Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 32

 

Ц.М-өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                               Я.Туул                                               

Шүүгчид                                            Б.Манлайбаатар

                                                           Ц.Амаржаргал                   

Прокурор                                          Д.Энхтуяа

Ялтан                                                Ц.М-

Ялтны өмгөөлөгч                             Б.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туул даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч П.Б-гийн давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж ирүүлсэн Ц-ийн М-өд холбогдох эрүүгийн 201709000048 дугаартай, 171/2017/0083/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ялтны биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ямаат овогт Ц-ийн М-, /РД:НЭ75042311/, 1975 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын Баруун Зуунмод баг, 11-09 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

Сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоолд бичигдсэнээр Ц.М- нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хадам эх П.Б-тэй маргалдан эрх чөлөөнд нь халдан зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 65 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Ямаат овогт Ц-ийн М-ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч Ямаат овогт Ц-ийн М-өд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж...

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.М-өд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус зааж шийдвэрлэжээ.

Хохирогч П.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Ц.М- нь миний охин Г.Өнөрийг удаа дараалан зодож заналхийлэн хэл амаар доромжилсон байхад хэрэг бүртгэлтийн шатанд дутуу дулимаг шалгасан.

Тухайлбал: 2016 оны 08 дугаар сард Ц.М- нь охин Г.Өнөрийг Төв аймагт байхад нь зодож тархийг нь хөдөлгөсөн. Мөн 2016 оны 12 дугаар сарын 26-нд ус буцалгагчны залгуураар боож унаган ухаан балартуулж нүүрэн тус газар нь цохиж хөхрүүлсэн.

2017 оны 01 дүгээр сарын 06-нд гэрт орж ирэн согтуугаар охин бид хоёрыг зодож гэмтэл учруулсан байхад зохих журмын дагуу шалгаагүй. Охин Г.Өнөрийг хохирогчоор тогтоож байцаагаагүй. Ц.М- нь удаа дараа давтан үйлдлээр 2 хүнийг тус тусад нь хэл амаар доромжлон заналхийлж зодож гэмтэл учруулсан байхад хэргийг буруу зүйлчилж, анхан шатны шүүхээр шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна.

Гол нь хэргийг тал бүрээс нь үнэн зөв бодитойгоор шалгалгүй зөвхөн намайг цохиж гэмтээсэн асуудалд хариуцлага хүлээлгэж, охин Г.Өнөрийг зодож заналхийлж, хэл амаар доромжилсон асуудалд хариуцлага хүлээлгэлгүй орхигдуулж охин Г.Өнөрийг хохироогоод байгаад гайхаж байна.

Шийтгэх тогтоолд охин Г.Өнөрийг гэрчээр байцаасан мэдүүлгийг цухас дурдаад, хохирсон, хохирогчоор байцаасан асуудлаар нэг ч үг үсэг байхгүй, шүүх хуралд гэрчээр оролцуулаагүйд туйлын гомдолтой байна. Шударга ёсны зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд асуудлыг зохих журмын дагуу шийдэж өгнө үү” гэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэж байна. Хохирогч мэдүүлэгтээ “шүд авагдаад байхаар нь авахуулсан” гэж хэлдэг. Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгыг тогтоогоогүй. Хувийн байдлыг шалгасан баримт хавтаст хэргийн материалд байгаагүй. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хэрэг бүртгэлтийн шатанд буцаах эрх байгаа. Гэр бүлийнх нь хүнтэй уулзахад ээжид нь гомдсон асуудал байдаг” гэв.

Прокурор Д.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Тухайн хэрэг нь хувийн сэдэлттэй, хүүхэд авахуулсан гэх үндэслэлээр маргаан үүссэн. Иймд хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.М-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас хадам эх П.Б-тэй маргалдан эрх чөлөөнд нь халдан зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.М-ийн  үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнээд түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг Ц.М-өд анхааруулж, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, түүнд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь ...хууль ёсны ба үндэслэлтэй байх....Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Хохирогч П.Б-гийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлавал тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг бүрэн шалгаагүй, анх Цагдаагийн байгууллагад иргэн П.Б-, иргэн Г.Өнөр нар Ц.М-өд зодуулсан талаараа гомдол гаргаж, улмаар энэ талаараа тайлбаруудаа өгсөн байхад зөвхөн П.Б-г хохирогчоор тогтоогоод, иргэн Г.Өнөрийг  хохирогчоор тогтоож мэдүүлэг авалгүй гэрчээр байцаасан нь буруу болжээ.

Г.Өнөр нь цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө ...нөхөр Ц.М- нь хаа байгаа газар ирж хэл амаар доромжилж, сүүлдээ бүр удаа дараалан зодсон. “чамайг ална” гэж ус буцалгагчны залгуураар ороолгож, хоолойг боож, амьсгаа боогдуулж, нүүр лүү цохиж биед хүнд гэмтэл учруулсан. Жирэмсэн болсноо мэдээд түүнд хэлэхэд “миний хүүхэд биш, янхандаж олж ирчихээд,...наадахаа авахуул” гэж хүүхдийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй 3-4 өдөр доромжилсон. Би 2017.01.06-нд үр хөндүүлсэн. Ц.М- 2017.01.06-ны орой 20.00 цагийн үед орой ирж агсам тавьж, намайг болон ээжийг зодож, толгой тархинд хүнд гэмтэл учруулсан. Удаа дараа уучилж чадахгүй тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...гэх, /хх-ийн 04-р тал/ түүнчлэн түүнээс гаргасан өргөдлийнх нь дагуу тайлбар авахад дээрх байдлыг тодруулан “эрүүлдээ ч, согтуудаа ч байнга зоддог” талаар тайлбарласан байхад гэрчээр байцаасан нь хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгч Ц.М-ийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл нь түүний үйлдэлд тохирсон эсэх нь эргэлзээтэй, иргэн Г.Өнөрийг хохирогчоор тогтоосны эцэст түүний биед гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжилгээг хийлгэх байтал гэрчээр тогтоож шинжилгээ хийлгэсэн ажиллагаа нь хуульд нийцээгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ эдгээр нөхцөл байдлыг анхаараагүй,  хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ялыг зөв оногдуулахад нөлөөлж болохоор зөрүүтэй байх тул дээр дурдсан ажиллагаануудыг хэрэг бүртгэлтээр гүйцэд шалгаж, хэргийг зөв зүйлчлэн ирүүлсний эцэст шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх байдлуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас зөвтгөн залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Хохирогч П.Б-гийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.1, 317.1.2, 317.1.3, 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 318.2.1, 319 дүгээр зүйлийн 319.1.2, 319.1.4, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,   шүүгдэгч Ц.М-өд холбогдох эрүүгийн 201709000048 тоот хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.М-өд урьд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                             Я.ТУУЛ

                                           ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                         Ц.АМАРЖАРГАЛ