Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 1426

 

Л.**гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Оюунцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03406 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.** нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.**т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 29 560 000 төгрөг гаргуулах тухай,

2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.**

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.**

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.** нь 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр      18 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдэж, барьцаанд өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн 40 дүгээр байрны подвалд байрлах ** гараашийг барьцаалсан боловч гэрээний дагуу нэг ч төгрөг төлөөгүй байх тул үндсэн зээл 18 000 000 төгрөг, 2 сарын хүү 1 440 000 төгрөг, алданги 9 720 000 төгрөг, нийт 29 160 000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн зээлдэгч Б.** нь 400 000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн Хаан банкны дансаараа шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 400 000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт      29 560 000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.** нь машинаа засуулах шаардлагатай байна гээд 400 000 төгрөг өгөөч гэхээр нь би дансруу нь шилжүүлсэн.

Б.** нь Үл хөдлөх эд хөрөнгийн газарт барьцааны гэрээгээ бүртгүүлэхгүй болохоор нь би өөрөө очиж бүртгүүлсэн. Түүнээс биш барьцааны гэрээнд гарын үсэг зурсан зүйл байхгүй. Хохирогч мэдүүлэхдээ зээлийн болон барьцааны гэрээ байгуулж гарын үсэг зурахдаа мөнгө авч байгаа болохоо мэдэж байсан гэсэн байгаа. Б.** надад 68 000 000 төгрөгөөс гадна 28 000 000 төгрөг өгөх ёстой байсан бөгөөд 68 000 000 төгрөгийг өгч чадахгүй учраас байраа буцааж өгсөн. Б.** анхнаасаа хүү, алдангийг хүлээн зөвшөөрч байсан гэжээ.

 

Хариуцагч Б.** шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.** нь миний ах Б.**тэй хамтран амьдардаг байсан бөгөөд 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би үл хөдлөх эд хөрөнгийн газар явж байтал Л.**тай таарч “...намайг байраа яаж авсан бэ” гэж асуухад нь “машинаа барьцаанд тавиад ломбарднаас зээл авсан” гэхэд “би Б.** ахад чинь мөнгө өгөх ёстой, чи аваад хэрэглэ, ломбарданд хий дэмий хүү төлж байснаас” гэсэн. Би тэгдэг юм билүү гэхэд “мөнгөний асуудал хэцүү, чи гараашийнхаа ордерийг аваад ирээрэй” гэхээр нь “Б.**г ирэхээр болох уу” гэхэд яах гэсэн юм, хүнд сул мөнгө өгч байснаас гэхээр нь очсон. Л.** юм бичсэн цаас гаргаж ирээд надаар “18 000 000 төгрөг авсан” гэж бичүүлж гарын үсэг зуруулж аваад нотариатаар баталгаажуулсан. Гэхдээ мөнгөний асуудал хэцүү гараашийнхаа ордерийг үлдээчих гэхээр нь би бэр болох хүн гэж итгээд үлдээсэн. Маргааш нь Б.** ирэхээр нь асуухад “тиймээ надад мөнгө өгөх ёстой, би хэрэг болохоор мөнгөө авна шүү” гэсэн. Би ч уг мөнгийг түүнд увуулан цувуулан өгч дууссан. Түүнээс хойш Л.**, Б.** хоёр байрныхаа зөрүү мөнгөн дээрээс болж маргалдаж хамт амьдрахаа больсон. Үүнд Л.** дургүйцэн удалгүй намайг шүүхэд өгсөн. Би очоод түүний өгсөн материалыг үзэхэд нөгөө баримтанд хүү, алданги тооцох заалт нэмж бичсэн бөгөөд барьцааны гэрээ хуурамчаар үйлдсэн байсан. Үүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулахад хуурамч гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ч цагдаагийн байгууллага бидний асуудлыг иргэд хоорондын асуудал гэж үзээд хэрэгсэхгүй болгосон. Л.** намайг “**” ХХК-аас 4 хувийн хүүтэй мөнгө зээлснийг мэдсэн. Хүү төлөөд явж байвал “**” ХХК-ийн зээл автоматаар сунгагддаг. Би энэ хүнд ямар ч мөнгө өгөхгүй. Би нэхэмжлэгч Л.**гийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага болох 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Л.** ямар санаатай миний ах Б.**д өгөх мөнгөө миний дансанд хийснийг би мэдэхгүй. Машинаа засах засварын мөнгөө надаас зээлж байсан, тэр мөнгөө хийсэн байна гээд манай ах авсан. Дахин нэхэмжлэх санаатай миний дансанд хийсэн гэж үзэж байна.

Анх зээлийн гэрээг байгуулахад н.** гэж хүнтэй хамт байсан. н.** нь тухайн үед гэрээнд ямар нэгэн хүү, алданги тооцсон байгаагүй гэдгийг мэдэж байсан. Шүүхэд уг асуудалтай холбоотой материалуудыг өгсөн боловч өнөөдөр эдгээр материалууд байхгүй байгаа. Ийм учраас энэ 18 000 000 төгрөгийг Л.** нь Б.**д өгөх ёстой мөнгө байсан бөгөөд харин Б.** нь уг мөнгийг Л.**гаас аваад ах болох Б.**д төлж дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

Хариуцагч Б.** шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.** ах Л.**гаас мөнгөний авлагатай байсан. Л.**гаас надаар дамжуулж өөрт нь өгүүлсэн 18 000 000 төгрөгийг хүлээн авсан гэдгээ гэрчилнэ. Банкны хуулгууд нь байгаа. Л.**гаас мөнгө авах гэж очиход “**д өгөх ёстой              18 000 000 төгрөг” гэж хэлж байсныг манай нөхөр М.** гэрчилнэ. Хэрэг шалгагдаж байх үед Л.** нь худал ярьж /**/ ломбарднаас албан бичиг авч барьцааны гэрээг хуурамчаар үйлдэж, миний гарын үсгийг дуурайлгаж зурсан болохыг ломбардны эзэн, шинжээчийн дүгнэлт батална. Үүнээс дүгнэлт хийж үзэхэд Л.** нь анхнаасаа л намайг хуурч мэхэлж төөрөгдүүлэн хэлцэл хийсэн нь илэрхий байх тул Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлүүдэд заасныг баримтлан Л.**гийн зээлийн болон хуурамчаар хийсэн барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцож өгнө үү. Энэ барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн гэдгийг би 2 жилийн дараа мэдсэн. Уг гэрээнд хэн гэдэг ажилтан бүртгэсэн талаар дардас байдаггүй учир уг барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй. Мөн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ миний гарын үсгийг хуурамчаар зурж бүртгүүлсэн тул хүчин төгөлдөр бус болно.

Зээлийн гэрээг гэр бүлийн дотно харилцаагаа ашиглаж, төөрөгдүүлээд ахад нь өгөх ёстой байсан мөнгийг буюу Иргэний хуулийн 238 дугаар зүйлд зааснаар харилцан солилцох ёстой байсан өртэй холбоотой эрх зүйн харилцаа хийсэн болохоос зээл төлөхтэй холбоотой харилцааг Б.** хийгээгүй. Анхнаасаа энэ зээлийн гэрээгээр авсан мөнгөө ахдаа өгөх ёстой юм байна гээд ахынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлчихсэн байгаа гэсэн бодолтой байсан. Барьцааны гэрээ нь эрх бүхий байгууллага буюу улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Гэтэл эрх бүхий байгууллагад бүртгүүлэх баримт бичиг нь шинжээчийн дүгнэлтээр Б.**ийнх биш Л.**гийнх байна гэдэг нь тогтоогдсон байгаа. Тэгэхээр барьцааны гэрээ нь эрх бүхий байгууллага буюу улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэсэн шаардлагыг хангаагүй учраас уг зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.** болон түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бидний хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан бөгөөд нотариатчаар гэрчлэгдэж, барьцааны гэрээ хуулийн дагуу хийгдсэн.

Барьцааны гэрээ хуурамч гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоохгүй. Үүнийг Улсын бүртгэлийн газарт хэн бүртгүүлсэн талаар ярьдаг болохоос биш барьцааны гэрээ дээрх гарын үсэг минийх биш гэж хариуцагч хэлдэггүй. Энэ талаар нотариатын үйлдэл хийсэн эрх бүхий хүн нь хэлдэг бөгөөд нотариатын үйлдэлд маргаагүй байгаа. Анхнаасаа зээл авах шаардлага байгаагүй гэдэг нь нотлогддоггүй. Энэ мөнгийг аваад барьцаат зээлийн газарт өгөх зайлшгүй шаардлага байсан. Байрны мөнгөний тооцооны асуудал нь Б.** бид хоёрын асуудал. Б.** энэ талаар шаардлага гаргах эрхтэй.

Б.** нь энэхүү зээлийн гэрээг хийсэн. Гэхдээ гэр бүлийн гишүүнийх нь хувьд итгээд хийсэн гэж байна. Зээлийн гэрээг төөрөгдөөд хийсэн болохоос биш ер нь бол гэрээ хийсэн гэж хэлж байна. Энэ зээлийн гэрээг хийгээд гэрээний дагуу Б.**т мөнгө шилжсэн. Хийсэн зээлийн гэрээнээсээ татгалзаж байгаа болохоо өөрөө өмнө илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ өнөөдөр хуулийн дагуу бичгийн хэлбэрээр хийгдсэн байгаа учраас энэ сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч тал барьцааны гэрээг бүртгүүлэхдээ Л.** Б.**ийн гарын үсгийг хуурамчаар зурсан нь тогтоогдож байна гэдэг. Барьцааны гэрээнд огт хуурамчаар гарын үсэг зураагүй. Барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэхдээ Л.** гээд өөрийнхөө нэрийг бичсэн. Гэхдээ тэр нь шинжээчээр тогтоолгох шаардлагагүй цагдаагийн байгууллагад өгсөн анхны мэдүүлгээрээ Л.** нь аргагүй эрхэнд өөрөө очиж бүртгүүлсэн гэсэн байгаа. Ийм учраас энэ асуудлыг Иргэний хуулийн 12 дугаар зүйлд зааснаар Л.** нь өөртөө тусалсан асуудал байгаа учраас барьцааны гэрээг үгүйсгэх нөхцөл болохгүй.

Гэрч Б.** нь Л.**гаас маш их хэмжээний мөнгө залилж аваад алга болсон. Зээлийн гэрээ ямар ч хүүгүй байж байгаад хүүтэй болсон гэсэн баримт хэрэгт байхгүй. Иймд энэ нөхөн бичилт хийгээгүй болох нь харагдаж байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.**ээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 29 560 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.**д олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Л.**, Б.** нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “Зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 305 750 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 303 750 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.**ээс улсын тэмдэгтийн хураамжид 305 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.**д, нэхэмжлэгч Л.**гаас улсын тэмдэгтийн хураамжид 247 950 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.**т тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхинй шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Б.** нь "Уран ган" ломбардтай байгуулсан өөрт илт ашигтай гэрээ байсаар байхад Л.**тай зээлийн гэрээ байгуулах шаардлага байгаагүй. Тухайн үед "Уран ган" ломбардтай байгуулсан зээлийн гэрээнд зөрчил үүсээгүй, гэрээ зөрчигдөөгүй байсан. Гэтэл хугацаагүй, хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээгээ цуцлаад, нэг сарын дараагаас үндсэн төлбөрийнхөө 10 000 000 төгрөгийг шууд төлөх хатуу нөхцөлтэй гэрээг үл хөдлөх хөрөнгөө барьцаалж, өмнөх гэрээнээсээ илүү эрсдэлд оруулсан гэрээг хэн ч байгуулахгүй.

Мөн Л.**тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь нөхөж бичих зориулалттай гэрээнүүд байгаа бөгөөд нөхөж бичсэн этгээд нь нэхэмжлэгч Л.** байгаа юм. Миний үйлчлүүлэгч тухайн үедээ бэр эгч болох гэж байсан эгч гэж итгээд хов хоосон бичилт хийгээгүй гэрээн дээр гарын үсэг зурсан. Ийнхүү гэрээнд гарын үсэг зуруулахдаа "ахад чинь байрны зөрүүд өгөх мөнгө, би чамд мөнгө өгсөн гэдгээ нотлох үүднээс чи энэ гэрээн дээр гарын үсэг зурчих, ахдаа мөнгөө өгчүүл энэ гэрээ ямар ч хэрэггүй болно" гэж хэлсэнд нь төөрөгдсөн. Тиймдээ ч гэрээн дээр нөхөж бичсэн этгээд нь Л.** бөгөөд нотариатчийн гарын үсэг биш байгаа юм. Түүнчлэн барьцааны гэрээний нэмэлт нөхцөл гэсэн 8 дугаар бүлэгт хэрээс татаад юм бичигдээгүй болно гэсэн тэмдэглэгээн дээр Л.** нь өөрийн гараар нөхөж бичсэн нь, мөн Б.**ийн гарын үсгийг дуурайлган Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүрдүүлбэр бүрдүүлэн өгсөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог.

Хамгийн гол нь Л.** Б.**д мөнгөний өртэй байсан гэдгийг өөрөө хайхрамжгүйгээсээ хүлээн зөвшөөрсөн баримт байдгийг анхан шатны шүүх үнэлж чадаагүй юм. Энэ нь Л.** миний мөнгийг Б.** нь ломбарданд төлөх гэж, мөнгө хэрэгтэй болчлоо гэдэг шаардлагаар л зээлсэн тэрнээс бол өөр зүйл мэдэхгүй гэж өдийг хүртэл хэлдэг байсан атлаа зээлийн гэрээ байгуулагдаад 2 сарын дараа буюу 2011 оны 02 дугаар сарын сүүлчээр Б.**гээс “чамд танай дүү Б.** надаас зээлсэн мөнгийг өгсөн үү” гэж асуухад "мөнгө өгсөн гэж хэлээгүй" гэж өөрөө тус шүүхэд өгсөн Л.**гийн өмнөх нэхэмжпэлтэй хэргийн шийдвэр, магадлал, тогтоол зэрэгт тусгагдсан бөгөөд энэхүү өөрийнх нь мэдүүлэг нь хөтөлбөргүй нотлох баримт билээ. Тэгэхээр Л.** нь Б.**д 18 000 000 төгрөгийн өглөгтэй байсан бөгөөд зээлийн гэрээг амаар болон бичгийн хэлбэрийн аль алинаар нь байгуулж болдог тул аман гэрээний дагуу Л.** нь Б.**д өртэй байсан гэдэг нь нотлогдож байна.

Мөн Б.** нь Б.**рүү уг 18 000 000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөний баримтууд хэрэгт байдаг. Л.** нь Б.**ийн шүүхэд өгсөн цорын ганц үнэн гэрээний хуулбарыг шүүхээс аваад явсан байсныг, мөн тус гэрээнд хүү, алданги тооцоогүй байсныг харсан, мэдүүлсэн Б.** нь Л.**гийн ойрын танил хүн бөгөөд Б.**, Б.** нарыг холбож өгсөн ач холбогдолтой зүйлсийг мэдэх этгээд юм. Мөн өр шилжих тохиолдолд талууд харилцан тохиролцсон байх ёстой бөгөөд Л.** нь Б.**д өгөх мөнгөө Б.** надаар дамжуулан өгөхөөр тохиролцсон тохиролцоогоо Б.** чамд мөнгө өгсөн үү гэж зээлийн гэрээ байгуулагдснаас 2 сарын дараа түүнрүү утасдаж асуусан тухай мэдүүлэгт Л.** хүлээн зөвшөөрч тохиролцсон гэдгийг харж болохоор бөгөөд мөн Б.** Б.** нарын хооронд 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 000 000 төгрөгийг 2012 оны 06 дугаар сарын 01-ний дотор өгч авалцахаар тохиолцсон баримт зэргээс харахад Б.** өр шилжүүлэх тухай Л.**, Б.** нартай тохиролцсон гэдэг нь харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

   Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.** нь хариуцагч Б.**т холбогдуулж  зээлийн гэрээний үүрэгт 29 560 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

Талууд 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 18 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.**ийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн гудамж, ХД-40 дүгээр ** автозогсоолыг барьцааны гэрээ байгуулж барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээг тус тус нотариатаар гэрчлүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.** нь зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.**ийн Хаан банкны данс руу 18 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зохицуулсан зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Б.** нь Б.**д тодорхой хэмжээний мөнгө төлсөн, Л.**, Б.** нар нь хамтран амьдарч байсан нь Б.**, Л.** нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй байна.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасантай холбож тайлбарласан байхад шүүх зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Зээлдүүлэгч улсын бүртгэлд барьцааны гэрээг бүртгүүлэхдээ бүртгэлийн байгууллагаас тавьсан шаардлага болох бүртгэлийн байгууллагад барьцааны гэрээг бүртгүүлэх хүсэлтийг барьцаалагч гаргаж, гарын үсэг зурах үйлдэл хийх нь барьцааны гэрээ байгуулахтай холбоогүй юм. Иймд шүүх барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Талууд гэрээгээр зээлийн хүү тохирсон нь Иргэний хуулийн  282 дугаар зүйлийн 282.1, алданги тохиролцсон нь 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасантай нийцжээ.

 

Зээлдэгч нь мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул түүнд үндсэн зээл        18 000 000 төгрөг, 2 сарын зээлийн хүүд 1 440 000 төгрөг, алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлан тооцвол 9 720 000 төгрөг, нийт 29 160 000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх дэх хэсэгт тус тус зааснаар Л.**гийн хувийн шинж байдал хэлцэл хийх гол үндэслэл болж, энэ талаар төөрөгдсөн ба хууран мэхэлсэн гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2016/03406 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Л.**д холбогдох 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Б.**ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

     ШҮҮГЧИД                                      Ч.ОЮУНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА