Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

З.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1040 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 98 дугаар магадлал,

мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 539 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 987 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаар тогтоолтой, З.Ц-д холбогдох 1911012360618, 1908005920227 дугаартай эрүүгийн хэргүүдийг Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулангийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2001 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 434 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийх ял,

мөн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийх ял,

мөн шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1040 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар  6 жил хорих ял шийтгүүлсэн, З.Ц.

З.Ц нь хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд хөрөнгө хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Ц-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгийг тус тус журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 5 сар 5 хоногоор тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Ц-аас нийт 4,380,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Чинбатад олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн З.Ц-ид холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулан бичсэн дүгнэлтдээ “...Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон З.Ц нарын 6 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд 1040 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн боловч дээрх хэрэгт З.Ц-ийн үйлдсэн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ХГ-798А тоотод оршин суух иргэн Г.Ч-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэрч Скайворд загварын зурагт, хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг нэгтгэн шалгаагүйгээс нэг төрлийн хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэж, ялыг нэмж нэгтгэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал хүндрэх нөхцөл байдал үүсэж байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэх үндэслэлтэй. 

Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг буюу З.Ц-ийг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн 1908005920227 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар прокурорын дүгнэлт бичив” гэсэн байна.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч З.Ц нь нийт 30 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд бусадтай бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн бөгөөд ял шийтгэлээ эдэлж байх хугацаанд түүний үйлдсэн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэн н.Ч-ын гэрээс эд зүйл хулгайлсан хэрэг илэрч улмаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч З.Ц-ид холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүгдэгч З.Ц-ид холбогдох хэргүүдийг нэмж нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэвэл түүний эрх зүйн байдал дээрдэх тул хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. Шүүгдэгч З.Ц-ид 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял оногдуулсан. Тус шүүх хуралдаан эхлэхээс өмнө Чингэлтэй дүүрэгт өөр үйлдэл байгаа талаар дурдаж, нэгтгүүлэх байр суурьнаас хандахад улсын яллагчийн зүгээс шүүгдэгч З.Ц нь бусад дүүрэгт ямар нэгэн байдлаар холбогдож шалгагдсан гэмт хэрэг, үйлдэл байхгүй гэсэн албан бичгийг авч ирж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Гэмт хэргүүдийг нэгтгэхгүйгээр шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулангийн бичсэн дүгнэлтийг үндэслэн З.Ц-ид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Ц нарын 6 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1040 дугаартай шийтгэх тогтоолоор З.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар  6 жил хорих ял шийтгэж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 98 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээснээр уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Дээрх шийтгэх тогтоол гарахын өмнө буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр З.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Г.Ч-ын гэрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө авсан үйлдлийн талаар мэдүүлсээр байтал /1911012360618 дугаартай эрүүгийн хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 34 дүгээр тал/ уг үйлдлийг 1908005920227 дугаар хэрэгт нэгтгэлгүйгээр тусад нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд З.Ц-ийн энэ үйлдэлд хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 5 сар 5 хоногоор тогтоосныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 

Улмаар Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулах агуулга бүхий З.Ц-ид холбогдох хэрэгт бичсэн прокурорын эсэргүүцлийг хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн 1911012360618, 1908005920227 дугаартай хэргүүдэд авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг судлан үзвэл шүүгдэгч З.Ц нь хохирогч Г.Ч-ын гэрт хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө авсан үйлдлийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн атал хууль сахиулах байгууллагуудын буруутай үйл ажиллагааны улмаас хэрэгт нэгтгэлгүйгээр тусад нь яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлснээр нэг төрлийн хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэж шүүгдэгчийн процессын эрх ноцтойгоор зөрчигдөхөд хүрэхээр байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэх шаардлагыг хангаж байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1040 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 98 дугаар магадлалын зарим хэсгийг буюу З.Ц-ид холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн 1908005920227 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1040 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 98 дугаар магадлалын З.Ц-ид холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч З.Ц-ид холбогдох эрүүгийн 1908005920227 дугаартай хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаасугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч З.Ц-ид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

 

                                      Б.ЦОГТ

 

                                      Ч.ХОСБАЯР

 

                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН