| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0037/Э |
| Дугаар | 037 |
| Огноо | 2019-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,
улсын яллагч, хяналтын прокурор М.Ф,
шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д С-д холбогдох эрүүгийн 1913000780046 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ш овгийн Д-ын С, Монгол Улсын иргэн, 2000 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар баг, 1-9 тоотод суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, РД:БЮ00000000.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Д.С нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, тус аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны урд талд хэрүүл маргааны улмаас иргэн Х.Бийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Д.С-гаас мэдүүлэхдээ: Б.Б, Б.С бид гурав Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн зааланд очоод сагс тоглох гэж явж байсан ба 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр орой Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд ороод нэг хүүхдийг асуугаад байхгүй болохоор нь гараад явж байсан. Тэгэхэд Б хоёр найзтайгаа гарч ирээд бид нартай тааралдсан ба “чи яагаад гар барихгүй байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд надтай хамт явж байсан миний найз Бийн найзыг алгадсан. Б найзыгаа өмөөрч эхэлсэн учраас би Бийг унгаагаад босоод ирэхээр зүүн талаас баруун гараар цохисон. Ингээд бид нар зугтаж явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.
Хоёр: Эрүүгийн 1913000780046 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн байранд амьдардаг юм. 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн орчим А, Б нарын хамт дотуур байрнаас гараад явж байтал үүдэнд өнгөрсөн жил тус төвийн гагнуурчны ангид надтай хамт сурч байсан Б хажуудаа 2 залуугийн хамт тааралдсан. Би Б-тай мэндэлж байхад түүний хажууд явж байсан хар өнгийн гадуур залуу учир зүггүй надтай хамт явж байсан А-г алгадсан. Тэр үед би уг залууд чи яаж байгаа юм гэхэд нөгөө залуу намайг тонгорч унагаахад би уг залуугийн дээрээс дараад авсан. Тэгэхэд тэнд байсан залуучууд бид хоёрыг салгаж авсан. Би босож ирээд зогсож байтал нөгөө намайг тонгорч унагаасан залуу миний зүүн талын нүдэн тус газар гараараа, эсхүл чулуугаар цохисон эсэхийг анзаарсангүй ямар ч байсан нэг удаа цохиод тэр гурав гурвуулаа зугтаад яваад өгсөн. Хэн нь миний нүдэн тус цохисныг А, Б нар харж байсан. Үүнээс болж миний зүүн талын нүд цус хуурч хөхөрч, хавдсан юм.
...Хэргийг шалгах явцад намайг С гэдэг залуу зодсон болохыг мэдсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/,
2. Хохирогч Х.Б бичсэн: Гомдолгүй, С бид хоёр хоорондоо эвлэрч найз нөхөд болсон. С нь 100000 төгрөг болон эмийн мөнгийг өгсөн гэх баримт /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,
3. Насанд хүрээгүй гэрч Д.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн орой намайг алгадсан залуугийн хажууд явж байсан залуу Б-ийг газарт унагаасан бөгөөд Б босож ирэхэд түүнийг дахин зүүн нүд рүү нь цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
4. Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Б гэх залуу найзыг минь яагаад цохиж байна гэж өмөөрөөд С руу ойртох үед С түүнийг тонгорч газарт унагаагаад босож ирэхэд нь баруун гараараа зүүн нүдэн тус газар нь нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-гийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаартай дүгнэлт:
- Иргэн Х.Бийн биед зүүн талын нүдний дээд доод зовхины хэсгийг бүхэлд хамарсан хөх ягаан өнгийн цус хураалт, доод зовхины хэсэгт хөндлөн байрлалтай зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна, бусдад зодуулснаас үүсэх боломжтой гэх дүгнэлт / хавтаст хэргийн 28 дугаар хуудас/.
6. Шүүгдэгч Д.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Миний бие Өлгий сумын 8 дугаар багт ээжтэй хамт амьдардаг юм. 2019 оны 2 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед сургуулийн зааланд Б, С нарын хамт очин тоглож, 18 цагийн үед Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн урьд хэсгээр явж байхад Б нь хажуудаа гурвуулаа бид нарын урд гарч явж байсан ба надтай хамт байсан Б нь Б-тай хамт явж байсан нэгийг нь таньдаг юм байна гээд дуудаж уулзаж байхад С нь Б-тай хамт байсан нэгийг нь нэг удаа алгадсан, тэр үед Б нь над руу дайрах үед би барьж авч тонгорч унагаасан ба хамт явсан найзууд маань Б бид хоёрыг салгаж авсан. Тэгээд Б босож ирээд дахиж дайрахаар нь би Бийн нүд тус газар нэг цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Б-гаас уучлалт хүсэж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/
7. Шүүгдэгч Д.С-ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.С-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.С нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, тус аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны урд талд хэрүүл маргааны улмаас иргэн Х.Б-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.С-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Х.Б, насанд хүрээгүй гэрч Д.А, гэрч Б.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-ийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 101 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд шүүгдэгч Д.С гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.С нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, тус аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны урд талд хэрүүл маргааны улмаас иргэн Х.Б-ийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.С-гаас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч Д.С-ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б-гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.С нь хохирогч Х.Б-д хохирлын мөнгө 100000 төгрөг болон эмийн үнийг төлж өгсөн тул хохирогч Х.Б-гаас нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсан байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Д.С-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Д.С-гаас хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 5/20 дугаартай саналд яллагдагч Д.С-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэг буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Д.С хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Д.С-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 6 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
3. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч Д.С-д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн төрсний гэрчилгээг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овгийн Д-ын С-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан торгох ялыг 6 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.С-ын төрсний гэрчилгээ зэргийг өөрт нь буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т