Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2023/0095

 

 

“М с” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:        М.Батсуурь

Шүүгчид:                          Г.Банзрагч

                                             П.Соёл-Эрдэнэ

                                             Ц.Цогт

Илтгэгч шүүгч:             Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 221/ШШ2023/0020 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Н.М, Т.Г нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“М с” ХХК-аас “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.12-т заасныг үндэслэн 1 дэх заалтаар “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг 1 дүгээр хавсралт ёсоор, зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ, үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталжээ.

2.1.Нэхэмжлэгч компаниас “... Захиргаан ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан шаардлагыг хангаагүй, Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудын олоогүй, орж ирээгүй орлогоос татвар ногдуулж буй нь Татварын ерөнхий хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, дэлхийн зах зээлийн ханшаар татвар төлж буй нь шударга ёс, бодит байх зарчимтай зөрчилдөж байна” гэж;

2.2.Хариуцагчаас “... Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.14-д зааснаар эрх олгосны дагуу Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоол батлагдсан, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь орлогын татвар биш, Ашигт малтмалын тухай хуульд борлуулалтын орлогоос татвар авах тухай байхгүй, борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлаж борлуулалтын үнэлгээг тооцдог,  ... Монгол Улсын Үндсэн хууль болон татварын ерөнхий хууль зөрчөөгүй, олоогүй орлогоос татвар авах зүйл байхгүй ...” гэж тус тус маргажээ.

3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 221/ШШ2023/0020 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14 хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “М с” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

4.Нэхэмжлэгч М с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ.

4.1. ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хурлыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр, мэтгэлцэх эрхийг олголгүйгээр шүүх хуралдаан товлож хурал зарласан. Хуралдааны товыг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан 7 хоногийн өмнө хурлын тов мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн, хурлын товыг хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй. Хурал болох ажлын өмнөх өдөр утсаар мэдэгдсэн нь процесс хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан.

4.2.Шүүгчийн туслахад шүүх хуралдааныг хойшлуулах талаар амаар мэдэгдэж, нотлох баримтаа хүргэж өгөх төдийд байхгүйд шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна, хэргийн оролцогчийг мэтгэлцүүлээгүй, хуралд биечлэн оролцох, үг хэлэх, тайлбар гаргах эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагчийн хүсэлтээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан, нэхэмжлэгчид тэгш бус хандсан.

ХЯНАВАЛ:

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хангалгүйгээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.  

6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч ... шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэж заасан.

7.Тус хэргийн тухайд, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нээлттэй хийхээр товлож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийг үндэслэж 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 221/ШЗ2023/1493, 8 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШЗ2023/1687, 8 дугаар сарын 31-ний өдрийн 221/ШЗ2023/1886 дугаартай шүүгчийн захирамжаар тус тус шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулсан үйл баримт тогтоогдов.

8.Мөн анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр (Даваа гараг) товлож, хэргийн оролцогчид 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр (Баасан гараг) товыг мэдэгдсэн нь хэрэгт авагдсан “шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт”-аар нотлогдох бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасанд нийцээгүй байна.

9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “... шүүх хуралдаанд оролцох”, 20.1.3-т “... шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрхийг тусгайлан зохицуулсан.

10.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан хугацааны өмнө мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгааныг (ажил явдал гарсан талаар) тайлбарласан байхад нэхэмжлэгчийн дээрх хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэлгүйгээр “... хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааныг хойшлуулахтай холбоотой хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй ...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахаар байна.

11.Тодруулбал, шүүх хуралдаан 5 удаа хойшилсон нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй буюу шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг өмнө нь гаргаж байгаагүй, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүндэтгэн үзэх шалтгаантай талаар утсаар мэдэгдсэн зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4-т тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцуулах зарчимд нийцээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлтэй.

12.Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 221/ШШ2023/0020 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч “М с” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧИД                                                                            Г.БАНЗРАГЧ

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Ц.ЦОГТ

Х.БАТСҮРЭН