Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 290

 

  

 

 

 

 

 

 

      

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч Даваачулуун овогтой Батсуурь, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн /ШТЭД-0186/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн 1908000100262 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Солонгосын политекникийн коллежийн 3 дугаар курсын оюутан, ам бүл-5, өвөө, эмээ, эх, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Йө овогт Д.Б/РД:.../,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 9 дүгээр орцонд иргэн Г.М-ын гээгдүүлсэн “iphone xs” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 2.879.200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Д.Б нь иргэн Г.Мын гээгдэл эд хөрөнгө /гар утас/-ыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаар бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх тул,

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

2. Иргэн Г.Моос 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...орцонд согтуу унтаж байгаад “iphone xs” маркийн гар утсаа алдсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, /хх3-р тал/,

3. Хохирогч Г.Мын: “...Би 2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 06 цаг өнгөрч байхад өөрийн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 9 дүгээр орцонд орсон. Би тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан учраас гэртээ орж чадаагүй орцны 3 давхарын шатан дээр унтаад өгсөн байсан. Тэгээд 09 цаг өнгөрч байхад сэрээд орцны гадна байдаг дэлгүүр орж тамхи авах гэж байхдаа өөрийн “iphone xs” маркийн гар утсаа алга болсоныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх22-р тал/,

4. Гэрч О.Бийн "...Би тухайн гар утсыг фэйсбүүк зард Батсуурь гэх хаягтай залуу зарна гэсэн зар байрлуулсаны дагуу түүний 86699000 гэсэн дугаараар холбогдож 2018 оны 12 дугар сарын 23-ны шөнө Цамбагаравын автобусны орчмын дэлгүүрт уулзаж 700.000 төгрөгөөр авахаар болоод тэр залууг 10 дугаар хороололд дагуулж очоод АТМ-ээс 700.000 төгрөг авч, түүнд өгсөн. Тэди төв дээр очиж шалгуулахад ID кодгүй байхаар нь 7 орчим хоног өөр дээрээ ашиглаж байгаад зарсан...” гэх мэдүүлэг /хх30-31-р тал/,

5. Гэрч Б.Жгийн “...зарын дагуу 2018 оны 12 сарын 31-ний өдөр гар утсыг 2.200.000 төгрөгөөр худалдаж авсан, гар утсыг зарсан хүн нь О.Б Баачка гэх хаягтай 99891639 дугаарын утастай, 25-30 насны залуу байсан. Тэгээд би 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртлэх хугацаанд тухайн гар утсыг ашиглаж байгаад фэйсбүүк-д зар тавиад А гэх эмэгтэйд 2.370.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх29-р тал/,

6. Иргэний нэхэмжлэгч Б.Агийн “...Би 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “iphone xs” маркийн гар утсыг эрэгтэй хүнээс 2.370.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд над руу Түвшинбаяр гэх хүн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр над руу залгаж таний авсан утас хулгайн утас байж болзошгүй байна та ирээд уулзаадах гэсэн...” гэх мэдүүлэг /хх25-26-р тал/,

7. Шинэжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 41 хуудас/, хөрөнгө үнэлгээний тайлан /хх39-40-р тал/,

8. Шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар өгсөн “... Миний бие 2018 оны 12 сарын 19-ний өглөө хичээлдээ явах гээд Сонгинохайрхан дүүргийн ... тоотоос гараад тамхи татах гээд 4 давхрын лифтний урд талд зогсоод доошоо хартал миний хөлний доор кейс маягийн зүйл байсан, тэгээд би хальт өшиглөтөл хүнд зүйл тэмтрэгдэхээр нь аваад хартал гур утас байсан. Тэгээд би доошоо аваад буусан, шатаар бууж байхад 3 давхарт согтуу хүн унтаж байсан...” гэх мэдүүлэг /хх51-р тал/

9. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлд: Iphone xs маркын IMEI 357217092575264 гэсэн дугаартай утасыг Б.Агаас хураан авсан. /хх11-р тал/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: хохирогч Г.Мд хүлээлгэн өгсөн тухай, иргэний нэхэмжлэгч Б.Ад хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх12-14-р тал/, хохирогч Г.М гомдол саналгүй, иргэний нэхэмжлэгч Б.А гомдол саналгүй тухай хүсэлт /хх80, 90-р тал/, Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг хэрэгт авагдсаныг шинжлэн судалсан болно.

Дээр дурдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасанд үндэслэл, журмын дагуу авагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтын талаарх болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө хичээлдээ явах гэж гэрээсээ гарахдаа хохирогч Г.Мын гээгдүүлсэн эд хөрөнгө /Iphone xs маркын гар утас/-г буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж эзэмшилдээ аван, улмаар худалдан борлуулж завшсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогч Г.Мд 2.879.200 төгрөгийн хохирол учирсан болох “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. Мөн шүүгдэгч нь бусдын үнэ бүхий гээгдэл эд хөрөнгө олсоноо цагдаагийн байгууллагад мэдэгдэх тухай Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, ашиг олох зорилгоор өөрөө худалдан борлуулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй болно.   

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын гээгдэл эд хөрөнгө буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн хувьд бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлсэнг тэмдэглэх нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах талаар хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд хэлэлцүүлэхээр шилжүүлэхдээ танилцуулсан байх ба шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн шатанд мөн саналаа дэмжсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Бийн хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчийн гаргасан торгох ялыг зөвшөөрч байгаа торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгдэгчийн хувийн байдал хохирлоо нөхөн төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй болон гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.  

Мөн эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчийн оюутан гэдгийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхаарууллаа.   

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Бнь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 450 (дөрвөн зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Бд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                     М.МӨНХБААТАР