Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 336

 

 

 

 

 

 

 

  2019          05          06                                    2019/ШЦТ/336

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

хохирогч Т.Э-,

шинжээч эмч Ч.Эрдэмболор,

шүүгдэгч С.Э-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ийн Э-д холбогдох эрүүгийн 1910003990167 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С.Э- нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо Нүхтийн .... тоотод байх өөрийн гэртээ гэрээ цэвэрлэж шалаа угааж, шалан дээр наалдсан бохийг авах зорилгоор шүүгээнээсээ хутга аваад эргэж хартал ар талд нь зогсож байсан хамтран амьдрагч Т.Э-ын цээжин тус газар нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч С.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

            Хохирогч Т.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрээ цэвэрлэж байгаад “хурдан цэвэрлэсэнгүй” гэж маргалдсан. Тэгээд даамжраад “хүүхэд гаргадаггүй” гэж маргалдсан. Би Э-ыг хутга авахыг нь хараагүй. Э- шүүгээний хажууд зогсож байхад нь араас нь очсон. Э-ыг эргэж харахад нь би түүний барьж байсан хутганд хутгалагдсан. Э- түргэн тусламж болон цагдаа дуудсан. Одоо миний эрүүл мэндийн байдал эрүүл байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэсэн. Одоогоор эмчлүүлж байгаа зүйл байхгүй гэв.

Шинжээч эмч Ч.Эрдэмболор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т заасны дагуу цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэсэн заалтад хамаарна. Үүнд: дотор эрхтэн гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж, хэвлий рүү нэвтэрсэн бол тухайн гэмтэл учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Эмнэлгийн тусламж, мэс засал хийлгэсэн тохиолдолд ямар нэгэн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй ба тухайн гэмтэл бүрэн эдгэрэх боломжтой. Шүүгдэгч хохирогч руу эргэж харахад уг гэмтэл болгоомжгүйгээр учрах боломжтой. Хохирогчид анхны тусламж үзүүлсэн байсан. Цээж, хэвлий хэсэгт хутгалагдсан үед шархны гүнийг тогтоох боломжгүй. Дүгнэлтээ гаргахдаа хохирогчийн биед үзлэг хийгээгүй, харин өвчний түүхийг үндэслэж гаргасан. Өвчний түүх дээр мэс засал хийх тухай тэмдэглэсэн байсан ба уг тэмдэглэгээнд “ ...нээхэд багагүй хэмжээний сул цус байсныг соруулж авсан, элэгний дугуй холбоосны зүүн талд доош цүлхийж унжсан, тухайн хэсэг дэх шархнаас нь хэвлий рүү цус урсаж орж байсныг тойруулан шалгахад өрцийг хусцан мэсцираль хальс нь өрцнөөс ховхорч салсан, уг зайд цус хурсан байсныг аваад шалгахад хэвлийн баруун талын шулуун булчин дээд хэсэгт гэмтсэн байсан. Уг шархнаас цус гарч байхад нь оёдол тавьж цусыг тогтоосон” гэж тэмдэглэсэн байсан. Үүссэн шарх нь өрц пөмбгөр хэлбэртэй байсан. Өрц нь цээжний хананы цаад талд 4-5см зайд байдаг ба өрц нь 0.5 см өргөнтэй байдаг. Шүүгдэгч гараа нугалсан тохиолдолд түүний хутга барьж байсан гарын түвшин хохирогчид учирсан шархны түвшинтэй таарах боломжтой гэв.

 

Эрүүгийн 1910003990167 дугаартай хэргээс:

 

Хохирогч Т.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 02 сарын 02-ны өдөр 13-14 цагийн үед “цагаан сарын юмаа цуглуулна” гээд Хан-Уул дүүргийн 6-р хороо “52-ын зах” руу явсан. “52-ын зах” орж ойр зуурын цагаан сарын зүйлс болох хивс цэвэрлэгч, угаалгын нунтаг, шар өнгийн иштэй шинэ хутга, 0.75 граммын савлагаатай “Хараа” архи 1 шил зэрэг зүйлсийг аваад 14 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэртээ ирээд ойр зуурын юм хийгээд хивс болон гэрээ цэвэрлэж байхдаа Э- бид хоёр худалдаж авсан 1 шил “Хараа” архиа хувааж уусан. Э- бид хоёр архи ууж байгаад гэр орноо хурдан, цэвэрлэх зэргээс үүдээд хоорондоо маргалдсан. Э- хутга хаанаас авсныг мэдэхгүй байна, бас хараагүй. Гэтэл миний баруун талын цээж хэсгээс гэнэт цус гарах шиг болсон. Э- түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч болсон асуудлын талаар сайн санаж байна. Манай байшин дотор талдаа бага талбайтай. Гаднаас орж ирэхэд үүдэнд гал тогооны хэсэг байдаг ба цагаан өнгийн аяга таваг, хутганы шүүгээ байдаг. Би гал тогооны хэсэгт түшлэгтэй сандал дээр сууж байхад Э- миний ард буюу цагаан өнгийн шүүгээний урд хэсэгт тоос шороо арчаад зогсож байсан. Тэр үед Э- бид хоёр нэг нэгнээ элдэв бусын үгээр хэлээд хэрэлдэж байсан юм. Тэгээд би сууж байсан сандалнаасаа босоод баруун тийшээ эргээд Э- руу хартал Э- бас миний өөдөөс хараад зогсож байсан. Гарт нь хутга байсан эсэхийг хараагүй. Э-ын барьж байсан хутганд нь би дүрүүлчихсэн. Бид хоёрын хоорондын зай ойрхон байсан. Миний цээж хэсгээс цус гараад тогтохгүй байсан учраас цагдаа болон эмнэлэгт мэдэгдсэн. Э- бид хоёр хамтран амьдраад 3 жил гаран болж байна. Энэ хугацаанд бид хоёр хүүхэдтэй болж чадаагүй тул энэ асуудлаас болж бид хоёр маргалдаж муудалцах асуудлууд гардаг байсан. Тухайн үедээ хэрэлдэж муудалцаад эвлэрчихдэг байсан. Хэрэг гардаг өдөр ч гэсэн би энэ асуудльг ярьсан бөгөөд Э-ын уур маш их хүрсэн байх. Тэгээд л хутга гартаа барьсан гэж бодож байна. Намайг хэн нэгэн хутгалаагүй, санамсаргүй байдлаар цээжиндээ хатгуулчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-46-р хуудас/,

Гэрч Д.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр миний зээ охин Э-, түүний нөхөр Э- нар маргалдаад байсан. Би болиулах гэж хэлсэн боловч хоорондоо маргалдаж, хэрэлдэж байснаа Э- “эмээ би хүн алчихлаа” гэсэн. Манай хүргэн Э-ын биеэс цус гарч байхаар нь би охиндоо “нэгэнт хийсэн хэрэг учраас цагдаа дууд” гэж хэлэхэд цагдаа дуудсан. Тухайн үед би өөр өрөөнд байсан болохоор хутгалж байхыг нь хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

Гэрч Л.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын .... тоот гэртээ байхад найз Э- өөрийнхөө ........ дугаарын утсаараа миний ........ дугаар руу залгаад “хаана байна найзаа, манай гэрт очоодох, хоёр дүү хоорондоо маргалдаад байх шиг байна” гэхээр нь орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн .... тоотод очиход Э- гал тогооны хэсэгт шалан дээр хагас суусан, дээгүүрээ нүцгэн байдалтай зүрхний доод хэсгээс нь цус гарч байсан. Мөн түүний эхнэр С.Э-, эмээ нар нь байсан. Гэрийн шал нилэнхүйдээ цус болж бохирлогдсон байсан. Би “яасан, юу болсон бэ” гэхэд Э- “гадаа гудамжинд явж байхад хоёр залууд хутгалуулсан” гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №2045 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: Цээжний зүүн талд зүүн хавирганы нумд шархтай. Дүгнэлт:

1. Т.Э-ын биед зүүн хавирганы нум орчмоор хэвлийн хөндийд нэвтэрч өрц, булчин гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 51-р хуудас/,

Шинжээч эмч Ч.Эрдэмболор мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч а/х Б.Дашцэрэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч томилох тогтоолоор Т.Э-ын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэгийг Цэргийн төв эмнэлгийн ...... дугаартай өвчний түүхээр хийв. Т.Э- нь эмнэлгээс гарсан байсан. Цэргийн төв эмнэлгийн 001681 дугаартай өвчний түүхэнд: Т.Э-т 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нээж, 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эмнэлгээс гарсан талаар тэмдэглэгдсэн байсан. Уг өвчний түүхээр Т.Э-ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон. Өвчний түүх дээр зүүн гарын тохой хойд хэсэгт учирсан гэмтлийн талаар тусгагдаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн №1098 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. ХГҮ-ээр хураан авсан гэх хар хөх өнгийн биеийн тамирын цамц, цагаан өнгийн фудволк дээр цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна.

2. ХГҮ-ээр хураан авсан гэх шаргал өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй тул бүлэг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 55-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №912 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх цамцанд дулааны үйлчлэлээр гарсан 25х35мм хуучин түлэгдэлт, хатуу үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан 10х7мм, 10х5мм хэмжээтэй 2 хуучин урагдалт байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн юүдэнтэй цамцанд хатуу үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан 1x1мм, 2х2мм, 5хЗмм, 6хЗмм хэмжээтэй 4 хуучин урагдалт, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 150х30мм шинэ урагдалт, ЗхЗмм, Зх2мм хуучин урагдалт байна. Татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан урагдалтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсныг тогтоох боломжгүй байна. Юүдэнгээс зүүн мөр хүртэл хурц иртэй зүйлээр 250мм шинэ зүсэгдэж, таслагдсан байна. /хх-ийн 59-64-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13, 15-16-р хуудас/,

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-26-р хуудас/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-31-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 32-р хуудас/,

Өвчний түүх /хх-ийн 93-102-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 108-118-р хуудас/,

Шүүгдэгч С.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 6 хороо Нүхтийн .... тоотод эмээ Д, хамтран амьдрагч Т.Э-, төрсөн ах Э- нарын хамт амьдардаг. Би Т.Э-тай хамтран амьдраад 3 жил гаран болж байгаа бөгөөд дундаасаа хүүхэдтэй болоогүй байна. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна. Цагаан сар болох гэж байсан учраас хамтран амьдрагч Т.Э-ын хамт Яармагийн хуучин эцсийн “52-ын зах”-аас ойр зуурын юм цуглуулахаар явсан. Дэлгүүрээс бид хоёр угаалгын нунтаг, аяганы алчуур, хивс цэвэрлэгч зэрэг зүйлс, мөн ууцан дээр тавих 1 ширхэг шар өнгийн иштэй хутга худалдаж авсан. Э- “ганц шил архи авчих” гэхээр нь 1 шил 0.5 литрийн савлагаатай “Хараа” архи аваад гэртээ очсон. Э- бид хоёр авсан архиа хувааж ууж дуусгасан. Би хивс угааж байсан ба талыг нь угаачихаад Э-т “ус халаачих” гэхэд “өөрөө халаахгүй юу” гэхээр нь “чи угаасаа ийм залхуу ш дээ” гэхэд намайг пизда гээд хараагаад байсан. Э- миний уурыг хүргэхээр нь бостол тэрээр намайг алгадаад унагаасан. Урьд нь намайг цохиж, зодож байгаагүй болохоор миний уур их хүрч, ханан пийшингийн ард байдаг цагаан өнгийн шүүгээний жижиг шургуулганаас шар өнгийн хутгаа баруун гартаа бариад зогсож байхад Э- “яагаад хүүхэдтэй болдоггүй юм, чи ерөөсөө хүүхэд олж чаддаггүй” гээд муухай үгээр хэлж хэрүүл маргаан хийж байсан. Тэгээд хутгаа баруун гартаа барьсан байдалтайгаар эргээд харсан чинь Э- яг миний ард зогсож байсан. Тэгтэл Э-ыг цээж хэсгээс нь цус гарчихсан байсан. Би их цус хараад сандарсан. Э- “зүгээрээ, цус нь тогтчихно” гэхээр нь “түргэн тусламж дуудъя” гэхэд “хэрэггүй” гээд миний утсыг булааж авчихаад өгөхгүй байсан. Би утсаа хүчээр аваад ах Э- руу залгаад “Э-ыг хутгалчихлаа” гэхэд “тайвшир, эхлээд цагдаа дууд, тэгээд 103 руу залгаарай, намайг очтол тайвшраад байж бай, ах нь ажлаа тараад очлоо” гэсэн. Э- ахтай ярьчихаад 102 руу залгах гэсэн чинь Э- надад “гаднаас манай нөхөр хутгалуулсан байдалтай орж ирсэн гэж хэлээрэй” гэхээр нь цагдаад тэр талаар хэлээд дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд “хутган дээр гарын мөр байна” гэхээр нь би айсандаа үнэнээ хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Гэрч О.Э- шүүгдэгч С.Э-ын хувийн байдлын талаар мэдүүлэхдээ “... миний дүү сургуулиа төгсөөд худалдагчаар ажиллаж байсан. Ээж маань гурван жилийн өмнөөс ходоодны хорт хавдартай болоод дүү ээжийг асарч байсан. 2018 оны 7 дугаар сард ээж маань нас барсан түүнээс хойш эмээг асарч байгаа. Миний дүү С.Э- хоол ундаа хийх, эмээг асрах гээд ар гэрийн бүх ажлыг хийдэг гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/, Хан-Уул дүүргийн 6-р хорооны Засаг даргын тодорхойлолтонд: ам бүл 3 амьдардаг /хх-ийн 81-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82-р хуудас/, ял шалгах хуудсаар мэдээллийн санд бүртгэгдээгүй /хх-ийн 83-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Э-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч С.Э- нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо Нүхтийн .... тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч хохирогч Т.Э-тай нийлж архидан согтуурсан үедээ гэрээ цэвэрлэх асуудлаас болж маргалдсан байна. Шүүгдэгч С.Э- нь шалан дээр наалдсан бохийг авахаар шүүгээнээс хутга аваад эргэж харахдаа хохирогчийн цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь “зүүн хавирганы нум орчмоор хэвлийн хөндийд нэвтэрч өрц, булчин гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Т.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрээ цэвэрлэж байгаад “хурдан цэвэрлэсэнгүй” гэж маргалдсан. Тэгээд даамжраад “хүүхэд гаргадаггүй” гэж маргалдсан. Би Э-ыг хутга авахыг нь хараагүй. Э- шүүгээний хажууд зогсож байхад би араас нь очсон. Э-ыг эргэж харахад нь би түүний барьж байсан хутганд хутгалагдсан. Э- түргэн тусламж болон цагдаа дуудсан. Одоо миний биеийн байдал эрүүл байгаа. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би эмнэлэгт 10 хоног эмчилгээ хийлгэсэн. С.Э- бид хоёр хамт амьдарч байгаа гэв.

 

Хохирогч Т.Э-ын мөрдөн байцаалтанд ...Э- бид хоёр гэртээ архи ууж байгаад гэр орноо хурдан, цэвэрлэх асуудлаас хоорондоо маргалдсан. Э- хутга хаанаас авсныг мэдэхгүй байна, бас хараагүй. Гэнэт миний баруун талын цээж хэсгээс гэнэт цус гарах шиг болсон. ...Би гал тогооны хэсэгт түшлэгтэй сандал дээр сууж байхад Э- миний ар талд буюу цагаан өнгийн шүүгээний урд хэсэгт тоос шороо арчаад зогсож байсан. Тэр үед Э- бид хоёр нэг нэгнээ элдэв бусын үгээр хэлээд хэрэлдэж байсан юм. Би сууж байсан сандалнаасаа босоод баруун тийшээ эргээд Э- руу хартал миний өөдөөс хараад зогсож байсан. Гарт нь хутга байсан эсэхийг хараагүй. Э-ын барьж байсан хутганд нь би дүрүүлчихсэн. Бид хоёрын хоорондын зай ойрхон байсан. Миний цээж хэсгээс цус гараад тогтохгүй байсан учраас цагдаа болон эмнэлэгт мэдэгдсэн. ...Намайг хэн нэгэн хутгалаагүй, санамсаргүй байдлаар цээжиндээ хатгуулчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-46-р хуудас/,

         Гэрч Л.Ганзоригийн мөрдөн байцаалтанд ...Найз Э- над руу залгаад “хаана байна найзаа, манай гэрт очоодох, хоёр дүү хоорондоо маргалдаад байх шиг байна” гэхээр нь орой 18 цагийн үед Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн .... тоотод очиход Э- гал тогооны хэсэгт шалан дээр хагас суусан, дээгүүрээ нүцгэн байдалтай зүрхний доод хэсгээс нь цус гарч байсан. Түүний эхнэр С.Э-, эмээ нар нь байсан. Гэрийн шал нилэнхүйдээ цус болж бохирлогдсон байсан. Би “яасан, юу болсон бэ” гэхэд Э- “гадаа гудамжинд явж байхад хоёр залууд хутгалуулсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №2045 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Э-ын биед зүүн хавирганы нум орчмоор хэвлийн хөндийд нэвтэрч өрц, булчин гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 51-р хуудас/,

Шинжээч эмч Ч.Эрдэмболор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчид учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т заасны дагуу цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэсэн заалтад хамаарна. Үүнд: дотор эрхтэн гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж, хэвлий рүү нэвтэрсэн бол тухайн гэмтэл учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Эмнэлгийн тусламж, мэс засал хийлгэсэн тохиолдолд ямар нэгэн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн гэмтэл бүрэн эдгэрэх боломжтой. Шүүгдэгч хутга бариад хохирогч руу эргэж харахад уг гэмтэл учрах боломжтой. Хохирогчид анхны тусламж үзүүлсэн байсан. Цээж, хэвлий хэсэгт хутгалагдсан үед шархны гүнийг тогтоох боломжгүй. Дүгнэлтээ гаргахдаа хохирогчийн биед үзлэг хийгээгүй, харин өвчний түүхийг үндэслэж гаргасан. Өвчний түүх дээр мэс засал хийх тухай тэмдэглэсэн байсан ба уг тэмдэглэгээнд “ ...нээхэд багагүй хэмжээний сул цус байсныг соруулж авсан, элэгний дугуй холбоосны зүүн талд доош цүлхийж унжсан, тухайн хэсэг дэх шархнаас нь хэвлий рүү цус урсаж орж байсныг тойруулан шалгахад өрцийг хусцан мэсцираль хальс нь өрцнөөс ховхорч салсан, уг зайд цус хурсан байсныг авч шалгаад цааш шалгахад хэвлийн баруун талын шулуун булчин дээд хэсэгтээ гэмтсэн байсан. Уг шархнаас цус гарч байхад нь оёдол тавьж цусыг тогтоосон” гэж тэмдэглэсэн байсан. Үүссэн шарх нь өрц пөмбгөр хэлбэртэй байсан. Өрц нь цээжний хананы цаад талд 4-5см зайд байдаг ба өрц нь 0.5 см өргөнтэй байдаг. Шүүгдэгч гараа нугалсан тохиолдолд түүний хутга барьж байсан гарын түвшин хохирогчид учирсан шархны түвшинтэй таарах боломжтой гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11-р хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13, 15-16-р хуудас/,

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-26-р хуудас/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-31-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

          Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э- нь хамтран амьдрагч Т.Э-т санаатай хүнд гэмтэл учруулах гэсэн субьектив санаа зорилго тогтоогдоогүй. Харин шүүгээний татуургаас хутга аваад эргэж харахад хажууд нь ирж зогссон Т.Э-ыг гэмтээсэн үйлдэл нь хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байтал мэдээгүй үйлдсэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

         Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Э-ын гэмт үйлдэлд Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тухайн хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

          Иймд шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Э-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч С.Э-ын эмээ Д.Д-оос 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрчийн мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн  14-т заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх”  мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарлаагүй хууль зөрчиж авсан тул хавтаст хэргийн 39-40-р талд авагдсан гэрч Д.Д-ын мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн болно.

  

Эрүүгийн хариуцлагын талаар.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, хохирогч Т.Э-  “С.Э-тай хамт амьдрах тул түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа эмнэлгийн байгууллагад дуудлага өгч тусламж үзүүлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон С.Э-ын ээж нь нас барсан тул эмээгээ асардаг. С.Э-аас өөр байнгын хэвтэрт байдаг эмээг нь асрах хүн байхгүй хувийн байдлыг нь харгалзан үзнэ үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч С.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж хохирол төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогч Т.Э-ын гомдолгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх санал, шүүгдэгч нь 1926 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 93 настай эмээ Д.Д-ын  хамт амьдардаг ба байнгын хэвтэрт байдаг эмээгээ асардаг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.

 

Тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Э-д мэдэгдэх нь зүйтэй.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, хар хөх өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

 

 Шүүгдэгч С.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт С-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Э-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, хар хөх өнгийн ханцуйтай цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР