Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0079

 

Б.Х-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0835 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Б.Х-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0835 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2, 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Х-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Газрын албаны даргын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Б.Х-ыг ажлаас чөлөөлж, ажилд шилжүүлэн томилох тухай” Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, үлдсэн Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Б.Х-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/263 дугаар тушаал, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Б.Х-ыг ажлаас халах тухай” Б/162 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, эрхэлж байсан ажил албан тушаал буюу Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулагчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт 147 хоногоор, нэг өдрийн 31.516 төгрөгөөр тооцож, нийт 4.632.852 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Х давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Б.Х-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/263 дугаар тушаал, Нийслэлийн Газрын албаны даргын 2018 оны 05-р сарын 28-ний өдрийн “Б.Х-ыг ажлаас халах тухай” Б/162 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5 дахь заалтад заасан захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим, шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага нь бусдын эрх. хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулах ёстой.

Хариуцагч Нийслэлийн Газрын алба нь нэхэмжлэгч Б.Х миний хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч Б.Х надад мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” шаардлагыг хангаагүй байна.

Түүнчлэн хариуцагч Нийслэлийн Газрын алба нь төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа хуульд заасан үндэслэл хангагдсан тохиолдолд ажлаас халах, өөрөөр хэлбэл гаргасан зөрчилд нь тохирсон хариуцлагыг хүлээлгэх ёстой байхад шууд ажлаас халах үндэслэл болгосон нь нэхэмжлэгчийн “ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох” эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Х нь ямар хэмжээний зөрчлийг хэзээ гаргасан, уг зөрчил нь ямар нотлох баримтуудаар тогтоогдож байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн гүйцэд тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь Төрийн албан тухай хуульд заасан төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах хэмжээний ноцтой зөрчил гэж үзэхээргүй Б.Х-т сахилгын шийтгэл ногдуулах хангалттай үндэслэл байхгүй байна.

Хариуцагч Нийслэлийн газрын алба нь нэхэмжлэгч Б.Х-ыг хуульд заасан үндэслэлгүйгээр ажил, албан тушаалаас нь халж хуулиар тогтоосон “төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгаа”-г зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байна гэж үзэж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 /захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох/ 106.3.7 /захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох/ 106.3.12 /нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах/ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэж байна...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

1. Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/263 дугаар тушаалаар “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас удаа дараа хоцорч, ажил тасалсан, хариуцсан ажилдаа хайнга хандсан зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.Х-т албан тушаалын үндсэн цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “...миний бие өвчний улмаас эмчилгээ хийлгэдэг байсан боловч иргэдийг өдөр бүр хүлээн авч уулздаг байсан учраас хэвтэж эмчлүүлэхгүйгээр зарим үед өглөө, орой цагаа бүртгүүлдэг байсан, ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслаагүй” гэж дээрх актыг хүчингүй болгуулахаар маргажээ.

Маргаан бүхий актын үндэслэл болсон Нийслэлийн Газрын албаны ёс зүйн хорооны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар дүгнэлтээр Б.Х-ыг “...ажлын цаг ашиглалт хангалтгүй, хариуцсан ажилдаа хайнга хандаж, иргэдээс гомдол гаргасан бөгөөд 10 сард өглөө 1 удаа, орой 5 удаа цагаа бүртгүүлээгүй, нийт 174 минут, 11 сард 6 удаа, орой 9 удаа бүртгүүлээгүй нийт 448 минут хоцорсон зөрчлийг удаа, дараа давтан гаргасан” болохыг тогтоосон.

Мөн нэхэмжлэгч Б.Х нь өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, дахин алдаа дутагдал гаргахгүй тухай өргөдлийг Нийслэлийн Газрын албаны Захиргааны хэлтэст гаргаж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгч Б.Х нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, Нийслэлийн Газрын албаны даргын Хөдөлмөрийн дотоод журмын 11.1-д заасан “....хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорсон, ажил тасалсан тохиолдолд зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасныг зөрчсөн гэж үзэх хангалттай үндэслэл бүрдсэн байх тул маргаан бүхий Б/263 дугаар тушаалыг хүчингүй болгох боломжгүй, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

2. Нийслэлийн Газрын албаны даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/162 дугаар тушаалаар “...сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаагаар ажил тасалсан мөн цаг бүртгэлтийн төхөөрөмжид өөрийн бүртгэлийг бусдаар бүртгүүлж байсан ноцтой зөрчил илэрсэн” үндэслэлээр Б.Х-ыг 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халжээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Газрын албаны даргад хандан 2 сарын хугацаатай цалингүй чөлөө хүссэн өргөдлийг хүний нөөцийн мэргэжилтэн А.Г-Э-д хүлээлгэн өгсөн, чөлөөний асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн талаар удаа дараа лавласан боловч хүлээж бай гэсэн тул хүндэтгэн үзэх шалтгаанаар явсан” гэх тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч нь түүний чөлөө хүссэн өргөдлийг эрх бүхий этгээдээс хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, чөлөө олгох зөвшөөрөл олгоогүй байхад ажлын байраа орхисныг дур мэдэн ажил тасалсан гэж үзэхээр байна.

Энэ нь Нийслэлийн Газрын албаны даргын Хөдөлмөрийн дотоод журмын 11.7.2-д “Албан хаагч нь урьдчилан мэдэгдээгүй, зохих зөвшөөрөлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэх зөрчлийг гаргасан гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд мөн журмын 11.1-д заасны дагуу “....хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын цагаас хоцорсон, ажил тасалсан тохиолдолд зөрчлийн шинж байдлыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулна” гэсний дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй тул маргаан бүхий акт хууль ёсны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан байгууллагын дотоод журамд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд цалингүй чөлөө авахаар байгууллагын удирдлагад хандах эрхтэй боловч чөлөө олгох эсэх, ямар хугацаанд олгох нь захиргааны эрх хэмжээнд хамаарах учир нэхэмжлэгч Б.Х нь чөлөө хүсэх өргөдөл гаргаснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан эсэхээс үл хамааран чөлөө олгогдоно гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих...” үүрэгтэй, харин энэхүү үүргээ биелүүлээгүйн төлөө хүлээлгэж буй хариуцлагын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн Нийслэлийн Газрын албаны 2018 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Газрын албанд ажилладаг албан хаагчдын хурууны хээний бүртгэлийг цаг бүртгэлийн системээс шалгаж үзэхэд газар өмчлөлийн мэргэжилтэн М.Тэгшжаргал нь нэхэмжлэгч Б.Х-ын өмнөөс цаг бүртгэлийн системд түүнийг бүртгүүлдэг болох нь тогтоогдсон, үүнийг нэхэмжлэгчээс үгүйсгээгүй, энэ нь сахилгын шийтгэл хүлээлгэх ноцтой зөрчил гэж үзсэн хариуцагчийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Харин нэхэмжлэгчийн гаргасан энэхүү зөрчлийг мэдсэнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн гэх гомдлын тухайд, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Нийслэлийн Газрын албаны даргын шуурхай зөвлөгөөн дээр хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг мэдсэн гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдсон байх бөгөөд хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчөөгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “...миний хөдөлмөрлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч Б.Х надад мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” шаардлагыг хангаагүй” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар хариуцагчаас нэхэмжлэгч Б.Х-т тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй хэдий ч нэгэнт нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байгаа энэ тохиолдолд сонсох ажиллагаа хийгээд ч үр дүнд хүрэхээргүй, нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0835 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Х-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                        

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                        Э.ХАЛИУНБАЯР

 ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН