Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 042

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч, хяналтын прокурор М.Ф,

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Х Б-д холбогдох эрүүгийн 191300020042 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Сагсай сумын бүрэн дунд сургуулийн дотуур байрны багш ажилтай, Сагсай сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Т овгийн Х Б, РД:БИ00000000

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Х.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн дүү нь болох Х.Е-ыг ахуйн маргааны улмаас толгой руу нь хэд хэдэн удаа нударгаар цохиж зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Х.Б-гаас мэдүүлэхдээ: Би Х.Е-гаас авах мөнгөтэй байсан. Тэр мөнгийг асуухад өгөөгүй. Тэгээд ч миний эхнэрийг хэл амаар доромжилж, зодсон болохоор би очиж маргаан гаргасан. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Дүү бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн гэв.

Хоёр: Эрүүгийн 1913000270042 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Х.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  Тэр өдөр би Сагсай сумын биллярд тоглоомын газарт байж байхад Х.Б ах ирээд хөдөө аавын гэрлүү нүүрс хүргэе гэсэн. Би мөс ачих гэж байна гэхэд ах Х.Б гараад явчихсан. Тэгээд хэсэгт хугацааны дараа ах Х.Б над руу залгаад өнгөрсөн жил авсан нөөтбүүкийн үлдэгдэл мөнгө болох 300000 төгрөгийг өг гэж хэлсэн. Би хариуд нь “хүнээс мөнгө авах ёстой, өгөхөөр нь танд өгье” гэж хэлсэн. Гэтэл дахин дахин над руу залгаад байхаар нь мөнгө нэхээд байхаар нь “тэгвэл урд өгсөн мөнгийг буцаагаад өөрийн нөөтбүүкээ ав” гэхэд “нөөтбүүк аваад ир, тэгээд мөнгөө ав, харин чамтай тооцоотой шүү” гээд утсаа салгасан. Хэсэг хугацааны дараа М.А залгаад хадам аавын нэрээр намайг дуудаж, хурдан ир, тооцоогоо дуусгая гэсэн. Тэгээд би биллярд тоглоомын газраас Х.Б ахын гэрт ороход  М.А үүдний өрөөнд байсан ба хэл амаар доромжлон новш минь мөнгөө өг гэж дайрсан. Тэгэхэд гэрээс Х.Б гарч ирээд над руу шууд дайрч миний толгой руу хэд хэдэн удаа нударгаар цохиод намайг хаалганы хажууд дарж унагаасан. Тэгээд гаднаас А орж ирээд салгаж авсан. Бид хоёрыг салгасны дараа Х.Б дахиад зуухны ширэм авч намайг цохих гэхэд Х.А зуухны ширмийг нь булааж авсан. Тэгээд Х.А намайг дагуулаад цагдаагийн хэсэг рүү авч явсан.

...Надад Х.Б-гаас нэхэмжлэх зүйл байхгүй. Х.Б-ын учруулсан гэмтэл бүрэн эдгэрсэн. Ямар нэгэн зардал гараагүй. Х.Б миний төрсөн ах ба хийсэн үйлдэлдээ гэмшиж надаас уучлалт гуйсан болохоор би ахыгаа уучилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас/,

3. Гэрч Ш.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Нүүрс ачихаар Б-д ирэхэд тэдний үүдний амбаарт баахан шуугиан болж байсан. Хоорондоо зодолдож маргалдсан Б, Е нарыг А салгасан байдалтай байсан. Тэгээд би та нар ах дүүгээрээ юу болцгоосон бэ гээд Е-ыг  гараад харь гээд үүдний амбаараас гаргачхаад нүүрс ачихаар явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

4. Гэрч Х.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Гэр лүүгээ харьж байгаад Б ахын гэрийн хажуугаар өнгөртөл тэднийд бөөн шуугиан болж байсан. Гэрт нь яваад ортол үүдний өрөөнд хаалганы хажууд Б Е-ын цээжин хэсэгт нь дараад суучихсан Е дээшээ хараад хэвтсэн байдалтай Б Е-ын гарыг нь хүлэх гэж байхад нь би салгасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-гийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт:     

- Иргэн Х.Е-гийн биед баруун талын хацарны хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт, 2 талын нүдний дээд доод зовхинд хөх ягаан өнгийн, баруун талын нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хуралт, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

 6. Шүүгдэгч Х.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тус өдөр Бөхөөн ууланд байдаг аав Хайзым нүүрс аваад ир гэж залгасан. Тэгээд төрсөн дүү Х.Е-д хөдөө нүүрс хүргээд ирье гэхэд биллиард тоглоод манайд ирээгүй. Тэгээд хүлээгээд ирэхгүй болохоор Х.Е руу залгаж өнгөрсөн жил авсан нөөтбүүкний үлдэгдэл болох 300000 төгрөг өг гэж хэлсэн. Гэтэл Х.Е утасны цаанаас орилж утсаа салгасан. Хэсэг хугацааны дараа Х.Е манай гэрийн үүдний өрөөнд орж ирээд миний эхнэр М.А-тай хэрэлдэж миний эхнэр М.А-гийн хөлрүү өшиглөж байсан. Би гэрээс гарч ирээд Х.Е чи яагаад хэрүүл хийгээд хүн зодоод байгаа юм гэхэд над руу дайраад заамдсан. Тэр үед би уурлаад Х.Е-ыг түлхэхэд үүдний хаалгаар гаргах гэтэл гарахгүй зуралдаад байсан. Тэгэхээр нь заамдсан гарыг нь тавиулаад баруун гараараа 3 удаа нүүр лүү нь цохисон. Тэр үед хүүхдүүд уйлаад гаднаас Х.А орж ирээд салгасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

 7. Шүүгдэгч Х.Б-ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

 Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Б-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Х.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн дүү нь Х.Е-ыг ахуйн маргааны улмаас толгой руу нь хэд хэдэн удаа нударгаар цохиж зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Х.Б-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Х.Е, гэрч Ш.Е, гэрч Х.А нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б-гийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Б гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн дүү нь Х.Е-ыг ахуйн маргааны улмаас толгой руу нь хэд хэдэн удаа нударгаар цохиж зодсоноос түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.Б-гаас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Иймд шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Х.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Е-гийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Х.Б нь хохирогч Х.Етай сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо арилгасан тул хохирогч Х.Е-гаас нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсан байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Х.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Х.Б-гаас хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 5/23 дугаартай саналд яллагдагч Х.Б-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Х.Б хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

3. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч Х.Б урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Х Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Б-гийн иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т