Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 10

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж, 

 

           Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Соно овгийн Хүдэрчулууны Төмөрхуягийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдох

 

           Гуравдагч этгээд: Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Гансүх

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Аймгийн Засаг даргын “Х.Төмөрхуягийг ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Төмөрхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Х.Төмөрхуяг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Соно овогт Хүдэрчулууны Төмөрхуяг миний бие Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдлийн ерөнхий зоотехникч, сумын мал үржлийн албаны ерөнхий мал зүйч, сумын тамгын газарт мэргэжилтэн, Тамгын газрын дарга, сумын Засаг дарга зэрэг албан тушаалыг 1988-2012 онуудад, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2013 оны 7 сараас, 2013 оны 09 сард төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцээд Байгаль, орчин аялал жуулчлалын газрын даргаар томилогдон ажилласан. 

          Ингээд аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 02-ны өдрийн Б/09 тоот захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. 

         Аймгийн Засаг дарга З.Энхтөр нь 2017 оны 01 сарын 03, 2017 оны 01 сарын 14-ны өдрүүдэд 2 удаа уулзаж, намын бодлогоор, Ардчилсан намын засаг барьж байх үед ажилд томилогдсон хүмүүсийн ажлыг сольж байгаа, иймээс таны ажлыг ч өөрчилнө, та өөрөө гомдол маргаан гаргахгүйгээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргачих гэсэн саналыг тавьсан. 

         Миний хувьд төрийн албанд олон жил ажилласан, төрийн жинхэнэ албан хаагч, төрийн албанд хоёргүй сэтгэлээр үнэнч шударгаар ажиллаж байгаа, иймд улс төрийн шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх бодолгүй байна гэдгээ хэлсэн.

          Намайг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтуудыг үндэслэл болгожээ. 

          Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь 2013 онд бүтэц, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөд орж орон нутгаас санхүүждэг, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болсон. 

          2016 онд бүтцийн өөрчлөлт хийгдээгүй, сонгон шалгаруулалт зарлаагүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх заалтыг нэг үндэслэлээ болгосон нь хууль зүйд нийцэхгүй.

          Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтаар ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзжээ. Ажлын байрны тодорхойлолтыг тухайн албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтны ажлын алба буюу аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргаж баталгаажуулж өгдөг.

          Түүнд тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилт, үндсэн үйл ажиллагаа ажлын байранд тавигдах шаардлагууд бусад хүчин зүйлсийг тусгасан байдаг бөгөөд ажлын байрны тодорхойлолттой уялдаж байгууллагын жилийн төлөвлөгөө үр дүнгийн гэрээ байгууллагын дүрэм ажил үүргийн хуваарь бусад баримт бичгүүд гардаг. Өөрөөр хэлбэл ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн эсэх нь тухайн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө үр дүнгийн гэрээний биелэлт, үр дүн хяналт шинжилгээний үнэлгээний дүнтэй салшгүй холбоотой байдаг.

          Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны ажлыг болон аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээгүй байж ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

          Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2016 оны жилийн эцсээр аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээ байгууллагын жилийн ажлын төлөвлөгөөний биелэлт, мөн жилийн эцсээр гаргадаг эрх зүйн акт, тогтоол шийдвэрийн биелэлтийг заасан хугацаанд нь гаргаж өгсөн. Ажлаас чөлөөлөгдөх үед аймгийн Тамгын газрын хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын хэлтсээс энэ талаар тодруулж асуухад гэрээ дүгнэгдэж байгаа, эцэслэн гараагүй байна гэсэн.

         Мөн Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэнэ, энэ үнэлгээ дүгнэлтийг үндэслэн албан тушаалд дэвшүүлэх сургалтад хамруулах, цол зэрэг дэв олгох, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах зэрэг асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Энэ дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ хийж аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг дүгнэж үнэлгээ өгдөг. 

          Байгаль, орчин аялал жуулчлалын газар нь хяналт шинжилгээний үнэлгээний дүнгээр аймгийн Засаг даргын дэргэдэх 23 албад, агентлаг дотроос ажлаараа 2014 онд 5 дугаар байр, 2015 онд 6 дугаар байранд шалгарч, аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ 2014-2015 онд 92-93,7 хувьтай А үнэлгээтэй дүгнүүлж, 2014 онд аймгийн Засаг даргын захирамжаар батламж, мөнгөн шагналаар шагнагдаж байсан. Үүгээр тухайн байгууллагын ажил ямар түвшинд байгааг дүгнэж болно. 

          Х.Төмөрхуяг миний хувьд улсад 28 дахь жилдээ, үүнээс төрийн албанд 25 жил төрийн удирдах албан тушаалд 9 жил, байгаль орчны салбарт 4 дэх жилдээ ажиллаж байгаа, төрийн ажлын дадлага, туршлага, ур чадварыг эзэмшсэн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлага шалгуурыг бүрэн хангаж байгаа гэж үзэж байна. 

          Аймгийн Засаг дарга З.Энхтөр нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны ажил болон аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэлгүй ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн нь улс төрийн өнцгөөс шийдсэн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “ Сонгуулийн үр дүнгээр улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийг жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр боллоо. 

          Мөн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Д.Гансүх нь төрийн албанд ажиллаж байгаагүй, байгаль орчны чиглэлийн мэргэжилгүй, төрийн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг ч хангахгүй байгаа нь Төрийн албаны болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн, хууль бус шийдвэр гэдэг нь харагдаж байна. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д тухайн албан тушаал эрхлэх мэдлэг, боловсрол, ур чадвартай, мэргэшсэн байх гэж заасан байдаг. Гэтэл мэргэжлийн бус, төрд ажиллаж байгаагүй, ажлын туршлагагүй, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд орж нөөцөд бүртгэгдээгүй хүнийг томилсон.

          Ийм үндэслэлүүдээр аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан боловч Төрийн албаны салбар зөвлөл бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр ямар нэгэн хариу өгөөгүй. Төрийн албаны төв зөвлөлд хандахад танайх салбар зөвлөл байгуулагдаагүй учраас аймгийн Засаг дарга З.Энхтөрөөс тайлбар авна гээд хугацаа заагаад тайлбар авсан боловч шүүхэд ханд гэсэн хариу өгсөн.

         Хариуцагчийн хариу тайлбар дээр намайг Ганга нуурыг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, 2016 онд тус суманд худаг гаргахаар шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн зарцуулалтад хяналт тавих үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, Ардчилсан намын арга хэмжээнд оролцсон гэсэн 3 үндэслэлээр буруутгасан байна лээ. 

         Эрх зүйн талаасаа Ганга нуур бол байгалын цогцолборт газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд байдаг. Цогцолбор болон дархан цаазат газрын хамгаалалтын асуудлыг улс хариуцдаг. Өнөөдөр Ганга нуурыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа Дарьганга сумын Байгалын цогцолборт газрын хамгаалалтын газар хариуцдаг. Гэхдээ үйл ажиллагааны хувьд адил байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас 2014 оноос эхлэн Ганга нуурыг хамгаалах асуудал дээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. 

           2015 онд аймгийн удирдлага нутгийн иргэд, эрдэмтэн хүмүүстэй хамтран Ганга нуурыг хамгаалах дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлэе гээд 3 жил Ганга нуураас айл өрх, малын хөлөөс чөлөөлье гэсэн шийдвэр дээр тохирч “Ганга нууртай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” А/352 тоот захирамжийг гаргасан.        Энэ захирамжаар манай байгууллага Ганга нуурыг хаших, булгуудын эхийг хаших, салхин талд нь ногоон байгууламжийг бий болгох, элсний нүүдлийг сааруулах, малын хөлөөс чөлөөлөхтэй холбогдуулан авах арга хэмжээ гэсэн үүрэгтэйгээр ажилласан. 2016 онд Байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгарсан. 2016 оны 07 дугаар сараас 08 дугаар сарын сүүл хүртэл 2 сарын хугацаанд хэт их халж хуурайшсаны улмаас Ганга нуур, түүнийг тойрсон 10 гаруй булаг, шанд ширгэсэн. Хэт их халж булаг шанд ширгэсний улмаас тэндээс ундаалж байсан 30 гаруй мянган мал Ганга нууранд бөөгнөрч түүнийг хамгаалж байсан тор, хашлага эвдэрч үндсэндээ тэнд аюул болсон. Энэ үед хамгийн түрүүнд хийх шаардлагатай ажил нь хашаажуулах байсан. 

          Ингээд тендер зохион байгуулж Эко түлхүүр ХХК нь Ганга нуурыг хашиж өнөөдөр Баян булаг, Оргихын булаг нь Ганга нуурлуугаа эргэж ирж сэргэсэн. Ганга нуурыг айл өрх, малаас чөлөөлөхийн тулд бэлчээр усны асуудлыг шийдэх байсан. 

         Үүнийг Дарьганга сумын Засаг даргын Тамгын газар хариуцаад орон нутгийн хөгжлийн сан дээрээ 22500000 төгрөг тусгуулаад 50 хувийг нь малчдаас нь гаргуулахаар гэрээ хэлцэл хийсэн. Харамсалтай нь орон нутгийн сонгууль болон орон нутгийн хөгжлийн санд нь санхүүжилт нь ирэхгүй удсанаас төсөл нь намар оройтож эхэлсэнээс дуусаагүй байгаа. Үүнийг орон нутаг нь өөрсдөө хариуцаад явж байгаа манай байгууллагад ямар ч хамааралгүй. 

           Миний хувьд улс төр хөөгөөд намчирхаад байдаггүй. Намын цугларалтанд оролцсон гээд байгааг ойлгохгүй байна. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас хэнтэй уулзах нь миний эрхийн асуудал гэж бодож байна.

           Ийнхүү аймгийн Засаг даргын 2017 оны Б/09 тоот шийдвэрээс болж миний эрх зөрчигдөж байгаа тул нэхэмжлэл гаргаж байна гэв. 

 

Хариуцагч аймгийн Засаг дарга З.Энхтөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Х.Төмөрхуягийг доорх үндэслэлээр аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. 

1. Монголын байгалийн үзэсгэлэнт газрын нэг Дарьганга суман дахь Ганга нуурыг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, 2016 онд тус суманд худаг гаргахаар шилжүүлсэн 20 сая төгрөгийн зарцуулалтад хяналт тавих гүйцэтгэлийг хангуулах үүргээ хэрэгжүүлээгүй зэргээр удаа дараа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. 

2. 2016 оны 06 сард явагдсан орон нутгийн сонгуулийн санал хураалтын дүнгээр тус аймаг Монгол ардын намаас сонгогдсон Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж байна. Энэ нь аймгийн удирдлагаар ажиллаж байсан бүрэн эрх нь дуусгавар болсон Ардчилсан намын нөхдийн санаанд нийцэхгүй байгаа тул улс төрийн тогтворгүй байдал үүсгэх зорилгоор шүүхээр маргаан үүсгэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим орчин ашиглан эсэргүүцлийн жагсаал цуглаанд иргэдийг уриалах талцуулан хувааж турхирах үйл ажиллага сүүлийн хэдэн сар үргэлжилж байна. 

Энэ үйл ажиллагаанд төрийн албан хаагчид идэвхтэй оролцож байгаагийн нэг нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Х.Төмөрхуяг юм. Аймгийн Ардчилсан намаас 2017 оны 02 сарын 06-ны өдөр Сүхбаатарын талбай дээр Хамдтаа эсэргүүцье нэртэй эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахаар намын байрандаа хуралдсан хуралдаанд Х.Төмөрхуяг оролцсон нь тогтоогдсон. Х.Төмөрхуягийн энэхүү үйлдэл нь төрийн Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т төрийн албан хаагч “ албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох”, 15.1.2-т “ ажил хаялт болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуудахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болсон бөгөөд ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан хариу тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна. Х.Төмөрхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Ажлаас үндэслэлтэй чөлөөлснийг нотлох баримт нь сая гаргасан хүсэлт зайлшгүй хэрэгтэй байсан. “Ганга нууртай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” А/352 тоот захирамжийг гаргасан байсан. 

Энэ захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Төмөрхуягт дараах үүрэг чиглэлүүдийг өгсөн байдаг.  Үүнд: Ганга нуураас малаа усалдаг айл өрх нэг бүрт Ганга нуураа хамгаалахын ач тус, түүний усны татралтын шалтгаан, ард иргэдийн оролцооны талаар ухуулан таниулах үндсэн дээр нуурыг 3 жилийн хугацаатайгаар малын хөлөөс ангижруулах, Ганга нуур орчмын элсний нүүдлийг зогсоох, хамгаалалтын ажил хийх тал дээр саналаа боловсруулан танилцуулан шийдвэрлэх, нуурын усыг талхлагдахаас хамгаалах зорилгоор хашилт хийх бэлтгэлийн асуудлуудыг зохицуулан холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх, Ганга нуур орчимд мод, сөөг тарих, ногоон байгууламж бий болгох зорилгоор төсөл арга хэмжээ зохион байгуулж холбогдох байгууллагаар шийдвэрлүүлэх, Ганга нуурт цутгадаг булгуудын эхүүдийг хүн, малын хөлөөс хамгаалах зорилгоор хамгаалалтын бүс тогтоох гэсэн 5 чиглэлээр захирамжилсан байдаг. 

Мөн энэ захирамжаар Ганга нуурыг хамгаалах төсөл боловсруулах замаар олон улсын байгууллагуудаас хөрөнгө мөнгө босгох ажлыг үүрэг болгосон байна. Иймээс эдгээртэй холбогдуулан нотлох баримт цуглуулах шаардлагатай болсон. Ганга нуурыг хашиж хамгаалах асуудал Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, аймгийн Засаг даргын 2016 оны үр дүнгийн гэрээнд тусгагдсан байгаа. Тийм байхад надад хамааралгүй асуудал гэж ярьж байгааг гайхаж байна. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн гуравдугаар хуралдаан болсон. Энэ хуралдаан дээр төлөөлөгч нараас Ганга нуурын хашааны асуудал мөн 20,000,000 төгрөгийн асуудлыг хөндөж тавьж байсан. Эдгээр үндэслэлээр шалтгаалан үүнийгээ нотлох баримтаар гаргаж тавих гэсэн боловч хүсэлтийг хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосныг ойлгохгүй байна. Х.Төмөрхуягийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн гаргасан тайлбар хууль зөрчөөгүй гэж үзэж байна гэв.

 

Гуравдагч этгээд Д.Гансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 02-ны өдрийн Б/10 тоот захирамжаар Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан тул Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2017 оны 02 сарын 03-ны өдрөөс эхлэн томилогдсон. 

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Х.Төмөрхуягийг Төрийн албаны тухай хуулийн 23.1.1-д заасны дагуу ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүсэн үндэслэлээр албан тушаал бууруулахаар гаргасан аймгийн Засаг даргын 2017 оны Б/09 захирамж нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. 

Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд Шүүхийн 2010 оны 08 дугаар тайлбарын 7-д “хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан “ ... хангалтгүй биелүүлсэн ...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно” гэжээ. 

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Х.Төмөрхуяг нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтад авч хэрэгжүүлсэн Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг 2012-2016 оны буюу 4 жилийн эцсийн байдлаар гаргаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 103 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хэрэгжүүлбэл зохих Ерөнхийлөгчийн 7 зарлиг, Засгийн газрын 35 тогтоол, нийт 59 зорилтын 54 зүйл заалтаар хэрэгжилтийг гаргаснаас биелэлт нь 46.7 хувьтай байна гэжээ. Энэ нь Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих тогтоол шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна гэжээ. 

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан гэж үзсэн учраас хүлээлттэй байлаа. Шүүх хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтыг цуглуулж хийсэнгүй гэдгийг хэлмээр байна.

 Захиргааны хэргийн шүүх бол мөрдөн шалгах шүүх байдаг. Талуудыг хурлаас өмнө нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй гэхээсээ илүү нотлох баримтыг цуглуулах эрх нь өөрт нь байдаг. Х.Төмөрхуягийн хэлж байгаагаар хариуцагч 3 үндэслэлээр хариу тайлбараа ирүүлсэн байдаг. Үүнд Ганга нуурыг хаших тендерийн асуудал байдаг. Энэ тендерт ямар асуудал байна вэ? гээд үзэхээр тендерийн комисст орсон Н.Мөнхбаатар гэдэг хүн нь тухайн үед өвчтэй эмнэлэгт хэвтэж байсан. Өвчтэй хүнийг тендерийн комисст оруулаад өмнөөс нь гарын үсгийг зурсан байдаг. Худалдан авах ажиллагааны тухай хуульд зааснаар тухайн тендерийн үнэлгээний комисст орсон хүмүүс сертификат  авсан хүн орох ёстой байтал сертификатгүй хүн оруулсан байдаг. Н.Мөнхбаатарыг эмнэлэгт хэвтэж байхад нь үнэлгээний хороог хуралдуулаад Н.Мөнхбаатарын өмнөөс гарын үсэг хэн нэг нь зураад, өөр нэг нь үнэлгээний хорооны хурлаас зөвлөмж гаргаад тэр зөвлөмжийг нь Х.Төмөрхуяг дарга нь үнэн зөв байна гээд Эко түлхүүр ХХК-тай гэрээ байгуул гээд шийдвэр гаргасан байдаг. Үүнийг би албаны үйл ажиллагаагаа чанартай гүйцэтгэсэн гэж үзэхгүй байна. 

Нөгөөтэйгээр бусад хууль, хяналтын байгууллагаар хянагдаж шалгагдсан байх ёстой гэж байна. Аливаа хууль бус ажиллагааг заавал хяналтын байгууллагаар тогтоосны дараа шүүх нотлох баримтын хэмжээнд авч үзнэ гэсэн заалт байхгүй. Х.Төмөрхуяг ажиллаж байх хугацаандаа 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 103 дугаартай албан тоотоор 4 жилийн эцсийн байдлаар тогтоол, шийдвэрийн биелэлтийн байдлыг хүргүүлж байна гээд хүргүүлсэн байдаг. Тогтоол, шийдвэрийн биелэлт гэдэг бол төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтонд заасан үндсэн үүрэг. Энэ үүргээ 46,7 хувь биелүүлсэн байдаг. Ийм хүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай сайн биелүүлсэн гэж үзэхгүй байна. 

Д.Гансүх нь “Түр орлон гүйцэтгэгч томилох журам”-ын дагуу Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байгаа. Үүрэг гүйцэтгэгч, дарга хоёр бол хоёр өөр асуудал. Төрийн албан хаагчийн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын шалгалт нь зарлагдахаар тэрэнд ороод тэнцвэл цааш ажлаа хийх, тэнцэхгүй бол тэнцсэн хүн нь ажлаа хийх хуулийн зохицуулалт байгаа. 

Д.Гансүхийг үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоноор Х.Төмөрхуяг ажлаас чөлөөлөгдсөн юм биш. Х.Төмөрхуяг ажлаас чөлөөлөгдсөнөөр Д.Гансүх үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Д.Гансүх үүрэг гүйцэтгэгчээр томилогдох шаардлагыг хангасан гэж үзэж байна. Х.Төмөрхуяг түрүүнд өөрөө хэлэхдээ хүнийг нас, хүйс, арьс өнгө, нам эвсэл, шашин шүтлэг зэргээр ялгаварлан гадуурхаж болохгүй гэж хэлсэн. Д.Гансүх үүрэг гүйцэтгэгчээр томилогдохдоо Авлигатай тэмцэх газраас ашиг сонирхлын мэдүүлэг аваад Байгаль орчин, аялал жуулчлалын яамтайгаа зөвшилцөөд томилогдсон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

     

          Нэхэмжлэгч Х.Төмөрхуягаас Сүхбаатар аймгийн Засаг даргын “Х.Төмөрхуягийг ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

    

          Түүнийг Сүхбаатар аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/411 тоот захирамжаар Байгаль орчны газрын даргаар томилжээ.

    

           Сүхбаатар аймгийн Засаг даргын “Х.Төмөрхуягийг ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 тоот захирамжаар  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх”, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” заалтуудыг үндэслэн Х.Төмөрхуягийг аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын даргаас чөлөөлж, түүнийг  Байгаль орчин аялал, жуулчлалын газрын мэдэлд шилжүүлжээ.

     

           Талуудын тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шүүх дараах байдлаар үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

       

           1. Маргаан бүхий захиргааны акт нь бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг дараах байдлаар хангахгүй байна.

      

            Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах болсон шалтгаан, үндэслэлийг маргаан бүхий захиргааны актад тусгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, ...” -ыг заах шаардлагыг хангахгүй байна.

       

             Мөн төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах захиргааны актын хууль зүйн үндэслэлд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д заасан “хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэсэн ерөнхий бүрэн эрхийг баримталсан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.3-д заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ.    

     

           2. “Албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр Х.Төмөрхуягийг албан тушаал бууруулсан нь дараах байдлаар эрх зүйн үндэслэлгүй байна:

        

         Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэж, тэрхүү үнэлгээг үндэслэн ...  албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэх” бөгөөд 19.3-т “үнэлж дүгнэх журмыг Төрийн албаны зөвлөл тогтооно” гэж зааснаар Төрийн албаны зөвлөлөөс 2012  оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 1.6-т заасан “ Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэлгүйгээр “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” хэмээн аймгийн Байгаль орчин аялал, жуучлалын газрын даргыг захиргааны санаачилгаар албан тушаалаас бууруулсан нь хууль бус байна.  

      

          Төсвийн шууд захирагч аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын даргаас Төсвийн ерөнхийлөн захирагч Сүхбаатар аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар,  2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор багтаан дүгнэхээр байгуулж, гэрээнд заасны дагуу 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг тайлагнаж төсвийн ерөнхийлөн захирагчаар  үнэлүүлэхээр хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээний салшгүй хэсэг болох Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт,  Аймгийн засаг даргатай 2016 онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн биелэлт, Манлайллын зорилтын биелэлт, Холбогдох эрх зүйн актын биелэлт, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас  зэргээр тогтоогдсон.

     

           Улмаар аймгийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 тоот захирамжаар томилогдсон “Сумд, агентлаг, төсөвт байгууллагын 2016 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж үнэлгээ өгөх ажлын хэсэг” удирдамжийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж үнэлгээ өгөхөд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт 94.6 оноогоор / “А” буюу ”Маш сайн”/  үнэлэгдсэн боловч төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга гарын үсэг зурж, тэмдэг дарж албажуулаагүй учраас гэрээг дүгнэсэн үнэлгээ хүчин төгөлдөр болоогүй нь хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээг дүгнэх илтгэх хуудас, А.Чулуунбат, Т.Мөнхтулга нарыг гэрчээр асуусан тэмдэглэлээр тогтоогдож байна.

     

          Түүнчлэн   төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын дагуу үр дүнгийн гэрээг дүгнэсэн үнэлгээг төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг дарга баталгаажуулаагүйг гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, захиргааны санаачилгаар төрийн жинхэнэ албан хаагчийг тушаал бууруулж, ажлаас нь чөлөөлөх хуульд заасан нөхцөл бүрдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

      

           Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нь үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан арга хэмжээ авах эрхтэй ч  хуульд заасан нөхцөл бүрдээгүй байхад Х.Төмөрхуягт “D” буюу “Дутагдалтай” үнэлгээнд хэрэгжүүлдэг арга хэмжээ болох  албан тушаал бууруулах арга хэмжээ авч, ажлаас чөлөөлсөн нь хуульд заасан үндэслэл, журмыг баримтлаагүй хийгээд Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзлээ.

     

          Хариуцагчаас Ганга нуурыг хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, 2016 онд тус суманд худаг гаргахаар шилжүүлсэн 20 сая төгрөгийн зарцуулалтад хяналт тавих, гүйцэтгэлийг хангуулах үүргээ хэрэгжүүлээгүй зэргээр удаа дараа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан нь Х.Төмөрхуягийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэсэн тайлбар ирүүлсэн боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбарын үндэслэлээ Х.Төмөрхуягийг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актад тусгаагүй, түүнийг  удаа дараа үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж буруутгасан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд  Ганга нуурыг хамгаалах хөтөлбөр албан ёсоор батлагдаагүй болох нь аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын ус, усан орчин,  байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхбаатарыг гэрчээр асуусан тэмдэглэлээр  тогтоогдож байх тул дээрх тайлбар нь үндэслэлгүй байна.

    

           Улмаар аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Ганга нуурыг хамгаалахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” А/352 тоот захирамжийн 2 дахь заалтад хүн, малын ундны усыг шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн газар /Г.Ган-Очир/-т үүрэг болгосон байх тул хариуцагчаас түүнийг 2016 онд тус суманд худаг гаргахаар шилжүүлсэн 20 сая төгрөгийн зарцуулалтад хяналт тавих, гүйцэтгэлийг хангуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үндэслэлгүйгээр буруутгажээ.

            Мөн хариуцагчаас Х.Төмөрхуягийг албан тушаалаас нь чөлөөлсөн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс хойшхи үйл баримтаар буюу аймгийн Ардчилсан намаас 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатарын талбай дээр “Хамтдаа эсэргүүцье” цуглаан зохион байгуулахаар намын байрандаа хуралдсан хуралдаанд Х.Төмөрхуяг оролцсон нь тогтоогдсон. Энэхүү үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2-т заасныг зөрчсөн үйлдэл бөгөөд ажлаас чөлөөлөх үндэслэл болсон,  Санхүүгийн хяналт шалгалт, аудитын албаны 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай “Шалгалтын дүнгийн танилцуулга”-аар Ганга нуурыг хамгаалах ажлын тендертэй холбоотой баримт бичгүүд зөрчилтэй гарсан гэж цаг хугацааны хувьд маргааны үйл баримттай хамааралгүй асуудлаар буруутгаж  байгааг захиргааны байгууллага уг маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

      

             Хариуцагчийн нэхэмжлэгчийг буруутгаж байгаа үйл баримтууд нь маргаан бүхий захиргааны актыг гаргах тухайн цаг хугацаанд бий болоогүй, мэдэгдээгүйн улмаас уг маргаан бүхий захиргааны актыг хууль ёсны эсэхийг дүгнэхэд  хамааралгүй тул дээрх тайлбартай холбоотой баримтуудыг шүүх үнэлж, дүгнэх шаардлагагүй  гэж үзлээ.

    

             Түүнчлэн гуравдагч этгээдийн Х.Төмөрхуяг нь Байгаль орчин аялал, жуулчлалын газрын хяналтад авч хэрэгжүүлсэн Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын тогтоол шийдвэрийн биелэлтийг 2012-2016 оны буюу 4 жилийн эцсийн байдлаар гаргаж, аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 103 тоот албан бичгээр хүргүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчийн 7 зарлиг, Засгийн газрын 35 тогтоол, нийт 59 зорилтын 54 зүйл заалтаар хэрэгжилтийг гаргаснаас биелэлт 46.4 хувьтай байна энэ нь Байгаль орчин аялал, жуулчлалын газрын даргын албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлвэл зохих тогтоол шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

     

           Учир нь: Гуравдагч этгээдээс нотлох баримтаар гаргаж өгч хэрэгт авагдсан 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөр огноолсон Байгаль орчин аялал, жуулчлалын газрын “Холбогдох эрх зүйн актын биелэлт”-ийг бүтэн жилээр гаргасан “Холбогдох эрх зүйн актын биелэлт”-тэй харьцуулан үзэхэд  хэрэгжилтийн явц, гарсан үр нөлөө баганад бичигдсэн хэрэгжилтийн явцын байдал хоорондоо тохирч байгаа болон “Холбогдох эрх зүйн актын биелэлт”-ийг хариуцан хагас, бүтэн жилээр гаргасан Байгаль орчин аялал, жуучлалын газрын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Д.Ариунболдыг гэрчээр асуусан тэмдэглэлээр уг биелэлт хагас жилээр гарсан болох нь тогтоогдож байна. 

    

            3. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор нэхэмжилсэн ба Байгаль орчин аялал, жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал  буюу 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал   хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс  тодорхойлох” журамд зааснаар тооцож ажилгүй байсан 85 хоногийн дундаж цалин, хөлстэй  тэнцэх хэмжээний нөхөн олговорт 4624425 /дөрвөн сая зургаан зуун хорин дөрвөн мянга дөрвөн  зуун хорин таван / төгрөгийг аймгийн Засаг даргаас гаргуулан Х.Төмөрхуягт олгохоор шийдвэрлэлээ.

      

           Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй тул эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.  

       

            Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Х.Төмөрхуягийг аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын даргаас чөлөөлсөн Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 тоот хууль бус захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

       

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Х.Төмөрхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын “Х.Төмөрхуягийг ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/09 тоот захирамжийг хүчингүй болгож, Х.Төмөрхуягийг аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын даргаар эгүүлэн тогтоосугай.

 

            2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Төмөрхуягийн ажилгүй байсан 85 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт  4624425 /дөрвөн сая зургаан зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин таван/ төгрөгийг олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг аймгийн Засаг даргад даалгасугай.

 

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

             4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй. 

                   

                        

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.БАЯРЦОГТ