| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2023/02902/И |
| Дугаар | 210/МА2024/01880 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01880
2024 10 09 210/МА2024/01880
Б.Хы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01941 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Хы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О ХХК-д холбогдох,
Илүү цагийн хөлс 6,847,014 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.Х, өмгөөлөгч З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж, мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид 14 хоног ажил үүргээ гүйцэтгээд 14 хоног амарч байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан.
Ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэхүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөөр бодож, О ХХК-иас 6,847,014 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6-д Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно хэмээн заасан нь оффисын ажилтан, ээлжийн ажилтан эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж ажлын цаг 168 байна хэмээн зохицуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх заалтад зааснаар уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байх ба ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт ажлын цаг нь 168 цаг болж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан илүү цагийн хөлс олгогдохгүй болно.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар ажилтанд илүү цагийн хөлс олгох зохицуулалт нь ажилтныг илүү цагаар ажиллуулсан байх болон түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд үйлчилнэ.
...Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.1, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна.
...Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулсан 92 дугаар зүйл нь ердийн ажлын цаг, ээлжийн ажлын цаг зэрэгтэй харьцуулахад тусгай зохицуулалтыг агуулж байх бөгөөд хууль хэрэглэх зарчмын үүднээс авч үзвэл тусгай зохицуулалтыг ерөнхий зохицуулалтаас урьдаж хэрэглэх ёстой.
...Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол ... нэмэгдэл хөлс олгохоор заасан. Ажилтныг 14 хоног нөхөн амруулж байгаа тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй болно.
...Нэхэмжлэгч Б.Х нь ...гэрээ байгуулсан өдрөөс хойш 14/14 хуваариар 12 цагаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ ажиллаж ирсэн ба ажил амралтын хуваарь болон ажлын цагийн талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 154 дүгээр зүйлийн 154.2-т заасан хугацаанд зохих журмын дагуу ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй ажил үүргээ гүйцэтгэж байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т ...заасан уг хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 1 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ...урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй нь ч хууль зүйн үндэслэлгүй байна.
...Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан О ХХК-д холбогдох илүү цагийн хөлс 6,847,014 төгрөг гаргуулах тухай Б.Хы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,502 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Шүүхийн шийдвэрийн 13 дахь талд ...Шүүх Ажилтныг 8 цагаас дээш цагаар ажиллуулсныг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ гэж зөв дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т заасан ажил амралтын хугацааг ажилтныг илүү цагаар ажиллуулсан хугацааг нөхөн амруулахыг шууд зохицуулсан байна гэж буруу дүгнэлт хийсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3, ...92.4 дэх заалтыг хууль тайлбарлах Системийн (Systematic interpretation) аргын хүрээнд авч үзвэл:
1. Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байх гэж нэг өдөрт ажил гүйцэтгэх дээд хугацааг заасан;
2. 12 цагаар ажиллаж болохыг зөвшөөрөөд гэхдээ энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан буюу нэг ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлсон;
3. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 87.2-т заасны дагуу илүү цагийн хэмжээг тооцоод 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж өгөхийг мөн тодорхой заасан.
4. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1 дэх хэсэгт ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс тооцож олгохоор хуулиар зохицуулсан. Энэ тохиолдолд Нөхөн амраасан тохиолдолд ажил амралтын горим зөрчигдөх талаар хариуцагч талын зүгээс тайлбарладаг. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 дэх хэсэгт уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан хуулиар хатуу тогтоож өгсөн. Уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож нөхөн амраах боломжгүй байгаа тул ажилтанд 109.1-т заасны дагуу илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3 дах хэсгийн зорилго тодорхой харагдана.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 14 дэх талд Б.Х нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т зааснаар илүү цагийн хөлс 6,847,014 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй байна гэсэн нь үндэслэлгүй буюу уртын ээлжээр ажиллаж буй ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-ийг баримталж ажил, амралтын цаг тэнцүү байх тул нөхөн амраах үр дагаварт ажил олгогч хүрэхгүй харин илүү цагийн хөлсийг тооцуулах авах эрх үүссэн юм.
Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01941 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хөдөлмөрийн тухай хууль батлагдаад шинэ эрх зүйн харилцаа үүсч уг маргаан гарсантай холбоотой бид нар хууль санаачлагч болон хууль тогтоогчийн хүсэл зориг юу байсан бэ гэдэгт судалгаа хийсэн. ...Хуулийг батлахдаа 14 хоног ажиллаад 14 хоног амрахад нарийвчлан судалгаа хийлгүй шууд баталсан. Хууль тогтоогчийн гол хүсэл зориг нь 14 хоног ажиллаад 14 хоног амрахад үндсэн цалин нь өндөр байна. Тийм учраас 14 хоногт амрахад өдрийн 4 цагийн илүү хөлс тооцогдоно амарна гэж үзсэн. 14 хоног амрахад 168 цаг нийт хөдөлмөрийн эрх зүйн шинжлэх ухаанаар авч үзэхээр 2/3-т амраад 1/3-т ажиллах зохион байгуулалт 1997 оноос ажлын 5 өдөртэй 7 хоногт шилжиж хэрэглэгдэж ирсэн 168 цагийн 1/3 харьцаа хадгалагдаж байна. Үүнийг хууль тогтоогч санаандгүй бус үүнийг бодолцож хийсэн гэдэг нь харагддаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр суурийг дэмжвэл нийгэм эдийн засагт үзүүлэх үр дагавар сөрөг байна гэж бидний зүгээс харж байна. Үүнээс харахад нийгэмд гурав дахь ээлж хэрэгтэй, хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчингүй, цалин хөлс үүнтэй холбоотойгоор буурах үр дагаврыг бий болгохоор харагддаг.
Уртын ээлжийн зохицуулалт нь уул уурхай олборлох салбар болон түүнийг дагаж буй үйлчилгээ үзүүлэгчдэд бүгдэд нь хамаардаг. Нийгэм эдийн засгийн салбар дагаж үйлчилгээ үзүүлж буй салбаруудын хувьд цалин өсөлтийн гэнэтийн өсөлтийг даахгүй учраас 14 хоног ажиллаад 14 хоног амраад мөн нэмээд 9 хоног амарна. Ингэснээр 156 цаг амран дээрээс нь ажил амралтын өдрүүд нэмэгдэн. Нийт 25 хоног буюу сар амрах ба ажиллаж буй ажилтнууд нь үндсэн цалин 168 цаг биш 112 цаг руу буураад. Хөдөө 14 хоног ажиллахаар яваад ирээд сар амардаг. Тэгэхээр залуу хүмүүс гадаад явж ахиу цалин авахаа бодно. Нийгэмд иймэрхүү уур амьсгал бий болгож болохоор байна. Энэ нь улс орноо хөгжүүлье гэж тооцсон хууль тогтоогчийн санаанаас гарах ёстой зүйл биш бөгөөд аль болох сайн үр дагаврыг бий болгох үүднээс байдаг учраас энэ хуулийн зохицуулалт нь буруу гэж үзэж байна. Өмнө нь 14 хоног ажиллаад 7 хоног амардаг байсан. Тэгээр сардаа 21 хоног ажилладаг байсан. Бид нар энэ цалин хөлсийг нь бууруулахгүйгээр сарын цалин хөлсөөр нь тогтоогоод 14 хоног ажилладаг. Нэхэмжлэгчийн байр суурь нийтийн салбарт 168 цагаар ахиу тооцож буй цалин хөлсийг 112 цагаар тооцож бууруулах үр дагавартай ажилтанд хохиролтой үр дагавар руу оруулдаг. Үүнийг нийт салбараар нь төлөөлүүлж хэлж байна. Гарцаагүй хууль зүйн шаардлага талаас нь үзэхэд нэхэмжлэгч хэд хэдэн адил утгатай нэхэмжлэл гаргасан учраас 112 цаг ажиллах ёстой түүнээс бусдыг нь илүү цаг, 56 цагийг 3 үржүүлээд нэхэмжлэл гаргаж буй ажилтныхаа нөхцөл байдал нарийн тооцооллыг гаргаж анхан шатанд мэтгэлцээгүй. Манай зүгээс тооцоолол нь ойлгомжгүй байна гэж хэлсэн. Анхан шатны шүүх энэ асуудлыг тоо тооцооллын гэхээсээ илүү хууль хэрэглээг хэрхэн тогтоох, хууль тогтоогчийн хүсэл зориг нь юу вэ гэдэг талаас нь анхаараад хууль хэрэглээний талаас нь шийдвэрлэсэн. ...Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Хаас хариуцагч О ХХК-д холбогдуулан 2022 оны 09, 10, 11 дүгээр саруудын илүү цагийн нэмэгдэл хөлс 6,847,014 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимтай нийцээгүй байна.
3. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч О ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөдөлгөөнт хүнд машин механизмын операторчиноор 14 хоног ажиллаад 7 хоног амрах хуваарьтайгаар хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд талууд уг гэрээнд 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажил амралтын цагийг 14 хоног ажиллаад 14 хоног амрахаар нэмэлт, өөрчлөлт оруулжээ /1 х.х-ийн 99-105/.
Зохигч нарын хооронд 2014 оноос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, ажил олгогчоос сард 168 цагаас илүү ажилласан цагт нэмэгдэл хөлс тооцон ажилтанд олгож байсан үйл баримтад талууд маргаангүй. Харин 112 цаг /14x8/-аас 168 цаг хүртэл илүү ажилласан 56 цаг /14x4/-ийн нэмэгдэл хөлсийг олгох эсэх талаар маргасан байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс сарын ердийн ажиллах цагийг 112 цаг, үүн дээр өдрийн уртасгасан буюу илүү ажилласан 4 цаг, тухайн сард илүү ажилласан 56 цаг /56:4=14хоног/-ийн нэмэгдэл цалин хөлсийг олгох ёстой гэсэн бол, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил-амралтын горимыг 14:14 хоногоор тогтоосон, мөн ажилтан сард 168 цаг ажиллаж байгаа тул илүү цагаар ажилласан гэх нөхцөл байдал байхгүй, урьд өмнө ажил-амралтын горимыг 14:7 хоног байсныг амрах хоногийг 7 хоногоор нэмэгдүүлсэн учир ажилтныг нөхөн амраасанд тооцно гэжээ.
4. О ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72/21 тоот тушаалаар баталсан Ажлын цагийн тухай журам-ын 8 дугаар зүйлийн 8.1.7, 8.1.8 дахь заалтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т заасантай нийцээгүй байна /1 х.х-ийн 155-160/.
Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, 87 дугаар зүйлийн 87.2-т Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна гэж, 87.3-т Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгон гэж, мөн 109 дүгээр зүйлийн 109.1-т Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч нь уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болох бөгөөд энэ тохиолдолд ажилтны нэг ээлжийн ердийн ажлын цаг өдрийн 8 цаг байх, хэрэв илүү цагаар ажиллуулах бол 4 цагаас илүүгүй хугацаагаар ажиллуулж болох бөгөөд тийнхүү илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол илүү ажилласан нэмэгдэл цалин хөлсийг түүний дундаж цалин хөлсийг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгохоор зохицуулсан байна.
5. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т зааснаар Улсын дээд шүүх нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах эрхийнхээ хүрээнд нэр бүхий хүмүүсийн нэхэмжлэлтэй О ХХК-д холбогдох илүү цагийн цалин хөлсний талаарх маргааныг хянан шийдвэрлэж хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон.
Тодруулбал, уул уурхайн салбарын ажиллах орчин нөхцөл, ажлын байр нь ажилтны байнга оршин суух газраас алслагдмал байдал, мөн ажил-гэртээ ирж, очих нөхцөл, хугацаа болон бусад онцлогоос хамаарч ажлын цагийг сарын 112 цаг байхаар тогтоож, үүн дээр өдрийн сунгаж ажилласан 4 цагийг илүү ажилласан цагаар тооцож, улмаар тухайн сард 112 цагаас дээш ажилласан цагийг илүү цагаар тооцох шийдэл нэгэнт тогтжээ.
Нөгөө талаар 112 цагаас дээш ажилласан цагийг илүү цагаар тооцсонооор үйлдвэрийн буюу нийгмийн зардал өсөж, цаашид ажил олгогчид тооцоолоогүй зардал бий болно гэсэн хариуцагчийн тайлбарын хувьд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах зарчимтай тул Улсын Их Хурлаас баталсан хуулийг дээрх үндэслэлээр тайлбарлаж хэрэглэхээс татгалзах эрхгүй юм.
Иймд, анхан шатны шүүхийн Б.Хы ажлын өдрийн үргэлжлэл нь 12 цаг, уртын ээлжээр ажил үүрэг гүйцэтгэх хугацаа нь 14 хоног, амрах хугацаа нь 14 хоног болох нь тогтоогдсон тул хариуцагч нь нэхэмжлэгчийн нэг өдөрт 4 цаг илүү ажилласан хугацааг нөхөн амраах замаар нэг сард 168 цаг ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3, 92.4-т заасныг зөрчөөгүй гэх дүгнэлт үндэслэлгүй.
6. Б.Х болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2022 оны 09, 10, 11 дүгээр саруудын ажилласан цагийн бүртгэл, цалингийн задаргааг үндэслэн 2022 оны 09 дүгээр сард ажилласан 182 цаг, үүнээс 14 цаг илүү ажилласан, 2022 оны 10 дугаар сард ажилласан 182 цаг, үүнээс 14 цаг илүү ажилласан, 2022 оны 11 дүгээр сард ажилласан 192 цаг, үүнээс 24 цаг илүү ажилласан гэсэн /1 х.х-ийн 31-33/.
Талуудын тайлбараар О ХХК нь Б.Хд сар бүр 168 цагаас хэтрүүлэн ажилласан илүү цагийн нэмэгдэл цалин хөлсийг хуульд зааснаар тооцож олгосон ба харин дээр дурдсанаар олгоогүй үлдсэн 56 цаг илүү ажилласан нэмэгдэл хөлсийг ажилтны дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох ёстой байтал ердийн ажлын цагаар тооцож өгсөн байх тул тийнхүү олгоогүй үлдсэн 0.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэмэгдэл цалин хөлсийг нэхэмжлэгчид олгоно.
7. Нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлс 2,542,939 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл хөлс 2,766,430 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлс 1,781,002 төгрөг, нийт 6,847,014 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд тэрээр 2022 оны 09 дүгээр сард 19,440,354 төгрөгийн, 2022 оны 10 дугаар сард 8,585,598 төгрөгийн, 2022 оны 11 дүгээр сард 13,708,228 төгрөгийг цалин хөлс тус тус авчээ /1 х.х-ийн 6/.
Үүнээс илүү цагаар ажилласан боловч аваагүй 0.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэмэгдэл цалин хөлсийг тооцвол:
2022 оны 09 дүгээр сард авсан цалин хөлс 19,440,354 төгрөг, 1 цагийн хөлс 102,859 төгрөг /19,440,354:/168+14х1.5/, тухайн сарын 56 цагийн цалин хөлсийг 0.5 дахин нэмэгдүүлж бодоход 2,880,052 төгрөг /56х0.5х102,859/,
2022 оны 10 дугаар сард авсан цалин хөлс 8,585,598 төгрөг, 1 цагийн хөлс 45,426 төгрөг /8,585,598:/168+14x1.5/, тухай сарын 56 цагийн цалин хөлсийг 0.5 дахин нэмэгдүүлж бодоход 1,271,928 төгрөг /56х0.5х45,426/,
2022 оны 10 дугаар сард авсан цалин хөлс 8,585,598 төгрөг, 1 цагийн хөлс 67,197 төгрөг /13,708,228:/168+24x1.5/, тухай сарын 56 цагийн цалин хөлсийг 0.5 дахин нэмэгдүүлж бодоход 1,881,516 төгрөг /56х0.5х45,426/ болж байна.
Гэвч нэхэмжлэгч нь 2022 оны 09 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсөнд 2,542,939 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлсөнд 1,781,002 төгрөгийг нэхэмжилсэн тул талуудын зарчмын хүрээнд энэхүү дүнгээр хангаж, харин 2022 оны 10 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл цалин хөлсөнд 2,766,430 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ хэмжээний илүү цагаар ажилласан гэдэг нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул 1,271,928 төгрөгийн хэмжээнд хангаж, хариуцагчаас нийт 5,595,866 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/01941 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч О ХХК-иас 5,595,866 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,251,148 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-аас 104,484 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Хд олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР