| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0237/Э |
| Дугаар | 343 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 343
2019 05 09 2019/ШЦТ/343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,
хохирогч Л.Д-, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн,
хохирогч Б.З-гийн өмгөөлөгч А.Ганбат,
шүүгдэгч М.Ш-, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,
шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн,
шүүгдэгч Э.Э-, түүний өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ,
өсвөр насны шүүгдэгч Б.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг,
өсвөр насны шүүгдэгч Г.Т-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,
гэрч Д.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Г-ийн Г-, З овогт М-ийн Ш-, Б овогт Б-ийн Б-, Х овогт Г-ийн Т-,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Э-ын Э- нарт холбогдох эрүүгийн 1710005940008 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн,
2. Монгол улсын иргэн,
3. Монгол улсын иргэн,
4. Монгол улсын иргэн,
5. Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Г.Г-, М.Ш-, Э.Э- нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” дээд сургуулийн орчим явж байсан иргэн Б.З-гийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, улмаар цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэн авч, Б.З-д 177.200 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч Э.Э-, Б.Б-, Г.Т- нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “.....” .. дүгээр байрны гадна явж байсан иргэн Л.Д-ын эд зүйлийг авахаар хэрэглэн довтолж, улмаар гар утас, малгай зэрэг эд зүйлийг нь дээрэмдэн авч, хохирогчид 31.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө найз Ш-тэй хамт Г-ын байр руу явсан. Тэгээд Г-ыг “тамхилъя” гээд дуудахад тамхи байхгүй байсан. Ш- “би тэнд сууж байгаа залуугаас тамхи асуугаад ирье” гээд явсан. Ш- ирснээ “надтай нэг хүн маргалдаад байна” гэхээр Г- бид хоёр жаахан айлгах санаатай тэр залуу /З-/ дээр очсон. Би хамгийн түрүүнд З-г цохиж, араас нь Г- татаж унагаасан. Тэгээд Г- бид хоёр зугтаасан. Харин Ш-ийг хаашаа зугтсаныг мэдээгүй. Тухайн үед хохирогчийн нүдний шил газар унасан байсан. Г- бид хоёр тэр залууг нийлж зодсон. Г-, Ш- бид гурав уулзахад Ш- нэг цүнх үүрчихсэн байхаар нь ямар учиртай цүнх болох талаар асуухад Ш- “та нарын цүнх биш юм уу” гэсэн. Бид гурав цүнхийг онгойлгож үзэхэд 20.000 төгрөг, хэдэн ширхэг 100 төгрөг гарч ирсэн гэв.
Шүүгдэгч Г.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэгт найз Ш-, Э- хоёртой уулзаад тамхи авахаар ТҮЦ орсон боловч хаалттай байсан. Ш- “би хүнээс тамхи аваад ирье” гэж яваад буцаж ирснээ “намайг тамхи асуусан чинь нэг залуу надтай олон юм яриад байна” гэхээр нь Э- бид хоёр “тэр залуу чинь хаана байна” гээд тухайн залуу дээр очтол тэрээр зам хөндлөн гараад явж байхаар араас нь дуудсан. Би хөлөө бэртээчихсэн байсан тул Э-, Ш- нарын хойно явж байсан. Э- хохирогчийг эхэлж цохиход түүний нүдний шил газарт унасан. Э-, Ш- хоёр руу З- дайрахаар би куртикны захаас нь татаж унагаасан. Тэгээд Э- бид хоёр зодсон. Бид нар зугтааж байтал Ш- нэг цүнх барьчихсан байсан. Ямар учиртай цүнх болох талаар асуухад Ш- “та хоёрын цүнх биш юм уу” гэж хэлсэн. Э- бид хоёр Ш-т “яагаад хүний цүнх авсан юм бэ” гэж уурласан. Тэгээд бид гурав цүнхнийг нь онгойлгож үзэхэд хоосон ундааны сав, 20.000 төгрөг, хэдэн ширхэг 100 төгрөг гарч ирсэн. Тэгээд Э-, Ш- бид гурав гэр гэр рүүгээ харьсан гэв.
Шүүгдэгч М.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Э- бид хоёр Г-ын байр руу явсан. Би тамхи авахаар хохирогч З- руу очтол тэрээр пиво уугаад сууж байхаар нь “тамхи байна уу” гэж асуухад “битгий олон юм яриад бай” гэсэн. Би Г-, Э- хоёр дээр ирээд юу болсон талаар хэлэхэд Э- хохирогч З- дээр очоод цохитол нүдний шил нь газар унасан. Гэтэл З- Э- бид хоёр руу дайрахад Г- З-гийн араас татаж унагаагаад зугтаасан. Би сандал дээр цүнх байхаар нь авсан. Э- Г- хоёртой уулзахад тэд “ямар учиртай цүнх вэ” гээд надад уурлахаар нь “та хоёрын цүнх биш юм уу” гэхэд “бид хоёр цүнхгүй явж байсан” гэж хэлсэн. Би Г-ыг цүнхтэй гарч ирсэн гэж бодож байсан гэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би энэ оны 12 дугаар сард сургуулиа төгсөх гэж байгаа тул сургуулиа төгсөж мэргэжлээрээ ажиллах хүсэлттэй байна гэв.
Өсвөр насны шүүгдэгч Г.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогч Л.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр багш нар ажил хаялт хийж байсан тул хичээл ороогүй. Тийм болохоор би тахиа зөөдөг ажил хийж байсан. 2-3 найзтайгаа ажил хийж байгаад орой харихдаа камертай газраар явья гэж бодоод “.....” байрны урдуур явж байсан. Гэтэл надтай 3-4 залуу таараад би тэдэнд цохиулаад л унасан. Над руу гүйж ирээд өшиглөхөд нь би манараад унасан. Би халаасандаа цалингаа хийсэн байсан ба тухайн үед 2 ширхэг гар утастай явж байсан. Өмдний халаасанд гар утсаа хийсэн байсан. Би ухаан алдаж унах гээд байсан тул “амь авраарай” гэж хэлсэн. Би боломж гарангуут нь зугатаад гэр рүүгээ очоод хэрэг гарсны маргааш нь Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би шүүгдэгч нараас 170.000 төгрөг авсан. Гомдолгүй гэв.
Гэрч Д.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай гэрт Б-, Т- бид гуравыг байж байхад гаднаас Э- халамцуу орж ирсэн. Бид гурав манайхаас гарсан ба би хохирогчийн хажуугаар гарахад Э- түүнийг цохисон ба цаашаа хашааны хаалганы зүг рүү явсан. Эргээд хартал хохирогчийг зодож байхаар нь би “боль” гэж цаанаас хэлсэн. Хохирогчийн гар утсыг хэн авсныг мэдэхгүй. Тэгээд 5-7 минутын дараа автобусны буудлын ТҮЦ-ний хажууд Б-, Э-, Т- гуравтай уулзахад Б- нэг гар утас гаргаж ирээд “надад нэг утас байна, ТҮЦ-нд тавьчих уу” гээд тухайн гар утсыг ТҮЦ-нд 3-4 ширхэг тамхи буюу 200 төгрөгөөр тавьсан. Дараа нь тухайн гар утсыг авсан эсэхийг мэдэхгүй байна. Би “та нар яагаад хүн зодож байгаа юм бэ, та нар манай байрны гадаа миний нэр хүндийг унагаалаа” гэхэд Э- “намайг мөрлөхөөр нь цохисон” гэж хэлсэн. Хохирогчийг Э-, Т-, Б- нар зодсон. Э- хохирогчийг 1 удаа цохиж, харин Т- цаанаас гүйж ирээд тонгойгоод хохирогчийг цохиж байсан. Б- манай гэрт байхдаа утасгүй байсан. Тэгээд тамхи авахдаа Нокиа маркийн гар утас гаргаж ирэхээр нь хэнийх юм бол гэж бодсон гэв.
Эрүүгийн 1710005940008 дугаартай хэргээс:
Хохирогч Б.З- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Найз маань АНУ руу явах гэж байна гэхээр би 2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120-н мянгатын 7 дугаар байранд найз Ганбатын гэрт очсон. Бид хоёр пиво уусан. Би шөнө 24 цаг өнгөрөөд гэрээс нь ганцаараа гараад Хас банкны урд уулзварын хажууд байрлах сандал дээр тамхи татаад сууж байхад үл таних нэг залуу хүрч ирээд “чи цаашаа суучих” гэхээр нь “цаана чинь сандал байна ш дээ” гэж хэлчихээд зам гараад төв зам дагуу явган хүний замаар алхаад Монгол дээд сургуулийн ард явж байхад үл таних 2 залуу мөн цаанаас нь бас нэг залуу намайг дуудаад “чи намайг таних уу” гээд үгийн зөрүүгүй шууд нүүрэн тус газар цохисон. Тэр гурав намайг хөөж гүйгээд Монгол дээд сургуулийн хашааны зүүн хойд хэсэгт намайг гүйцэж ирээд нэг залуу нь миний араас хоолой боож унагааж нүд рүү гараараа цохих үед миний нүдний шил хагарч нүд рүү шилний хагархай орсноос юм харж чадахгүй болсон. Мөн газар хэвтэж байхад миний хамар руу хэд хэдэн удаа цохисон. Тэр үед би “уучлаарай, намайг явуулчих, би биедээ байгаа бүхнээ өгье” гэж хэлэхэд миний үгийг сонсохгүй үргэлжлүүлэн зодсон. Г-, Ш-, Э- гурав миний тал талаас зодож өшиглөсөн. Би ухаан алдаад босоход миний цүнх байхгүй болсон байсан. Цагдаа ирэхэд тэр залуучууд зугтаагаад явсан. ...Миний биед хамар хугарч, нүдний ухархай цуурсан, тархи доргилт гэмтлүүд учирсан. ...Хэсэг хугацааны дараа ухаан ороход миний үүрч явсан хар өнгийн үүргэвч, дотор нь байсан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Худалдаа хөгжлийн банкны цалингийн виза карт, бусад үнэмлэх, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлийг авсан. ...Би хар өнгийн үүргэвчээ 8 сарын өмнө 110.000 төгрөгөөр худалдаж авч байсан тул одоо 100.000 төгрөгөөр, бор өнгийн түрийвчээ 30.000 төгрөгөөр, Худалдаа хөгжлийн банкны карт 20.000 төгрөгөөр үнэлнэ, бэлэн 40.000 төгрөг байсан, нийт 300.000 төгрөгийн хохирол учирсан. Надад учирсан эмчилгээний зардалд 3.513.216 төгрөг гарсан. Энэ зардал дээр нэмэгдээд алдагдсан эд зүйлийн үнэлгээ нь 395.000 төгрөг болсон. Мөн хамрын мэс заслын төлбөрт 1.709.755 төгрөг шаардлагатай байна. Сэтгэл санааны хохирол 2.000.000 төгрөг, цалин хөлс орлого алдагдуулсаны 2 сарын хөлс 2.808.000 төгрөг, унааны зардалд 630.000 төгрөг, нийт 11.480.771 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 14, 74, 101, 176-р хуудас/,
Хохирогч Л.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23:00 цагийн үед “Н” ХХК-ний байрнаас ажлаа тараад гэртээ харихаар Хан-уул дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэр “.....” 14-р байрны хажуугаар явж байтал 4-н залуу гэнэт гарч ирээд нэг нь мөрлөөд “замаа харж яваач” гэж хэлээд миний гарнаас зуурснаа “энийг харанхуй газар руу оруулъя” гэж хэлсэн. Гэтэл нэг нь намайг шууд цохиж унагаагаад тал талаас өшиглөж цохиод байхаар нь “туслаарай, амь авраарай” гэж орилоход “ямар овоо пизда вэ” гээд зодож байснаа нэг залуу нь миний халааснаас “Самсунг” маркийн 2 симтэй гар утсыг минь аваад яваад өгсөн. Бүгдээрээ цагаан өнгийн саравчтай малгайтай бараан өнгийн хувцастай байсан ба царай төрхийг нь сайн хараагүй. Би зодуулсанаас болж миний хамар өвдөж байна. Мөн толгой оройгоор хатгуулж, зүүн хөлний шагай хэсэгт лугшиж өвдөнө. ...Тухайн үед дөрвөн хүнээс гурван залуу нь намайг зодсон. Камерын бичлэгээр ч тогтоогдож байгаа. Намайг нэг нь цохиж унагаахад цаанаас нэг нь ирж өшиглөөд хажуунаас бас нэг нь цохиж” харанхуй газар руу авч явъя” гээд хоорондоо ярилцаж байх зуур нь би “амь авраарай” гэж орилоод сиймхий гарах үед зугтаасан. Би зодуулаад газар уначихсан байхад миний өмдний халааснаас гар утсыг авсан байсан. Хэн нь миний өмдний халаасыг ухаж гар утас авсныг хараагүй. Тухайн үед миний куртикны энгэрийн дотор халаасанд “Самсунг эс 5” маркийн гар утас, цалин 18.000 төгрөг байсан. Тэрийг авч амжаагүй. Миний өмсөж явсан өвлийн ноосон малгай газар унах үед газар унасан байх алга болсон. Мөн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл байсан. Би эд зүйлээ дээрэмдүүлсэний маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цагдаад өргөдөл бичиж өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагаас намайг дуудаж уулзсан. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хамрын гэрэл зураг авахуулахад хамрын таславч мурийлттай, тархи хөдөлсөн гэсэн онош гарсан. Уг гэрэл зураг одоо гэрт байгаа. Би өмнө нь хамартаа гэмтэл авч байгаагүй. Тухайн үед томографийн зураг авахуулсан 120.000 төгрөгийн баримт байгаа. Мөн гар утас, ноосон малгайг эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсоноор нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 55, 223-р хуудас/,
Гэрч Д.О- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой манай гэрт Б-, Э-, Т- нартай тоглож байгаад орой 22 цагийн үед тамхи татахаар гэрээс гарцгаасан. Орцны үүдэнд Э- нэг хүүхэдтэй /Д-/ мөрөөрөө шүргэлцээд “яаж байна” гээд Э- тэр хүүхдийг барьж аваад гараараа цохиод унагаасан. Цаанаас нь Б- ирээд хамт цохиж байсан. Араас нь Т- гүйж очоод нэмээд гараараа цохиод, өшиглөсөн, мөн Б- өшиглөж байсан. Би цаана нь хараад зогсож байсан. Сүүлд Б- Д-ыг зодож байхад халааснаас нь гар утасыг нь авсан. Э- гараараа нэг удаа, Б- хөл, гараараа хэд хэдэн удаа, Т- гар, хөлөөрөө хэд хэдэн удаа цохиж байсан. ...Б- Нокиа шиг гар утас гаргаж ирснээ “мань чинь дөнгөж сая тэр хүүхдээс авчихсан” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 56-57, 89-90-р хуудас хуудас, 3-р хавтас 3-р хуудас/,
Гэрч Н.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би тухайн оройн “.....” 14-р байрны жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсан юм. Орой 23 цагийн үед байрны гадна камерыг харахад хүүхүүд зодолдож байхаар нь гараад очтол манай байрны ... тоотод оршин суух өндөр хүү О, 3-н найзынхаа хамт байсан. Тэд намайг очиход зугтаагаад явчихсан. Зодуулж байсан хүүхэд /Д-/ нь бас гүйгээд явсан. О зодох үед цаана нь байсан, зодоонд оролцоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 71-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №12315 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруу хавдартай, хамрын хэлбэр алдагдсан, зүүн хацарт 4.3х2.3см улаан ягаан өнгийн зулгаралттай, баруун, зүүн дээд зовхинд тод хөх өнгийн цус хуралттай, орчны эд овойж хавдсан, баруун, зүүн нүдний алиманд тархмал улаан хүрэн өнгийн цус хуралттай, дээд, доод уруулын дотор салстад тархмал цус хуралтттай, орчны эд хавдартай. Үүдэн шүднүүд тэмтрэлтээр эмзэглэлтэй. Баруун бугалганы дотор хэсэгт 5.5x1.7см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн чамархайн дээд хэсгийн хуйханд 2.0х2.5см орчим талбайд овойж хавдсан. Баруун сарвууны ар гадаргууд 4.5х2.03см улаан ягаан өнгийн зулгаралттай. Дүгнэлт:
1. Б.З-гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алим, баруун бугалганд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 1-р хавтас 17-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №14939 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын ясаар эмзэглэлтэй. 2017 оны 12 дугаар сарын 02-ны КТГ-т: тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан бага зэргийн хавантай...хамрын ясны зүүн хажуу хана зөрүүтэй хуучин хугаралтай, хамрын таславч дунд хэсгээрээ хугарч зүүн тийш мурийлттай. Дүгнэлт:
1. Л. Д-ын биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 2-р хавтас 68-р хуудас/,
Шинжээч эмч Ж.Ганцэнгэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д- нь үзүүлэхдээ толгой өвдөнө, хамрын ясаар өвдөнө, хамар битүүрнэ гэсэн зовиуртай байсан. Үзлэгт хамрын ясыг тэмтэрч үзэхэд эмзэглэлтэй байсан. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн толгойн томографит хамрын яс зүүн хажуу хана зөрүүтэй, хуучин хугаралтын хамрын таславч зүүн тийш мурийлттай, дунд хэсгээрээ хугарсан. Дээрх гэмтлүүд нь 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд тухайн үед үүссэн байх боломжтой. Хамрын ясны хугарал хамрын таславчийн хугарал нь нэг гэмтэл бөгөөд хамар руу цохиход хамрын ясны хажуу хана, хамрын таславч хоёр нь нэгэн зэрэг гэмтдэг. Нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Л.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үзүүлсэн бөгөөд хэрэг учрал болсон өдрөөс хойш 19 хоногийн дараа үзүүлсэн байх бөгөөд үүнийг хуучин гэмтэл гэж үзнэ. Гэхдээ 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зодуулах үед үүссэн байх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 5-6-р хуудас/,
Хохирогч Л.Д-ын “Натур эмнэлэг” компьютер томографийн оношлогоо /хх-ийн 2-р хавтас 69-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 5-8-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 25-р хуудас, 2-р хавтас 73-р хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 26-29-р хуудас/,
Хохирогч Б.З-гийн өвчний түүх /хх-ийн 1-р хавтас 34-58-р хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 1-р хавтас 76-р хуудас, 2-р хавтас 75, 80-р хуудас/,
Хохирлын баримтууд /хх-ийн 1-р хавтас 79-84, 94-100, 178-196-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Хар өнгийн үүргэвч 76.000 төгрөг, бор өнгийн түрийвч 19.200 төгрөг, банкны виза карт 5.000 төгрөг, нүдний шил 21.000 төгрөг, саравчтай малгай 20.000 төгрөг, түлхүүр 12.000 төгрөг, нийт 153.200 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 1-р хавтас 204-205-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Самсунг маркийн товчлууртай гар утас 21.000 төгрөг, ноосон малгай 10.800 төгрөг, нийт 31.800 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 2-р хавтас 226-227-р хуудас/,
Шүүгдэгч М.Ш- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой 22:00 цагийн үед найз Э-тай уулзаад Г-ын гэрт очсон. Г- бид гурав тамхи татахаар ТҮЦ хайгаад явж байхад замын хажуу талын сандал дээр нэг залуу /З-/ лаазтай пиво уугаад сууж байхаар нь би тамхи асуухаар очсон. Манай хоёр найз утсаараа яриад ард үлдсэн. Би тэр залуугийн /З-/ хажууд очоод “цаашаа суучих, тамхи байна уу” гэж хэлээд шахаж суухад “муухай хараад байна уу” гэж уурлаад босоод явчихсан. Тэр үед би хоёр найз дээрээ очиж уулзаад “тэр залуу тамхи асуусан чинь над руу том том дуугараад байна” гэж хэлэхэд манай хоёр найз /Г-, Э-/ “очоод зодчихье” гээд араас нь алхсан. Тэгээд Хан-Уул дүүргийн 3-р хороо .... дээд сургуулийн хашааны зүүн хойд хэсэгт гүйцэж очоод Э- З-гийн шанаа руу цохиход тэрээр газар унасан. Араас нь Г- очиж нүүр рүү нь өшиглөж зодсон. Тэр үед З-гийн цүнх нь газар уначихсан харагдахаар нь аваад цаашаа байрны хажуу талд харанхуй хэсэгт очиж цүнхийг нь нээж үзэхэд ундааны хоосон сав, түрийвч, бэлэн 20.000 төгрөг, картууд байхаар нь 20.000 төгрөгийг нь аваад цүнх, түрийвчийг нь үлдээгээд буцаад очиход манай хоёр найз /Г-, Э-/ болон зодуулсан хүн /З-/ байхгүй байхаар нь Э-гийн гэр рүү явж байгаад 19-р хорооллын Зочин бууз цайны газрын тэнд тааралдсан. Би Г-, Э- хоёрт “тэр залуугийн цүнхийг авч шалгахад 20.000 төгрөг байхаар нь аваад цүнх, түрийвчийг нь хаячихсан” гэж хэлсэн. Тухайн үед намайг З-гийн цүнхийг авсан гэдгийг Г-, Э- хоёр мэдээгүй. ...З-г зодоход би оролцоогүй. ...Хохирогч З- эмчилгээний зардалд 3.600.000 төгрөг нэхэмжилснийг Г-, Э- бид гурав хүн тус бүр 1.200.000 төгрөгөөр хувааж төлж, хохирлыг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 162-р хуудас, 2-р хавтас 176, 231-р хуудас/,
Шүүгдэгч Г.Г- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой 22:00 цагийн үед манай гэрт Ш-, Э- нар ирсэн. Бид гурав тамхи авч татах зорилгоор Хан-Уул дүүргийн 3-р хороо “...” дунд сургуулийн хажуу талын ТҮЦ рүү очиход хаалттай байсан. Ш- “тамхи олоод ирье” гээд зам дагаад хойшоогоо алхаад явсан. Би Э-гийн хамт ТҮЦ-ний хажууд Ш-ийг ирэхийг хүлээгээд зогсож байхад Ш- ирээд “нэг залуугаас тамхи асуусан чинь урдаас олон юм яриад хэрүүл өдөөд байна, жаахан халамцуу байна” гэхээр нь “манай найзтай хэрүүл хийдэг ямар овоо залуу вэ” гээд бид гурав нөгөө залуутай /З-/ уулзахаар очсон. З- зам гараад алхаж байхад араас нь Э- гүйцэж очоод нүүр рүү нь гараараа цохисон. Гэтэл З- нь Ш-, Э- хоёр руу дайрах гэхээр нь түүний нүүр рүү өшиглөхөд тэрээр газар унаад нүүрээ дараад хэвтчихсэн. Э- бид хоёр цаашаа зугтаагаад явсан. Удаагүй “Зочин” бууз цайны газрын тэнд Ш-тэй тааралдахад тэрээр “газар цүнх уначихсан байхаар нь үзтэл 20.000 төгрөг байхаар нь аваад цүнхийг нь хаячихлаа” гэхээр нь би уурлаад “чи яах гэж хүний цүнх авч байгаа юм бэ” гэж хэлсэн. Би З-г зодсон нь үнэн. Харин түүний эд зүйлийг дээрэмдэх санаа зорилго байгаагүй. Ш-ийг цүнх авсныг тухайн үед мэдээгүй. Ш- хар өнгийн куртиктай, Э- бараан өнгийн куртиктай байсан. ...Хохирогч З- эмчилгээний зардалд 3.600.000 төгрөг нэхэмжилснийг Г-, Э- бид гурав хүн тус бүр 1.200.000 төгрөгөөр хувааж төлж, хохирлыг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ий 1-р хавтас 165-р хуудас, 2-р хавтас 174, 233-р хуудас/,
Шүүгдэгч Э.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ найз Ш-ийн хамт байж байгаад Г-тай утсаар ярьж очиж уулзахаар болсон. Орой 22.00 цагийн үед Г-ын гэрийн гадаа очоод тамхи татах гээд ТҮЦ хайгаад онгорхой газар олдоогүй. Ш- “тамхи олоод ирье” гэж хэлээд цаашаа явсан. Г- бид хоёр утсаар яриад үлдсэн. Удалгүй Ш- буцаж ирээд “тэнд нэг залуутай маргалдчихлаа, тамхи асуусан чинь намайг муухай харлаа гэж уурлаад дээрэлхээд байна” гэхээр нь бид гурав хамт очсон. Гэтэл тэр залуу /З-/ зам гараад явж байхаар нь би түрүүлж очоод нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход газар унасан. Хажуунаас нь Г- орж ирээд нүүр рүү нь өшиглөж бид хоёр хэд хэдэн удаа өшиглөчихөөд зугтаасан. Харин Ш- тэр үед байгаагүй. Сүүлд Ш-тэй Зочин бууз цайны газрын хажууд явж байгаад тааралдахад тэрээр “тэр залууг зодож байх үед цүнх байхаар нь та хоёрын цүнх юм байх гэж бодоод шалгаж үзэхэд тэр залуугийн /З-/ эд зүйл байсан. Түрийвчинд нь байсан 20.000 төгрөгийг авчихаад цүнх, эд зүйлийг нь үлдээчихсэн” гэж хэлсэн. Би найзыгаа өмөөрч З-г зодсон. Харин эд зүйлийг нь авах санаа зорилго байгаагүй. Г- бид хоёр түрүүлж очоод зодсон. Ш- тэр зодоонд оролцоогүй. ...Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой 20:00 цагийн үед Т-, Б- нартай хамт О-ын гэрээс гарахдаа байрных нь үүдэнд буюу Хан-Уул дүүргийн 3-р хороо “.....” байрны үүдэнд үл таних залуутай /Д-/ маргалдаж, түүний нүүр рүү нь гараараа нэг удаа цохичихоод явсан. Тэр үед Хан-Уул дүүргийн 1-р хэлтсийн эрүүгийн мөрдөгч Золбадрах байцаагч дээр ирж уулзаад мэдүүлэг өгөхөд тэр залуугийн /Д-/ гар утас алга болсон гэж байсан. ... Хохирогч З- эмчилгээний зардалд 3.600.000 төгрөг нэхэмжилснийг Г-, Э- бид гурав хүн тус бүр 1.200.000 төгрөгөөр хувааж төлж, хохирлыг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 167, 202-р хуудас, 2-р хавтас 36, 115-116, 177, 235-р хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой 17 цаг өнгөрөөд хичээлээ тараад Хан-Уул дүүргийн үйлдвэр комбинатын “.....” байранд байх О-ын гэрт ирсэн. О- гэртээ Т-тэй 1 шил 0.33 граммын архи, 1 том пиво хувааж уугаад сууж байсан. Удалгүй Э- гаднаас орж ирсэн. О- орон доороосоо 2 том пиво гаргаж ирээд Э-, Т-, О- гурав хувааж уусан. Харин О-, Э- ах хоёр хэвтэж байгаад унтсан. Би Т-тэй хамт кино үзээд сууж байгаад дуусахаар нь тэр хоёрыг сэрээсэн. Э- ах бид хоёр харих гээд гарахад О-, Т- хоёр “...” РС тоглоомын газар очихоор гарсан. Байрнаас гараад явж байтал 16-17 орчим насны нэг хүүхэд /Д-/ ирэхэд Э- ах хажуугаар нь гарахдаа мөрлөөд гараараа зуураад бариад авсан. Э- Д-ыг мөрлөхөд тэрээр унах гэтэл О- цааш нь түлхэж байгаа харагдсан. Э- ах баруун гараараа Д-ыг нэг удаа цохиод унагаасан чинь цаанаас Т- ирээд мөн Д-ыг гараараа маш олон цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Би Т-ийг болиулах гэхэд болихгүй Д-ыг зодоод байсан. Д-тай маргалдах ямар ч шалтгаан гараагүй. Тэр үед би хажуунаас нь “энд камертай шүү болохгүй, орхи” гэхэд Э- ах миний үгийг сонсоогүй түүнийг шууд цохиод унагаасан. О- бид хоёр огт гар хүрээгүй. ...Т-ийн гарт улбар шар өнгийн товчлууртай гар утас, хайрцаг тамхи, асаагуур харагдсан. Т- нь хайрцаг тамхи, гал барьчихаад халааснаас нь авсан гээд ярьж байсан. ...Э- ах хар өнгийн малгайтай үстэй куртиктэй, ягаан өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн тембарланд гуталтай, хар өнгийн бариу женсэн өмдтэй урд талд нь явж байхад араас нь би цагаан өнгийн саравчтай малгайтай, хөх өнгийн хичээлийн дадлагын цамц, цэнхэр өнгийн женсэн өмд, хар өнгийн гуталтай явсан. Миний хойд талд О- хар өнгийн куртиктэй, хөх өнгийн женсэн өмдтэй, 0.5 гэх нэртэй гуталтай явж байсан. Харин Т- сүүлд гүйж ирэхэд хар өнгийн саравчтай “Nike” брендийн логотой малгайтай, гадна талдаа хар өнгийн дотор тал нь улбар шар өнгөтэй үстэй куртиктэй, цэнхэр өнгийн женсэн өмдтэй, шар өнгийн темберланд гуталтай явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 100-101, 229-р хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Г.Т- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой О-ын гэрт байхад гаднаас Б-, Э- хоёр орж ирсэн. Бид нар О-ын гэрт байсан 2 том пивыг хувааж уусан. Тэгээд тамхи авч татах гээд бид нар О-ын гэрээс гарсан ба Э-, Б-, О- гурав надаас түрүүлээд гарсан. Би араас нь гарсан чинь байрны хажуухан талд Э- нэг хүүхдийг /Д-/ цохиод унагааж байгаа харагдсан. Би тэр хүүхэд /Д-/ дээр очоод зодож байх хойгуур Б- түүний халаасыг ухаж байгаа харагдсан. Би Д-ыг олон удаа цохиж, өшиглөсөн. Сүүлд нь Б- халааснаасаа “Нокиа” загварын гар утас гаргаж ирээд “сая чамайг зодож байсан хүүхдийн халааснаас авчихсан юм” гэж хэлсэн. Тэр утсыг яасан талаар сайн мэдэхгүй байна. Э- тэр хүүхдийг гараараа цохиод унагаасан. Ямар шалтгаанаар цохисныг мэдэхгүй. Харин би ямар ч шалтгаангүйгээр Д-ыг цохиж зодсон. Намайг цохиж зодож байх үед Б- өшиглөсөн. О- гар хүрээгүй. Надад хохирогчийн эд зүйлийг авъя гэсэн санаа байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 106-107-р хуудас/,
Шүүгдэгч Г.Г-ын хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 69-р хуудас, 3-р хавтас 51-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 129-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 130-р хуудас/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 134-р хуудас/, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 1-р хавтас 138-143-р хуудас/, ... их сургуулийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 144-р хуудас/, ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 146-р хуудас/, гэрч Ч.Батбаатарын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 157-р хуудас/, бусад /хх-ийн 1-р хавтас 131-133, 135-137, 147-148-р хуудас/,
Шүүгдэгч Э.Э-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 70, 199-р хуудас, 3-р хавтас 53-р хуудас /, гэрч Г.С-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 103-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 114-р хуудас/, .... сургуулийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 116-р хуудас/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 117-118-р хуудас/, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 1-р хавтас 119-128-р хуудас/,
Шүүгдэгч М.Ш-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 71-р хуудас, 3-р хавтас 52-р хуудас/, гэрч О.М-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 102-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 149-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 150-р хуудас/, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 1-р хавтас 152-155-р хуудас/, ... сургуулийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 156-р хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б- хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 2-р хавтас 77-р хуудас, 3-р хавтас 55-р хуудас/, гэрч П.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 86-р хуудас/, нас тоолсон баримт /хх-ийн 2-р хавтас 120-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 121-р хуудас/, .... коллежийн тодорхойлолт /хх-ийн 2-р хавтас 122-р хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 2-р хавтас 123-р хуудас/, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 2-р хавтас 131-135-р хуудас/, бусад /хх-ийн 2-р хавтас 124-130-р хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Г.Т- хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 2-р хавтас 78-р хуудас, 3-р хавтас 54-р хуудас /, гэрч Ч.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 87-р хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 2-р хавтас 133-р хуудас/, нас тоолсон баримт /хх-ийн 2-р хавтас 139-р хуудас/, бусад /хх-ийн 2-р хавтас 140-148-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн талаар.
Нэг: Шүүгдэгч Г.Г-, М.Ш-, Э.Э- нар нь нэг нутгийн найз нөхдийн холбоотой бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн орчимд М.Ш-, Э.Э- нар нь Хан-Уул дүүрэгт байрлах Г.Г-ын гэрт ирсэн ба тэд “тамхи олж татахаар” гэрээс гарсан байна. Хан-Уул дүүргийн 3-р хороо, “Хас” банкны урд байрлах сандал дээр сууж байсан хохирогч Б.З-гаас шүүгдэгч М.Ш- нь “тамхи асууж, цаашаа суучих” гэх мэтээр өдөж, хохирогчийг босч явахад араас нь дагаж шүүгдэгч Э.Э- нь хохирогчийн нүүр рүү гараараа цохих үед шүүгдэгч Г.Г- нь хохирогчийн куртикны захаас нь татаж газарт унагааж шүүгдэгч Г.Г-, М.Ш-, Э.Э- нар нь хохирогчийг өшиглөж, зодож биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алим, баруун бугалганд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, улмаар хохирогчийн үүргэвчтэй эд зүйлийг шүүгдэгч М.Ш- нь авч зугтаан түрийвчинд байсан мөнгийг нь авч хамтран ашиглаж хохирогч Б.З-д 177.200 төгрөгийн хохирол учруулсан.
Хоёр: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, “.....” байрны гадна шүүгдэгч Э.Э-, өсвөр насны шүүгдэгч Б.Б-, Г.Т- нар нь Д.О-ын гэрээс гарч явахдаа шүүгдэгч Э.Э- нь хохирогч Л.Д-ыг “мөрөөрөө шүргэлцлээ” гэж шалтаглан нүүрэнд нь цохиж, улмаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-, Г.Т- нар нь хохирогчийг газарт унагааж өшиглөж, цохиж зодох явцдаа шүүгдэгч Б.Б- нь хохирогчийн халааснаас “Нокиа” маркийн гар утсыг нь авч, ТҮЦ-нд 3 ширхэг тамхины төлбөрт тооцон өгч хохирогч Л.Д-д 31.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.З-гийн ...Найз маань АНУ руу явахаар болсон гэхээр би 2017 оны 09 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120-н мянгатын 7 дугаар байранд найз Ганбатын гэрт нь очсон. Бид хоёр пиво уусан. Би шөнө 24 цаг өнгөрөөд гэрээс нь ганцаараа гараад Хас банкны урд уулзварын хажууд байрлах сандал дээр тамхи татаад сууж байхад үл таних нэг залуу хүрч ирээд “чи цаашаа суучих” гэхээр нь “цаана чинь сандал байна ш дээ” гэж хэлчихээд зам гараад төв зам дагуу явган хүний замаар алхаад .... дээд сургуулийн ард явж байхад үл таних 2 залуу мөн цаанаас нь бас нэг залуу намайг дуудаад “чи намайг таних уу” гээд үгийн зөрүүгүй шууд нүүрэн тус газар цохисон. Тэр гурав намайг хөөж гүйгээд Монгол дээд сургуулийн хашааны зүүн хойд хэсэгт намайг гүйцэж ирээд нэг залуу нь миний араас хоолой боож унагааж нүд рүү гараараа цохих үед миний харааны нүдний шил хагарч нүд рүү шилний хагархай орсноос юм харж чадахгүй болсон. Мөн газар хэвтэж байхад миний хамар руу хэд хэдэн удаа цохисон. Тэр үед би “уучлаарай, намайг явуулчих, би биедээ байгаа бүхнээ өгье” гэж хэлэхэд миний үгийг сонсохгүй үргэлжлүүлэн зодсон. Цагдаа ирэхэд тэр залуучууд зугтаагаад явсан. Г-, Ш-, Э- нар миний тал талаас гурвуулаа өшиглөсөн. ...Миний биед хамар хугарч, нүдний ухархай цуурсан, тархи доргилт гэмтлүүд учирсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 14, 74, 101, 176-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №12315 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.З-гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алим, баруун бугалганд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 1-р хавтас 17-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Хар өнгийн үүргэвч 76.000 төгрөг, бор өнгийн түрийвч 19.200 төгрөг, банкны виза карт 5.000 төгрөг, нүдний шил 21.000 төгрөг, саравчтай малгай 20.000 төгрөг, түлхүүр 12.000 төгрөг, нийт 153.200 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 1-р хавтас 204-205-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 5-8-р хуудас/,
Хохирогч Б.З-гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэнд: “хохирогч Б.З-г Хан-Уул дүүргийн 3-р хороо, “Хас” банкны урд талын уулзварын хажууд сандал дээр сууж байхад М.Ш- ирсэн ба хохирогч нь зам хөндлөн гарч ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүгт явахад шүүгдэгч нар араас нь дуудаж, дагаж явсаар “....” дээд сургуулийн хойно замын хажуугаар явж байхад нь зодож дээрэмдсэн талаар” тэмдэглэгджээ. /хх-ийн 1-р хавтас 26-29-р хуудас/,
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад “...хохирогч Б.З- зүүнээс баруун зүгт ганцаараа явахад араас нь шүүгдэгч Э.Э- шаргал өнгийн куртик өмссөн явж өнгөрөхөд араас нь Г.Г- мөн түүний араас М.Ш- явж буй” бичлэг байв.
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 25-р хуудас, 2-р хавтас 73-р хуудас/,
Хохирогч Л.Д-ын ...Би 2017 оны 11 дүгээр сарын 13-ны орой 23:00 цагийн үед “Н” ХХК-аас ажлаа тараад гэртээ харихаар Хан-Уул дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэр “.....” 14-р байрны хажуугаар явж байтал 4-н залуу гэнэт гарч ирээд нэг нь мөрлөөд “замаа харж яваач” гэж хэлээд миний гарнаас зуурснаа “энийг харанхуй газар руу оруулъя” гэж хэлсэн. Гэтэл нэг нь намайг шууд цохиж унагаагаад тал талаас өшиглөж цохиод байхаар нь “туслаарай, амь амраарай” гэж орилоход “ямар овоо пизда вэ” гээд зодож байснаа нэг залуу нь миний халааснаас “Самсунг” маркийн 2 симтэй гар утсыг минь аваад яваад өгсөн. ...Би зодуулсанаас болж миний хамар өвдөж байна. Мөн толгой оройгоор хатгуулж, зүүн хөлний шагай хэсэгт лугшиж өвдөнө. ...Тухайн үед дөрвөн хүнээс гурван залуу нь намайг зодсон. Хэн нь миний өмдний халаасыг ухаж гар утас авсныг хараагүй. Тухайн үед миний куртикны энгэрийн дотор халаасанд “Самсунг эс 5” маркийн гар утас, цалин 18.000 төгрөг байсан. Тэрийг авч амжаагүй. ...2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хамрын гэрэл зураг авахуулахад хамрын таславч мурийлттай, тархи хөдөлсөн гэсэн онош гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 55, 223-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн №14939 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Л. Д-ын биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 2-р хавтас 68-р хуудас/,
Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн ...2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Д- нь үзүүлэхдээ толгой өвдөнө, хамрын ясаар өвдөнө, хамар битүүрнэ гэсэн зовиуртай байсан. Үзлэгт хамрын ясыг тэмтэрч үзэхэд эмзэглэлтэй байсан. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн толгойн томографит хамрын яс зүүн хажуу хана зөрүүтэй, хуучин хугаралтын хамрын таславч зүүн тийш мурийлттай, дунд хэсгээрээ хугарсан. Дээрх гэмтлүүд нь 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд тухайн үед үүссэн байх боломжтой. Хамрын ясны хугарал хамрын таславчийн хугарал нь нэг гэмтэл бөгөөд хамар руу цохиход хамрын ясны хажуу хана, хамрын таславч хоёр нь нэгэн зэрэг гэмтдэг. Нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой. Л.Д- нь 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үзүүлсэн бөгөөд хэрэг учрал болсон өдрөөс хойш 19 хоногийн дараа үзүүлсэн байх бөгөөд үүнийг хуучин гэмтэл гэж үзнэ. Гэхдээ 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зодуулах үед үүссэн байх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 3-р хавтас 5-6-р хуудас/,
Гэрч Д.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр манай гэрт Б-, Т- бид гуравыг байж байхад гаднаас Э- халамцуу орж ирсэн. Бид гурав манайхаас гарсан ба би хохирогчийн хажуугаар гарахад Э- түүнийг цохисон ба цаашаа хашааны хаалганы зүг рүү явсан. Эргээд хартал хохирогчийг зодож байхаар нь би “боль” гэж цаанаас хэлсэн. Хохирогчийн гар утсыг хэн авсныг мэдэхгүй. Тэгээд 5-7 минутын дараа автобусны буудлын ТҮЦ-ний хажууд Б-, Э-, Т- гуравтай уулзахад Б- нэг гар утас гаргаж ирээд “надад нэг утас байна, ТҮЦ-нд тавьчих уу” гээд тухайн гар утсыг ТҮЦ-нд 3-4 ширхэг тамхи буюу 200 төгрөгөөр тавьсан. Дараа нь тухайн гар утсыг авсан эсэхийг мэдэхгүй байна. Би “та нар яагаад хүн зодож байгаа юм бэ, та нар манай байрны гадаа миний нэр хүндийг унагаалаа” гэхэд Э- “намайг мөрлөхөөр нь цохисон” гэж хэлсэн. Хохирогчийг Э-, Т-, Б- нар зодсон. Э- хохирогчийг 1 удаа цохиж, харин Т- цаанаас гүйж ирээд тонгойгоод хохирогчийг цохиж байсан. Б- манай гэрт байхдаа утасгүй байсан. Тэгээд тамхи авахдаа Нокиа маркийн гар утас гаргаж ирэхээр нь хэнийх юм бол гэж бодсон гэх мэдүүлэг,
Гэрч Д.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн...2017 оны 01 дүгээр сарын 13-ны орой манай гэрт Б-, Э-, Т- бид нар тоглож байгаад орой 22 цагийн үед тамхи татахаар бүгд гарсан. Орцны үүдэнд Э- нэг хүүхэдтэй /Д-/ мөрөөрөө шүргэлцээд “яаж байна” гээд Э- барьж аваад гараараа цохиод унагаасан. Цаанаас нь Б- ирээд хамт цохиж байсан. Араас нь Т- гүйж ирээд нэмээд гараараа цохиод газар унасан байхад нь өшиглөсөн, мөн Б- өшиглөж байсан. Би хараад цаана нь зогсож байсан. Сүүлд Б- Д-ыг зодож байхад нь халааснаас нь гар утсыг нь авсан. Э- гараараа нэг удаа, Б- хөл, гараараа хэд хэдэн удаа, Т- гар, хөлөөрөө хэд хэдэн удаа цохиж байсан. ...Б- “Нокиа” шиг гар утас гаргаж ирснээ “мань чинь дөнгөж сая тэр хүүхдээс авчихсан” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 56-57, 89-90-р хуудас хуудас, 3-р хавтас 3-р хуудас/,
Гэрч Н.З-ийн ...Орой 23 цагийн үед байрны гадна камерыг харахад хүүхүүд зодолдож байхаар нь гараад очтол манай байрны ... тоотод оршин суух өндөр хүү О, 3-н найзынхаа хамт байсан. Тэд намайг очиход зугтаагаад явчихсан. Зодуулж байсан хүүхэд /Д-/ нь бас гүйгээд явсан. О зодох үед цаана нь байсан, зодоонд оролцоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 71-р хуудас/,
Хохирогч Л.Д-ын “Натур эмнэлэг”-т компьютер томографийн оношлогоо хийлгэсэн баримт /хх-ийн 2-р хавтас 69-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Самсунг” маркийн товчлууртай гар утас 21.000 төгрөг, ноосон малгай 10.800 төгрөг, нийт 31.800 төгрөгөөр үнэлсэн. /хх-ийн 2-р хавтас 226-227-р хуудас/,
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэгт “Хан-Уул дүүргийн 3-р хороо, “.....” байрны орчимд 8-9 автомашин зогсож буй автозогсоол байх ба зогсоолын хажуугаар явган хүний зам байв. Уг замаар цайвар өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүн /шүүгдэгч Э-/, нуруугаар намхан цайвар өнгийн саравчтай малгайг буруу харуулан өмссөн хар бараан өнгийн хувцастай шүүгдэгч Б.Б-, нуруугаар өндөр хар бараан өнгийн хувцастай гэрч Д.О- нар явж байхад өмнөөс нь хар бараан өнгийн хувцастай хохирогч Л.Д- ирэхэд шүүгдэгч Э.Э-, Б.Б- нар үлдэж, Д.О- цаашаа явав. Э.Э- хохирогч Г.Д-ыг мөрлөж цохиж унагаахад наанаас хар бараан өнгийн хувцастай Г.Т- гүйж очоод газар хэвтэж байсан Л.Д-ыг хэд хэдэн удаа өшиглөж мөн хэд хэдэн удаа гараараа цохиж, татаж босгоод зогсоол дээр байсан хар өнгийн машины хажууд цохиж өшиглөж унагааж Д- руу тонгойх үйлдэл хийж байхад нуруугаар намхан цайвар өнгийн саравчтай малгайтай Б.Б- буцаж ирээд нэг удаа өшиглөв. Б.Б- хашааны хаалга руу яваад буцаж ирээд хохирогч Л.Д-ыг зодож байсан Г.Т-ийг дагуулан цааш явж байна. Харин зодуулж байсан залуу нааш гүйж байгаа дүрс бүхий бичлэг,
Шүүгдэгч М.Ш- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Г-, Э- бид гурав тамхи татахаар ТҮЦ хайгаад явж байхад замын хажуу талын сандал дээр нэг залуу /З-/ лаазтай пиво уугаад сууж байхаар нь би тамхи асуухаар очсон. ...Би тэр залуугийн /З-/ хажууд очоод “цаашаа суучих, тамхи байна уу” гэж хэлээд шахаж суухад “муухай хараад байна уу” гэж уурлаад босоод явчихсан. Тэр үед би хоёр найз дээрээ очиж уулзаад “тэр залуу тамхи асуусан чинь над руу том том дуугараад байна” гэж хэлэхэд манай хоёр найз /Г-, Э-/ “очоод зодчихье” гээд араас нь алхсан. Тэгээд Хан-Уул дүүргийн 3-р хороо Монгол дээд сургуулийн хашааны зүүн хойд хэсэгт гүйцэж очоод Э- З-гийн шанаа руу цохиход тэрээр газар унасан. Араас нь Г- очиж нүүр рүү нь өшиглөж зодсон. ...Би Г-, Э- хоёрт “тэр залуугийн цүнхийг авч шалгахад 20.000 төгрөг байхаар нь аваад цүнх, түрийвчиг нь хаячихсан” гэж хэлсэн. Тухайн үед намайг З-гийн цүнхийг авсан гэдгийг Г-, Э- хоёр мэдээгүй. ...Би З-г зодоход оролцоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 162-р хуудас, 2-р хавтас 176, 231-р хуудас/,
Шүүгдэгч Г.Г- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...Ш- ирснээ “нэг залуугаас тамхи асуусан чинь урдаас олон юм яриад хэрүүл өдөөд байна, жаахан халамцуу байна” гэхээр нь “манай найзтай хэрүүл хийдэг ямар овоо залуу вэ” гэж бодоод бид гурав нөгөө залуутай /З-/ уулзахаар очсон. З- зам гараад алхаж байхад араас нь Э- гүйцэж очоод нүүр рүү нь гараараа цохисон. Гэтэл З- нь Ш-, Э- хоёр руу дайрах гэхээр нь түүний нүүр рүү өшиглөхөд тэрээр газар унаад нүүрээ дараад хэвтчихсэн. ...Удаагүй “Зочин” бууз цайны газрын тэнд Ш-тэй тааралдахад тэрээр “газар цүнх уначихсан байхаар нь үзтэл 20.000 төгрөг байхаар нь аваад цүнхийг нь хаячихлаа” гэхээр нь би уурлаад “чи яах гэж хүний цүнх авч байгаа юм бэ” гэж хэлсэн. Би З-г зодсон нь үнэн. Харин түүний эд зүйлийг дээрэмдэх санаа зорилго байгаагүй. Ш-ийг цүнх авсныг тухайн үед мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ий 1-р хавтас 165-р хуудас, 2-р хавтас 174, 233-р хуудас/,
Шүүгдэгч Э.Э- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...Ш- буцаж ирээд “тэнд нэг залуутай маргалдчихлаа, тамхи асуусан чинь намайг муухай харлаа гэж уурлаад дээрэлхээд байна” гэхээр нь бид гурав хамт очсон. Гэтэл тэр залуу /З-/ зам гараад явж байхаар нь би түрүүлж очоод нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход газар унасан. Хажуунаас нь Г- орж ирээд нүүр рүү нь өшиглөж бид хоёр хэд хэдэн удаа өшиглөчихөөд зугтаасан. ...Ш-тэй Зочин бууз цайны газрын хажууд явж байгаад тааралдахад тэрээр “тэр залууг зодож байх үед цүнх байхаар нь та хоёрын цүнх юм байх гэж бодоод шалгаж үзэхэд тэр залуугийн /З-/ эд зүйл байсан. Түрийвчинд нь байсан 20.000 төгрөгийг авчихаад цүнх, эд зүйлийг нь үлдээчихсэн” гэж хэлсэн. Би найзыгаа өмөөрч З-г зодсон. Харин эд зүйлийг нь авах санаа зорилго байгаагүй. Г- бид хоёр түрүүлж очоод зодсон. Ш- зодоонд оролцоогүй . ... Хан-Уул дүүргийн 3-р хороо “.....” байрны үүдэнд зүс үл таних залуутай /Д-/ маргалдаж, түүний нүүр рүү нь гараараа нэг удаа цохичихоод явсан. Тэр үед Хан-Уул дүүргийн 1-р хэлтсийн эрүүгийн мөрдөгч Золбадрах байцаагч дээр ирж уулзаад мэдүүлэг өгөхөд тэр залуугийн /Д-/ гар утас алга болсон гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 167, 202-р хуудас, 2-р хавтас 36, 115-116, 177, 235-р хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...Байрнаас гараад явж байтал 16-17 орчим насны нэг хүүхэд /Д-/ ирсэн байсан ба хажуугаар нь Э- ах гарахдаа мөрлөөд гараараа зуураад бариад авсан. Д-ыг мөрлөхөд тэрээр унах гэтэл О- цааш нь түлхэж байгаа харагдсан. Э- ах баруун гараараа Д-ыг нэг удаа цохиод унагаасан чинь цаанаас Т- ирээд мөн Д-ыг гараараа маш олон цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Би Т-ийг болиулах гэхэд болихгүй Д-ыг зодоод байсан. Би хажуунаас нь “энд камертай шүү болохгүй, орхи” гэхэд Э- ах миний үгийг сонсоогүй түүнийг шууд цохиод унагаасан. ...Т-ийн гарт улбар шар өнгийн товчлууртай гар утас, хайрцаг тамхи, асаагуур харагдсан. Т- нь хайрцаг тамхи, гал барьчихаад халааснаас нь авсан гээд ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 100-101, 229-р хуудас/,
Өсвөр насны шүүгдэгч Г.Т- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...Намайг араас нь гарахад байрны хажуу талд Э- нэг хүүхдийг /Д-/ цохиод унагааж байгаа харагдсан. Би тэр хүүхэд /Д-/ дээр очоод зодож байх хойгуур Б- түүний халаасыг ухаж байгаа харагдсан. Би Д-ыг олон удаа цохиж, өшиглөсөн. Сүүлд нь Б- халааснаасаа “Нокиа” загварын гар утас гаргаж ирээд “сая чамайг зодож байсан хүүхдийн халааснаас авчихсан юм” гэж хэлсэн. Намайг зодож байх үед Б- өшиглөсөн. Надад хохирогчийн эд зүйлийг авъя гэсэн санаа байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 106-107-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор довтолгоон эхлэж, хохирогчийн зүгээс үзүүлэх эсэргүүцлийн эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон нийгэмд аюултай идэвхитэй үйлдлээр илэрдэг бөгөөд гэмт этгээд өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч хүч хэрэглэхээр довтолгоон эхэлсэн үеэс тухайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй.
Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Д.Баасансүрэн, шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нар “хохирогч Б.З-г дээрэмдэх санаа зорилго байгаагүй. М.Ш-ийг өмөөрч хохирогчийг зодсон. Иймд Г.Г-, Э.Э- нарыг Эрүүгийн хуулийн тухай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн санал,
Шүүгдэгч М.Ш-ийн өмгөөлөгч О.Сайнгэрэл “шүүгдэгч нар нь хохирогч Б.З-гийн цүнхийг авахаар тохиролцоогүй. М.Ш- хохирогчийг зодоогүй харин зугтаахдаа үүргэвчийг нь авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлд зааснаар зөрчиж гүйцэтгэсэн. Иймд М.Ш-ийг Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн саналыг,
Шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ “хохирогч Л.Д-тай зөрж өнгөрөхдөө Э.Э- мөрөөрөө шүргэлцсэн. Үүнээс болж хохирогч Л.Д-ын нүүрэнд Э.Э- цохьсон. Харин хохирогчийн гар утас авсан үйлдэлд оролцоогүй” гэсэн саналыг
Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Ганхуяг “хохирогч Л.Д-ыг зодсон үйлдлийг зөвшөөрнө. Харин гар утасыг нь дээрэмдэж аваагүй” гэсэн саналыг,
өсвөр насны шүүгдэгч Г.Т-ийн өмгөөлөгч Ж.Нарантуяа нар “ Хохирогч Л.Д-ыг зодсон үйлдлийг зөвшөөрнө. Харин гар утасыг нь аваагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн санал гаргаж гэм буруугийн талаар маргав.
Энэ хэргийн тухайд :
Нэг: шүүгдэгч М.Ш- нь хохирогч Б.З-гийн хажууд сууж “тамхи асууж, цаашаа суучих” гэх мэтээр өдөж, хохирогчийг босч явахад араас нь дагаж явж шүүгдэгч Э.Э- нь хохирогчийн нүүр рүү гараараа цохих үед шүүгдэгч Г.Г- нь хохирогчийн куртикны захаас нь татаж газарт унагааж шүүгдэгч Г.Г-, М.Ш-, Э.Э- нар нь хохирогчийг өшиглөж, зодож биед “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхи, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алим, баруун бугалганд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, улмаар газарт унасан байсан хохирогчийн үүргэвчтэй эд зүйлийг шүүгдэгч М.Ш- нь авч зугтаан, түрийвчинд байсан мөнгийг нь авч хамтран ашигласан.
Хоёр: шүүгдэгч Э.Э- нь хохирогч Л.Д-ыг “мөрөөрөө шүргэлцлээ” гэж шалтаглан нүүрэнд нь цохиж, улмаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-, Г.Т- нар нь хохирогчийг газарт унагааж өшиглөж, цохиж зодох явцдаа шүүгдэгч Б.Б- нь хохирогчийн халааснаас авсан “Нокиа” маркийн гар утасыг ТҮЦ-нд 3 ширхэг тамхиар сольж хэрэглэсэн үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нар дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй, харин хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулсан гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч хохирогч нарын нүүр рүү цохиж унагаан, нүүр болон толгой руу нь цохиж, өшиглөж бүлэглэн зодох явцдаа хохирогч нарын эд зүйлийг авсан талаар хохирогч Б.З-, Л.Д- нарын мөрдөн байцаалтанд удаа дараа өгсөн мэдүүлэг, гэрч Н.Зоригт, Д.О- нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ болон сэтгэл санаагаараа нэгдмэл байдлаар оролцсон гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э-гийн хувьд хохирогч Б.З- болон хохирогч Л.Д- нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн ба прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Г-, М.Ш-, Э.Э-, өсвөр насны шүүгдэгч Б.Б-, Г.Т- нарыг бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Дээр дурьдсан үндэслэлээр нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “найзыгаа өмөөрч хохирогч Б.З-г зодсон” мөн “мөрлөж зөрлөө” гэснээр шалтаглан хохирогч Л.Д-ыг зодсон гэх үндэслэлээр нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн саналыг шүүх хүлээн авах хуулийн үндэслэлгүй юм.
2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд гэмтэл учруулсан бол учруулсан хохирлын шинжээс хамаарч “хүний эрүүл мэндийн эсрэг” гэмт хэргийг давхар зүйлчлэхээр хуульчилсан. Шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа шүүгдэгч Г.Г-, М.Ш-, Э.Э- нар нь бүлэглэн хохирогч Б.З-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Э.Э-, өсвөр насны шүүгдэгч Б.Б-, Г.Т- нар нь бүлэглэн хохирогч Л.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаа боловч мөрдөн байцаалтанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллагдагчаар татах ажиллагаа хийгээгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтддаг ба мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа” дууссан тул шүүгдэгч нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт яллагдагчаар татаж ял сонсгоогүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзээд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй, Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй ..бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болох” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Шүүгдэгч Г.Г-, М.Ш-, Э.Э- нарын үйлдсэн дээрмийн гэмт хэргийн улмаас хохирогч Б.З- нь мөрдөн байцаалтын шатанд эмчигээний зардалд зарцуулсан 2.663.958 төгрөгийн баримт гаргаж нэхэмжилсэн ба шүүгдэгч нараас тус бүр 1.200.000 төгрөг, нийт 3.600.000 төгрөг төлсөн. /хх-ийн 1-р хавтас 193-195-р хуудас/,
Шүүгдэгч Э.Э-, Г.Т-, Б.Б- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Д- нь толгойн томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг /хх-ийн 2-р хавтас, “Дамно” ХХК-аар үнэлгээ хийлгэсэн зардал 18.000 төгрөг /хх-ийн 2-р хавтас 225-р хуудас/, “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр гар утас 21.000 төгрөг, малгай 10.800 төгрөг, нийт 31.800 төгрөгөөр /хх-ийн 2-р хавтас 227-р хуудас/ үнэлсэн ба хохирогч Л.Д- нийт 169.800 төгрөгийн хохирол нэхэмжилжээ. Шүүхийн шатанд шүүгдэгч Э.Э-, Г.Т-, Б.Б- нар нь хохирогч Л.Д-д 170.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Г-, М.Ш-, Э.Э-, өсвөр насны шүүгдэгч Г.Т-, Б.Б- нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Г-, М.Ш- нарт тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-ыг 3 жилийн хугацаагаар, өсвөр насны шүүгдэгч Г.Т-ийг 2 жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус хорих,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Э-д 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч М.Ш-ийн өмгөөлөгч О.Сайнгэрэл, шүүгдэгч Э.Э-гийн өмгөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нараас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг биет болон мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нар нь их дээд сургуульд суралцдаг энэ хэрэгт холбогдож сургуулиасаа жилийн чөлөө авсан байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг,
Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Д.Баасансүрэнгээс “шүүгдэгч Г.Г- нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 настай байсан, одоо 21 нас хүрээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн саналыг,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б-, Г.Т- нарын өмгөөлөгч нараас шүүгдэгч нар нь насанд хүрээгүй, шүүгдэгч Б.Б- нь Барилгын коллежийн сантехникийн 2-р дамжаанд суралцдаг, шүүгдэгч Г.Т- нь Хан-Уул дүүргийн 15-р дунд сургуулийн 11-р ангид суралцдаг хувийн байдлыг нь харгалзан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргав.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, анх удаа ял шийтгэгдэж байгаа хувийн байдал болон гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Г-, М.Ш-, Э.Э- нарт хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны этгээдийн нас, сэтгэцийн онцлог, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар зохицуулсан.
Шүүгдэгч Г.Г-ын хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ 19 настай, сэтгэцийн хувьд эрүүл, Орхон их сургуулийн 2-р дамжаанд суралцаж байсан, хийж буй үйлдэлдээ дүгнэлт өгөх, үр дагаврыг ухамсарлах чадвартай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Г.Т-, Б.Б- нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн шүүгдэгч Б.Б- нь Барилгын коллежийн сантехникийн 2-р дамжаанд суралцдаг, шүүгдэгч Г.Т- нь Хан-Уул дүүргийн 15-р дунд сургуулийн 11-р ангид суралцдаг хувийн байдлыг нь харгалзан, насанд хүрээгүй шүүгдэгч нарыг бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олох боломжоор хангах үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Г.Т-, Б.Б- нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б-, Г.Т- нар нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл тус бүр нийт 78 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн томографийн зураг 4 ширхэг, Сондра эмнэлгийн 8 хуудас карт, амбулаторын карт /13 хуудастай/ зэргийг хохирогч Б.З-д буцаан олгож, Сиди 2 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй, болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Г-ийн Г-, З овогт М-ийн Ш-, Б овогт Б-ийн Б-, Х овогт Г-ийн Т-, Зээрд нүд овогт Э-ын Э- нарыг бүлэглэн, хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Г-, М.Ш- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 01 /нэг/ жилийн хорих ялаар,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б-, Г.Т- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нарыг тус бүр 02 /хоёр/ жилийн хорих ялаар,
Шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил 02 сарын /нэг жил хоёр сар/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-, М.Ш- нарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг,
Шүүгдэгч Э.Э-д оногдуулсан 01 жил 02 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Г.Г-, М.Ш-, Э.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-, Г.Т- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
6. Өсвөр насны шүүгдэгч Г.Т-, Б.Б- нар нь тус бүр нийт 78 /далан найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-, М.Ш-, Э.Э- нар нь хохирогч Б.З-д 3.600.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Э.Э-, Г.Т-, Б.Б- нар нь хохирогч Л.Д-д 170.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн томографийн зураг 4 ширхэг, Сондра эмнэлгийн 8 хуудас карт, амбулаторын карт /13 хуудастай/ зэргийг хохирогч Б.З-д буцаан олгосугай.
9. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий СД 2 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Г-, М.Ш-, Э.Э- нарт авсан цагдан хорих, өсвөр насны шүүгдэгч Б.Б-, Г.Т- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР