Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
Хэргийн индекс | 102/2023/04779/И |
Дугаар | 210/МА2024/01894 |
Огноо | 2024-10-16 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/01894
2024 10 16 210/МА2024/01894
Г ХХК, Ц ХХК-иудын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/03824 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г ХХК, Ц ХХК-иудын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нт холбогдох,
Хөрөнгийн үнэлгээ болон эд хөрөнгө хураах тухай тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02308 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1876 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 001/хт2021/000412 дугаар тогтоолоор Т.Б, Г ХХК-иас 594,364,991 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 3,129,775 төгрөгийг гаргуулж Ч ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагчаас төлбөрт хураагдсан хөрөнгийг шинжээч томилж үнэлүүлсэн. Наас 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээтэй танилцахыг мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчээс 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хөрөнгийн үнэлгээтэй танилцсан.
Шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайланд Ц ХХК-ийн эзэмшиж буй ... аймгийн ... сумын нутагт байрлалтай үйлдвэрлэл болон үр тарианы зориулалттай 4 газар эзэмших эрх, бусад хөрөнгийг 526,539,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55, Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа явуулаагүй, төлбөр төлөгч Г ХХК болон Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т нараас 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төлбөр төлөгч Т.Баас 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр, төлбөр авагч Чнаас 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн гз/290 дугаар албан бичгээр тус тус хөрөнгөтэй холбоотой үнийн саналыг гаргасан.
Гэтэл хариуцагч нь төлбөр авагч Ч үнийн санал гаргахаас 1 хоногийн өмнө буюу 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/318 дугаар тогтоолоор үнэлгээчин Н.Цийг шинжээчээр томилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2 дахь заалтад нийцэхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хууль зөрчсөн. Уг зүйлд үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасан үнэ тохиролцоогүй тохиолдолд шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох үндэслэлийг хуульчилсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-д заасан шинжээч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохоос татгалзах үндэслэл байгаа эсэхийг тодруулаагүй, энэ зүйлийн 43.7-д заасны дагуу шинжээчийг татгалзан гаргах эсэх талаар төлбөр төлөгчөөс тодруулаагүй, үнэлгээчин Н.Цийг шинжээчээр оролцуулахыг огт мэдэгдээгүй, шинжээч томилох тухай тогтоолоо ч танилцуулаагүй, дээрх хуульд заасан шинжээчийг татгалзан гаргах эрхээр төлбөр төлөгчийг хангах арга хэмжээг шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлээгүй.
Шинжээч Н.Цээс хөрөнгийн үнэлгээний тайланг хэзээ хүлээн авсан нь тодорхойгүй, хүлээлцсэн гэх актыг шийдвэр гүйцэтгэгч баталгаажуулаагүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан үнэлгээ мэдэгдэх хугацаа тоолох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн, мөн хуулийн 13.1-д заасан үйл явц, үр дүнг баталгаажуулахаар тэмдэглэл үйлдээгүй үүргээ биелүүлээгүй хууль зөрчжээ.
Шинжээчийн тогтоосон хөрөнгийн үнэлгээ нь өнөөгийн зах зээлийн үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнээр хөрөнгийг үнэлсэн гэж үзэхээр байна. Тухайлбал шинжээчийн дүгнэлт, тайлангийн 11 дэх хуудаст газар эзэмших эрхийг үнэлэхдээ тус байршилд ойр орон сууцны зориулалттай, арилжаалагдсан газар эзэмших эрхийг харьцуулж үнэлгээ тогтоосон. Газар эзэмших эрхийг өртөг болон орлогын хандлагын аргаар үнэлээгүй, тооцоололд шаардлагатай таамаглал дэвшүүлэхэд хүрэлцэхүйц мэдээлэл алга байна гэжээ. Гэтэл аливаа хөрөнгийн үнэ цэнэ нь өөрийн өртөг, жишиг үнэ, орлогоор тооцогдож, зах зээлийн бодит үнийг тодорхойлох байтал үнэлгээ хийх газартай ойролцоо гэх нийтэд худалдан борлуулахаар мэдээлсэн газрын үнийг үндэслэн арилжааны харьцуулалтын аргаар үнэлгээ тогтоосон нь газрын үнэлгээг бодитой тогтоогдсон гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм.
Шинжээчийн тайланд дурдсан харьцуулалт хийсэн газрууд нь үнэлгээ тогтоох газраас зориулалтын хувьд ялгаатай, тухайн газар эзэмшигчдээс өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн худалдан борлуулахаар цахим хаягт байршуулсан үнэ болохоос газрын бодит үнэ, өртгийг тодорхойлох, харьцуулалт хийх боломжит үнэ гэж үзэхгүй байна. Түүнчлэн 11 дэх хуудаст бодит үнэ цэнийг тогтооход учир дутагдалтай байгаа талаар шинжээч тайландаа тусгасан байгаа нь газар эзэмших эрхийн үнэлгээг бодитой бус тодорхойлсон, зах зээлийн үнэ ханшид нийцээгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг зөрчиж, үндэслэлгүй үнэлгээ хийсэн болохыг харуулж байна.
Иймд хуульд нийцээгүй шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/318 дугаар тогтоол, уг тогтоолыг үндэслэн ... аймгийн ... сум, Охиндий 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай ГД-..., ГД-..., ГД-..., ГД-... дугаартай газар эзэмших эрх болон тоосгон гүний худаг, тоосгон агуулах, дэд станц, цахилгааны шугамыг үнэлсэн шинжээчийн 526,639,000 төгрөгийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулж, хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгч Ц ХХК-ийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 102/ШШ2019/02308 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 1876 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2021/000412 тоот тогтоолоор тус тус шийдвэрлэсэн.
Уг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгчөөр иргэн Б.Б, Г ХХК-иуд, төлбөр авагчаар Ч ХХК-иуд ажиллагаанд оролцож байгаа ба Ц ХХК нь төлбөр төлөгч, авагч аль аль нь биш. Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагааны явцад хураах, битүүмжлэх тогтоолыг үйлдсэн боловч Ц ХХК-д танилцуулж байгаагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулах зайлшгүй нөхцөлүүдийг нэг бүрчлэн заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эд хөрөнгүүдийг хураах ажиллагааг явуулахдаа хуульд заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй, хуульд заасан журмын эрх, үүрэг тайлбарлаагүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэхийн өмнө төлбөр төлөгчид төлбөрөө төлөх талаарх мэдэгдэл хүргүүлж, түүний биелэлтийг хангах учиртай. Гэтэл уг ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хийгдээгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ц ХХК-ийн эзэмшлийн газар, агуулахын барилга, гүний худаг, цахилгааны шугам, дэд станц зэргийг үнэлэх ажиллагааг явуулсан. Шинжээч нь Ц ХХК-ийн эзэмшиж буй, ... аймаг, ... сумын нутагт байрлалтай, ГД-... гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаар бүхий, үйлдвэрийн зориулалттай 17.4 га газар эзэмших эрхийг 51,829,000 төгрөгөөр, ГД-... гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаар бүхий үр тарианы зориулалттай 18.07 га газар эзэмших эрхийг 55,397,000 төгрөгөөр, ГД-... гэрчилгээтэй нэгж талбарын ... дугаар бүхий үр тарианы зориулалттай 24.6 га газар эзэмших эрхийг 73,123,000 төгрөгөөр, ГД-... гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаар бүхий, үр тарианы зориулалттай, 67.3 га газруудыг эзэмших эрхийг 199,920,000 төгрөгөөр, агуулахын барилгыг 79,260,000 төгрөгөөр, гүний худгийг 4,500,000 төгрөгөөр, дэд станцыг 41,400,000 төгрөгөөр, нийт 526,639,000 төгрөгөөр үнэлсэн.
Үнэлгээний тайлангаас харахад Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн аргыг дурдсан байх боловч бусад аргыг хэрэглээгүй байна. Иймээс эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоогдоогүй. Үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад хуульд заасны дагуу үнэлгээг гаргаагүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилохдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй.
Нөгөөтээгүүр, шинжээч зах зээлийн хандлагаар эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон гэх боловч зах зээлийн хандлагыг тодорхойлохдоо иргэдийн интернэт орчинд байрлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн зараар тодорхойлсон нь учир дутагдалтай. Шинжээч дүгнэлтийн бүрдүүлбэр нь шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй.
Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрт заасан бүхий л хөрөнгөд ажиллагаа явуулах учиртай боловч Ц ХХК-ийн барьцаа хөрөнгөөс бусад барьцаа хөрөнгөд явуулж байгаа ажиллагаа хэт удаашралтай байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Зээлийг Г ХХК болон Т.Б нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байхад үндсэн зээлдэгч нарын хөрөнгүүд дээр биш зөвхөн Ц ХХК-ийн эзэмшлийн хөрөнгүүд дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь учир дутагдалтай.
Барьцаа хөрөнгийн нэг нь П.Тийн өмчлөлийн орон сууц байсаар байхад уг байртай холбоотой ажиллагааг огт явуулахгүй байна. Мөн шүүхийн шийдвэрээр Г ХХК-ийн өмчлөлд буй Ч нэртэй, анимейшн төрлийн бүтээлийн ... дугаар гэрчилгээгээр баталгаажсан зохиогчийн эрхийг худалдан борлуулах талаар заасан байхад энэ талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй.
Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчээр Н.Ц гэж хүнийг томилсон байхад Файн эстимейт ХХК нь шинжээчийн дүгнэлтийг гаргасан ба шинжээчид хууль сануулах ажиллагааг огт хийгээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр хувь хүн эсхүл хуулийн этгээд ажиллаад байгаа нь өөрөө эргэлзээтэй.
Мөн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/318 дугаар тогтоолоор шинжээч томилсон мөртлөө төлбөр авагчаас 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр үнийн санал аваад байгаа нь хууль зөрчсөн.
Иймээс 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 22260516/12 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад ГД-... гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаар бүхий, үйлдвэрийн зориулалттай 17.4 га газар эзэмших эрхийг 51,829,000 төгрөгөөр, ГД-... гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаар бүхий үр тарианы зориулалттай 18.07 га газар эзэмших эрхийг 55,397,000 төгрөгөөр, ГД-... гэрчилгээтэй нэгж талбарын ... дугаар бүхий үр тарианы зориулалттай 24.6 га газар эзэмших эрхийг 73,123,000 төгрөгөөр, ГД-... гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаар бүхий, үр тарианы зориулалттай, 67.3 га газруудыг эзэмших эрхийг 199,920,000 төгрөгөөр, агуулахын барилгыг 79,260,000 төгрөгөөр, гүний худгийг 4,500,000 төгрөгөөр, дэд станцыг 41,400,000 төгрөгөөр, нийт 526,639,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шинжээчийг бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас баталсан журмын дагуу томилдог. Тодруулбал, тус газраас тендерт шалгарсан 10-15 хуулийн этгээд бүртгэлтэй байдаг. Уг бүртгэлээс тойргийн журмаар шинжээчийг сонгодог. Эхлээд шинжээч томилсон тогтоолоо бичгээр гаргаад бичиг хэргийн буюу дуудлага худалдаа хариуцсан ажилтанд өгдөг. Уг тогтоол дээр нь тухайн хариуцсан ажилтанд шинжээчийн нэрийг зоож бичдэг. Ийм дарааллаар сонгогдсон шинжээч хуультай танилцаад үнэлгээ хийж дүгнэлтээ гаргадаг. П.Тийн барьцаа хөрөнгийн хувьд нэмэлтээр ажиллагаа хийж байгаа, ганцхан хуулийн этгээдийн хөрөнгөтэй холбоотой ажиллагаа хийсэн зүйл байхгүй. Ч нэртэй, анимейшн төрлийн бүтээлийн ... дугаар гэрчилгээгээр баталгаажсан зохиогчийн эрхийн хувьд бодит байдал дээр хүндрэл үүсч байгаа. Бид холбогдох байгууллагаас зохиогчийн эрхийн талаарх үнэлгээ хийх, дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хийсэн боловч ийм практик манайд одоогоор байхгүй, судлах шалгах зүйл их байгаа гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2022 оны 3 дугаар сараас хойш явагдаж байгаа бөгөөд төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөх болон ажиллагаатай холбоотой тухайн бүрд мэдэгдэл хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Төлбөр төлөгч Т.Б, Г ХХК нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц ХХК-ийн эзэмшиж буй ... аймаг, ... сумын нутагт байрлалтай ГД-... гэрчилгээтэй нэгж талбарын ... дугаар бүхий үйлдвэрийн зориулалттай 17.4 га газар, ГД-... гэрчилгээний дугаартай нэгж талбарын ... дугаар бүхий үр тарианы зориулалттай 24.6 га газар, ГД-... гэрчилгээний дугаартай нэгж талбарын ... дугаар бүхий 18.07 га газар, ГД- ... гэрчилгээний дугаартай нэгж талбарын ... дугаар бүхий үр тарианы зориулалттай 67.3 га газруудыг эзэмших эрхүүд, эдгээр дөрвөн газрууд дээр баригдаж байгаа агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станцын хамт 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 22260516/11 дүгээр тогтоолоор битүүмжилсэн. Таван хоногийн дараа буюу 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 22260516/12 тогтоолоор хураан талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч болон төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/318 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилогдож, тус шинжээчийн хөрөнгийн үнэлгээг 526,639,000 төгрөгөөр тогтоосон нь хууль зөрчөөгүй.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур, хэт бага үнэлсэн мөн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй, тодорхой бус тухай тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 561,600 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 421,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан Ц ХХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч Г ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
... Аливаа хөрөнгийн үнэ цэнэ нь өөрийн өртөг, жишиг үнэ, орлогоор тооцогдож, зах зээлийн бодит үнийг тодорхойлох байтал үнэлгээ хийх газар газартай ойролцоо гэх нийтэд худалдан борлуулахаар мэдээлсэн газрын үнийг үндэслэн арилжааны харьцуулалтын аргаар үнэлгээ тогтоосон нь газрын үнэлгээг бодитой тогтоогдсон гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Шинжээчийн тайланд дурдсан харьцуулалт хийсэн газрууд нь үнэлгээ тогтоох газраас зориулалтын хувьд ялгаатай, тухайн газар эзэмшигчдээс өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн худалдан борлуулахаар цахим хаягт байршуулсан үнэ болохоос газрын бодит үнэ, өртгийг тодорхойлох, харьцуулалт хийх боломжит үнэ гэж үзэхгүй байна. Түүнчлэн 11 дэх хуудаст бодит үнэ цэнийг тогтооход учир дутагдалтай байгаа талаар шинжээч тайландаа тусгасан байгаа нь газар эзэмших эрхийн үнэлгээг бодитой бус тодорхойлсон, зах зээлийн үнэ ханшид нийцээгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг зөрчиж, үндэслэлгүй үнэлгээ хийсэн болохыг харуулж байна.
Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2024/03824 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч Ц ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна 41.4-т Иргэний шийлвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө гэж тус тус заасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хөндлөнгийн гэрчийг оролцуулсан боловч хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг тайлбарлах ажиллагааг гүйцэтгээгүй байна.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл нь хуульд заасан журмын үйлдэгдэж, шүүхэд ирээгүй. Тодруулбал: шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэх боломжгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээчийг томилохдоо уг шинжээчээс тухайн нөхцөлд дүгнэлт гаргах боломжтой эсэхийг урьдчилан тодруулсаны дараагаар шинжээчээр томилох эсэх асуудлыг шийдвэрлэхээр хууль, журамд заажээ. Гэтэл Н нь шинжээчийг урьдчилан томилсоны дараагаар тодруулах ажиллагааг хийсэн нь хуульд заасан дарааллыг зөрчсөн. Мөн шинжээчид хууль сануулах ажиллагаа хийгдээгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд хөрөнгийг үнэлэх аргачлалыг тодорхойлж заасан байхад шинжээч нь хуульд зааснаас өөр аргыг хэрэглэсэн нь хуульд заасантай нийцэхгүй байна.
Нөгөөтэйгүүр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чнаас авсан зээлийг авч хэрэглэсэн үндсэн зээлдэгчийн барьцаа хөрөнгө рүү халдах ажиллагааг хуульд заасны дагуу явуулахгүйгээр зөвхөн Ц ХХК-ийн хөрөнгө рүү халдах ажиллагааг явуулж, шүүхэд маргаан үүссэний дараагаар үндсэн зээлдэгч нарын хөрөнгө рүү халдсан зэрэг нь шүүхийн шийдвэрийг хуульд заасны дагуу гүйцэтгээгүй.
Иймээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 102/ШШ2024/03824 тоот шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тухай өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г ХХК, Ц ХХК-иуд нь хариуцагч Нт холбогдуулан хөрөнгийн үнэлгээ болон эд хөрөнгө хураах тухай тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагч талыг дэмжиж оролцсон байна.
3.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02308 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1876 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний 001/ХТ2021/00412 дугаар тогтоолоор Г ХХК, Т.Б нараас 594,364,991 төгрөг гаргуулж Ч ХХК-д олгож, хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Г ХХК-ийн өмчлөлд буй Ч нэртэй анимейшн төрлийн бүтээлийн ... дугаар гэрчилгээгээр баталгаажсан зохиогчийн эрх, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, 4 дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотд байрлах улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэгдсэн П.Тийн өмчлөлийн 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц, Ц ХХК-ийн эзэмшиж буй ... аймаг, ... сумын нутагт байрлалтай, ГД-... гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалттай 17.4 га газар, ГД-... гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаар бүхий үр тарианы зориулалттай, 24.6 га газар, ГД-... гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаар бүхий үр тарианы зориулалттай 18.07 га газар, ГД-... гэрчилгээтэй, нэгж талбарын ... дугаар бүхий үр тарианы зориулалттай 67.3 га газруудыг эзэмших эрхүүд, эдгээр дөрвөн газрууд дээр баригдаж байгаа агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станцын хамт тус тус албадан дуудлага худалдаагаар үүргийг хангуулахыг Нт даалгаж шийдвэрлэжээ /1 х.х-ийн 80-92/.
Гэвч Г ХХК, Т.Б нар дээрх шүүхийн хүчийн төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул хариуцагч Н нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 474 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар Ц ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын ..., ..., ..., ... дугаарт бүртгэлтэй газрын захиран зарцуулах эрх, П.Тийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, ... дугаар хороо, 4 дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх, Ч нэртэй анимейшн төрлийн бүтээлийн ... дугаар гэрчилгээгээр баталгаажсан зохиогчийн эрхийн захиран зарцуулах эрхийг 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус тус түдгэлзүүлж, мөн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр маргаан бүхий газрууд түүн дээрх гүний худаг, дэд станц, агуулах, цахилгаан шугам зэргийг битүүмжилж, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хураан авсан байна. /1 х.х-ийн 102-104, 126, 129/
4. Наас 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичгээр төлбөр авагч болон төлбөр төлөгч талуудад барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийн саналыг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
Тухайн мэдэгдлийн дагуу төлбөр төлөгч Т.Баас нэгж талбарын ..., ..., ..., ... дугаарт тус тус бүртгэлтэй газруудыг нийт 1,458,800,000 төгрөгөөр үнэлэх саналыг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн бол Ч ХХК-аас 127,000,000 төгрөгийн саналыг 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн, харин Г ХХК болон Б.Тэнгис нараас үнийн санал өгөх боломжгүй байна гэх хариуг 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн ба Ц ХХК-аас үнийн санал ирүүлээгүй байх учир Н нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9/318 тоот тогтоолоор Файн эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчийн Н.Цийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцсэн байна /1 х.х-ийн 138-148/.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож буй талуудад хөрөнгийн үнэлгээний талаарх санал ирүүлэхийг мэдэгдсэн, төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас уг мэдэгдлийн дагуу хэт зөрүүтэй үнийн санал ирүүлсэн, зарим төлбөр төлөгч мэдэгдэлд заасан хугацаанд хариу ирүүлээгүй гэх зэргийг харгалзан шинжээч томилсон нь үндэслэлтэй.
5. Хөрөнгийн үнэлгээчин Н.Цийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээний тайланд дурдсанаар Ц ХХК-ийн өмчлөлийн газруудыг түүн дээрх агуулах, гүний худаг, цахилгааны шугам, дэд станцын хамт 526,639,000 төгрөгөөр үнэлсэн ба уг тайланд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо орон сууцны зориулалтаар тус байршилтай ойр арилжаалагдсан газар эзэмших эрхийн зах зээлийн жишиг үнийн судалгааг хийж, нэг м.кв газарт ногдох эзэмших эрхийн үнийг тодорхойлон зах зээлийн үнийн хандлагын арилжааны харьцуулалтын аргаар үнэлгээг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ. /1 х.х-ийн 151-166/.
Тодруулбал, шүүхийн шийдвэрт тусгагдсан эдгээр барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдааны зориулалтаар үнэлэхдээ 174,368 м.кв газар эзэмших эрхийг 51,829,000 төгрөг, 186,372 м.кв газар эзэмших эрхийг 55,397,000 төгрөг, 246,007 м.кв газар эзэмших эрхийг 73,123,000 төгрөг, 672,595 м.кв газар эзэмших эрхийг 199,920,000 төгрөг, 150 м.кв агуулахын барилгыг 79,260,000 төгрөг, 30 у.м гүний худгийг 4,500,000 төгрөг, цахилгаан шугам /11 шонтой/-ыг 21,170,000 төгрөг, дэд станцыг 41,440,000 төгрөг гэж тус тус үнэлжээ.
6. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
6.1. Н.Цийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан газар эзэмших эрхийн үнэлгээ зах зээлийн үнэ ханшид нийцээгүй гэх, нэхэмжлэгч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шинжээч хуульд зааснаас өөр аргыг хэрэглэсэн гэх гомдол тус тус үндэслэлгүй байна.
Мөн шинжээч Н.Цд хуульд заасан эрх, үүрэг танилцуулж, тайлбарлаагүй, татгалзан гарах нөхцөл байдлыг тодруулаагүй гэх гомдлын хувьд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл үйлдэж, шинжээч гарын үсэг зурсан баримтад баримт хэрэгт авагджээ /1 х.х-ийн 149/.
6.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж, 41.4-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө гэж тус тус заасан.
Хэрэгт цугларсан 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 22260516/12 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолд хөндлөнгийн гэрчээр Б.Гантогтох, Б.Тамжид нар оролцож, гарын үзсэг зурсан байх бөгөөд хөндлөнгийн гэрчид хууль сануулсан баримт хэрэгт авагдаагүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөндлөнгийн гэрчийг оролцуулсан боловч хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг тайлбарлах ажиллагааг гүйцэтгээгүй гэх гомдлыг хүлээн авахгүй /1 х.х-ийн 129/.
6.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл /цаашид "тэмдэглэл" гэх/ үйлдэн гэж, 13.2-т Тэмдэглэл нь доор дурдсан шаардлагыг хангасан байна гэж тус тус заасан.
Хэрэгт 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл тус тус авагдсан бөгөөд эдгээр тэмдэглэлүүд нь дээрх хуульд заасан шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй гэх гомдол үндэслэлгүй байна /1 х.х-ийн 124-125, 127-128/.
6.4. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд, хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний 22260516/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор П.Тийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ... дугаар хороо, 4 дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоот, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжилж, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 22260516/13 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж авсан, мөн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 22260516/07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Г ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Ч нэртэй анимэйшн төрлийн зохиогчийн эрхийн бүртгэлийн гэрчилгээний ... дугаарт бүртгэлээр баталгаажсан зохиогчийн эрхийг битүүмжилжээ /1 х.х-ийн 245, 247, 249/.
Иймд, Ц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан үндсэн зээлдэгчийн барьцаа хөрөнгө рүү халдах ажиллагаа явуулахгүйгээр зөвхөн Ц ХХК-ийн хөрөнгө рүү халдах ажиллагааг явуулж, шүүхэд маргаан үүссэний дараагаар зээлдэгч нарын хөрөнгө рүү халдсан зэрэг нь шүүхийн шийдвэрийг хуульд заасны дагуу гүйцэтгээгүй гэх гомдол үндэслэлгүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2024/03824 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г ХХК-ийн төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Ц ХХК-аас төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР