Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 044

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

нарийн бичгийн дарга К.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К овогт Х Бд холбогдох 1913000330053 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, К овгийн Х Б, регистрийн дугаар БЭ00000000.

 

Шүүгдэгч  Х.Б-гийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны шөнийн 23 цагийн үед иргэн Н.А-гийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өвөлжөөний байшинд эзгүй байх үед нь байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, дотор нь байсан 50 литрийн хөнгөн цагаан тогоог хулгайлан авч явж бусдад худалдан борлуулж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэг өгөхөөс татгалзсан боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал.

     Хоёр: Эрүүгийн 1913000330053 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     1. Хохирогч Н.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Ногооннуур сумын Цагдаагийн тасагт тасгийн даргаар ажилладаг бөгөөд гэр бүлээрээ буюу ээж, эхнэр 2 хүүхдийн хамт Ногооннуур суманд түр оршин сууж байгаа. Манай гэр Өлгий сумын 11 дүгээр багт байрладаг ба байнга эргэж тойрч ирж явдаг байсан. Өнөөдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан бөгөөд гэрт орж эд зүйлүүдийг харахад амбаарт байсан Орос улсад үйлдвэрлэгдсэн 50-60 литрийн хөнгөн цагаан тогоо нэг ширхэг, ширмэн 2 чихтэй 30-40 литрийн тогоо нэг ширхэг тус тус хулгайд алдагдсан байна.

     ...Н.А би яллагдагч Х.Бд гомдолгүй. Хулгайд алдсан хөнгөн цагаан тогоог эргүүлж авсан. Цаашид шалгуулах зүйл гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Яллагдагч Х.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15, 80 дугаар хуудас/,

     2. Гэрч Б.Е-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2019 оны 1 дүгээр сарын 10-11-ний өдрүүдийн аль нэг нь байх сайн санахгүй байна, надад өдрийн 15 цагийн үед Х.Б доод тал нь хөөтэй хөнгөн цагаан 50 литрийн 2 бариултай, тагтай тогоог авч ирж 20000 төгрөгөөр худалдсан байсан. Би уг тогоог хулгайлан авсан тогоо гэдгийг мэдээгүй ба тухайн үед 20000 төгрөгт өгнө гэхээр нь авсан байсан. Би  тэр үед Х.Баас энэ ямар тогоо вэ гэж асуухад би гэрээс авч ирсэн миний өөрийн тогоо гэж хэлсэн. Би Х.Баас 50 литрийн хөнгөн цагаан тогоог худалдаж авснаас хойш 3 хонгийн дараа танихгүй нэг цагдаа таарахад надад нэг хөнгөн цагаан тогоо байгаа шүү гэж тухайн үед хэлж байсан”.

     ...Надад 20000 төгрөгөөр тогоо худалдсан Х.Б гэгч залуу 20000 төгрөгийг төлж өгөөгүй. Төлье гэсэн ч түүнд түүнд ямар нэгэн мөнгө төгрөг, орлого гэх зүйл байхгүй юм байна. Тийм болохоор би нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,

     3. ”Мөнх эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Х.К-гийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 19-14 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,

     4. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас/,

     5. Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,

     6. Эд зүйлд  үзлэг хийсэн тухай тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/,

     7. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

     8. Шүүгдэгч Х.Б-гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

     Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

     Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Б-гийн  холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

     1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

     Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны шөнийн 23 цагийн үед иргэн Н.А-гийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өвөлжөөний байшинд эзгүй байх үед нь байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, дотор нь байсан 50 литрийн хөнгөн цагаан тогоог хулгайлан авч явж бусдад худалдан борлуулж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н.А, гэрч Б.Е нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, ”Мөнх эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Х.К-гийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 19-14 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйлд  үзлэг хийсэн тухай тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

     Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Б гэм буруугийн талаар маргаагүй болно.

     Хууль зүйн дүгнэлт:

     Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Б-ыг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны шөнийн 23 цагийн үед иргэн Н.А-гийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өвөлжөөний байшинд эзгүй байх үед нь байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж, дотор нь байсан 50 литрийн хөнгөн цагаан тогоог хулгайлан авч явж бусдад худалдан борлуулж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн болох хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.Б-гаас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг өмгөөлөгчийн хамт гаргаж мэтгэлцээгүй болно.

     Иймд шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

     Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

     Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

     Шүүгдэгч Х.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.А-д 150000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд  шүүгдэгч Х.Б-гийн худалдан борлуулсан 50 литрийн хөнгөн цагаан тогоог эд мөрийн баримтаар хураан авч, өмчлөгч нь болох Н.А-д хүлээлгэж өгсөн тул хохирогч Н.А-гаас нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсан байна.

     2.Эрүүгийн хариуцлагын талаар.

     Шүүгдэгч Х.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Х.Б-гаас хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бичгээр гаргасан байна.

     Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3/27 дугаартай саналд яллагдагч Х.Б-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заалтыг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Х.Б хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/.

     Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

     Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан хорих ялыг сонгон, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

     Шүүгдэгч Х.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

     Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

     Шүүх шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

     3. Бусад асуудлаар.

     Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

     Шүүгдэгч Х.Б-д  урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд өнөөдрөөс эхлэн уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч К овогт Х Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Х.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.Т