Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 467

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг *******т сумын ******* баг ******* айлын******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг *******т сумын ******* багийн ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын т холбогдох газар чөлөөлүүлэхийг хүссэн 153/2016//И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 5 дугаар сарын 19-нд Б.т өөрийнх нь хүсэлтийн дагуу хоногийн 2 хувийн хүүтэй, 3 хоногийн хугацаатай 7,000,000 төгрөг зээлдүүлсэн юм. Надаас зээлж авсан мөнгөө төлөөгүй байсан учир 2015 оны 07 дугаар сарын 09-нд тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандсан юм. Ингээд би Б.ээс 8,612,000 төгрөг гаргуулахаар болоход бэлнээр төлөх боломжгүй гээд харилцан тохиролцож түүний өмчлөлийн газрыг авахаар болж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Ингээд уг газрын гэрчилгээг өөрийн нэр дээрээ шилжүүлсэн боловч одоог хүртэл тус газрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул Ховд аймгийн *******т сумын ******* багийн тоот хашааны газрыг чөлөөлүүлж өгнө үү. Би эдийн засгаар бас хохироод явж байна гэв.

Хариуцагч Б. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.*******ийн хэлсний дагуу мөнгө авсан нь үнэн. Зээл аваад буцаагаад хашаагаа авах гэтэл хамтран амьдрагч нөхөр маань бас зээлтэй тэр зээл нь хугацаа хэтэрсэн найдваргүй зээлдэгч гэж гарч ирсэн болохоор надад банк зээл олгоогүй.

Ийм шалтгааны улмаас би зээлийг төлж чадахгүй өдий хүрсэн. ******* багийн тоот хашаа байшингаа би түр хугацаагаар Б.*******ийн нэр дээр шилжүүлээд мөнгөтэй болохоор эргүүлээд худалдаж авч болох уу гэхэд болно гэсэн. Тэгээд надад 7,000,000 төгрөгтэй болох боломж ч олдохгүй байсаар өдий хүрсэн. Сар болгон түрээсийг нь өгч байгаад мөнгөтэй болохоор буцаагаад авъя гэсэн. Энэ хашааны газрыг өгөх гэхэд нөхөр зөвшөөрөхгүй, гэр бүлийн асуудал гараад байна. Энэ талаар би Б.*******той уулзсан. Би сар болгон 60,000 төгрөгөөр түрээсэлж сууя гэхэд тэг гэсэн. Тэгээд түрээсийн мөнгө 60,000 төгрөгөө хийчих гэсэн. Тэгээд би 60,000 төгрөгийг нь хийчхээд уулзах гэхэд утсаа аваагүй, ажил дээр нь очсон уулзаж чадаагүй. Би тухайн үед энэ хүнээс мөнгө авсан нь үнэн. Надад мөнгө хэрэгтэй үед маань мөнгө зээлсэнд би баярлаж байгаа ч гэр бүлийн асуудал хүнд болсон болохоор надад үнэхээр хэцүү байна. Надад энэ газрыг шилжүүлэхэд татгалзах зүйл алга. Ганцхан нөхөр л зөвшөөрөхгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.т холбогдуулан өөрийн өмчлөлийн хашааны газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдаанд хариуцагч Б. нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Б.*******оос 7,000,000 төгрөгийг 3 хоногийн хугацаатайгаар 20 хувийн хүүтэйгээр зээлж авч, улмаар энэ маргаанаа эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр 8,612,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн /хх-4-8/. Дараа нь энэхүү мөнгөө өгч чадахгүй байсан тул уг мөнгөний оронд *******т сумын ******* багийн тоот хашааны газрыг өгөхөөр гэрээ байгуулж, гэрчилгээг шилжүүлсэн тул газрыг чөлөөлөх ёстой гэж,

хариуцагч Б. нь уг газрыг чөлөөлөхөд надад татгалзах зүйлгүй, харин манай нөхөр дургүйцээд байна гэж мэтгэлцлээ.

Нэхэмжлэгч Б.******* нь Ховд аймгийн *******т сумын ******* багийн тоотод байрлах 904,9 кв.м талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг хариуцагч Б.ээс 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх хөрөнгө газар худалдах худалдан авах гэрээгээр худалдаж авсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас дүгнэж үзэхэд талуудын маргаж буй Ховд аймгийн *******т сумын ******* багийн тоотод байрлах 904,9 кв.м талбайтай газар нь ******* овогт *******ийн *******ийн өмчлөлд бүртгэлтэй, түүний өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10/, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө газар худалдах, худалдан авах гэрээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж,

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заажээ.

Гэтэл талуудын маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч Б.ийн өмчлөлд шилжээгүй байх ба түүнийг энэхүү хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр хариуцагч Б. нь Ховд аймгийн *******т сумын ******* багийн тоотод байрлах 904,9 кв.м талбайтай хашааны газрыг түрээслээд ч гэсэн сууя, манай нөхөр чөлөөлж өгөхгүй, зөвшөөрөхгүй байна гэж тайлбарладаг ч энэ нь түүнийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна" гэж заасан ба хариуцагч Б. нь тухайн хашааны газрыг хууль ёсоор эзэмшсэн эрхийн гэрчилгээгүй, түүнийг эзэмших эрхтэй болох нь нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн *******т сумын ******* багийн тоотод байрлах 904,9 кв.м талбайтай хашааны газрыг чөлөөлж, нэхэмжлэгч Б.*******ид хүлээлгэн өгөхийг хариуцагч Б.т үүрэг болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Б.*******ийн өмчлөлийн Ховд аймгийн *******т сумын ******* багийн тоотод байрлах 904,9 кв.м талбайтай хашааны газрыг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагч Б.т үүрэг болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МАРИНА