| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/03890/И |
| Дугаар | 210/МА2024/01692 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2024/01692
2024 08 30 210/МА2024/01692
И.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/02226 дугаар шийдвэртэй,
И.О-ийн нэхэмжлэлтэй, Х ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 16,192,502 төгрөг, 2018-2021 онуудын амралтын мөнгө 2,403,091 төгрөг, үндэслэлгүйгээр цалингаас авсан суутгалын мөнгө 250,000 төгрөг, барьцааны 100,000 төгрөг, нийт 18,945,593 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч И.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Х ХХК-д борлуулагчаар ажилд ороод 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Намайг ажиллах үед хуульд заасан ээлжийн амралт болон амралтын мөнгө өгөөгүй, цалингаас үндэслэлгүй суутгал хийгээд байсан тул ажлаасаа гарсан. Улмаар 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр захиралтай холбогдон түүний үгэнд итгээд дахин ажиллахаар болж хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээгээр бол сарын цалинг борлуулсан бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтын 15 хувиар гэж тохиролцсон. Би гэрээний дагуу сайн борлуулалт хийсэн боловч надад хууль бус шаардлага тавьдаг, цалингаас үндэслэлгүй бага хэмжээгээр суутгал авсан.
1.2. Би компанийн нягтлантай ярихад намайг 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр амралтаа авч болно гэж хэлсэн. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 22-ний өдөр компанийн захирал над руу залгаж японоор маш их муухай үгээр харааж, ажлаас гараарай, зайлаарай гэсэн утга бүхий үг хэллэг хэлж утсаа салгасан. Түүний дараагаар менежер гэх эмэгтэй ирээд захирал лангууны түлхүүрээ ав гэж намайг явууллаа гээд надаас түлхүүрийг аваад бас орлогоо тоолж авсан. Дээрх байдлаар намайг ажлаас хөөж явуулахдаа ажлаас халсан тушаал гаргаагүй.
1.3. Миний борлуулсан бараа бүтээгдэхүүний падаанаар 1 сарын цалингийн дунджийг 1,000,000 төгрөг байхаар бодсон. Үүнийг ажилласан 26 хоногт хуваахаар 1 өдрийн 38,462 төгрөг бөгөөд ажиллуулаагүй 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 421 хоногоор тооцоход 16,192,502 төгрөг болно. Энэ нь ажилд орсон 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс ажлаас хөөж явуулсан хугацаа 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх амралтын мөнгө 2,403,091 төгрөг болж байна. Мөн ямар ч үндэслэлгүйгээр миний цалин дээрээс суутгал хийж байсан төлбөр 250,000 төгрөг, барьцааны гэж 100,000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин дээр нэмж тус тус нэхэмжилж байна.
1.4. Намайг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс ажиллуулаагүй байдаг бөгөөд намайг хөөж явуулахдаа ажлаас халсан тушаал шийдвэр гаргаагүй, ажиллуулахгүй гээд ажлаас халсан тухай ямар нэгэн баримт бичиг болон тушаалыг одоо болтол өгөөгүй. Харин 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажлын 133 хоногийг сарын дундаж цалин 1,000,000 төгрөгөөр тооцвол 5,115,462 төгрөг болж байна. Тиймээс ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй тул Х ХХК-ийн худалдааны төлөөлөгч, борлуулагчийн ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 5,115,462 төгрөгийг гаргуулан мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан нэмэгдүүлж байна.
Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 16,192,502 төгрөг, 2018-2021 онуудын амралтын мөнгө 2,403,091 төгрөг, үндэслэлгүйгээр цалингаас авсан суутгалын мөнгө 250,000 төгрөг, барьцааны 100,000 төгрөг, нийт 18,945,593 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
И.О нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажлын байраа орхиж явсан бөгөөд энэ талаар гүйцэтгэх захирал Ивасаки Минору болон И.О нарын хооронд харилцсан мэссэж байдаг. Мөн И.О нь ээлжийн амралт авах хүсэлт гаргасан боловч 2020 оны 07 дугаар сард тэрээр ээлжийн амралтаа авсан учраас ээлжийн амралт дахин авах боломжгүй. Андууд салбар хараа хяналт багатай сул байдаг учраас ажилчид ажлын цагаар гарч явах, ажлын дүрэмт хувцас өмсөхгүй гэх мэт алдаа дутагдал гаргадаг байсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулж байсан.
Улмаар нэхэмжлэгчийг 3 дугаар сараас Оргил салбарт шилжүүлж ажиллуулна гэхэд ажлаа хаяад явсан болохоос түүнийг 02 дугаар сарын 22-ны өдөр ажлаас халаагүй. Нэхэмжлэгч 2020 онд ажилд орсон бөгөөд тэр хооронд ажлаас гарч ороод байдаг. Мөн нэхэмжлэгч зээл авахад цалин багаар ороод байгаа учраас нийгмийн даатгалыг багаар төлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.
Өөрөө хүсэлт гаргаж нийгмийн даатгалыг багаар төлүүлсэн атлаа байгууллагыг буруутгаж байгаа нь ёс зүйгүй үйлдэл болно. Хуульд ажлаас халсан тушаал гарснаас хойш 1 сарын дотор шүүхэд хандах эрхтэй тул гомдол гаргах хугацаа өнгөрсөн. Учир нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй тул 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шүүх нэхэмжлэлийг буцаасан. Нэхэмжлэгч буцааасан захирамжаа 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гардан авсан атлаа 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
Иймд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.О-ийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 16,192,502 төгрөг, 2018-2021 онуудын амралтын мөнгө 2,403,091 төгрөг, үндэслэлгүйгээр цалингаас авсан суутгалын мөнгө 250,000 төгрөг, барьцааны 100,000 төгрөг, нийт 18,945,593 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч нь тус шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ/2022/00000 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай захирамж гарснаас хойш 2 cap, 5 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Нэхэмжлэгч И.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дээрх үндэслэлээр буцаалгасан тохиолдолд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй боловч энэхүү эрхээ эдлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль /2002 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар нэхэмжлэлийг буцаах тухай захирамж гарсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байвал зохино гэжээ. Гэвч би шүүхэд анх 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хандаж 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шийдвэрлэсэн.
Шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гардаж аваад 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дахин нэхэмжпэл гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргасан. Улмаар би 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд анх хандаад шийдэгдэхгүй байсан шалтгаанууд эхэндээ хариуцагчийн хаяг тодорхойгүй, дараа дараагийн удаа бол миний өөрөө хуулиа сайн мэдэхгүйн улмаас нэхэмжпэлийн шаардлагаа тодорхойлох улмаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхой сайн гаргаагүйн улмаас болсон. Гэтэл хэрэгт 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж байхгүй байгааг мэдсэн.
4.2. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Учир нь шүүх хурлыг бүтэн өдөржин явуулсан атлаа хурлын тэмдэглэлээс харахад 13.30-14.55 цагын хооронд явуулсан мэтээр худлаа бичсэн, бодит байдал дээр хурал 17 цаг өнгөртөл хуралдаж дууссан. Мөн хуралд оролцсон хүмүүсийн нэрсийг хүртэл буруу бичиж маш хайнга, хариуцлагагүй хандсан. Шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй их сургуульд хамт сурч байсан, хариуцагч талын хүсэлтээр удаа дараа хурлыг хойшлуулдаг, гаргасан хүсэлтийг хангадаг боловч нэхэмжлэгчийн талаас гаргасан хүсэлтийг хангаагүй. Мөн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрээ 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
И.О нь ажлын байраа өөрөө орхиж явсан нь гэрчийн мэдүүлэг, захирлын бичсэн мессеж хэрэгт баримтаар авагдсан. Хугацаатай холбоотой гомдол гаргасан боловч талаар анхан шатны шүүхэд баримт байхгүй. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн захирамжийг давж заалдах шатны гомдолд гаргадаг. Баримтыг анхнаасаа өгсөн бол шүүх хуралдаан эхлэхээс өмнө хэрэгтэй танилцаад алга болсонтой холбоотой хүсэлт гаргах боломж байсан. Захирамж харсан ч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгоогүй нь өөрсдийнхөн алдаа бөгөөд алдаа гаргаснаас болоод хугацаа алдсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч И.О нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 16,192,502 төгрөг, 2018-2021 онуудын амралтын цалин 2,403,091 төгрөг, үндэслэлгүйгээр цалин хөлснөөс суутган авсан 250,000 төгрөг, барьцааны 100,000 төгрөг, нийт 18,945,593 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Хэргийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:
4.1. Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч Н.О-ийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тус компанид бараа бүтээгдэхүүний борлуулагчаар ажиллуулсан үйл баримт хэргийн нэгдүгээр хавтасны 159, 221-226 дугаар тал дахь хөдөлмөрийн дотоод журам, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Х ХХК-ийн захирлын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Н.О-ийг ажилд томилсон тушаал, талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон.
4.2. Нэхэмжлэгчийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс борлуулагчийн ажилд томилсон гэх хариуцагч байгууллагын тушаал хожмоо нөхсөн болох нь уг тушаалын болон талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээг огноолсон байдал, хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан цаг хугацаа, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогджээ.
Хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.1, 8,2.2, 8.2.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч И.О-ийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан.
4.3. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажлаас хөөж явуулсан гэх, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаа хаяж яваад ирэхгүй байсан тул ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэх тайлбар тус тус гарган маргажээ.
4.4. Гэрч Э.Цолмон шүүхэд ...тухайн үед Б.О-ийн ажиллах салбарыг сольж ажиллуулна гэхэд Б.О тэгвэл би ажлаасаа гарна гэж хэлсэн. Тухайн ажиллаж байсан салбар дээр нь очиход би ажлаасаа гарна гээд надад түлхүүрээ өгөөд би материалыг нь тоолж хүлээж авсан, тэгэхэд ТБД андууд салбарт ажиллаж байсан... гэх агуулга бүхий мэдүүлэг өгсөн.
4.5. Мөн хариуцагч Б.О-ийн 0000000 дугаараас 000000 дугаарт бичсэн зурваст үзлэг хийсэн тэмдэглэлээр 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12:25 цагт бичсэн 3 сарын 01-нээс амралтаа авья... ажлын байрны дарамт...үгүй ээ гэх зурвас, тус 0000000 дугаараас бичсэн 3 сарын 01 Оргил групп, маргаашаас эхлээд Оргил групп руу оруулна. Их дэлгүүр дээр 9:00-д ирээд Туултай түлхүүрээ солиорой гэх зурвас бичсэн нөхцөл байдал тогтоогджээ.
4.6. Талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлэг, гар утасны цахим зурваст үзлэг хийсэн тэмдэглэлийг хэргийн бусад баримтуудтай харьцуулан дүгнэвэл хариуцагчийн нэхэмжлэгч ажилдаа ирэхгүй болохоор ажлаас чөлөөлсөн гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
5. Хөдөлмөрийн дотоод журмын 8 дах хэсгийн 1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр дараалан ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш ажилдаа очоогүй болох нь тогтоогдсон тул хариуцагч байгууллагын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
5.1. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана заасан.
5.2. Нэхэмжлэгч И.О нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажил эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр анх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШЗ2021/0000 дугаар захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн. Улмаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/0000 дугаартай шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилсан. /1-р хх-ийн 20, 188/
5.3. Үүний дараа нэхэмжлэгч И.О нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, 20,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2021/00000 дугаар захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн. /1-р хх21/
5.4. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2022/0000 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ирээгүй үндэслэлээр түүний гаргасан нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэжээ. Улмаар нэхэмжлэгч И.О нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/0000 дугаар захирамжаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Харин тэрээр 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2022/0000 дугаартай захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн. /1-р хх33/
5.5. Нэхэмжлэгч И.О нь дээрх байдлаар нэхэмжлэл гаргахдаа шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт болон түүнтэй холбоотой нотлох баримт гаргаагүйгээс гадна Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2022/00000 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааснаас хойш 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан эрхээ зөрчигдсөнөө мэдсэн үеэс гомдлоо нэг сарын дотор шүүхэд гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Нэхэмжлэгч ...шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэтэрхий нэг талыг барьж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, шүүх хурлыг өдөржин явуулсан атлаа хурлын тэмдэглэлд 13.30-14.55 цагийн хооронд явуулсан мэтээр, хэргийн оролцогчийн нэрийг буруу бичсэн, шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй их сургуульд хамт сурч байсан, хариуцагч талын хүсэлтээр удаа дараа хурлыг хойшлуулсан, шүүхийн шийдвэрийг хуулийн хугацаанд гаргаагүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
6.1. Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ЕШ2023/00000 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийг гомдол үндэслэлгүй байна.
6.2.Хоёрдугаар хавтаст хэргийн 94-98 талд авагдсан 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл анхан шатны шүүх хуралдааныг 13 цаг 30 минутад нээж, 14 цаг 55 минутад хаасан болох нь тогтоогдсон байхаас гадна хэргийн оролцогчийн нэрийг буруу бичсэн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд энэ талаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/02226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ