| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2018/0181/Э |
| Дугаар | 045 |
| Огноо | 2019-03-19 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 045
2019 оны 03 сарын 19 өдөр Дугаар 2019/ШЦТ/45 Өлгий сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
нарийн бичгийн дарга К.Е,
орчуулагч А.,
улсын яллагч М.Ф,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З,
шүүгдэгч С.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.С-д холбогдох 1813000000224 дугаартай дахин шийдвэрлэх эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч С.С: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Х овогт С С, 1980 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:БА00000000.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч С.С нь 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багийн “Цагаан булаг” гэх газар бэлчээрт байсан иргэн Ж.Д-ын улаан алаг зүсмийн 3 настай үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч С.С-гаас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг барагдуулж өгсөн гэв.
Хоёр: Эрүүгийн 1813000000224 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 8 дугаар сарын сүүлээр өдрийн сайн санахгүй байна. Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Цагаан булаг” гэх газарт бэлчээрт байсан 1 тооны үхэр хулгайд алдсан. Уг үхрийн зүүн талын чихэнд нь цуулбар имтэй, өөр ямар нэгэн тамга байхгүй. Алдсаны дараа 7 хоног хайгаад олоогүй. Тэгээд Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид бүртгүүлсэн байсан. Би С-аас үхрээ хүлээж авсан эрж хайхад гарсан хохирлоо төлүүлж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/,
2. Гэрч М.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний С-д худалдсан гэх улаан алаг зүсмийн үхэр миний худалдаж байсан улаан алаг зүсмийн үхэртэй огт төсгүй, биш байсан. Би худалдаж байхдаа баруун чихийг нь цоолж төмөр бөгж тавьсан байсан ба уг бөгжний ямар нэгэн орон байхгүй байв” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
3. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
4. Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газрын Үнэлгээний комиссын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээ /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/,
5. Шүүгдэгч С.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 4-5 үхэр алдсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын сүүлд Алтай сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Цагаан булаг” гэх газраас миний гээсэн алаг зүсмийн үхэртэй төстэй үхэр таараад ямар нэгэн тамгагүй, нэг чихэнд имтэй байсан ба уг үхрээ бэлчээрээс туугаад ирсэн. Тухайн бухыг авч ирсний дараа өөрийн имийг тавьж өөрийнхөө болгож авсанд маш их харамсаж байна. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,
6. Хохирогч Ж.Д-ын мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргаж өгсөн: ...”Миний бие яллагдагч С.С-гаас хохирлын мөнгө 150000 төгрөг, хулгайд алдсан үхрийг амьдаар нь хүлээж авсан ба одоо надад яллагдагч С.С-гаас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,
7. С.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.С-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С.С нь 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багийн “Цагаан булаг” гэх газар бэлчээрт байсан иргэн Ж.Д-ын улаан алаг зүсмийн 3 настай үхрийг хулгайлсан болох нь шүүгдэгч С.С-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ж.Д, гэрч М.Т-гийн нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Баян-Өлгий аймгийн Алтай сумын Засаг даргын тамгын газрын Үнэлгээний комиссын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээ, хохирогч Ж.Д-ын мөрдөн байцаалтын явцад гаргаж өгсөн хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд шүүгдэгч С.С гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.С 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Баян-Өлгий аймгийн Алтай сумын 3 дугаар багийн “Цагаан булаг” гэх газар бэлчээрт байсан иргэн Ж.Д-ын улаан алаг зүсмийн 3 настай үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, түүнийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С.С-гаас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч С.С-ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С.С-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Д-д хохирол 150000 төгрөг, хор уршигт 186000 төгрөг, нийт 636000 төгрөгийн бодит хохирол гарсан ба хохирогч Ж.Д нь хулгайд алдсан үхрээ амьдаар нь хүлээн авч, шүүгдэгч С.С-гаас 150000 төгрөгөөр тооцож төлүүлж авсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсан байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч С.С-д холбогдох эрүүгийн хэргийг Баян-Өлгий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин шийдвэрлүүлэхээр хүргүүлсний дараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С-гаас хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн саналд шүүгдэгч С.С-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч С.С хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр санал хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч С.С-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь нийтэд тустай ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
3. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Шүүгдэгч С.С-д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэх, эрүүл мэндийн гэрчилгээг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Х овогт С С-ыг “бусдын малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч С.С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Алтай сумын Засаг даргын тамгын газарт/ малын вакцинжуулалтад туслах, сумын стадион болон сургуулийн хашаанд мод тарих ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.С-ын иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ зэргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгч С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т