Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 471

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадионы оргил Роял гарден хотхон 28-09-01 тоотод оршин суух, ШБ69012962 регистрийн дугаартай Монгол овогт Цэдэндоржийн Туулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг Жаргалант сумын Рашаант баг 14-01 тоотод оршин суух, ПЛ77032610 регистрийн дугаартай, Жантекей овогт Хананын Маратад холбогдох 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн 153/2016/00229/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймагт хүнсний ногоо худалдан борлуулдаг Х.Мараттай харилцан тохиролцсоны үндсэн дээр түүний ХААН банкны 5845258648 тоот харилцах данс руу Ховдын шар төмс худалдан авахаар 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Х.Маратын Улаанбаатар хот руу явуулсан төмс нь чанарын шаардлага хангаагүй ялзарсан муудсан төмс явуулсан учир би хүлээн авалгүй утсаар нь холбогдоход Би муу ногоо явуулжээ. Та намар болтол хүлээвэл би тарьсан ногооноосоо явуулна гэсэн. Тэгээд би 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Х.Мараттай ярих гэсэн боловч утсаа авалгүй өдий хүртэл намайг хохироож явна. Төмс ачиж ирсэн жолооч Н.Отгонжаргал нь надад ууттай зүйл ачуулсан. Би доторх талыг нь задалж үзээгүй гэж тайлбарласан. Иймд Х.Маратаас төмсний үнэ 6,000,000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Туул нь хариуцагч Х.Мараттай амаар тохиролцон утсаар ярьж төмс авахаар болсон байдаг. Ингээд тохиролцсоны үндсэн дээр Х. Маратын данс руу 6,000,000 төгрөг хийсэн байдаг. Ингээд Х.Марат нь Улаанбаатар хот руу төмс ачуулсан байдаг. Төмсийг хүлээж авахад уг төмс нь ялзарч муудсан, зарагдах боломжгүй төмс байсан учраас хүлээж авалгүйгээр буцаасан байдаг. Тухайн үед Х.Мараттай утсаар ярихад ачилтын улмаас төмс муудаж очсон байх би намар төмс гарахаар ачуулна гэсэн байдаг. Түүнээс хойш Х.Марат нь төмс ачуулаагүй мөнгийг нь өгөлгүй өдий хүрсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Х.Марат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Ц.Туул надтай харилцан тохиролцсоны үндсэн дээр 6,000,000 төгрөг шилжүүлж Ховд аймгаас Улаанбаатар хот руу төмс ачуулсан. Тухайн үед явуулсан төмс агуулахад тодорхой журмын дагуу, хэвийн темпратурт хадгалагдаж, ямар нэгэн хэлбэрээр ялзарч муудсан зүйл огт байхгүй байсан. Улаанбаатарт уг төмсийг хүлээж авахад ялзарч муудсан чанарын шаардлага хангаагүй байсан гэж Ц.Туул үзэж байгаа. Би огт итгэхгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Ц.Туул нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, 6,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Х.Маратад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах талаар, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй тул хариуцагчийн эрхийг хангах үүднээс 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, 09 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаануудыг хойшлуулж, шүүх хуралдааны зарыг дахин мэдэгдсэн байх боловч хариуцагч Х.Марат нь 3 дахь удаагийн шүүх хуралдаанд дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйбайна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Туул нь 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Х.Маратаас төмс худалдан авахаар амаар харилцан тохиролцож, хариуцагч Х.Маратын Хаан банк дахь 5845258648 дугаартай данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6/, зохигчдын тайлбараар /хх-26/ нотлогдож байх бөгөөд талууд төмс худалдах, худалдан авахаар 6,000,000 төгрөг шилжүүлж, төмс явуулсан талаар маргаагүй болно.

Дээрх байдлаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээг бичгээр, амаар аль ч хэлбэрээр байгуулж болох бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар болон бичгээр хийнэ, 43 дугаар зүйлийн 43.1-д амаар хийсэн хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол гэж тус тус заасантай нийцнэ.

Талууд Ховд аймгаас Улаанбаатар хот руу ачуулсан төмсний чанар, доголдолын талаар маргах бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 253 дугаар зүйлийн 253.1-д худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Ц.Туулд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар хариуцагчХ.Маратаас төмсний төлбөрийг шаардах эрх үүсчээ.

Хариуцагч Х.Марат нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа Ц.Туул надтай ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 6,000,000 төгрөг шилжүүлж, Ховд аймгаас Улаанбаатар хот руу төмс ачуулсан. Туул төмсийг хүлээн аваад ялзарч, муудсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх боловч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн талаарх нотлох баримтаа ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Х.Марат нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар баримтаар нотлоогүй төдийгүй хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэгэн байдлаар саад болоогүй, уг эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Ц.Туул нь хариуцагч Х.Маратад холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1‑д зааснаар хариуцагч Х.Маратаас 6,000,000 төгрөгийг /зургаан сая/ гаргуулж нэхэмжлэгч Ц.Туулд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Туулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Маратаас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Туулд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МАРИНА