыг тодорхойлох боломжгүй зэрэг нөхцөл байдлын улмаас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтын дагуу шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн” гэж,

3.1.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Монгол Улсад борлуулж байгаа бараа, ажил, үйлчилгээний татвар ногдох үнэлгээг тухайн үнийн дүнтэй ижил олгох ёстой, бараа, ажил, үйлчилгээг борлуулах бүрд албан татвар ногдуулах хуулийн зохицуулалтыг үндэслэж, баримтыг үнэн зөвөөр олгох, үнэн зөв олгоогүй тохиолдолд арга хэмжээ авах талаарх шаардлагуудыг өгч байсан, татвар төлөгч татварын тайлан гаргах аргыг хооронд нь хольж хэрэглэсэн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлгүй, Ю*** (U***) апплекэйшнийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш үнийн дүн нь зөрүүтэй баримт олгох болсон нь илэрсэн. Татвар ногдох орлогыг уг компаниас багасгаж нэмэгдсэн өртгийн албан татварын системд илгээж байгаа учир тайлан буруу буюу бага дүнтэй гарна, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь заалт нь нэг бол хуурамч баримт олгох эсхүл төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгосон гэсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол гэж заасан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зөрүүтэй баримт олгохгүй гэсэн агуулгаар албан татвар төлөгч болон албан татвар суутган төлөгч нарыг үүрэгжүүлсэн. Холбогдогчийн гаргаж байгаа зөрчил өөрөө Зөрчлийн тухай хуульд заасан төлбөрийн баримтыг борлуулалтын дүнгээс өөрөөр олгосон үйлдэл байна гэж үзэн хариуцлага оногдуулсан. Дамжуулан борлуулах, мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч буюу дотоодод үйлдвэрлэж байгаа барааны хувьд дамжуулан борлуулагч хасалт хийсэн байдлаар тайлагнах боломжтой. Хэрэглэгчийн системд хийж байгаа НӨАТ-ын дүн илгээх, нийлүүлж байгаа нийт борлуулалтын орлогыг үнэн зөв тайлагнах боломж, системээ зөв болгосноор шийдвэрлэгдэнэ” гэж тус тус тайлбарлан гомдлыг эс зөвшөөрч маргажээ.

4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх: Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дугаар хэсгийн 8.3 дахь заалтыг баримтлан “С” ХХК-аас гаргасан Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Н-н 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00**** дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх: Гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй.

6.Гомдол гаргагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 426 дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

7.Гомдол гаргагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр (гомдлыг агуулгаар нь тусгав) хяналтын гомдол гаргажээ.

7.1.Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэг болон давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянах хэсгийн хувьд хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийг бүхэлд нь хянаагүй бөгөөд үүний улмаас нотлох баримтыг дутуу үнэлж, нөхцөл байдлыг бүрэн үнэлээгүй гэж үзэн шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

7.2.Төлбөр тооцоо хийсэн дүн, борлуулалтын үнэ нь 2 тусдаа ойлголт. Төлбөр тооцоо гэдэг нь шууд утгаараа борлуулалтын орлого биш юм. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын зарчмын дагуу борлуулалтын орлогоос борлуулалтын урамшуулал, борлуулалтын хөнгөлөлтийн хасаж цэвэр борлуулалт буюу Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т заасан борлуулалтын үнийг тодорхойлдог. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх” гэж заасныг зөрчөөгүй болно. Тодруулбал, үйлчлүүлэгчийн төлсөн 100,000 төгрөгөөс 1,000 төгрөгийг дараачийн худалдан авалтад ашиглах эрх буюу борлуулалтын хөнгөлөлт үзүүлсэн тул манай компанийн борлуулалт 100,000 төгрөг биш түүнээс борлуулалтын хөнгөлөлт 1,000 төгрөгийг хассан дүнгээр 99,000 төгрөг болно. Энэ бүх тооцооллыг ил тод байлгах үүднээс төлбөрийн баримтад тусгасныг Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т зааснаар төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон гэх зөрчилд тооцох нь хууль бус бөгөөд шударга ёсонд үл нийцнэ.

7.3.Энэ талаар татварын хууль тогтоомжид нарийвчлан заагаагүй бол татвар төлөгчид ашигтай байдлаар шийдэх захиргааны эрх зүйн суурь зарчим үйлчлэх ёстой. Санаатайгаар төлбөрийн баримт дээр борлуулалтын үнийг зөрүүтэй олгож татвараас зайлсхийдэг шударга бус татвар төлөгчийн нэгэн адилаар үйлчлүүлэгчээ татах зорилгоор маркетингийн бодлого хэрэгжүүлсэн шударга татвар төлөгчдийг шийтгэж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан шударга байх, тодорхой байх зарчим зөрчигдөж байна.

7.4.Хариуцагч тал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь заалт буюу “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэдгийг буруу ойлгон хэрэглэж, шийтгэлийн хуудас бичсэнийг шүүх мөн буруу үнэлж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэсэн заалтын зөвхөн хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэснийг тастан авч шийтгэлийн хуудас болон шүүхийн шийдвэрт хэрэглэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байгаа юм. Манай компанийн төлбөрийн баримтыг хариуцагч тал хуурамч гэж үзээгүй. Гэтэл хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно гэж заасан хуулийн заалтын зөвхөн 1 хэсгийг үндэслэн манай компанид торгууль оногдуулж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг зөрчсөн байна.

7.5.Иймд дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Татварын ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын Нэмэгдсэн өртгийн албан татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Н-ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00**** дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8ариуцагчаас гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

9.Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

10.“И**** (E**) сүлжээ дэлгүүрийн худалдан авагчдад олгож буй төлбөрийн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн эсэх”-ийг шалгуулах мэдээллийг хариуцагч татварын улсын байцаагч 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хүнс болон барааны жижиглэн бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “С” ХХК-д холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа холбогдогчоос баримтууд болон мэдүүлэг авч, мөн Татварын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06/**** дугаар албан бичгээр ... төлбөрийн баримтыг зөрүүтэй дүнгээр хэвлэн өгсөн зөрчлийг арилгах шаардлагыг хүргүүлсэн байх бөгөөд тус улсын байцаагчаас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00**** дүгээр шийтгэлийн хуудсаар “борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй төлбөрийн баримт олгосон” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад зааснаар шийтгэл оногдуулжээ.

Энэ хэргийн хувьд хяналтын шатны шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

Гомдол гаргагчийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад заасан зөрчлийн шинжийг хангасан эсэх тухай байна.

11.Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.” гэж тус тус зааснаас үзвэл зөрчлийн шинжийг Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлох бөгөөд тэрхүү зөрчилд тооцогдох үйлдэл, эс үйлдэхүйд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахаар заасан бол зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэхээр байна.

12.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно.” гэж заасан.

13.Өөрөөр хэлбэл, бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хуулийн этгээд бодитоор хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг дээрх хуулиар хориглосон буюу үнийн дүнтэй ижил баримт олгохыг хуулиар шаардах бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т зааснаар ... хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэхээр тогтоосон хэм хэмжээний зохицуулалттай.

14.Энэ тохиолдолд, гомдол гаргагч компани бараа, ажил, үйлчилгээ хийгдсэн үнийн дүнгээс өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглосон хуулийн хэм хэмжээг зөрчиж, борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй төлбөрийн баримт олгосон нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдох тул “төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон” зөрчил гаргасан гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т зааснаар хариуцлага хүлээлгэсэн хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

15.Монгол хэлний үг зүйн хувьд “буюу” гэх ойлголтыг Монгол хэлний товч тайлбар толь (Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, Улаанбаатар 1966 он, х.133) бичигт “эсвэл, юм уу ...” гэж тайлбарласнаас үзвэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсгийн “... хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэх заалтаар “хуурамч” эсхүл “хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй” төлбөрийн баримт гэж 2 тусдаа нөхцөлийг хууль тогтоогчоос зохицуулсан бөгөөд гомдол гаргагч компанийг “хуурамч төлбөрийн баримт олгосон” гэж үзээгүй, давж заалдах шатны шүүхээс тус хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэхүү тогтоолын (“Тодорхойлох” хэсгийн 7.4-д заасан) гомдол үндэслэлгүй.

16.Анхан шатны шүүх “... “С” ХХК нь худалдан авалтын үнийн дүнгээс зөрүүтэй төлбөрийн баримтыг худалдан авагчид олгосон нь нэгэнт тогтоогдсон, худалдан авалтын үнийн дүнгийн тодорхой хувийг И**** (E***) картад байршуулж дараагийн худалдан авалтаас хөнгөлж байгаа гэх тайлбар нь зөрчлийг үгүйсгэх үндэслэл биш” гэж, давж заалдах шатны шүүх “... албан татвар төлөгч төлбөрийн баримтыг хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй, өөрөөр хэлбэл зөрүүтэй олгосон бол хуулийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан, гомдол гаргагч төлбөрийн баримтыг хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй буюу худалдан авагчийн И**** (E***t) картад өглөг хэлбэрээр байршиж байгаа дүнг хассан дүнгээр олгосон гэдэгтэй маргаагүй тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, мөн шүүхүүд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтыг маргааны үйл баримтад холбогдуулж зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

17.Хууль тогтоогчоос “борлуулсан үнийн дүнтэй ижил баримтыг хэрэглэгчид” олгохыг шаардсан энэ тохиолдолд, шүүхээс борлуулсан бараа, ажил, үйлчилгээний төлбөр нь баримтаар ижил дүнтэй биш, зөрүүтэй олгогдсон үйлдэлд хариуцлага хүлээлгэсэн захиргааны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн тул гомдол гаргагчийн шүүх хуралдаанд тайлбарласан “борлуулалтын шинэ арга хэрэглэсэн маркетинг”-ийн үйл ажиллагааг хязгаарлаагүй бөгөөд уг үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон татварын бусад хууль тогтоомж, журам, дүрэмд нийцүүлэн явуулахад энэхүү тогтоол саад болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

18.Иймд гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2023/0289 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2023/0420 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Д.МӨНХТУЯА

                       ШҮҮГЧИД                                                           М.БАТСУУРЬ

                                                                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                       Ц.ЦОГТ

                                                                                                       Х.БАТСҮРЭН