Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 333

 

 

 

 

 

 

 

    2019         05           03                                    2019/ШЦТ/333

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч У.Н-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн /ҮД:1066/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У-ын Н-д холбогдох эрүүгийн 1810021260189 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч У.Н- нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн .... тоотод оршин суух найз залуу Ц.О-тэй муудалцан, гэрт нь очиж цамц, куртик зэрэг хувцсыг нь цоолж, зүсэж гэмтээн, гэрт нь гал тавьж эд зүйл, хувцас хунарыг нь шатааж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээж бусдад 3.290.586 төгрөгний хохирол, 900.086 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч У.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1810021260189 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ц.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би Н-ыг одоогоос 1 жил 6 сарын өмнөөс таньж мэддэг болсон. Яаж таних болсон вэ гэхээр Н- өөрөө над руу фэйсбүүкээр найзын хүсэлт илгээгээд бид хоёр цахимаар найзалж эхэлсэн. Анх 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр буюу миний төрсөн өдрөөр уулзаж байсан. Би Бөхийн өргөө дээр ажлын хамт олонтойгоо төрсөн өдрөө тэмдэглэж байтал Н- над руу залгаад “ахаа та хаана байгаа юм бэ” гээд надтай уулзаад бид хоёр Яармагт байдаг манай гэрт хоносон. Тэрнээс хойш байнга холбоотой байсан. Би ганцаараа амьдардаг болохоор манай гэрт ирээд хонодог байсан. Н- надад зодуулсан гээд Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл өгсний дагуу мөрдөгч, а/д Б дээр шалгагдаж байгаа. Өчигдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байцаагч Н- бид хоёрыг дуудаад уулзсан. Байцаагчтай уулзаад гараад явж байтал Н- “би чиний байшинг чинь шатаана за юу” гээд надтай хэсэг муудалцсан. ...Гэртээ иртэл манай гэрийн гадаа гал команд цагдаагийн машин ирчихсэн гал унтрааж байхаар нь очтол үүдний амбаар нилэнхүйдээ шатсан, мөн байшинд байсан цагаан өнгийн хувцасны шүүгээнд гал тавьсан байсан ч тэр нь шатаагүй, ганц зангиа шатсан байсан. Мөн шүүгэнд байсан фудволк шатсан байсан. Хувцас хатаагч дээр байсан хувцаснууд шатсан байсан, мөн нилээд хэдэн хувцас, гуталнуудыг юмаар сийчээд заримыг нь цоолсон байсан. Би цагдаа нарт энэ хэргийг хэн үйлдсэн нь тодорхой гэж хэлсэн. Надад дараах хохирол учирсан. Үүнд:

- Байшингийн үүдний амбаарын дээвэр болон буланд байсан модон шүүгээ шатсан. Модон шүүгээг манай аав олон жилийн өмнө гараараа хийж байсан, одоо 100.000 төгрөгөөр үнэлнэ.

- Амбаарыг шинээр барихгүй бол засварлах боломжгүй болсон. Шинээр барихад 1.000.000 орчим төгрөг болох байх гэж бодож байна.

- Байшингийн лампирдсан таазны гол хэсэг нь хайлж доошоо унасан. Одоо таазаа тэр чигт нь солино. 350.000 төгрөг болно.

- Үүдний амбаарт байсан газан плетка 2017 оны өвөл Яармаг худалдааны төвөөс 25.000 төгрөгөөр авсан.

- Байшин дотор цагаан өнгийн хувцасны шүүгээнд байсан алаг эрээн зангиа шатсан. Үүнийг 2018.08 сард хүнээс бэлгэнд авсан. 10.000 төгрөг.

- Мөн хувцасны шүүгээнд байсан. 2018 оны 05 дугаар сард Япон улсаас 120.000 төгрөгөөр авсан.

Дараах хувцаснууд шатсан. Үүнд:

- “Зара” брендийн эрэгтэй костюмын хослол, өмд, пиджак. 2018.06 дугаар сард Япон улсаас 680.000 төгрөгөөр,

- Жинсэн өмд 1 ширхэг. Үүнийг 2018 оны хавар Японоос 120.000 төгрөгөөр,

- Алаг өмд 1 ширхэг. Мөн Японоос 70.000 төгрөгөөр,

- Биеийн тамирын өмд 3 ширхэг. Японоос тус бүрийг нь 80.000 төгрөгөөр,

- Фудволк 5 ширхэг. Японоос тус бүрийг нь 90.000 төгрөгөөр тус тус авсан.

- Гал тогооны гэрэлнээс өлгөж тавьсан байсан цагаан өнгийн эрэгтэй сорочкин цамц. Японоос 180.000 төгрөгөөр авч байсан.

Мөн дараах хувцаснуудыг цоолоод сийчээд гэмтээсэн байсан. “Зара” брендийн саарал өнгийн ноосон цамцны юүдэнг хутгаар урсан. Японоос 150.000 төгрөгөөр,

- “Найк” брендийн хар өнгийн юүдэнтэй цамцны юүдэнг юмаар цоолсон. Японоос 80.000 төгрөгөөр,

- “Вершка” брендийн бор алаг өнгийн куртик. Японоос 220.000 төгрөгөөр авсан. Уг куртикийн зүүн ханцуйг урж гэмтээсэн,

- “Монтбелл” загварын хар өнгийн эрэгтэй куртикний зүүн мөрийг юмаар сийчиж цоолж гэмтээсэн. Японоос 200.000 төгрөгөөр,

- “Вершка” брендийн улаан өнгийн 44 размерын пүүзний өлмийний гаднах хэсгийг асаагуураар шатааж гэмтээсэн. Японоос 350.000 төгрөгөөр,

- “Пума” загварын цагаан пүүзний баруун хөлний өмсгөлтэй талын өлмийний дээд гаднах хэсгийг юмаар 2 удаа нэвт цоолж гэмтээсэн. Японоос 180.000 төгрөгөөр,

- “Жордан 13” загварын хар өнгийн пүүзний зүүн талын өмсгөлийн өлмийний гаднах хэсгийг юмаар олон удаа сийчиж гэмтээсэн. Японоос 380.000 төгрөгөөр,

Мөн “Помпсайт” брендийн ногоон өнгийн 44 размерын өмсгөлтэй пүүзний өрөөсөн тал байхгүй. Японоос 750.000 төгрөгөөр,

- “Зара” брендийн 44 размерын өмсгөлтэй цэнхэр өнгийн элгэн хийцтэй ботинкийн өрөөсөн тал байхгүй. Япон улсаас 280.000 төгрөгөөр авсан. Байшингийн шал зарим хэсгээрээ шатсан, зарим хэсэг нь гал унтраах үед дээрээс нь ус асгасан бөгөөд паркетан шал хавантаад дээгүүр нь явахаар доошоо суулт өгөөд, зарим хэсгээрээ хагарч эхэлсэн. Шалаа бүтнээр нь солиход 560.000 төгрөг болно. ...Би Н-тай ярьж тохироод байшингаа янзлуулах, хэдэн хувцас авах мөнгө авсан. ...Гэрээ шатаалгах үед нийт 22 төрлийн эд зүйл гэмтсэн талаар мэдүүлсэн бөгөөд тэр мэдүүлэг яг хэвээрээ, тэдгээр эд зүйлс шатсан, гэмтсэн, урагдсан, цоорсон нь үнэн. ...Хохирлын үнэлгээнээс гадаад паспорт, “Найк” брендийн, “Помсайт” загварын пүүз, “Зара” брендийн элгэн гутал, “Коч” брендийн бор өнгийн арьсан хийцтэй эрэгтэй бүс 1 ширхэг, “Ролекс” брендийн бугуйн цаг зэргийг хасуулмаар байна. ...Надад одоо нэхэмжлэх зүйл санал хүсэлт байхгүй. Ямар ч гомдолгүй, Н- бид хоёр эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-18, 82-83 хуудас/

Гэрч Б.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Н- гэх охин нь манай ахаас ерөөсөө салж өгдөггүй, хамт амьдарсан асуудал байхгүй, ирж очоод яваад байдаг гэсэн. Заримдаа өөрөө шууд хүрээд ирдэг. О- ах руу залгаад “чи яг одоо хаана байна, хэнтэйгээ унтаж хэвтээд байгаа юм” гэх зэргээр өдөр шөнөгүй утсаар залгаад хэрүүл хийгээд яваад байдаг. Ар гэр рүү нь залгаад зөндөө олон удаа хэлсэн. Сүүлд аав руу нь залгаад “охин чинь байшин шатаачихлаа, энийгээ ав гэж зөндөө хэлээ биз дээ” гэхэд “тэр чинь надад хамаагүй, би хойд аав нь байна” гэж хэлээд утсаа тасалчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч Ц.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын үед О- “нэг жаахан охин надаас салж өгөхгүй байна, та нар хөөгөөд загнаад өгөөч” гэж байсан. Нэг удаа О- хүргэн хамаатануудтайгаа хамт сууж байхад Н- гэх тэр жаахан охин нь хамт архи дарс уугаад байхаар нь О- надад “энэ нүдний булай чинь хамаатануудтай минь архи уугаад байх юм, гаргаад өгөөч” гэхээр нь би тэр охиныг дуудаж гаргаад загнасан чинь “эцэг, эх надад хамаагүй, миний хойд аав чинь өөрөө намайг хүчиндэх гэж оролдож байсан” гэх зэргээр миний үгийг тоохгүй хэрүүл маргаан хийгээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч Х.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Гэр рүүгээ явж байхад хажуу талын айлаас цайвар өнгийн утаа их хэмжээгээр гарахаар нь хашааны дээгүүр өнгийж харахад байшингийн дотор болон гадна хаалга онгорхой амбаар хэсгээс гал гарч байсан. ...Намайг анх харахад амбаар хэсэгт гал гарч байсан. Мөн гал тогооны өрөөний хавьд гал гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Гэрч Т.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: О- манай найз бөгөөд 2018 оны хавар 4 дүгээр сард О- гадаад руу явах гэж байсан юм. Тэгээд явахынхаа урьд орой нь над руу залгаад “өглөө эрт 6 цагт Нисэх рүү хүргэж өгөөрэй” гэхээр нь “за” гэж хэлээд маргааш өглөө нь онгоцны буудал хүргэж өгөхөөр гэрт нь очсон. Тэгтэл хашааны гадна бас нэг машин байхаар нь “өөр хүн дуудсан байсан юм байх даа” гэж бодоод машинаасаа буугаад очтол О-тэй уулзаад яваад байдаг Н- гэх охин, бас Яармагт гэр нь байдаг дүү залуу байсан. Би “юу болсон юм бэ” гэхэд О- “би шөнө нойр хүрэхгүй эднийд очоод” гээд нөгөө залуу руу заагаад “аавтай нь ойр зуурын юм ярьж байгаад буцаад иртэл байшингийн цонх хагархай дотор нь байсан гадаад паспорт алдагдсан байна. Хашаанаас гараад иртэл Н- үүдэнд зогсож байсан. Тэгээд одоо Н-аас паспортаа нэхээд зогсож байна” гэж хэлсэн. Байшингийн зүүн тийш харсан том цонхны шил нь хагарчихсан байсан. Нөгөө хамт байсан залуу “О- ахаа, би явлаа шүү” гэж хэлээд яваад өгсөн. О- Н-аас “паспорт яасан бэ, би онгоцноосоо хоцорлоо шүү дээ” гэхэд “намайг уучлаарай гудамжны буланд нуучихсан” гэхээр нь гурвуулаа очиж үзэхэд байгаагүй. О- “чи яах гээд байгаа юм бэ” гээд уурлахад “би замын цагдаад таньдаг ахдаа өгчихсөн” гэж хэлсэн. Замын цагдаа дээр очтол бас худлаа байсан. Н-аас аргадаад О- “ямар нэг мөсөн явах гэж байгаа биш дээ, гаргаад өгчих, хэсэг болоод л ирье шүү дээ” гэхэд “суусан таксины жолоочдоо мөнгөний барьцааныхаа оронд өгчихсөн” гэж хэлсэн. Тэгснээ утасны дугаар хэлэхээр нь нөгөө утас руу нь залгасан чинь эмэгтэй хүн аваад “манай нөхөр таксинд явж байгаад сая ирсэн, унтаж байна” гэхээр нь О- учир байдлаа хэлэхэд “Дамба даржаа гэх газарт хүрээд ир” гэхээр нь яваад очтол жолооч нь МТ колонк дээр ирээд паспортыг авчирч өгсөн. Тэгснээ “наад охин чинь мөнгөгүй маргааш авъя гэж хэлээд барьцаанд үлдээсэн, таксины мөнгөө яах болж байна” гэхээр нь “дараа больё” гээд бушуухан тэндээс хөдлөөд явсан боловч нислэгийн цагнаасаа хоцроод амжаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

Гэрч Б.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Мэдээлэл шуурхай удирдлагын төвд галын шинжээчээр ажилладаг. Ахмад цолтой. Нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан галын дуудлага мэдээллээр хэргийн газар дээр очиж гал гарсан шалтгааныг тогтоохоор ажилладаг юм. Би он сар өдрийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. 2018 оны 09 дүгээр сард Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байшин шатсан дуудлагаар очсон. Гэрийн хаягийг тодорхой санахгүй байна. Очиход цагдаагийн алба хаагч нар “хохирогчтой үерхэж байсан эмэгтэй шатаасан байна” гэж хэлсэн. Гал тавьсан хүн, гал гарсан шалтгаан тодорхой тохиолдолд мөн мөрдөгч шинжээч томилоогүй тохиолдолд галын дүгнэлт гаргах шаардлагагүй учраас галын дүгнэлт гараагүй. Хэргийн газарт цахилгааны гэх ахуйн шинжтэй зүйлээс болж гал гараагүй нь тодорхой байсан. Мөрдөгчөөс “дүгнэлт гаргуулах шаардлагагүй, гал тавьсан хүнийг барьсан” гэж байсан. Тухайн үед цаг агаарын нөхцөл байдал бага зэрэг сэрүүвтэр байсан ч салхигүй, тогтуун агаартай байсан. Мөн бид нарыг очих үед галын дөл бага зэрэг гарч байсан. Хажуу айлд болон бусад олон хүнд аюул учруулах хэмжээний гал гараагүй байсан албаны гал унтраагч нар очоод маш богино хугацаанд ямар ч эрсдэлгүй гал унтраасан. Амбаар шатсан байсан харин байшингийн доторх гал нь агааргүй нөхцөлд байсан учраас дөнгөж сүүмэлзэх төдийд л гал гарч байсан...гэх мэдүүлэг 110-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №876 дугаартай дүгнэлтэнд:

1. У.Н- нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй байна.

2.  У.Н- нь сэтгэцийн өвчингүй байна.

3. У.Н- нь юмыг зөвөөр тусган ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байна.

5. У.Н- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 35-37-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12-р хуудас/,

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-62, 65-66-р хуудас/,

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 121-р хуудас/,

Шүүгдэгч У.Н- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би О-тэй 2017 онд танилцсан. Фэйсбүүк чатаар холбогдож байгаад хотод ирэхдээ уулзаж байсан. Би гэрт нь хааяа очдог байсан бөгөөд О- надаас 24 насаар ах юм. Бид хоёр тухайн үедээ үерхэж байсан бөгөөд хааяа бэлгийн харилцаатай байсан. О- бид хоёр үерхэж байхдаа хоёулаа нэгнийгээ хардсанаас болж байнга хэрүүл маргаан гардаг байсан. Уг хэрүүл маргаанаас болж би гэрт нь очсон. Очсон шалтгаан гэвэл би О-тэй хоёулахнаа ярилцъя гэж бодсон юм. Гэрт нь очтол өөрөө байгаагүй, гадаа нь хэсэг хүлээсэн боловч ирээгүй. Гадаа сэрүүвтэр байсан болохоор би даараад гэрт нь ороод хүлээж байя гэж бодоод гэрт нь орсон. Хаалганы цоож нь угаасаа асуудалтай бөгөөд бариулыг нь доош дараад л онгойлгож орсон. Ороод хүлээж сууж байгаад гэнэт уур хүрээд хайч билүү хутга билүү ямар ч гэсэн гэрт нь байсан иртэй зүйл аваад хувцас хатаагчин дээр байсан хэдэн хувцаснуудыг нь сийчээд, зарим гутлуудыг нь цоолсон. Мөн хувцасны шүүгээнээс зангиа билүү нэг юм унжаад харагдаад байхаар нь гэрт байсан асаагуураар нөгөө юмны үзүүрээс нь гал тавиад шүүгээ рүү нь буцаагаад хийчихсэн, дотроо шатсан эсэхийг нь мэдэхгүй байна. Гэрээс нь гарахдаа үүдний амбаарт модон шүүгээн дээр ягаан өнгийн алчуур байхаар нь тэрийг нь бас асаасан чинь нилээд хурдан гал авалцаад шатчихсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анх шатаах санаа зорилго надад байгаагүй. Би О-д учруулсан хохирлоо төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 101-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Гэрэлтуяагийн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, үр хөндөлтийн түүх /хх-ийн 73-75-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 105-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч У.Н-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл: шүүгдэгч У.Н-,  хохирогч Ц.О- нар нь 2017 оноос эр эмийн харьцаатай байсан ба хоорондын таарамжгүй харьцаа хардалтын улмаас У.Н- нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн ..... тоот хохирогч Ц.О-гийн гэрт  очиж цамц, куртик, пүүз зэрэг хувцас, гуталыг нь зүсэх, цоолох зэргээр гэмтээж,  гал тавьж эд зүйл, хувцасыг нь шатааж устгасны улмаас 3.290.586 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:

Хохирогч Ц.О-гийн ...Н-тай уулзаад гараад явж байтал тэрээр “би чиний байшинг чинь шатаана за юу” гээд надтай хэсэг муудалцсан. ...Гэртээ иртэл манай гэрийн гадаа гал команд цагдаагийн машин ирчихсэн гал унтрааж байхаар нь очтол үүдний амбаар нилэнхүйдээ шатсан, мөн байшинд байсан цагаан өнгийн хувцасны шүүгээнд гал тавьсан байсан ч тэр нь шатаагүй, ганц зангиа шатсан байсан. Мөн нэг шүүгэнд байсан фудволк шатсан байсан. Хувцас хатаагч дээр байсан хувцаснууд шатсан байсан. Мөн нилээд хэдэн хувцас, гуталнууд байсныг юмаар сийчээд заримыг нь цоолсон байсан. Би цагдаа нарт энэ хэргийг хэн үйлдсэн нь тодорхой гэж хэлсэн. ...Надад одоо нэхэмжлэх зүйл санал хүсэлт байхгүй. Ямар ч гомдолгүй, Н- бид хоёр эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-18, 82-83 хуудас/

Гэрч Б.А-ын ...Н- гэх охин манай ахаас ерөөсөө салж өгдөггүй, хамт амьдарсан асуудал байхгүй, ирж очоод яваад байдаг гэсэн. Заримдаа өөрөө шууд хүрээд ирдэг, О- ах руу залгаад “чи яг одоо хаана байна, хэнтэйгээ унтаж хэвтээд байгаа юм” гэх зэргээр өдөр шөнөгүй утсаар залгаад хэрүүл хийгээд яваад байдаг. Ар гэр рүү нь залгаад зөндөө олон удаа хэлсэн. Сүүлд аав руу нь залгаад “охин чинь байшин шатаачихлаа, энийгээ ав гэж зөндөө хэлээ биз дээ” гэхэд “тэр чинь надад хамаагүй, би хойд аав нь байна” гэж хэлээд утсаа тасалчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч Ц.Д-ын ...2018 оны 02 дугаар сарын үед О- “нэг жаахан охин надаас салж өгөхгүй байна, та нар хөөгөөд загнаад өгөөч” гэж байсан. О- хүргэн хамаатануудтайгаа хамт сууж байхад Н- хамт архи дарс уугаад байхаар нь О- надад “энэ нүдний булай чинь хамаатануудтай минь архи уугаад байх юм, гаргаад өгөөч” гэхээр нь би тэр охиныг дуудаж гаргаад загнасан чинь “эцэг, эх надад хамаагүй, миний хойд аав намайг хүчиндэх гэж оролдож байсан” гэх зэргээр миний үгийг тоохгүй хэрүүл маргаан хийгээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Гэрч Х.Э-ийн ...Гэр рүүгээ явж байхад хажуу талын айлаас цайвар өнгийн утаа их хэмжээгээр гарахаар нь хашааны дээгүүр өнгийж харахад байшингийн дотор болон гадна хаалга онгорхой амбаар хэсгээс гал гарч байсан. ...Намайг анх харахад амбаар хэсэгт гал гарч байсан, мөн гал тогооны өрөөний хавьд гал гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Гэрч Б.Д-ы ...Би Мэдээлэл шуурхай удирдлагын төвд галын шинжээчээр ажилладаг юм. Би 2018 оны 09 дүгээр сард Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байшин шатсан дуудлагаар очиход цагдаагийн алба хаагч нар “хохирогчтой үерхэж байсан эмэгтэй шатаасан байна” гэж хэлсэн. Гал тавьсан хүн, гал гарсан шалтгаан тодорхой тохиолдолд мөн мөрдөгч шинжээч томилоогүй тохиолдолд галын дүгнэлт гаргах шаардлагагүй учраас галын дүгнэпт гараагүй. Хэргийн газарт цахилгааны гэх зэрэг ахуйн шинжтэй зүйлээс болж гал гараагүй нь тодорхой байсан. Мөрдөгчөөс “дүгнэлт гаргуулах шаардлагагүй, гал тавьсан хүнийг барьсан” гэж байсан. Хажуу айлд болон бусад олон хүнд аюул учруулах хэмжээний гал гараагүй байсан албаны гал унтраагч нар очоод маш богино хугацаанд ямар ч эрсдэлгүй гал унтраасан...гэх мэдүүлэг /хх-ийн 110-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12-р хуудас/,

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-62, 65-66-р хуудас/,

            Мөрдөн байцаалтанд У.Н- яллагдагчаар өгсөн: О- бид хоёр үерхэж байхдаа хоёулаа нэгнийгээ хардсанаас болж байнга хэрүүл маргаан гардаг байсан. О-тэй ярилцахаар гэрт нь очиход өөрөө байгаагүй, гадаа нь хэсэг хүлээсэн боловч ирээгүй. Гадаа сэрүүвтэр байсан болохоор би даараад гэрт нь ороод хүлээж байя гэж бодоод орсон. О-г хүлээж сууж байгаад гэнэт уур хүрээд хайч билүү хутга билүү ямар ч гэсэн гэрт нь байсан иртэй зүйл аваад хувцас хатаагчин дээр байсан хэдэн хувцаснуудыг нь сийчээд, зарим гутлуудыг нь цоолсон. Мөн хувцасны шүүгээнээс зангиа билүү нэг юм унжаад харагдаад байхаар нь гэрт байсан асаагуураар нөгөө юмны үзүүрээс нь гал тавиад шүүгээ рүү нь буцаагаад хийчихсэн, дотроо шатсан эсэхийг нь мэдэхгүй байна. Гэрээс нь гарахдаа үүдний амбаарт модон шүүгээн дээр ягаан өнгийн алчуур байхаар нь тэрийг нь бас асаасан чинь нилээд хурдан гал авалцаад шатчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 101-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэмт этгээд санаатай үйлдлээрээ бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг нь алдагдуулж, зориулалтаар нь ашиглах боломжгүй болгохыг “устгах” харин тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй боловч тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтойг “гэмтээх” гэсэн ойлголтод хамааруулна.

 

Бусдын эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол, хор уршиг учирснаар тухайн гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогдох материаллаг бүрэлдэхүүний шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.

 

Шүүгдэгч У.Н-ы хувьд хохирогч Ц.О-гийн хувцас болон гуталыг зүсэж, цоолох зэргээр гэмтээж, гэрт нь гал тавьж улмаар хувцасыг нь шатааж устгасны улмаас 3.290.586 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч У.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч У.Н-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, үүрэг бүхий этгээд эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.О-гийн эд хөрөнгөнд 3.290.586 төгрөгийн хохирол учирсан ба  шүүгдэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 1.200.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 3.200.000 төгрөг төлсөн байна. /хх-ийн 144-145-р хуудас/, Хохирогч Ц.О- нь шүүгдэгч У.Н-аас нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

             Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч У.Н- нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь хавтаст хэргийн 35-37-р хуудсанд авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 876 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч У.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн ар гэр болон хувийн байдлыг харгалзан 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч У.Н- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч У.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр ХААИС-ийн Эдийн засгийн бизнесийн сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг /жилийн чөлөө авсан/, тогтмол орлогогүй хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.Н-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч У.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт У-ын Н-ыг бусдын эд хөрөнгийн хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н-ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч У.Н-д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н- нь хохирогч Ц.О-д 3.200.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч У.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч У.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Х.ОДБАЯР