| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/00673/И |
| Дугаар | 210/МА2024/01665 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01665
2024 08 26 210/МА2024/01665
Б.Т-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/03295 дугаар шийдвэртэй,
Б.Т-гийн нэхэмжлэлтэй, А.М-д холбогдох, гэм хорын хохиролд 23,977,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Б.Т нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр найзуудын хамт лагерьт амраад өглөө буцаад явахад А.М нь Б.Т-д хандан чи өчигдөр архи уусан юм чинь жолооны эрхээ хасуулна, харин би жолооны үнэмлэхгүй юм чинь машиныг чинь бариад явъя гэхээр нь 00-00 улсын дугаартай, тoyota рrius маркийн машинаа А.М-д бариулан Гүнтийн даваа доош уруудаад явтал гэнэт хурдалж зам тээврийн осол гаргасан. Улмаар цагдаа дуудахад өөрсдөө хоорондоо зохицож асуудлаа шийд гэсэн. Ашид билгүүн ХХК-ий үнэлгээгээр автомашинд 10,950,000 төгрөг, үйлчилгээний хөлс 446,600 төгрөг, явах эд ангийн оношилгоо 55,000 төгрөг, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрт 360,000 төгрөг, нийт 11,811,600 төгрөгийн хохирол учирсан.
1.2. Б.Т нь пүүзний дэлгүүр ажиллуулж онлайн худалдаа хийхдээ өөрийн машинаар хүргэлтийн үйлчилгээг 2023 оны нэг сараас эхлэн тасралтгүй явуулж пүүзний орлого 3 сарын дунджаар 73,000,000 төгрөг байсан. Харин осол гарсан өдрөөс хойш авто машингүй болсноос хүргэлтийн үйлчилгээ зогсож олох байсан орлогын хэмжээ 70 хувиар буурсан. Хариуцагчийн авто машинд учруулсан хохирлын улмаас Б.Т-гийн эзэмшлийн 00-00 улсын дугаартай машиныг ашиглах боломжгүй болсон. Тиймээс олох ёстой орлогыг сүүлийн 6 сарын дундаж орлогыг өмнөх 9 сартай харьцуулан тооцсон бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын нийт дундаж орлого 12,166,000 төгрөг болсон.
Иймд хариуцагч А.М-оос автомашинд учирсан хохирол 11,451,600 төгрөг, эрүүл мэндийн үзлэгийн төлбөрт 360,000 төгрөг, олох байсан орлогод 12,166,000 төгрөг, нийт 23,977,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Б.Т нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт адилхан архи уусан А.М-оор машинаа жолоодуулснаас осол болсон. Ослоос хүний эрүүл мэндэд учирсан хохирол байхгүй, зөрчил шалган шийдвэрлэх үед Б.Т нь жолоодох эрхээ бусдад шилжүүлсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авагдаж, А.М нь 7 хоног баривчлуулсан. Иймээс машинд хохирол учирсан гэж үзвэл жолоогоо шилжүүлсэн Б.Т өөрөө хариуцлага хүлээх ёстой.
2.2. Автомашины зах зээлийн үнэлгээ нь уг хохиролтой дүйцэх хэмжээний байх тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.
2.3. Б.Т нь тус автомашинаар орлого олдог байсан нь худлаа, пүүз зардаггүй, хүмүүсийн барааг хүргэж өгч үнийн авдаг байсан. Мөн нэхэмжилж байгаа үнийн дүнд барааныхаа үнийг оруулж нэхэмжилсэн нь ойлгомжгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:
Гэм буруутай нь тогтоогдож байна. Хариуцагч нэхэмжлэгчийн анхны шаардсан хохирлоос 10,950,000 төгрөгийг талууд хувааж хариуцах хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг онлайн худалдаа эрхэлдэг эсэх, олох ёстой орлого нь тодорхой бус тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.М-оос 5,905,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,071,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 413,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 109,442.80 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 64 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Нэхэмжлэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.6-д заасан заалтыг зөрчсөн гэм буруутай гэдгийг тогтоосон шүүхийн шийттэвэр хэрэгт авагдаагүй байхад шүүх гэм буруутай гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй. Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас автомашинд хохирол учирсан талаар хариуцагч маргаагүй учраас уг тайлбар нотлох баримт болно.
5.2. Нэхэмжлэгчийг нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж чадаагүй гэх боловч нэхэмжлэгч хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд НӨАТ, ХХОАТ төлдөг эсвэл төлдөггүй нь олох ёстой орлого тасалдсан гэх нөхцөл байдалтай шууд хамааралтай гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч гаалийн татвар төлдөггүй, зөвхөн онлайнаар бараа захиалж каргогоор хүргэлт хийлгэн жижиг бизнес эрхэлдэг тул татварын дараах ашгийн тооцоо гэж гаргах боломжгүй. Гэтэл шүүхээс гаалийн татвар төлдөггүй, ашгийн тооцоогүй гэх үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагыг хангаагүй нь буруу байна.
5.3. Шүүх шийдвэрээ танилцуулахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан зохигчдын хэн алиныг гэм буруутай гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 12,166,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч А.М-д холбогдуулан түүний гэм буруутай үйлдлийн улмаас автомашинд учирсан хохирол 11,451,600 төгрөг, эрүүл мэндийн шинжилгээ хийлгэсэн төлбөр 360,000 төгрөг, нийт 11,811,600 төгрөг гаргуулахаар анх шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олох байсан орлого 12,166,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, нийт 23,977,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Зохигчид зам тээврийн осол гарсанд хэн нь гэм буруутай талаар маргаж байна.
3. Хариуцагч А.М нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Б.Т-гийн өмчлөлийн Тоёота Приус-20 маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан үйл баримт талуудын тайлбар болон хэргийн баримтаар тогтоогдсон.
3.1. Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...А.М чи өчигдөр архи уусан юм чинь жолооны эрхээ хасуулна, харин би жолооны үнэмлэхгүй юм чинь машиныг чинь бариад явъя гэсний дагуу машинаа бариулсан... гэж, хариуцагч А.М шүүхэд гаргасан тайлбартаа ...зөрчил шалган шийдвэрлэх үед Б.Т нь жолоодох эрхээ бусдад шилжүүлсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн арга хэмжээ авагдаж, А.М нь 7 хоног баривчлагдсан... гэж тус тус дурджээ.
3.2. Зохигчдын дээрх тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй этгээд болохыг мэдсэн боловч өөрийн тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн, мөн хариуцагч нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдсон.
3.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Т-гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлсэн үйлдлийг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.б-д заасныг зөрчсөн, хариуцагч А.М-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасныг зөрчсөн гэм буруутай гэж тус тус зөв дүгнэжээ.
4. Талуудын хэн аль нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Т-гийн тээврийн хэрэгсэл онхолдож, улмаар түүний эд хөрөнгөд хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
4.1. Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.Т-гийн өмчлөлийн Тоёота Приус-20 маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийлгэхэд 10,950,000 төгрөгийн хохирол учирсан, уг үнэлгээг хийлгэхэд 446,600 төгрөг, тээврийн хэрэгсэлд оношилгоо хийлгэхэд 55,000 төгрөг тус тус төлсөн болох нь А ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, Б ХХК-ийн тодорхойлолт, оношилгооны хуудас, санхүүгийн баримт болон бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдсон. /хх 18-25/
4.2. Мөн зам тээврийн осолтой холбоотойгоор нэхэмжлэгчийн биед эрүүл мэндийн мэндийн шинжилгээ хийлгэсэн үзлэгийн төлбөрт 360,000 төгрөг төлсөн нь Гурван гал нэгдсэн эмнэлгийн санхүүгийн баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгийн баримт, томографын зураг зэрэг баримтаар тус тус нотлогдсон. /1-р хх5-17/
4.3. Зам тээврийн осол гарахад зохигчдын хэн аль нь гэм буруутай байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасны дагуу учирсан хохирлыг талуудад тэнцүү хэмжээгээр хариуцуулж, хариуцагч А.М-оос 5,905,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 18,071,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэгтэй.
5.1. Нэхэмжлэгч Б.Т нь импортоор бараа бүтээгдэхүүн оруулж худалдан борлуулдаг байсан тул олох байсан орлогод 12,166,000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан дансны хуулга, Юнител ХХК-ийн тодорхойлолт, Эм эс монголиан стор гэх пэйж хуудасны хуулбараар орлого олж байсан гэх нөхцөл байдал эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг уг шаардлагаа нотлоогүй үндэслэлээр олох байсан орлого 12,166,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гаалийн татвар төлдөггүй, ашгийн тооцоогүй гэх үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагыг хангаагүй нь буруу... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч эрүүл мэндийн хохирол шаардсан байхад холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/03295 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...497.1 гэсний дараа, 505 дугаар зүйлийн 505.1 гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 209,606 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ