Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 213/МА2024/00014

 

 

Б.Батмөнхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 131/ШШ2024/00707 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Батмөнх,

Хариуцагч  Ч.Дэлгэрдалай, Э.Мөнхсайхан нарт холбогдох

Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэлтэй, ....................... тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууц худалдан авахад төлсөн 49,750,000 төгрөг, засварын зардал 3,800,000 төгрөг нийт 53,550,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, хариуцагч Э.Мөнхсайхан, түүний өмгөөлөгч Л.Бор нарын  гаргасан давж заалдах гомдлуудаар  хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, хариуцагч Э.Мөнхсайхан, өмгөөлөгч Л.Бор, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Ариунболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1.1. Миний бие 2016 оны 6 дугаар сараас одоог хүртэл Бүгд найрамдах Солонгос Улсад ажиллаж амьдарч байна. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэлтэй, ................ тоот хаяг байршилтай, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2014 онд  57,200,000 төгрөгөөр худалдан авч, Хас банк ХК-иас 40,400,000 төгрөгийг 20 жилийн хугацаагаар зээлж, зээлийн төлбөрт сар бүр  350,000 төгрөгийг төлдөг.

1.2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ............. дугаар гэрчилгээ 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр олгогдон, хамтран өмчлөгчөөр эхнэр Т.Очгэрэл, бага охин Б.Мөнхжин нар бүртгэгдсэн. Эхнэр Т.Очгэрэл нь миний зөвшөөрөлгүйгээр 2020 онд орон сууцыг 55,000,000 төгрөгөөр Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарт худалдахаар тохиролцож, урьдчилгаанд 25,000,000 төгрөгийг дансаар авч, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 1 жилийн дотор төлнө гэж тохироод, улмаар орон сууцыг суллан өгч, одоо Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нар амьдардаг талаар би хожим мэдсэн.

1.3. Миний хувьд орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр бидний өмчлөлд орон сууц бүртгэлтэй ч банкны барьцаанд байдаг. Барьцаанаас чөлөөлөгдсөн үед орон сууцаа хариуцагч нарын нэр дээр шилжүүлж өгөхгүй. Би орон сууцаа одоогийн зах зээлийн ханшаар худалдан борлуулж, Улаанбаатар хотод орон сууц авахаар төлөвлөж байгаа тул миний өмчлөлийн орон сууцыг Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нар шүүхэд гаргасан татгалзлын  агуулга:

 2.1. Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай бид Т.Очгэрэлтэй ярилцаж, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 22 тоот, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 55,000,00 төгрөгөөр худалдан авахаар, үнийг нь 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлж дуусгахаар харилцан тохиролцож, худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд Т.Очгэрэл, Э.Мөнхсайхан нар гарын үсэг зурсан. Т.Очгэрэл нь орон сууцаа худалдах үедээ Миний нөхөр Б.Батмөнх Солонгост Улсад ажилладаг, бид хоёр орон сууцаа худалдахаар болсон. Орон сууцны үнийг төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэж бидэнд итгүүлж, орон сууцаа суллаж өгсөн.

2.2. Орон сууцны үнийн урьдчилгаанд 34,000,000 төгрөг төлж, үнийг сар бүр төлсөөр 2020 оны 8 дугаар сараас эхлэн 2024 оны 05 дугаар сарыг хүрэл хугацаанд нийт  49,750,000 төгрөг төлсөн.Тухайн орон сууц нь засвар хийхгүй бол шаардлага хангахгүй байсан учраас дотор талыг бүрэн засварлаж, хаалгыг сольж, 3,800,000 төгрөгийг зарцуулсан.Бид орон сууцны үнэ, засвар зардалд нийт 53,550,000 төгрөгийг гарсан. Т.Очгэрэлийн нөхөр Б.Батмөнх нь 2021 оны 09 дүгээр сард Э.Мөнхсайхан над руу зурвас, бичлэг явуулаад Орон сууцны үнийг үлдэгдлийг хурдан өг, хэрэв өгөхгүй бол манайх орон сууцаа одоогийн зах зээлийн ханшаар зарна гэж дарамталсан.

2.3. Үүнээс хойш Б.Батмөнх, Т.Очгэрэл нар байнга дарамталдаг болсон. Б.Батмөнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Миний эхнэр Т.Очгэрэл надад мэдэгдэхгүйгээр миний орон сууцыг бусдад худалдсан байсныг би саяхан мэдлээ гэж ямар ч үндэслэлгүй, худлаа зүйл бичсэн нь Т.Очгэрэл, Б.Батмөнх нарын бидэнд бичсэн зурвасаар үгүйсгэгдэнэ гэжээ.

3. Хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга:

3.1. Бид  худалдах худалдан авах гэрээг бичгээр Т.Очгэрэлтэй байгуулсан, Б.Батмөнхтэй орон сууцны үнэ талаар аман хэлцэл хийсэн.Талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж, орон сууцаа чөлөөлж, шилжүүлсэн болохоор бид хууль бусаар эзэмшээгүй, харин хуульд заасан хэлцлийн хэлбэрийн шаардлагыг зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрнө.Харин Т.Очгэрэл нь орон сууцаа бидэнд худалдахдаа гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй, өмчлөх эрхээ шилжүүлээгүй, нөхөр Б.Батмөнхийн зөвшөөрлийг аваагүй, бүртгэлийн газарт бүртгүүлэхгүйгээр ийм үр дагаварт хүргэжээ.

3.2. Гэрээ хийх үед бид орон сууцныхаа үнийг төлж дуусангуут өмчлөх эрхээ гаргуулж авна гэж тохиролцсон. Б.Батмөнх нь бидэнд орон сууцаа худалдахаар ярилцаад Улаанбаатар хот руу шилжихээр болсон гэж итгүүлсэн байсан.Бидний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан байх тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, байрны үнэ болон засварын зардлаа гаргуулна гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга:

4.1. Т.Очгэрэл миний нөхөр Б.Батмөнх нь Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарын хууль бус эзэмшлээс .......... тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг дэмжиж байна.Харин хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Э.Мөнхсайхан, Т.Очгэрэл бидний хооронд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.Уг гэрээний гол нөхцөл нь дээрх орон сууцыг 55,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар, урьдчилгаа 25,000,000 төгрөгийг төлөх, үлдэх 30,000,000 төгрөгийг ондоо багтааж төлнө, сар бүрийн банкны зээлийн эргэн төлөлтийг хийнэ гэсэн боловч хэлсэн, ярьсандаа байж чадаагүй.Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нар нь тохирсон хугацаандаа орон сууцны үнийг төлөөгүйн улмаас бидний Улаанбаатар хотод орон сууц худалдан авахаар авахаар төлөвлөж байсан бүтээгүй. 

4.2. Орон сууцыг Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарт 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгснөөс хойш өнөөдрийг хүртэл манай орон сууцанд амьдарсан. Байрны зээлд сар бүрийн 350,000 төгрөг, 45 удаагийн төлөлтөд төлөгдсөн 15,750,000 төгрөгийг буцааж төлөхгүй. Энэ мөнгөн хөрөнгийг орон сууцны түрээсийн төлбөрт суутгаж авна гэж хугацаандаа орон сууцны үнийг төлөөгүй цагаас эхлэн хэлж ирсэн.Харин дарамталж байгаагүй, зохих шаардлага тавьж, Үнийн үлдэгдлийг өгөхгүй бол наймаагаа буцаая, сар бүрийн төлөлтийг байрны түрээсэнд тооцно гэж удаа дараа сануулж зурвас байсан.

4.3. Харин 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 25,000,000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 9,000,000 төгрөгийг нийт 34,000,000 төгрөгийг буцааж төлөхөд татгалзах зүйлгүй, орон сууцанд засвар хийсэн 3,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Батмөнхийн хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарт холбогдох эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй, .................. тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарын нэхэмжлэгч Б.Батмөнх болон хариуцагч Т.Очгэрэл нарт холбогдох эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0320003914 дугаарт бүртгэлтэй, Баянхонгор сумын 5 дугаар багийн 9 дүгээр байрны 21 тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны үнэд төлсөн 49,750,000 төгрөг, засварын зардал 3,800,000 төгрөг, нийт 53,550,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Батмөнхийн хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарын нэхэмжлэгч Б.Батмөнх болон хариуцагч Т.Очгэрэл нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа 425,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Батмөнхөөс 362,750 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... Иргэний хуулийн зорилт нь эрх зүйн этгээдүүдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршиж, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ, хуульд өөрөөр заагаагүй бол татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд иргэний хууль үйлчлэхгүй гэж заасан, мөн Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрхийг баталгаажуулж өгсөн. Гэтэл энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэхгүйгээр нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, цаашид талууд хаана хандаж маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх, амьдралын амин чухал болсон асуудлаа хэрхэн яаж шийдвэрлэх гарцгүй байдал оруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс “үүрэг, өмчийн хэлцлийг тус тусдаа, бие даасан хэлцэл хэмээн тооцож, хүчин төгөлдөр эсэхийг шийдвэрлэхэд нэг нь нөгөөдөө шууд нөлөөлөхгүй гэж үзэх нь хийсвэрлэх зарчим юм” гэх үүргийн ба өмчийн харилцааг тусгаарлаж үзэх хийсвэрлэх зарчмыг хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б.Батмөнхийн хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нар нэхэмжлэгч Б.Батмөнх болон түүний эхнэр Т.Очгэрэлд холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан өөрөөр хэлбэл уг иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцоогүй Т.Очгэрэлийг хариуцагчаар хариуцагчаар татаж хэргийг оролцогчийн эрхийг зөрчиж, нэхэмжлэгч Б.Батмөнхийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй боловч харин сөрөг нэхэмжлэлийг хамтран хариуцагчид холбогдуулж гаргахгүй, хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргасныхаа хувьд нэхэмжлэгчийн эрхийг эдэлдэг ч хамтран хариуцагч татах , эсвэл хамтран хариуцагчид холбогдуулж шаардах эрхгүй болно. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т заасныг зөрчсөн учир нь үндсэн ба сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа талууд ижил байх ёстой бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргах эрхийг хариуцагч эдлэх боловч зөвхөн нэхэмжлэгчид холбогдуулан гаргах ёстой, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авмагц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1.4-т зааснаар нягталж үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байгааг анхаарч үзэлгүй хүлээн авч, тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 131\Ш32024\01648 дугаар шүүгчийн захирамжаар Т.Очгэрэлийг хариуцагчаар татан сөрөг нэхэмжлэл гардуулсан нь буруу гэж үзэж байна.

Шүүх хийсвэрлэх зарчмын хүрээнд уг иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцоогүй, хамтран хариуцагчаар татагдсан Т.Очгэрэл , сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагч Э.Мөнхсайхан нарын хооронд байгуулсан өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлээгүй, Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийн хэлцэл буюу худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл болохгүй хүчин төгөлдөр гэж үзсэн. Маргаан бүхий байр 2014 онд улсын бүртгэлийн .............. дугаарт бүртгэсэн, ................. тоот хаягтай 52 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2014 онд худалдан авч үл хөдлөхийн № .......... дугаартай гэрчилгээг 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гаргуулсан, уг байрын өмчлөгчөөр Б.Батмөнх хамтран өмчлөгчөөр эхнэр Цогт овгийн Тогоохүүгийн Очгэрэл, бага охин Батмөнхийн Мөнхжин нар бүртгэлтэй болно.Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болсон 49 750 000 төгрөг Т.Очгэрэлийн дансанд орсон байдаг бөгөөд эндээс харахад нэхэмжлэгч Б.Батмөнх, хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарын хооронд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулагдаагүй хариуцагч нараас мөнгө авсан зүйл байдаггүй энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэгчээр оролцоогүй Т.Очгэрэлийг оролцуулан түүнд холбогдох нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэсэн.

Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл нь заавал нотариатаар гэрчлэгдсэн байх шаардлагыг тусгасан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт “гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна “ гэж тус тус заасан нь өмчийн халдашгүй байдлыг хуульчлан баталгаажуулж өгсөн байна. Гэтэл өмчийн халдашгүй байдлыг үгүйсгэж хийсвэрлэх зарчмын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн шүүхээс “орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь өөрийнх нь зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тохиолдолд Б.Батмөнх нь тухайн үедээ зөрчигдсөн гэж үзэж буй эрхээ хамгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан” гэж дүгнэсэн гэтэл Б.Батмөнх 2016 онд Бүгд Найрамдах Солонгос улс явж одоо хүртэл тус улсад ажиллаж амьдарч байгаа бөгөөд шүүхэд Солонгос улсад байгаа учраас хандаж чадахгүй харин итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэл гаргаж болохыг мэдэж Солонгос улсаас итгэмжлэл явуулсан, мөн хариуцагч нар Б.Батмөнх гэх хүнтэй уулзаж байгаагүй гэрээ байгуулах үед Т.Очгэрэл манай нөхөр Солонгост байдаг гэж ярьж байсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт хэлдэг.

Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 “ өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106.1 “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан.

Мөн хуулийн 110 дүгээр зүйлийн 110.1-д зааснаар “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.

Өмчлөгч Б.Батмөнх нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй юм.

Нэгэнт өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийх үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хуулийн дагуу нэхэмжлэгч Б.Батмөнх, хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарын хооронд байгуулагдаагүй Иргэний хуулийн 110 дүгээр зүйлийн 110.1-т заасан үндэслэлээр маргаан бүхий байрны өмчлөх эрх хариуцагч нарт үүсээгүй байх тул Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 131/ШШ2024/00707 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7.Хариуцагч Э.Мөнхсайхан, түүний өмгөөлөгч Л.Бор нар тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Хариуцагч Э.Мөнхсайхан , Ч.Дэлгэрдалай нар нь Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн .......... дугаарт бүртгэлтэй ...... тоотод байрлах 52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны үнэнд төлсөн 49,750,000 төгрөг, засварын зардал 3.800.000 төгрөг нийт 53,550,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Т.Очгэрэл, Э.Мөнхсайхан нарын хооронд үл хөдлөх хөрөнгийг худалдахдаа гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй, өмчлөх эрхээ шилжүүлээгүй, нөхөр Б.Батмөнхийн зөвшөөрлийг аваагүй, бүртгэлийн газарт бүртгүүлээгүй зэрэг үр дагаврыг бий болгосон.

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 131 ШШ2024/00707дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 243 дугаар зүйлийн 243.1,254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг, 255 дугаар зүйлийн 255.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарын нэхэмжлэгч Б.Батмөнх болон хариуцагч Т.Очгэрэл нарт холбогдох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Батмөнхийн хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Э.Мөнхсайхан, Ч. Дэлгэрдалай нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгч Б.Батмөнхөөс 362,750 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.Шүүх талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзжээ.Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцэл түүний үр дагавар, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан.

Иргэний хуулийн 110 , 111 дүгээр зүйлүүдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх , дуусгавар болох үндэслэлийг тодорхойлжээ.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт - Худалдагч Т.Очгэрэл худалдан авагч Э.Мөнхсайхан нар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй , орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй боловч энэ нь худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж орон сууцны үнийг тодорхой цаг хугацааны дараа төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээ хийсэн. Шүүх Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцэл байгуулахдаа хуульд заасан хэлбэрийг зөрчсөн байвал хүчин төгөлдөр бус хэлцэл байх онцлог зохицуулалтыг анхаарч үзэлгүй т.Очгэрэл,Э.Мөнхсайхан нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан ... хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-д заасан шаардлагад хамааралтай бөгөөд энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх , улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг хамааруулж үздэг. Эндээс үзэхэд талуудын хооронд хүчин байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад шүүх гэрээний агуулгад эрх зүйн дүгнэлтийг буруу хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор иргэний эрх зөрчигдсөн хэвээр үлдэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 131/ШШ2024/00707 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна гэжээ.

8.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Миний бие нэхэмжлэгч Б.Батмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэ шүүх хуралдаанд оролцож байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу хэрэглэсэн учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэдэг байдлаар гомдлын үндэслэлээ тайлбарлаж байгаа. Иргэний хуулийн зорилт нь эрх зүйн этгээдүүдийн хооронд үүссэн эдийн болон эдийн бус баялагтай харилцааг зохицуулах, иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулах гол зорилготой. Монгол улсын үндсэн хуульд мөн иргэд зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах эрхийг баталгаажуулж өгсөн. Гэтэл иргэдийн хооронд болсон маргааныг өнөөдөр шүүх эцэслэн шийдвэрлэхгүйгээр хийсвэрлэх зарчмын хүрээнд шийдвэрлэсэн учраас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэв.

8.2. Хариуцагч Э.Мөнхсайханы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

... Хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Батмөнх нь эрхийн улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэгдсэн, ............. тоот хаягт байршилтай, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө/цаашид маргаан бүхий орон сууц гэх/-ийг хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай,  хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нар  орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны үнийн өгсөн 34,000,000 төгрөгийг, Хас банкны ипотекийн зээлийн төлбөрт 45 удаагийн төлөлтөөр  төлөгдсөн 15,750,000 төгрөгийг,  орон сууцыг засварласан  зардалд 3,800,000 төгрөгийг нийт 53,550,000 төгрөгийг Б.Батмөнх, Т.Очгэрэл нараас  гаргуулна гэж үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаж  маргажээ.

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4. Үл хөдлөх хөрөнгө хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийн тухайд:

4.1. Нэхэмжлэгч Батмөнх нь ........ тоот хаягт байршилтай, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг эхнэр Т.Очгэрэл өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарт 55,000,000 төгрөгөөр худалдсан хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэл тул хариуцагч нарын хууль бус эзэмшлээс үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлнэ гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

4.2. Хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нар орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах,  орон сууцыг худалдан авахад төлсөн  49,750,000 төгрөгийг, орон сууцад засвар хийсэн 3,800,000 төгрөгийг бидэнд буцааж төлбөл үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй гэж маргажээ.

4.3. Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаа, зохигчийн тайлбараар Эрхийн улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэгдсэн, . тоот хаягт байршилтай, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалта...........й үл хөдлөх хөрөнгийг Б.Батмөнх, Т.Очгэрэл нар 2014 онд худалдан авч, Хас банк ХК-тай 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1210010851 дугаар Зээлийн болон Барьцааны гэрээг байгуулж, барьцаалбарт бүртгүүлж, Б.Батмөнх, Т.Очгэрэл, Б.Мөнхжин нар өмчлөгч болох  нь тогтоогджээ. /1хх131-169/

4.4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

4.5. Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь шаардаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон байх учиртай, эдгээр нөхцөл хангагдсан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрдэнэ.

4.6. Маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн эхнэр Т.Очгэрэл, худалдан авагч Э.Мөнхсайхантай 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, худалдагч Т.Очгэрэл сууцны эзэмшлийг шилжүүлж, үнэ бүрэн төлөгдсөний дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцож, хариуцагч нар 2020 оны 8 дугаар сарын 28-нд 25,000,000 төгрөгийг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 9,000,000 төгрөгийг нийт 34,000,000 төгрөгийг Т.Очгэрэлийн дансанд, Б.Батмөнх, Т.Очгэрэл нарын үүргийн гүйцэтгэлд 2020 оны 8 дугаар сараас 2024 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд Хас банкны ипотекийн зээлд сар бүр төлөгдөх 350,000 төгрөгийг 45 удаагийн үйлдлээр 15,750,000 төгрөгийг  нийт 49,750,000 төгрөгийг төлсөн, үл хөдлөх хөрөнгө хариуцагч нарын эзэмшилд байгаа болох нь хэрэгт авагдсан Хаан банкны банкны депозит хуулга, зохигчдын тайлбараар нотлогдсон байна./1хх32-33/

4.7. Анхан шатны шүүх “...Э.Мөнхсайхан Ч.Дэлгэрдалай нар нь Т.Очгэрэлтэй байгуулсан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний  үндсэн дээр орон сууцыг эзэмшсэн байх тул  хууль бус эзэмшил гэж үзэхгүй...” гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлажээ.

4.8. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбарт үндэслэн үйл баримтыг зөв тогтоосон атлаа Т.Очгэрэл, Э.Мөнхсайхан нарын хооронд хийгдсэн “худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 128.3,172 дугаар зүйлийн 172.2-т заасан зохицуулалтыг буруу тайлбарласныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

4.9. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна”, 128 дугаар зүйлийн 128.3-д  “ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 172 дугаар зүйлийн 172.2.-т Шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид ипотекийн баримт бичгийг шилжүүлж, түүнийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч гэж улсын бүртгэлд бүртгэсэн нөхцөлд шаардлага шилжсэн гэж үзнэ.” гэж заасантай анхан шатны шүүхийн шийдвэр нийцээгүй байна.

4.10. Зохигчид үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэхдээ “ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-109.2-т “ үл хөдлөх эд хөрөнгө өмлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон энэ эрхийг олж авч байгаа этгээдийн хэн ч гаргах эрхтэй. Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн хэлцэл холбогдох бусад баримт бичигт  өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөрөө дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болох түүний итгэмжлэлийг дээр баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана”, энэ хуулийн 110.1-д “ үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн  өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан өмчлөх эрхийн хамгаалалтууд бүхэлдээ зөрчигджээ.

4.11. Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах үед тэд  маргалдсаны улмаас хоорондоо харилцаа, холбоогүй байсан, эхнэр нь  нөхрөөсөө зөвшөөрөл аваагүй орон сууцыг худалдсан...” гэж тайлбарласан.

4.12. Б.Батмөнх Т.Очгэрэл нар Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээр холбогдсон гэрлэгчид, эхнэр Т.Очгэрэл гэр бүлийн хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахдаа нөхөр Б.Батмөнхөөс бичгээр зөвшөөрөл авах хуулийн заалтыг зөрчин  дур мэдэн захиран зарцуулсан байх бөгөөд Т.Очгэрэл, Э.Мөнхсайхан нарын хооронд байгуулсан “худалдах, худалдан авах гэрээ” нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.

4.13. Иймд нэхэмжлэгч  Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарын хууль бус эзэмшлээс Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 5 дугаар баг, 9 дүгээр байрны 21 тоот хаягт байршилтай, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлөхийг шаардах эрхтэй, энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй.

5. Хариуцагч нараас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5.1. Т.Очгэрэл,  Э.Мөнхсайхан 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нарын хооронд  байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууц худалдан авахад төлсөн 34,000,000 төгрөгийг, Хас банкны ипотекийн зээлийн төлбөрт 45 удаагийн төлөлтөөр  төлөгдсөн 15,750,000 төгрөгийг,  орон сууцад засвар хийсэн зардалд 3,800,000 төгрөгийг нийт 53,550,000 төгрөгийг гаргуулахаар Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.

5.2. Нэхэмжлэгч Б.Батмөнх, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч  сөрөг нэхэмжлэлийн шаардлагад шүүхэд бичгээр хариу тайлбар  гаргаагүй. Шүүгчийн захирамжаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцсон Т.Очгэрэл сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа үл хөдлөх худалдахад авсан 34,000,000 төгрөгийг буцааж өгөхийг зөвшөөрнө, орон сууц худалдах  худалдан авах гэрээнд зааснаар сар бүрийн ипотекийн зээлийн эргэн төлөлтөд төлөгдсөн 15,750,000 төгрөгийг, засварын зардал 3,800,000 төгрөгийг нийт 19,550,000 төгрөгийг төлөхгүй. Манай орон сууцанд 4 жил амьдарсан тул 15,750,000 төгрөгийг түрээсийн төлбөрт  суутгана гэж маргажээ.

5.3. Үндсэн нэхэмжлэлийн шаардлыг хүрээнд Т.Очгэрэл,  Э.Мөнхсайхан нарын хооронд  2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ” нь  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч нараас  дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага хангаж шийдвэрлэв.

5.4. Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нараас 2020 оны 8 дугаар сараас 2024 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд Хас банкны ипотекийн зээлийн төлбөрт сар бүл төлөгдөх 350,000 төгрөгийг 45 удаагийн үйлдлээр 15,750,000 төгрөгийг 4 жил орон сууцанд амьдарсан түрээсийн төлбөрт суутгана гэж маргасан Т.Очгэрэлийн татгалзал  үндэслэлгүй. Учир нь:  зохигчдын хооронд  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” зааснаар зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулаагүй, гэрээний үүрэг үүсээгүй тул  Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нараас  Хас банканд ипотекийн гэрээний эргэн төлөлтөд төлөгдсөн 15,750,000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Хас банкны өмнө Б. Батмөнх Дэлгэрдалай нарын гүйцэтгэх үүргийг  Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нар төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар нотлогдсон,  талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй тул  4 жил орон сууцанд амьдарсан түрээсийн төлбөрт 15,750,000 төгрөгийг суутгаж авна гэж Т.Очгэрэл шаардах эрхгүй.

5.5. Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 5 дугаар баг, 9 дүгээр байрны 21 тоот хаягт байршилтай, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авахдаа засвар хийсэн 3,800,000 төгрөгийг  Б.Батмөнх Т.Очгэрэл нараас гаргуулна гэж шаардлага гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2,38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох нотлох баримтыг  шүүхэд цуглуулж гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй., хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй болно.

5.6. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн  492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж зааснаар Батмөнх Т.Очгэрэл нараас орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 34,000,000 төгрөгийг, Хас банканд 2020 оны 8 дугаар сараас 2024 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд Хас банкны ипотекийн зээлийн төлбөрт сар бүл төлөгдөх 350,000 төгрөгийг 45 удаагийн үйлдлээр 15,750,000 төгрөгийг нийт 49,750,000 төгрөгийг гаргуулж Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тухай гомдлыг хангахгүй. Учир нь:

6.1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.”  гэж зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай  Иргэний хуулийн 238 дугаар зүйлд зааснаар хоорондоо харилцан тооцогдох боломжтой үндсэн шаардлагатай нэг төрлийн маргаан байх тул анхан шатны шүүх хүлээн авч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсныг буруутгахгүй./хх1, 29-30, 45/

6.2. Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нар хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхол нь зөрчигдсөн, эрхээ сэргээлгэхээр шүүхэд гаргасан  сөрөг нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгчийн байр суурьтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар   хамтран хариуцагчаар Т.Очгэрэлийг татан оролцуулах хүсэлт гаргах  эрхтэй. Шүүх зохигчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т.Очгэрэлийг татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг итгэмжлэгдсэн төлөөлөгчид сөрөг шаардлагыг гардуулсныг буруутгахгүй. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй /1хх26,29-30,43-44/

Дээрх үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлыг хангаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус ханган  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь  үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх байдлаар өөрчлөлт оруулсантай холбогдуулан зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Батмөнхийн хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарын нэхэмжлэгч Б.Батмөнх болон хариуцагч Т.Очгэрэл нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа төлсөн 425,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Батмөнхөөс 362,750 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай гэснийг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Батмөнхийн хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Батмөнхөөс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлөгдсөн  362,750 төгрөгийг нөхөн  гаргуулж, Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарын нэхэмжлэгч Б.Батмөнх болон хариуцагч Т.Очгэрэл нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа төлсөн 425,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас худалдах худалдан авах гэрээг  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлөгдсөн 70200 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай...” гэж өөрчлөлт оруулав.

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг  баримтлан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагаас төлсөн 432,950 төгрөгийг нэхэмжлэгч Б.Батмөнхөд хариуцагч Э.Мөнхсайханаас төлсөн 425,700 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 131/ШШ2024/00707 дугаар шийдвэрийн    Тогтоох хэсгийн

1 дэх  заалтад:

” Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Батмөнхийн хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарт холбогдох эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ........... дугаарт бүртгэлтэй, .............. тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 106  дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн .............. дугаарт бүртгэлтэй, .................. тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.” гэж,

 2 дахь заалтад:

“ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэг, 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарын нэхэмжлэгч Б.Батмөнх болон хариуцагч Т.Очгэрэл нарт холбогдох эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............... дугаарт бүртгэлтэй, ............... тоот хаягт байрлах, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцны үнэд төлсөн 49,750,000 төгрөг, засварын зардал 3,800,000 төгрөг, нийт 53,550,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг

“Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн .............. дугаарт бүртгэлтэй, ............... тоот хаягт байршилтай, 52 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай  нарын  хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй, Б.Батмөнх, Т.Очгэрэл нараас орон сууц худалдан авахад  урьдчилан төлсөн 34,000,000 төгрөгийг  Хас банкны ипотекийн зээлд төлөгдсөн 15,750,000 төгрөг нийт 49,750,000 төгрөгийг  гаргуулж Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай  нарт олгож, орон сууцны засварын зардал 3,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дах заалтад:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Батмөнхийн хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарын нэхэмжлэгч Б.Батмөнх болон хариуцагч Т.Очгэрэл нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа төлсөн 425,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Батмөнхөөс 362,750 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай гэснийг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Батмөнхийн хариуцагч Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Батмөнхөөс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлөгдсөн  362,750 төгрөгийг нөхөн  гаргуулж, Э.Мөнхсайхан, Ч.Дэлгэрдалай нарын нэхэмжлэгч Б.Батмөнх болон хариуцагч Т.Очгэрэл нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа төлсөн 425,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас худалдах худалдан авах гэрээг  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг шаардлагын хүрээнд улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлөгдсөн 70,200 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д заасныг  баримтлан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаагаас төлсөн 432,950 төгрөгийг нэхэмжлэгч Б.Батмөнхөд хариуцагч Э.Мөнхсайханаас төлсөн 425,700 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                              Ч.БАЯРЦЭНГЭЛ

 

                                          Т.ГАНЧИМЭГ