Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 334

 

 

 

 

 

 

 

    2019         05           03                                    2019/ШЦТ/334

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О овогт Д-ын Б-д холбогдох эрүүгийн 1910005750298 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар цэцэрлэгийн үүдний өрөөнөөс иргэн Н.Б-ын гээгдүүлсэн байсан “Samsung Note 8” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч завшсаны улмаас бусдад 1.181.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910005750298 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ... дугаар цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгсөн. Тухайн өдөр хүүхэддээ шорт, фудболк өмсүүлж ирэх ёстой байсныг нь мэдээгүй хүргэж өгсөн болохоор би гэрээсээ шорт, фудболкийг нь аваад цэцэрлэг дээр буцаж ирсэн. Тэгээд улавч өмсөж байхдаа паар дээр нь “Note 8” маркийн шар өнгийн гар утсаа тавьчихаад шорт, футболкийг багшид нь өгсөн. Цэцэрлэгээс гараад явахдаа гар утсаа паар дээр нь тавьснаа мэдээд буцаж ороод гар утсаа үзэхэд алга болчихсон байсан. Тухайн цэцэрлэгт хяналтын камер байхгүй байсан. Би гар утсаа 2018 оны 01 дүгээр сард 2.350.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо зах зээлийн ханшаар үнэлж байна. ...Би хохирлоо бүрэн гүйцэт хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Samsung Note 8” маркийн гар утас 1.181.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 21-22-р хуудас/,

Шүүгдэгч Д.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …2019 оны 03 дугаар сарын эхээр санагдаж байна. Бага хүүхэд С-ийг өглөө цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд коридорт улавчаа тайлж байгаад хогийн савны дэргэд шалан дээрээс шар өнгийн гэртэй гар утас олсон. Тухайн гар утсыг аваад гэртээ аваачиж тавьчихаад ажилдаа явсан. Өдөр нь манай охин Оюунзаяа над руу залгаад “гэрийн түлхүүр хаана байна” гэхээр нь гэрийнхээ түлхүүр байгаа газрыг хэлж өгчихөөд “би өглөө гар утас олсон гэрт байгаа шүү” гэж хэлсэн. Манай хүүхэд гэртээ ороод над руу дахин залгаад “таны олсон гар утас сүүлийн үеийн гар утас байна” гэж хэлсэн. Би орой нь ажлаасаа ирээд өөрийнхөө ........ гэсэн дугаарын сим картаа олсон гар утсанд хийсэн. 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би өөрийнхөө хүүхэд Б.Е-д олсон гар утсаа өгсөн. Тэгээд манай хүүхэд Е- Говь-Алтай аймаг руу ажил руугаа явсан. Би 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.Е- рүү залгахад утас нь холбогдохгүй байхаар нь Болдоо гэх хүний гар утас руу нь залгаж Б.Е-тай яриад “гар утсаа яасан юм бэ” гэхэд “Баянхонгор аймаг дээр ариун цэврийн газарт /жорлонд/ гар утсаа унагаачихсан юм” гэхээр нь “миний хүү утасгүй яаж байхав” гээд “Ай Фоне 6” маркийн гар утсыг .......... гэсэн шинэ дугаартай хамт Говь-Алтай аймаг руу явуулсан. Маргааш нь Е- “гар утсаа авчихлаа” гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч А.Батзаяагийн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/, гэрч Б.Оюунзаяагийн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар: шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Н.Б-ын гээгдүүлсэн 1.181.000 төгрөгийн үнэ бүхий “Samsung Note 8” маркийн гар утсыг Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 230 дугаар цэцэрлэгийн үүдний өрөөнөөс олж аван бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж авч хүү Б.Е-д ашиглуулсан болох нь:

 

Хохирогч Н.Б-ын ...Цэцэрлэгээс коридорт улавч өмсөж байхдаа паар дээр нь “Note 8” маркийн шар өнгийн гар утсаа тавьчихаад шорт, футболкийг багшид нь өгсөн. Цэцэрлэгээс гараад явахдаа гар утсаа паар дээр нь тавьснаа мэдээд буцаж ороод гар утсаа үзэхэд алга болчихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Samsung Note 8” маркийн гар утас 1.181.000 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 21-22-р хуудас/,

Мөрдөн байцаалтанд Д.Б- яллагдагчаар өгсөн: …Би бага хүүхэд С-ийг өглөө цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд коридорт улавчаа тайлж байгаад хогийн савны дэргэд шалан дээрээс шар өнгийн гэртэй гар утас олсон...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

          Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл: шүүгдэгч Д.Б- нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгө буюу гар утсыг өөрийнх биш, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж авч хүү Б.Е-д ашиглуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

        

Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Б- гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

           Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-ын эд хөрөнгөнд хохирол учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх бөгөөд хохиролд 1.180.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 50-р хуудас/ гэснийг нь тогтоолд дурдав.

             Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч Д.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ гээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Н.Б-, шүүгдэгч Д.Б- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Д.Б- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан ба, шүүгдэгч нь өвчтэй хүүхдээ асардаг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Д.Б-д торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

1. О овогт Д-ын Б-г гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Б- нь хохирогч Н.Б-д 1.180.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.ОДБАЯР