| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 102/2023/05840/И |
| Дугаар | 210/МА2024/01693 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2024/01693
2024 08 30 210/МА2024/01693
Х.Б-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/03166 дугаар шийдвэртэй, Х.Б-гийн нэхэмжлэлтэй, А өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох, А өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
А ӨЭМТ-ийн даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/29 тоот тушаалаар намайг ажлаас халсан бөгөөд тушаалыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээж авсан. Гэтэл дээрх тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, мөн надад хамааралгүй.
Учир нь намайг ажлаас чөлөөлсөн боловч ажлаас халагдах хүртэлх цалинг өгөөгүй, би үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаагүй, өмнө энэ талаар хуульд заасан арга хэмжээ авч байгаагүй. Харин дарга Ц.Ж нь хувийн ашиг сонирхлоор санхүүгээс ашиггүй зарлага гаргуулах, их хэмжээний цалингийн хуурамч бичилт хийх, илүү цаг гаргахыг шаарддаг тул би хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй тул таарамжгүй харилцаа үүсгэсэн.
Иймд А өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Ажлаас чөлөөлөх тушаалыг 6 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид танилцуулан гардуулж өгөхөд аваагүй, харин өөрийн гар утсанд зургаар авч албан ёсоор танилцсан. Улмаар Х.Б-гийн оршин суух хаягаар 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шуудангаар явуулахад хүлээн авахаас татгалзсан. Тэрээр 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Засгийн газрын 1111 утас руу гомдол гаргасан. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газарт 6 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргахад Х.Б-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж шийдвэрлэн хариуг өөрт нь хүргүүлсэн. Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороонд гомдол гаргаагүй ба дүүргийн Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний хэлтсээс Х.Б-гийн өргөдлийг Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд шилжүүлсэн. Х.Б өөрөө тус хороогоор шийдвэрлүүлэхээс татгалзаж гомдлоо буцаах хүсэлт гаргасан тул тус хороо нь 6 дугаар сарын 29-ний өдрийн худалдаанаар Х.Б-гийн гомдлыг буцааж шийдвэрлэсэн. Дээрх нотлох баримтаар нэхэмжлэгч 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/29 тоот тушаалыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.
2.2. А өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/29 тоот тушаалын 5 дахь заалтад ...Х.Б-д холбогдох санхүүгийн тооцоог зохих дүрэм журмын дагуу хийж дуусгахыг нягтлан бодогч Б.Бат-Эрдэнэд даалгасугай гэж заасны дагуу ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө төгрөг бодогдсон боловч ажлын цагаа бүртгүүлдэггүй, ажлын байрандаа ирдэггүй учраас нэхэмжлэгч нь цалингаа авъя гэж хандаагүй. Тэрээр санхүүгийн болон холбогдох хууль тогтоомж, байгууллагын дүрэм, журам, зааврыг биелүүлдэггүй, ажил үүргээ гүйцэтгэхдээ удирдлага хамт олон ажилчдыг үл хүндэтгэдэг, хурал цуглаанд ирдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, 2021 онд санхүүгийн аудит оруулаагүй, 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит дүгнэлт хийлгэхийг эсэргүүцэж Нийслэлийн аудитын газарт санхүүгийн шаардлагатай баримт бичгийг бүрэн гаргаж өгөөгүй, шалгалтыг удаашруулсан. 2020 оноос хойших санхүүгийн тайлан бичиг баримтыг байгууллагын архивт шилжүүлээгүй, байгууллагын эд хөрөнгөд тооллогын мэргэжил арга зүйгээр хангадаггүй, шаардлагатай бичиг баримт гаргаж өгдөггүй зэрэг нөхцөл байдал нь байгууллага, хамт олны хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандах байдал үргэлжилсэн. Түүний хууль зөрчсөн, хариуцлагагүй, дур зоргоороо аашлах байдал хирээс хэтэрсэн тул ажлын хэсэг байгуулан шалгалт явуулж дүгнэлт гаргасан.
2.3. Хөдөлмөрийн тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан байгууллагын удирдлагаас нийт ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Харин Х.Б-д хөдөлмөрийн гэрээ байгуулахыг 8 удаа хэлж шаардсан боловч гэрээ байгуулаагүй. Ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа мэдэгдэж өрөө гаргаж өгөхөд суухгүй, ажлын цагаа бүртгүүлэхгүй, өөрөө өөртөө нэмэгдэл хөлс, урьдчилгаа цалин гаргаж авах, цалин хөлсийг илүү дутуу бодож олгох зэрэг түүний гаргасан бүхий л зөрчил дутагдал хариуцлагагүй байдал нь ажлын хэсгийн дүгнэлт, Нийслэл дэх төрийн аудитын газрын шалгалтаар тогтоогдсон. Х.Б нь Хөдөлмөрийн хуулийг зөрчиж, төвийн даргын Б/29 тоот тушаалын дагуу ажлаа хүлээлгэж өгөхгүй 5 сар 15 хоног өнгөрсөн, үүнтэй холбоотой байгууллагын санхүү, эмнэлгийн иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа алдагдсан.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан А өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/29 дугаартай Х.Б-г ажлаас чөлөөлж, Б.Б-ийг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилдаа тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай Х.Б-гийннэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч Х.Б-г ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл, тушаах хэсэгт тусгагдсан нэрлэн заасан зөрчил байхгүй, ажил олгогчийн ажлаас халсан тушаалыг шүүх бодитой үнэлээгүй. Учир нь тушаалын тушаах хэсэгт байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.3, 7.1.1 дэх заалт хориглосон болоод үүрэг болгосон хэм хэмжээ биш, харин 7.2.10-т Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан нь тогтоогдоогүй. 7.2.12-т Ажилтныг ажлаас халахад ажил хүлээлцэх комисс томилно гэж заасан нь халагдсаны дараах процессыг зохицуулсан хэм хэмжээ, 12.5-д Ажлаа шалтгаангүйгээр тасалсан эмч, сувилагч, ажилтны хөдөлмөрийн хөлсийг хасаж тооцно гэж заасан нь ажлын хэсгийн дүгнэлт, нөхөрлөлийн гишүүдийн санал зэргийг үндэслэн дээрх хэм хэмжээг удирдлага болгосон.
4.2. Хариуцагчаас А өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн хурал 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр болоогүй хэмээн мэлзэж 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр болсон шүүх хурлын үеэр хэлсэн. Гэтэл 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр болсон шүүх хурлаар А өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн хурал 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр болсон гэж өмнөх тайлбараас эрс зөрүүтэй тайлбар өгч бүх гишүүдийн хурал 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дахин хуралдсан мэт болгоод тус хуурамч хурлаар 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хурлын тэмдэглэлдээ аудитаар зөрчил тогтоогдох хүртэл хугацаанд Х.Б-гийнажил үүргийг түдгэлзүүлэх гэснийг ажлаас чөлөөлөхийг А ӨЭМТ даргад үүрэг болгохоор зориуд өөрчлөн найруулсан байдлаар шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргасан нь хууль зөрчсөн. Мөн хариуцагчаас гаргасан А ӨЭМТ-ийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл дээр зурагдсан гишүүдийн гарын үсэг илэрхий зөрүүтэй өмнөөс нь хэн нэгэн этгээд зурсан энгийн нүдээр харах илэрхий байна. Дээрх үйл баримтыг анхан шатны шүүхээс шийдвэртээ хэрхэн яаж үнэлсэн талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.
4.3. Ажлын хэсгийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан дүгнэлтийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасны дагуу ажлаас халах тушаал гаргахаасаа өмнө албан ёсоор мэдэгдэж дээрх дүгнэлтэд хариу өгөх хугацаа өгөлгүйгээр 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б/29 тоот тушаал гаргасан. Гэтэл шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ажиллагаа хийсэн нь гурван талд хороонд хандсан үйл баримт, мөн тушаал хүргүүлсэн 6 дугаар сарын 15-ны Монгол шуудангийн магадлангаар тогтоогдож байна гэж хуулийг илтэд буруу тайлбарласан. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан зөрчлийн талаар мэдэгдэж тайлбар авч, улмаар сахилгын шийтгэл ногдуулах буюу сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргахаас өмнөх процесс байх ёстой байтал шүүхийн шийдвэрт дүгнэхдээ тушаал гарсаны дараа мэдэгдэж тайлбар авна гэж илтэд буруу тайлбарлахын зэрэгцээ энэ талаар эргэлзээтэй ойлгомжгүй байдлаар дүгнэсэн.
4.4. А өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн хурлаас томилогдсон ажлын хэсгийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэд 2022 оны зөрчлөөс 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зөрчлийг яриад байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүхийн шийдвэрт дүгнэлт хийхдээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байх тул Х.Бг хөдөлмөрийн сахилгын үргэлжилсэн үйлдэл гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн. Ажпын хэсгийн дүгнэлтэд дурдагдсан зөрчил гээд байгаа тохиолдлууд тухайн онд тухай бүртээ гарсан үйлдэл юм. Түүнээс тухайн зөрчлийг cap, өдөр бүр гаргаад байгаа зүйл байхгүй, дүгнэлтэд дурдагдсан зөрчил гээд байгаа үйлдлийг эцсийн байдлаар тогтоогоогүй, харин үүнийг шалган тогтоож нэг мөр болгох асуудлыг дүүргийн дотоод аудитад шилжүүлэхээр болсон.
4.5. Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.10-т заасан хэм хэмжээ тогтоогдоогүй, ажил тасалсан гэх хугацаанд цалин хөлсөө ердийн журмаар авч байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Хөдөлөмөрийн дотоод журмын 12.5-д зааснаар ажил олгогч цалинг нь суутгаж тооцох, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулаагүй нь ажил тасалсан гэдгийг үгүйсгэх юм. Түүнчлэн, ажил тасалсан гээд байгаа үйлдэл нь тогтоогдсон бол Хөдөлмөрийн дотоод журмын 12.5-д зааснаар цалин хөлсийг суутгах эрх ажил олгогчид байсан. Гэтэл суутгаагүй цалинг нь бүтэн өгсөн ажил тасалсан гэх тайлбарыг үгүйсгэж байгаа бөгөөд нөгөө талаар ажил таслаагүй болохыг нотолж байна.
Дээрхээс дүгнэхэд Хөдөлмөрийн дотоод журмын хориглосон болоод үүрэг болгосон ямар хэм хэмжээг зөрчсөн тодорхойгүй байгаа нь сахилгын шийтгэл ногдуулах зөрчлийн бүрэлдэхүүнгүй бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй нь нотлогдохгүй. Монгол улсын дээд шүүхийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжиийн 3.1-т ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм гэж заасан. Гэвч шүүхээс тушаалын үндэслэх хэсэгт дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу, хэрэгт авагдсан үйл баримтаас авч үзэхэд дээрх хугацаанд ажилчид цалингаа бүтэн авсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д зааснаар цалинг 2 удаа олгохдоо хэдийн хугацаанд өгч байх асуудлыг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тусгасан байх ёстой. Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ болоод хөдөлмөрийн гэрээнд нарийн тодорхой хугацаа заагаагүй байхад юуг үндэслэж хугацаа хэтрүүлсэн гэдэг нь нотлогдохгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч ажил таслаагүй гэх боловч ажил тасалсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. 2023 оны 02 дугаар сарын магадлангийн бэлтгэл ажлын илүү цагийн тооцоо үүнд сар, өдөр болгоноор нь жагсааж бүртгэдэг. Энэ цагийн тооцооны баримтад Х.Б бүртгэгдээгүй. А өрхийн эрүүл мэндийн төвийн бүх гишүүдийн хурал 2 удаа болсон. Эхний хурлаар аудитын дүгнэлт гарах хүртэл хугацаанд түдгэлзүүлье гэх дүгнэлт гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэг тэмдэглэл гаргасан боловч шүүхэд өгөөгүй. Тэр тэмдэглэлээ өөрсдөө үнэн эсэхийг нь нотлох ёстой боловч хариуцагч талаас гаргасан тэмдэглэлийг хууль бус эрүүгийн шинжтэй гэж тайлбарладаг. Тэмдэглэлийг хуурамч гэж үзвэл түүнийг нотолж тогтоолгох хэрэгтэй. 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр аудитын дүгнэлт эцэслэн гарсан бөгөөд Х.Б-д мэйлээр хүргүүлсэн, мөн ажлын газрынханд танилцуулсан. 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн нөхөрлөлийн хурлаар хэлэлцэгдэж Х.Б ажил тасалсан нь үндэслэлээр ажлаас чөлөөлөх саналыг нөхөрлөлийн гишүүдээс гарсан тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан.
Хариуцагч халах тушаал гаргах талаар албан ёсоор хэлээгүй, энэ тушаалыг гардаж аваагүй гэх боловч Х.Б-д тушаалыг хурал дээр албан ёсоор албажуулж танилцуулан гардуулж өгсөн. Нэхэмжлэгч тушаалыг гардаж аваагүй 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр авсан гэж хэлдэг. Гэтэл нэхэмжлэгч тушаалаа гардаж аваад олон газар хандсан. Шуудангаар гурван талт гэрээг илгээсэн талаар мессэж бичиж танилцуулахад урдаас бичсэн мессеж хэрэгт авагдсан. Хурал дээр гаргадаг тэмдэглэлд хувь хүний нууцтай холбоотой буюу Х.Б-г ажлаас чөлөөлнө гэдэгт санал нэг байгаа боловч би энэ тэмдэглэлд гарын үсэг зурахгүй, дараа нь их дарамт ирдэг гэж хүмүүсийн хэлсэн үг хурлын тэмдэглэлд тэмдэглэгдсэн. Харин 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр аудитын дүгнэлт гарсан болохоор санал хэлсэн хувь хүмүүсийг бодсон.
5.2. Хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн гэрээнд цалин олгох асуудлыг нэг бүрчлэн тогтоогоогүй. Хөдөлмөрийн тухай хуульд ажилчдын цалинг 2 удаа олгоно гэж заасан. Харин хариуцагч тал 2023 оны 01 дүгээр сард ажилчдын цалинг нэг удаа олгох тогтоолтой. Энэ тогтоолоороо ажилчдын цалинг олгодог үүнд хүмүүс маргадаггүй бөгөөд уг асуудал шүүх хуралдаанд яригдаагүй. Х.Б цалинг танилцуулахгүй шивээд татвар, нийгмийн даатгал руу илгээдэг. 2023 оны 02 дугаар сард илүү цагийн цалин бодохдоо 960,000 төгрөгийг өөртөө бодож авсан. Ажилчдын цалинг мөн илүү дутуу зөрүүтэй бодож шилжүүлдэг энэ асуудалд зөвлөмж гаргасны дагуу хийсэн. Ажил дүгнэсэн Нийслэлийн хөрөнгө үнэлгээний газрын үнэлгээ байдаг үүнд зөвхөн санхүүгийн үзүүлэлтээр доороосоо 2 дугаар байранд орсон. Мөн нэхэмжлэгч ажлын цагаа бүртгүүлдэггүй, ажил дээр суу гэж байр бэлдэж өгсөн ч ажилдаа ирдэггүй, хөдөлмөрийн гэрээ байгуулах гэхэд байгуулдаггүй. Нэхэмжлэгчийн ёс суртахууны талаар ажилчдын 80 хувь нь ийм байдлаар ажиллаж болохгүй гэдэг санал гаргасан.
Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлын хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч А өрхийн эрүүл мэндийн төвд холбогдуулан А өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/29 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Хэргийн баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч А өрхийн эрүүл мэндийн төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд тус төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/29 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /1-р хх-ийн 3/
4.2. Уг тушаалд Х.Б-г ажлаас чөлөөлсөн үндэслэлээ түүнийг ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд Хөдөлмөрийн хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан чиг үүрэг удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, өөртөө илүү цагийн ажлын хөлс бичиж авсан, ажилчдын цалин хөлс, нэмэгдлүүдийг хугацаанд нь тавьж олгодоггүй, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслээр хангадаггүй, ажлын байрандаа ирж ажилладаггүй, ажлын цаг бүртгүүлдэггүй, хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, байгууллагын хэвийн үйл ажиллагаа болон өөрийн хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж удаа дараа ноцтой зөрчил гаргасан нь 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэжээ.
4.3. А өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэд ...2021, 2022 оны санхүүгийн үйл ажиллагаа, цалин, урамшуулал нэмэгдэл хөлсний бодолт, олголт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдлыг дүүргийн дотоод аудитаар хяналт шалгалт хийлгэх шаардлагатай. Ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлтийг нийт ажилтан албан хаагчдад болон Нөхөрлөлийн хуралд танилцуулж, нягтлан бодогч Х.Б-г ажил албан тушаалаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна гэсэн байна.
4.4. Дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг А өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн гишүүдийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцээд 2021 оны санхүүгийн үйл ажиллагаа, цалин, урамшуулал нэмэгдэл хөлсний бодолт, олголт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдлыг дүүргийн дотоод аудитаар хяналт шалтгалт хийлгэх, ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлттэй нөхөрлөлийн гишүүд танилцаад аудитын дүгнэлт гарах хүртэл хугацаанд нягтлан бодогч Х.Б-г ажлын албан тушаалаас түр түдгэлзүүлэх, энэ хугацаанд орлон гүйцэтгэгч томилж ажиллуулах саналыг гаргажээ. /1-р хх237-241/
4.5. Үүний дараа А өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн гишүүдийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар А өрхийн эрүүл мэндийн төвийн 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн төрийн аудитын дүгнэлтийг хэлэлцээд санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт гарч 142,120,030 төгрөгийн зөрчил илэрч нягтлан бодогч Х.Б нь аудитын заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй тул 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрт аудитын дүгнэлт гарах хүртэл хугацаанд нягтлан бодогч Х.Б-г ажил албан тушаалаас түр түдгэлзүүлэх гэснийг өөрчилж зохих журмын дагуу ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Иймд нэхэмжлэгчийн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэх гомдлыг хангахгүй. /1-р хх242-249/
4.6. А өрхийн эрүүл мэндийн төвийн дотоод журмын 7.2-т Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах бөгөөд 7.2.10-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш ажлын хоногоор ажил тасалсан, 12.5-д хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийн хуваарь зөрчсөн эмч ажилтанд дурдсан арга хэмжээг өрхийн эрүүл мэндийн төвийн дарга ногдуулна. А.сануулах нэг удаа нэг сарын хугацаагаар, Б.цалингийн хувь 10%-20% хүртэл 1 сарын хугацаагаар бууруулах, В.ажлаас халах гэж заасан. /1-р хх78-90/
4.7. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр нэхэмжлэгч Х.Б нь ...эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалин хөлс нэмэгдлүүдийг цаг хугацаанд нь олгодоггүй, удирдлагаас гаргасан тушаал, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ...2023 оны 2 сарын илүү цагийг буруу тооцож бодоод 4 сарын 13-нд олгохдоо өөртөө 48 цаг бичиж 967,000 төгрөг гаргаж илүү цаг тооцсон, ажлын байран дээр ирж ажилладаггүй, ажлын цаг бүртгүүлдэггүй, ...хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар удаа дараа хэлж, гэрээг өөрт нь хүргүүлсэн боловч байгуулаагүй, ажлын байран дээр ирж ажил үүргээ гүйцэтгэдэггүй, ажлын төлөвлөгөө гаргаж ажлаа тайлагнадаггүй, холбогдох хууль тогтоомж зөрчсөн, гүйцэтгэлийн үнэлгээнд 2,5 оноо буюу 50 хувьтай хангалтгүй үнэлгээ авсан, нийт эмч эмнэлгийн ажилтануудын 81.8 хувь нь муу буюу хангалтгүй үнэлгээ өгсөн болох нь тогтоогджээ.
4.8. Түүнчлэн, хэрэгт авагдсан цагийн тооцоо, илүү цагийн зөрүү тооцоолол, аудитын уулзалтын тэмдэглэл, цагийн бүртгэлийн дэвтэр, цалингийн карт, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/32 тоот ажлын хөлсний зөрүүг нөхөн олгох тухай тушаал, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн үнэлгээ зэрэг баримтаар нэхэмжлэгчийн ажлын цагаа бүртгүүлээгүй болох нь нотлогдож байна. Иймд хөдөлмөрийн дотоод журамд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш ажлын хоногоор ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар тохиролцсон байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэснийг үндэслэн ажилтныг ажлаас халсан тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-т заасантай нийцсэн, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг буруутгах үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн ...ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл, тушаах хэсэгт тусгагдсан нэрлэн заасан зөрчил байхгүй, ажил таслаагүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Хэргийн баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн хаягаар баталгаат шууданд хийсэн, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гарсан тул нэхэмжлэгчийн тушаалыг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээж авсан тайлбар үндэслэлгүй, мөн ажил олгогчоос сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг зөрчөөгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд нэхэмжлэгчийн ...ажлаас халах тушаал гаргахаас өмнө албан ёсоор мэдэгдэж дээрх дүгнэлтэд хариу өгөх хугацаа өгөөгүй, шүүх тушаал гарсны дараа мэдэгдэж тайлбар авна гэж илтэд буруу тайлбарласан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Мөн 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байх тул нэхэмжлэгч Х.Б-г хөдөлмөрийн сахилгын үргэлжилсэн зөрчил гаргасан гэж дүгнээд 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Б/29 тоот Х.Б-г ажлаас чөлөөлж, сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгчийн ...сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, А өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох, А ӨЭМТ-ийн даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч Х.Б-гийннэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн ...ажлын хэсгийн дүгнэлтээр гэм буруутай эсэхийг дүүргийн дотоод аудитад хандах нь зүйтэй гэсэн байхад шүүхийн шийдвэрт ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэсэн хэт нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр эргэлзээтэй, үндэслэл бүхий болоогүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2024/03166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ