| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 184/2024/02795/И |
| Дугаар | 210/МА2024/01664 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01664
2024 08 26 210/МА2024/01664
С ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2024/03612 дугаар шийдвэртэй, С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Г-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 45,918,224 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. С ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Д.Г-тай зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон боловч хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.
1.2. Хариуцагчид зээл төлөх талаар мэдэгдэхэд тэрээр зээлийн гэрээний үүргийг ажил гүйцэтгэх эсхүл бараа материал, машинаар төлөх санал тавьсан. Улмаар 2021 онд хүү, алдангийг багтааж 33,000,000 төгрөгт тооцон хариуцагчаас Ford Ranger машиныг авсан боловч тус машин өөр зээлийн барьцаанд байсан тул манай компанийн нэр дээр шилжүүлж өгөөгүй. Харин хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр машинаа буцааж авахаас өөр аргагүй боллоо, би зээлээ гэрээний дагуу хүү, алдангийн хамт төлнө, бас машинд сайжруулалт хийсэн зардлыг хамт төлнө гэж гуйсан тул түүний машиныг буцааж өгсөн.
1.3. Хариуцагчтай 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл тооцоогоо нийлж, төлбөр барагдуулах тухай хэлцэл хийсэн бөгөөд хэлцлийн дагуу 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээл, зээлийн хүү, алдангийн хамт 128,731,786 төгрөгийг барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл гэрээний хугацаа дуусах өдөр төлбөрөө барагдуулаагүй тул 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр албан шаардлага хүргүүлэхэд зээлээ удахгүй төлнө гэж амласан.
Иймд 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 30,894,009 төгрөг, алданги 2,869,214 төгрөг, бусад зардалд 2,155,000 төгрөг, нийт 45,918,224 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Талууд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр барьцааны гэрээг тус тус байгуулсан. Улмаар хариуцагчаас 17,000,000 төгрөгийн ажил үйлчилгээ хийхэд нэхэмжлэгч нь үндсэн зээлйин төлбөрөөс хасахгүйгээр зээлийн хүүгээс хасч тооцсон нь үндэслэлгүй. Мөн С ХХК-аас зээл төлөхийг шаардаагүй, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд биш атлаа зээлийн хүү болон алданги нэхэмжилж буй нь үндэслэлгүй.
2019 оны 12 дугаар сараас эхлэн дэлхий нийтэд ковид-19 цар тахал гарснаар санхүүгийн хүндрэл үүсч зээлээ эргэн төлөх боломжгүй болсон. Нэхэмжлэгч нь хариуцагчтай хугацаагүй зээлийн гэрээ байгуулан хязгааргүй зээлээс давсан хүү, алданги тооцсон нь хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Г-аас 15,524,214 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,394,010 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387,542 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 235,571 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-т Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан зохицуулалтаас харахад буцаан төлөхийг шаардсан бол зээлдэгч үүргээ 1 сарын дотор биелүүлэхийг л үүрэг болгосон атал шүүх тус хугацаанаас эхлэн зээлийн гэрээний харилцааны үйлчлэл шууд зогссон мэтээр дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал, шүүхийн зүгээс нэхэмжлэгчийг зөвхөн зээлийн хүүгээ төлөхийг шаардсан гэж дурдсан атлаа энэ үед шууд үндсэн зээлээ эргүүлэн төлөхийг шаардаж зээлийн гэрээг цуцалж бүх зээлээ, хүү алдангийн хамт төлөх ёстой байсан мэтээр дүгнэж зээлийн хүүг автоматаар зогсоож зөвхөн 1 сарын хүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгчийн зүгээс гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хариуцагчид гаргаж байгаагүй, гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байсан, өнгөрсөн хугацаанд Д.Г-ын зүгээс ч тодорхой хэмжээгээр тус зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж байсан, цаашид ч гүйцэтгэхээ амлаж амаар болон бичгээр нэмэлт гэрээнүүдийг байгуулсан, мөн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/001 тоот зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, алданги, бусад зардлаа нэхэмжилсэн байтал шүүхийн зүгээс талуудын хоорондын харилцааг аль хэдийн 2019 оны 02 сард дуусгавар болсон мэтээр үзэж тус хугацаанаас хойш талуудын хооронд ямар ч эрх, үүрэг үүсэхгүй байхаар дүгнэсэн нь буруу юм.
Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэрээ дүгнэх урьдчилсан хэлцэл хийсэн бөгөөд тус хэлцлийн 1.2 дахь хэсэгт автомашиныг буцаан зээлдүүлэгчид шилжүүлээгүй бол ...зээлийн эргэн төлөлтийн зарим хэсэгт дүйцүүлэн төлсөн 33,000,000 төгрөгийг зээлийн гэрээний ...дагуу хүүтэйгээр нөхөн төлөх болон бусад .. .зардлыг буцаан төлөх болно гэж, мөн 2023 оны 03 сарын 31- ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулагдаж, тус гэрээний 1.3-т ...дээр дурдсан нийт өр төлбөрийг... тоот дансанд гэрээнд заасан хугацаанд бүрэн хэмжээгээр төлж барагдуулах болно гэж заасны дагуу хариуцагч нь бүх өр төлбөрөө барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь зээлийн гэрээний үйлчлэл хэвээр байгааг харуулсан. Мөн хариуцагч нь 2021 оны 12 сараас тодорхой үе шаттайгаар ажил үйлчилгээ нэхэмжлэгчид хийж өгч алданги хасуулан өр төлбөрөөсөө барагдуулж байсан нь нотлох баримтаар хангалттай нотлогдож байхад зээлийн гэрээг 2019 оны 02 сард дуусгавар болсон мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Шүүхийн шийдвэрт талууд зээлийн гэрээ байгуулахдаа хугацаа тогтоогоогүй хэдий ч гэрээнд анз, зээлийн хүү, зээл гэсэн дарааллаар төлөгдөж дууссан тохиолдолд гэрээ дуусгавар болно гэж заасныг хууль зөрчөөгүй гэж шүүх үзэв гэж дүгнэсэн. Мөн зээлийн гэрээний тус заалтын дагуу нэхэмжлэгчийн зүгээс алдангийг түрүүлж суутгаж авсныг шүүхийн шийдвэрт зөвтгөсөн атлаа зээлийн гэрээг дуусгавар болсон гэж үзэж зөвхөн 1 сарын хүүг, үндсэн зээлийн хамт төлөх ёстой байсан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь шүүхийн зүгээс өөрөө өөрийнхөө дүгнэлтийг үгүйсгээд байгаа мэт ойлгомжгүй байдалд хүргэсэн, нотлох баримтыг зөв үнэлээгүй.
Иймд зээлийн хүү шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, алданги, бусад зардалд нийт 45,918,224 төгрөгийг хариуцагчаас гаргасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д.Г-д холбогдуулан үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 30,894,009 төгрөг, алданги 2,869,214 төгрөг, гарсан зардал буюу хохиролд 2,155,000 төгрөг, нийт 45,918,224 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч С ХХК нь 10,000,000 төгрөгийг зээлдэгч Д.Г-д сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. /1-р хх-ийн 9/
3.1. Нэхэмжлэгч С ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 10,000,000 төгрөгийг хариуцагч Д.Г-д бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 10 дугаар талд авагдсан кассын зарлагын ордер гэх баримтаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцно.
Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
4. Шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байгааг дараах байдлаар залруулж өөрчлөлт оруулна.
4.1 Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан. Талууд гэрээ байгуулахдаа зээлийг буцаан төлөх хугацааг тогтоогоогүй байна.
4.2. Дээрх зээлийн гэрээг дүгнэж талууд 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэрээ дүгнэх урьдчилсан хэлцэл болон 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг тус тус байгуулсан байна. Эдгээр гэрээний агуулгаас үзвэл нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д.Г-аас зээлийн мөнгөн хөрөнгийг энэ үеэс буцаан шаардсан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээл 10,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 24,500,000 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.
5. Зээлийн гэрээний 2.5-д зээлдэгч нь зээл эргэн төлөлтийн хуваарийн хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдүүлэгчээр төлүүлнэ гэж тохиролцжээ. Гэтэл зээлийн гэрээнд талууд зээлийг буцааж төлөх хугацааг тогтоогоогүй байх тул алдангийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэхгүй байна.
Иймээс нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги шаардах эрхгүй тул хариуцагчаас алдангид 2,869,214 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5.1. Мөн 2021 оны 03 дугаар сарын сарын 28-ны өдөр гэрээ дүгнэх урьдчилсан хэлцлээр талууд зээлийн гэрээ болон түрээсийн гэрээгээр төлөх төлбөрийн зарим хэсэг болгон 33,000,000 төгрөгт дүйцүүлэн бартерт өгсөн автомашинаа буцаан авахтай холбоотойгоор уг автомашиныг засан сайжруулсан 2,155,000 төгрөг, мөн зээлийг хүүтэйгээр төлөхөөр тохиролцжээ.
5.2. Нэхэмжлэгч нь бартераар төлбөрт ирсэн автомашинд ачаа, гупер зэрэг засан сайжруулалт хийж, 2,155,000 төгрөгний зардал гаргасныг хариуцагч маргаагүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцжээ.
6. Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүүд 24,500,000 төгрөг, нийт 34,500,000 төгрөг төлөхөөс хариуцагчийн ажил үйлчилгээ үзүүлж төлсөн 17,039,000 төгрөгийг нийт үүргээс хасаж тооцвол 17,461,000 төгрөг болно. Үүн дээр тээврийн хэрэгслийн засан сайжруулалтанд гаргасан зардал 2,155,000 төгрөгийг нэмээд, нийт 19,616,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
7. Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 хэсэгт заасан заалтыг баримталсан нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, уг заалтыг хассан өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2024/03612 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...283 дугаар зүйлийн 283.1... гэснийг хасч, ...15,524,214 гэснийг ...19,616,000 гэж, ...30,394,010 гэснийг ...26,302,224 гэж,
2 дахь заалтын ...235,571.07 гэснийг ...256,030 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 309,921 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ