Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 046

 

 

 

 

 

 

 

    

2019 оны 03 сарын 20 өдөр                     Дугаар 2019/ШЦТ/46                                                 Өлгий сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

     нарийн бичгийн дарга К.Е,

     улсын яллагч М.Ф,

     хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б,

     шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

     шүүгдэгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П Д-д холбогдох  1813000630015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Малчин багт оршин суух хаягтай, ганц бие, урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн П Д, регистрийн дугаар: ОЭ00000000.

 

     Шүүгдэгч  П.Д-гийн холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч П.Д 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн авто гаражид засварчнаар ажиллаж байхдаа гагнуурын аппарат, 5 тасалгаатай гар багаж, гар цахилгаан дриль, өндгөн толгой алх зэрэг эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын гаргасан мэдүүлэг.

     1. Шүүгдэгч П.Д-гаас мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 20-ны үеэр дадлагын багшаар ажиллаж байх хугацаанд гагнуурын аппарат, 5 тасалгаатай гар багаж, цахилгаан дриль, өндгөн толгой алх зэргийг хулгайлж авсан гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг ойрын хугацаанд барагдуулж өгөх болно. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна гэв.

     2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б-гаас мэдүүлэхдээ: П.Д-гийн хэлж байгаа нь үнэн. Хохирлыг төлж өгвөл ямар нэгэн гомдол санал байхгүй гэв.

     Хоёр: Эрүүгийн 1813000630015 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     1. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хотод очиж сургалтад хамрагдсан юм. Энэ үеэр  зарын сайтуудад вьетнам кузов засварчин ажилд авна гэж зар тавьсан юм. Гэтэл зарын дагуу над руу 99000000 дугаарын утаснаас залгаж зарын дагуу ярьж байна, хаана ямар ажил хийх вэ гэж асуусан. Би Баян-Өлгий аймагт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд кузов засварчин хэрэгтэй байна., чамд ажлын туршлага би юу гэхэд би вьетнам засварт 3 жил ажиллаж байна гэсэн. Улмаар өөртэй нь 100 айлд уулзаж ярилцаад ажиллуулах боломжтой юм байна гэж үзээд аймагт сургуульдаа авч ирж ажиллуулахаар болсон юм. Дээрх залуу өөрийгөө Д, би өнчин залуу бөгөөд ах маань Солонгос улсад ажилладаг, ганц бие гэж танилцуулсан ба өөр тодорхой зүйл хэлээгүй.

     Д нь намайг Баян-Өлгий аймаг явах унаа олж өг гэсэн юм. Би Мир гэх Улаанбаатар-Өлгий чиглэлд машин зөөдөг залуугийн утасны дугаарыг өгч, энэ хүн Өлгий рүү удахгүй явах байх гэж хэлсэн.  

     Улмаар Д нь Миртэй холбогдож Өлгийд 2017 оны 12 дугаар сарын 25-ны үед ирж, манай сургуультай танилцан кузов засварт ажиллаж эхэлсэн байна. Би араас нь хэд хоногийн дараа ирээд Д нь багажгүй гэхээр нь цахилгаан гагнуурын аппарат, 5 тасалгаатай гар багаж, гар цахилгаан дриль, өндгөн толгойт алх зэрэг багаж хэрэгслээ түр хэрэглүүлэхээр өгсөн. Д нь манай аймгийн нийлээд олон иргэдийн машинд засвар, будаг хийж байсан ба 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн алга болсон. Д нь явахдаа надаас түр хугацаагаар хэрэглэхээр авсан багажаа хулгайлан явсан байна. Тус багаж нь байгууллагын данстай, миний нэр дээр байдаг юм. Тус багажийг зөвшөөрөлгүй авч явсан байна. Д-ыг манай сургуулийн захиргаанаас сургуулийн дотуур байранд нэг өрөө гаргаж өгч, хоол хүнсийг нь мөн сургуулиас гаргаж байсан юм. Д-ыг манай сургуульд ажиллуулах гэрээ байгуулаагүй байсан.

     Д алга болсноос хойш 7 хоногийн дараа түүний ажиллаж байсан гаражаас сургуулийн зүгээс 7-8 хүний баг бүрдүүлж багаж, тоног төхөөрөмжүүдийг бүртгэхэд дээрх багаж, тоног төхөөрөмж дутсан юм. Дээрх бүрэлдэхүүнийг бид нар сайн дураараа нэгдэж орж үзсэн бөгөөд албан ёсоор захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулаагүй юм. Бүрэлдэхүүнд мэргэжилтэн С, авто засварын багш Тилекберген, миний бие байсан юм. Тухайн үед хэн хэн байсан талаар тодорхой санахгүй байна. Тухайн үед тэмдэглэл үйлдэж багаж төхөөрөмжийг нүдээрээ үзэж бүртгэсэн бөгөөд бүгд гарын үсэг зурсан юм.  

     Тус багажууд төслөөр орж ирсэн бөгөөд ширхэг бүрийн үнэлгээ нь байгууллагын орлогын баримтад цахилгаан гагнуурын аппарат 639009 төгрөг, 5 тасалгаатай гар багаж нь 1679328 төгрөг, гар цахилгаан дриль 456016 төгрөг, өндгөн толгой алх 69487 төгрөгийн үнэлгээтэй байсан юм. Улмаар манай байгууллагад 2843840 төгрөгийн хохирол учраад байна. Өөр эд зүйл алдагдаагүй, бусад эд зүйл бүрэн бүтэн байгаа болно. Алдагдсан эд зүйлсийг буцаан олгуулж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.

     ...Д нь Өлгийд ирсний дараа миний бие сургалтын төсвийн авто засварын гаражны түлхүүрийн нэг хувийг П.Д-д гаргаж өгсөн.

     ...Тухайн үед Д өөрөө л ажилладаг байсан ба дадлагын зарим нэгэн оюутнууд  хамт ажилладаг байсан. Тус гаражны запас түлхүүр нь сургуулийн захирал И.Ж-д байдаг юм. Тухайн гаражид хяналтын камер байсан ба бид нар гаражид орж эд зүйл, багаж хэрэгслийг тоолох үед камерын утсыг салгасан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-82, 97 дугаар хуудас/,

     2. Гэрч Т.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 12 дугаар сарын 20-ны үеэр манай байгууллагад Улаанбаатар хотоос Д гэх нэртэй залуу кузов засварын ажлаар дадлагын багшаар гэрээгээр ажиллахаар ирсэн. Тухайн үед Улаанбаатар хотод манай сургуулийн багш болох С.Б нь сургалтаар очсон байсан бөгөөд энэ үед интернэт сайтуудад кузов засварчин авна гэж зар тавьсан байсан байна. Улмаар С.Б-тай Д холбогдож уулзан манай байгууллагад кузов засварчнаар ажиллахаар болж замын машинаар манай аймагт ирсэн байна. Манай сургуульд ирж манай байгууллагаас Ховд их сургуулийн дотуур байранд байрлуулсан юм.

     Улмаар манай байгууллагаас ажлын байр, гаражны түлхүүр, тоног төхөөрөмжийн хамт гаргаж өгсөн. Дээрх байранд 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан. Ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр юм шиг санагдаж байна гэнэтхэн алга болчихсон юм. Тэр өдрөөс хойш одоо хүртэл сураггүй алга болоод байна. Д алга болсны дараа байрлаж байсан гэртээ ирэхгүй болохоор нь тэр өдрөөсөө хайж эхэлсэн. Байрлаж байсан гэрт нь ороход эд зүйлээ аваад явсан, гэр нь эмх замбараагүй байсан байна. Алга болсны маргааш нь С.Т түлхүүрийг авч гаражид орох гэтэл оруулаагүй ба тухайн үед гаражид И.Е, Х.Н, С.С нарын машин байсан, эдгээр иргэд машинаа авах хэрэгтэй гэж удаа дараа ирэхэд нь Д-ыг өөрийг нь ирэхээр оруулъя гээд онгойлгож машиныг нь өгөөгүй юм. Ховд аймгийн такси болон хот хоорондын нийтийн тээвэрт явдаг жолооч нараас асууж сурагласан боловч олдоогүй.

     Дээрх өдрөөс 3-4 хоногийн дараа Д-гийн ажиллаж байсан гаражид орж үзэхээр болж албан бусаар сургуулийн автын багш нар болох С.Б, С.Б, С.Т, миний бие болон харуул Ханат нарын хамт онгойлгон үзсэн юм.

     Улмаар автын багш нарын хамт тоног төхөөрөмж, түлхүүр багаж хэрэгслийг бүртгэж үзэхэд цахилгаан гагнуурын аппарат, 5 тасалгаатай гар багаж, гар цахилгаан дриль, өндгөн толгой алх зэрэг эд зүйл алга болсон байсан. Автын багш нар болох С.Б, С.Б, С.Т нар тус кузов засварын гаражид ямар ямар багаж хэрэгслүүд байдгийг сайн мэддэг юм. Багаж хэрэгслүүдийг нүдээрээ үзэж тоолж дуусаад дутуу багаж хэрэгслүүдийг тэмдэглэн авч, бүрэлдэхүүн хөндлөнгийн гэрчүүдээр гарын үсэг зуруулан авсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/

     3. Гэрч С.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д манай сургуульд ажиллаж байгаад шинэ жилийн дараа буюу 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш гаражаа түгжээд алга болсон юм. Д явахдаа манай сургуулийн кузов засварын гаражид байсан цахилгаан гагнуурын аппарат, 5 тасалгаатай гар багаж, гар цахилгаан дриль, өндгөн толгойтой алх зэрэг багаж, хэрэгслүүдийг зөвшөөрөлгүй авч явсан байна.

     ...Тухайн өдрөө С.Б багш түлхүүрийг авч, би С.Б багшаас аваад Т.С-д түлхүүрийг өгч багш нарын хамт гаражид орж үзлэг хийж, эд зүйлийг тоолсон юм. Тухайн үед би гаражны түлхүүрийг хаанаас авч ирсэн талаар Т.С-д огт хэлээгүй. Түлхүүрийг аваад ир гэж хэлэхэд би С.Б багшид очиж авсан юм. Т.С  нь намайг жижүүрээс авсан гэж бодсон байх” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112, 134 дүгээр хуудас/,

     4. Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д явахдаа сургуулийн жижүүрт гаражны түлхүүрийг үлдээгээд явсан байсан ба ажилдаа ирэхгүй болохоор нь 3-4 хоногийн дараа сургуулийн нэр бүхий багш, ажилчдын хамт сургуулийн гаражинд орж багаж хэрэгслүүдийг тоолж бүртгэсэн. Бүртгэхэд гагнуурын аппарат, цахилгаан гар дриль, 5 тасалгааны ком багаж, механикийн алх зэрэг зүйлүүд алга болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/,

     5. Гэрч Ж.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нар П.Д-ыг сураггүй алга болсноос хойш 2-3 хоног орчмын дараа түүний ажиллуулж байсан гаражыг онгойлгон орж гаражинд багаж хэрэгслийг тоолсон юм. Тухайн үед авто засварын багш С.Б нь гагнуурын аппарат, ком түлхүүр багаж, цахилгаан гар дриль зэрэг эд зүйлс байхгүй байна гэж байсан. С.Б нь дээрх гаражинд ямар ямар багаж хэрэгсэл байдаг болохыг авто засварын багшийн хувьд сайн мэдэх хүн юм. Улмаар дээрх гаражид байсан эд зүйлсийг тоолж дуусаад тэмдэглэл үйлдэж тэнд байсан хүмүүсээр гарын үсэг зуруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/,

     6. Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...П.Д нь манай сургуульд 2017 оны 12 дугаар сарын 15 орчимд ирж ажиллаж байгаад 2018 оны 1 дүгээр сарын эхээр сураггүй алга болсон. Манай сургуулийн авто засварын гаражинд дадлагын багш хийж байсан юм. П.Д нь 2018 оны 1 дүгээр сарын эхээр сураггүй алга болсноос  3-4 хоногийн дараа сургуулиас хэсэг багш нарын хамт түүний ажиллаж байсан авто засварын гаражинд орж үзлэг хийж, багаж хэрэгслийг тоолохоор болсон юм. Улмаар авто засварын багш З.П, С.Б, М.Р, С.Т, миний бие, ажилтан Т.С , жижүүр Ханат гэх хүмүүс байсан юм. Гаражны хаалгыг нь түлхүүрээр онгойлгон орж, дотор байсан эд зүйл багаж хэрэгслийг манай авто засварын багш нар бүртгэсэн. Бүртгэх үед цахилгаан гагнуурын аппарат, ком торцов түлхүүр багаж, цахилгаан гар дриль зэрэг багаж хэрэгсэл дутсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас/,

     7. Гэрч С.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...П.Д манай сургуульд авто засварын дадлагын багшаар гэрээгээр ажиллахаар Улаанбаатар хотоос 2017 оны 12 дугаар сарын дундуур ирээд ажиллаж байгаад 2018 оны 1 дүгээр сарын эхээр сураггүй алга болсон юм. Гаражид орж эд зүйлийг бүртгэх үеэр С.Б багш надад утсаар залгаж П.Д-гийн ажиллаж байсан авто засварын гаражинд орж үзлэг хийж, эд зүйл багаж хэрэгслийг тоолох шаардлагатай байна. Чи энэ бүрэлдэхүүнд орж сургуулийн цахилгаанчны хувьд цахилгааны аюулгүй байдлыг шалгах шаардлагатай байна гэж дуудсан. Тухайн үед би бага зэрэг ажилтай байсан бөгөөд удахгүй яваад очъё гэсэн. Улмаар намайг гаражид очих үед багш ажилчид цугларсан багаж хэрэгслийг тоолж дууссан байсан ба тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулж байсан. Улмаар би тэмдэглэлтэй танилцахад тус авто засварын гаражаас цахилгаан гар дриль гагнуурын аппарат, ком торцов түлхүүр зэрэг зүйлүүд дутсан байна гэсэн утгатай тэмдэглэл байсан ба танилцаад гарын үсгээ зурсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,

     8. Гэрч А.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тодорхой өдрийг нь сайн санахгүй байна, П.Д нь сураггүй алга болсны дараа сургуулийн авто засварын багш нар болон сургуулийн хэсэг багш ажилчдын хамт П.Д-гийн ажиллаж байсан авто гаражид орж, байсан эд зүйлс, багаж хэрэгслийг бүртгэсэн юм. Тухайн үед миний бие хамт байсан бөгөөд гаражаас цахилгаан гагнуурын аппарат, цахилгаан гар дриль, ком торцов түлхүүр зэрэг багаж хэрэгсэл дутуу байсан байна гэж ажилтан С тэмдэглэл хөтөлж тэнд байсан багш ажилчдад гарын үсэг зуруулсан. П.Д авто гаражид орж гарахдаа сургуулийн баруун хойд талын хашааны хаалгаар орж гарч байдаг ба сургуулийн жижүүрийн угтах хаалгаар дайрч гардаггүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас/,

     9. Гэрч И.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...П.Д Өлгийд ирээд манай сургуулийн зүгээс ажлын байр, амьдрах байр зэргээр хангасан. Түүнийг ирсний дараа миний бие биечлэн уулзаж туршилтын журмаар 7 хоногийн хугацаатай сургуулийн соната-5, старекс маркийн машинуудад засвар хийгээд хэрвээ шаардлага хангахаар хэмжээнд засварыг хийсэн тохиолдолд цаашид гэрээ байгуулан ажиллуулахаар тохиролцсон юм. П.Д нь старекс маркийн тээврийн хэрэгсэлд урд кирлоны өнгөлгөө хийж дуусгасан. Харин соната-5 маркийн машинд бүтэн будаг, замаск хийнэ гэж агрегатыг өнгөлөөд дутуу орхиод 2018 оны 1 дүгээр сарын эхээр сураггүй алга болсон юм.

     Би сургуулийн зүгээс чамтай гэрээ байгуулан хамтран ажиллана, чи бичиг баримтаа аваад ир гэж 2017 оны 12 дугаар сарын сүүлээр хэлсэн ба П.Д нь зөвшөөрч, 2018 оны 1 дүгээр сарын эхээр надад өөрийн биеэр ТҮЦ машинаас иргэний лавлагааны хуулбараа гарган авч ирсэн. Би иргэний лавлагааг нь аваад чамтай хамтран ажиллах гэрээний төслөө бэлдээд дахин уулзаж гэрээ байгуулъя гэж хэлсэн. Тухайн үед П.Д-дай албан ёсоор хамтран ажиллах гэрээ хийгээгүй байсан ба сургуулийн авто засварын багш Б-гийн нэр дээр байсан багаж хэрэгслийг аман байдлаар тохиролцон ашиглуулж байсан болно. Харин энэ талаар ямар нэгэн баримт бичиг, тэмдэглэл үйлдээгүй. Авто засварын гараж нь нийт 3 түлхүүртэй, 1 ширхэг түлхүүр П.Д-д, 2 ширхэг түлхүүр нь надад байсан. 

     П.Д-ыг сураггүй алга болсноос хойш 2 өдрийн дараа манай сургуулийн авто засварын багш С.Б нь гаражны илүү түлхүүрийг надаас авч авто засварын гаражид үзлэг хийж, багаж хэрэгслийг тоолно гээд аваад явсан. Тухайн өдрөө сургуулийн хэсэг багш нартай хамтран П.Д-гийн ажиллаж байсан авто засварын гаражинд орж, багаж хэрэгслийг тоолоход таван тасалгаатай ком түлхүүр, цахилгаан гагнуурын аппарат, цахилгаан гар дриль, өндгөн толгойт алх зэрэг байгууллагын данстай багажууд дутсан байх бөгөөд тухайн үед ажилтан Т.С  нь энэ талаар тэмдэглэл үйлдэн, оролцогч нараар гарын үсэг зуруулан авсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас/,

     10. Гэрч У.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн; “...Намайг сургуулийн манаачийн ээлтэй байх өдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын эхээр орой 19 цаг өнгөрч байх үед П.Д нь жижиг тэрэгний 1 ширхэг хар түлхүүр өгөөд “энэ түлхүүрийг танд үлдээе, удахгүй нэг хүн ирж авна” гэсэн. Мөн энэ түлхүүрийг авсан хүн сургуулийн урд зогсоолд байгаа машиныг авч явна гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл ярилгүй гараад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас/,

     11. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн төлөөлөгч ажилтай Х.Ы-гийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлтэд:

     - Өлгий суманд 2018 оны 1 дүгээр сарын байдлаар ашиглаж байсан цахилгаан гагнуурын аппарат 400000-600000 /дөрвөн зуун мянгаас зургаан зуун мянга/ төгрөг, цахилгаан гар дриль 300000-400000 /гурван зуун мянгаас дөрвөн зуун мянга/, 5 тасалгааны ком багаж 1200000-1500000 /нэг сая хоёр зуун мянга нэг сая таван зуун мянга/, механикийн алх 500000-60000 /тавин мянгаас жаран мянга/ төгрөгийн тус тус үнэ, ханштай байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/,

     12.Хохирлын хэмжээг хүснэгтээр үзүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/,

     13. Яллагдагч П.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг анх уг сургалтын төвийн гаражид ажиллаж эхлэх үед ямар нэгэн багаж, хэрэгсэл байгаагүй бөгөөд сургалтын төвийн нягтлан Асхар гэх хүн надад гагнуурын аппарат, 5 тасалгаатай гар багаж, цахилгаан дриль, өндгөн толгойтой алх зэргийг гаргаж өгсөн. Тэгж байтал хотоос манай нэг найз залгаад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хулгайн хэрэгт эрэн сурвалжилж байна, хот руу орж ирэх шаардлагатай байна гэсэн. Тэгэхлээр нь миний бие хот руу явах болоод засварын газарт ашиглаж байсан багаж хэрэгслүүдийг оройн цагийн үед засварын газраас авч гараад Ховд аймаг руу явах гэж байгаа нэг машинд аваачаад тавьсан. Ховд аймаг ороод миний бие нөгөө багажуудыг зах дээр аваачаад нэг эрэгтэй хүнд 4 багажийг нийт 500000 төгрөгөөр зарсан”.

     ...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан миний буруу болно. Надад өөр хэлэх зүйл байхгүй. Ял эдлэх хугацаанд ажил хийж, хохирлыг барагдуулах болно гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 166-168 дугаар хуудас/,

     14. Шүүгдэгч П.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 185 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 197 дугаар хуудас/, Дархан-уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 191-196 дугаар хуудас/, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, банкны хадгаламжийн дансгүй болохыг тодорхойлсон лавлагаа /хавтаст хэргийн 187-189 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

     Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

     Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Д-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

     1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

     Шүүгдэгч П.Д нь 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн авто гаражид засварчнаар ажиллаж байхдаа гагнуурын аппарат, 5 тасалгаатай гар багаж, гар цахилгаан дриль, өндгөн толгой алх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1950000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

     - Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 20-ны үед Улаанбаатар хотод очиж сургалтад хамрагдсан юм. Энэ үеэр зарын сайтуудад вьетнам кузов засварчин ажилд авна гэж зар тавьсан юм. Улмаар Д-дай өөртэй нь 100 айлд уулзаж ярилцаад ажиллуулах боломжтой юм байна гэж үзээд аймагт сургуульдаа авч ирж ажиллуулахаар болсон юм. Улмаар Д нь Өлгийд 2017 оны 12 дугаар сарын 25-ны үед ирж, манай сургуультай танилцан кузов засварт ажиллаж эхэлсэн байна. Би араас нь хэд хоногийн дараа ирээд Д нь багажгүй гэхээр нь цахилгаан гагнуурын аппарат, 5 тасалгаатай гар багаж, гар цахилгаан дриль, өндгөн толгойт алх зэрэг багаж хэрэгслээ түр хэрэглүүлэхээр өгсөн. Д нь манай аймгийн нийлээд олон иргэдийн машинд засвар, будаг хийж байсан ба 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн алга болсон. Д нь явахдаа надаас түр хугацаагаар хэрэглэхээр авсан багажаа хулгайлан явсан байна. Тус багаж нь байгууллагын данстай, миний нэр дээр байдаг юм. Тус багажыг зөвшөөрөлгүй авч явсан байна. Д-ыг манай сургуулийн захиргаанаас сургуулийн дотуур байранд нэг өрөө гаргаж өгч, хоол хүнсийг нь мөн сургуулиас гаргаж байсан юм. Д-ыг манай сургуульд ажиллуулах гэрээ байгуулаагүй байсан.

     Д алга болсноос хойш 7 хоногийн дараа түүний ажиллаж байсан гаражаас сургуулийн зүгээс 7-8 хүний баг бүрдүүлж багаж, тоног төхөөрөмжүүдийг бүртгэхэд дээрх багаж, тоног төхөөрөмж дутсан юм. Дээрх бүрэлдэхүүнийг бид нар сайн дураараа нэгдэж орж үзсэн бөгөөд албан ёсоор захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулаагүй юм. Бүрэлдэхүүнд мэргэжилтэн С, авто засварын багш Тилекберген, миний бие байсан юм. Тухайн үед хэн хэн байсан талаар тодорхой санахгүй байна. Тухайн үед тэмдэглэл үйлдэж багаж төхөөрөмжийг нүдээрээ үзэж бүртгэсэн бөгөөд бүгд гарын үсэг зурсан юм.  

     Тус багажууд төслөөр орж ирсэн бөгөөд ширхэг бүрийн үнэлгээ нь байгууллагын орлогын баримтад цахилгаан гагнуурын аппарат 639009 төгрөг, 5 тасалгаатай гар багаж нь 1679328 төгрөг, гар цахилгаан дриль 456016 төгрөг, өндгөн толгой алх 69487 төгрөгийн үнэлгээтэй байсан юм. Улмаар манай байгууллагад 2843840 төгрөгийн хохирол учраад байна. Өөр эд зүйл алдагдаагүй, бусад эд зүйл бүрэн бүтэн байгаа болно. Алдагдсан эд зүйлсийг буцаан олгуулж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.

     ...Д нь Өлгийд ирсний дараа миний бие сургалтын төсвийн авто засварын гаражны түлхүүрийн нэг хувийг П.Д-д гаргаж өгсөн.

     ...Тухайн үед Д өөрөө л ажилладаг байсан ба дадлагын зарим нэгэн оюутнууд  хамт ажилладаг байсан. Тус гаражны запас түлхүүр нв сургуулийн захирал И.Ж-д байдаг юм. Тухайн гаражид хяналтын камер байсан ба бид нар гаражид орж эд зүйл, багаж хэрэгслийг тоолох үед камерын утсыг салгасан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-82, 97 дугаар хуудас/

     - Гэрч Т.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “С.Б-тай Д холбогдож уулзан манай байгууллагад кузов засварчнаар ажиллахаар болж замын машинаар манай аймагт ирсэн байна. Манай сургуульд ирж манай байгууллагаас Ховд их сургуулийн дотуур байранд байрлуулсан юм.

     Улмаар манай байгууллагаас ажлын байр, гаражны түлхүүр, тоног төхөөрөмжийн хамт гаргаж өгсөн. Дээрх байранд 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан. Ажиллаж байгаад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр юм шиг санагдаж байна гэнэтхэн алга болчихсон юм. Тэр өдрөөс хойш одоо хүртэл сураггүй алга болоод байна. Д алга болсны дараа байрлаж байсан гэртээ ирэхгүй болохоор нь тэр өдрөөсөө хайж эхэлсэн. Байрлаж байсан гэрт нь ороход эд зүйлээ аваад явсан, гэр нь эмх замбараагүй байсан байна. Алга болсны маргааш нь С.Т түлхүүрийг авч гаражид орох гэтэл оруулаагүй ба тухайн үед гаражид И.Е, Х.Н, С.С нарын машин байсан, эдгээр иргэд машинаа авах хэрэгтэй гэж удаа дараа ирэхэд нь Дыг өөрийг нь ирэхээр оруулъя гээд онгойлгож машиныг нь өгөөгүй юм. Ховд аймгийн такси болон хот хоорондын нийтийн тээвэрт явдаг жолооч нараас асууж сурагласан боловч олдоогүй.

     Дээрх өдрөөс 3-4 хоногийн дараа Д-гийн ажиллаж байсан гаражид орж үзэхээр болж албан бусаар сургуулийн автын багш нар болох С.Б, С.Б, С.Т, миний бие болон харуул Ханат нарын хамт онгойлгон үзсэн юм.

     Улмаар автын багш нарын хамт тоног төхөөрөмж, түлхүүр багаж хэрэгслийг бүртгэж үзэхэд цахилгаан гагнуурын аппарат, 5 тасалгаатай гар багаж, гар цахилгаан дриль, өндгөн толгой алх зэрэг эд зүйл алга болсон байсан. Автын багш нар болох С.Б, С.Б, С.Т нар тус кузов засварын гаражид ямар ямар багаж хэрэгслүүд байдгийг сайн мэддэг юм. Багаж хэрэгслүүдийг нүдээрээ үзэж тоолж дуусаад дутуу багаж хэрэгслүүдийг тэмдэглэн авч, бүрэлдэхүүн хөндлөнгийн гэрчүүдээр гарын үсэг зуруулан авсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/

     - Гэрч С.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д манай сургуульд ажиллаж байгаад шинэ жилийн дараа буюу 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш гаражаа түгжээд алга болсон юм. Д явахдаа манай сургуулийн кузов засварын гаражид байсан цахилгаан гагнуурын аппарат, 5 тасалгаатай гар багаж, гар цахилгаан дриль, өндгөн толгойтой алх зэрэг багаж, хэрэгслүүдийг зөвшөөрөлгүй авч явсан байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/,

     - Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д ажилдаа ирэхгүй болохоор нь 3-4 хоногийн дараа сургуулийн нэр бүхий багш, ажилчдын хамт сургуулийн гаражинд орж багаж хэрэгслүүдийг тоолж бүртгэсэн. Бүртгэхэд гагнуурын аппарат, цахилгаан гар дриль, 5 тасалгааны ком багаж, механикийн алх зэрэг зүйлүүд алга болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/,

     - Гэрч Ж.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Бид нар П.Д-гийн сураггүй алга болсноос хойш 2-3 хоног орчмын дараа түүний ажиллуулж байсан гаражыг онгойлгон орж гаражинд багаж хэрэгслийг тоолсон юм. Тухайн үед авто засварын багш С.Б нь гагнуурын аппарат, ком түлхүүр багаж, цахилгаан гар дриль зэрэг эд зүйлс байхгүй байна гэж байсан. С.Б нь дээрх гаражинд ямар ямар багаж хэрэгсэл байдаг болохыг авто засварын багшийн хувьд сайн мэдэх хүн юм. Улмаар дээрх гаражид байсан эд зүйлсийг тоолж дуусаад тэмдэглэл үйлдэж тэнд байсан хүмүүсээр гарын үсэг зуруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/,

     - Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...П.Д нь манай сургуульд 2017 оны 12 дугаар сарын 15 орчимд ирж ажиллаж байгаад 2018 оны 1 дүгээр сарын эхээр сураггүй алга болсон. Манай сургуулийн авто засварын гаражинд дадлагын багш хийж байсан юм. П.Д нь 2018 оны 1 дүгээр сарын эхээр сураггүй алга болсноос  3-4 хоногийн дараа сургуулиас хэсэг багш нарын хамт түүний ажиллаж байсан авто засварын гаражинд орж үзлэг хийж, багаж хэрэгслийг тоолохоор болсон юм. Улмаар авто засварын багш З.П, С.Б, М.Р, С.Т, миний бие, ажилтан Т.С , жижүүр Ханат гэх хүмүүс байсан юм. Гаражны хаалгыг нь түлхүүрээр онгойлгон орж, дотор байсан эд зүйл багаж хэрэгслийг манай авто засварын багш нар бүртгэсэн. Бүртгэх үед цахилгаан гагнуурын аппарат, ком торцов түлхүүр багаж, цахилгаан гар дриль зэрэг багаж хэрэгсэл дутсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас/,

     - Гэрч С.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...П.Д манай сургуульд авто засварын дадлагын багшаар гэрээгээр ажиллахаар Улаанбаатар хотоос 2017 оны 12 дугаар сарын дундуур ирээд ажиллаж байгаад 2018 оны 1 дүгээр сарын эхээр сураггүй алга болсон юм. Гаражид орж эд зүйлийг бүртгэх үеэр С.Б багш надад утсаар залгаж П.Д-гийн ажиллаж байсан авто засварын гаражинд орж үзлэг хийж, эд зүйл багаж хэрэгслийг тоолох шаардлагатай байна. Чи энэ бүрэлдэхүүнд орж сургуулийн цахилгаанчны хувьд цахилгааны аюулгүй байдлыг шалгах шаардлагатай байна гэж дуудсан. Тухайн үед би бага зэрэг ажилтай байсан бөгөөд удахгүй яваад очъё гэсэн. Улмаар намайг гаражид очих үед багш ажилчид цугларсан багаж хэрэгслийг тоолж дууссан байсан ба тэмдэглэл үйлдэж гарын үсэг зуруулж байсан. Улмаар би тэмдэглэлтэй танилцахад тус авто засварын гаражаас цахилгаан гар дриль гагнуурын аппарат, ком торцов түлхүүр зэрэг зүйлүүд дутсан байна гэсэн утгатай тэмдэглэл байсан ба танилцаад гарын үсгээ зурсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас/,

     - Гэрч А.Х-гий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тодорхой өдрийг нь сайн санахгүй байна, П.Д нь сураггүй алга болсны дараа сургуулийн авто засварын багш нар болон сургуулийн хэсэг багш ажилчдын хамт П.Д-гийн ажиллаж байсан авто гаражид орж, байсан эд зүйлс, багаж хэрэгслийг бүртгэсэн юм. Тухайн үед миний бие хамт байсан бөгөөд гаражаас цахилгаан гагнуурын аппарат, цахилгаан гар дриль, ком торцов түлхүүр зэрэг багаж хэрэгсэл дутуу байсан байна гэж ажилтан С тэмдэглэл хөтөлж тэнд байсан багш ажилчдад гарын үсэг зуруулсан. П.Д авто гаражид орж гарахдаа сургуулийн баруун хойд талын хашааны хаалгаар орж гарч байдаг ба сургуулийн жижүүрийн угтах хаалгаар дайрч гардаггүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас/,

     - Гэрч И.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...П.Д-ыг сураггүй алга болсноос хойш 2 өдрийн дараа манай сургуулийн авто засварын багш С.Б нь гаражны илүү түлхүүрийг надаас авч авто засварын гаражид үзлэг хийж, багаж хэрэгслийг тоолно гээд аваад явсан. Тухайн өдрөө сургуулийн хэсэг багш нартай хамтран П.Д-гийн ажиллаж байсан авто засварын гаражинд орж, багаж хэрэгслийг тоолоход таван тасалгаатай ком түлхүүр, цахилгаан гагнуурын аппарат, цахилгаан гар дриль, өндгөн толгойт алх зэрэг байгууллагын данстай багажууд дутсан байх бөгөөд тухайн үед ажилтан Т.С  нь энэ талаар тэмдэглэл үйлдэн, оролцогч нараар гарын үсэг зуруулан авсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас/,

     - Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн төлөөлөгч ажилтай Х.Ы-гийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/,

     - Хохирлын хэмжээг хүснэгтээр үзүүлсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/,

     - Шүүгдэгч П.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Намайг анх уг сургалтын төвийн гаражид ажиллаж эхлэх үед ямар нэгэн багаж, хэрэгсэл байгаагүй бөгөөд сургалтын төвийн нягтлан Асхар гэх хүн надад гагнуурын аппарат, 5 тасалгаатай гар багаж, цахилгаан дриль, өндгөн толгойтой алх зэргийг гаргаж өгсөн. Тэгж байтал хотоос манай нэг найз залгаад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хулгайн хэрэгт эрэн сурвалжилж байна, хот руу орж ирэх шаардлагатай байна гэсэн. Тэгэхлээр нь миний бие хот руу явах болоод засварын газарт ашиглаж байсан багаж хэрэгслүүдийг оройн цагийн үед засварын газраас авч гараад Ховд аймаг руу явах гэж байгаа нэг машинд аваачаад тавьсан. Ховд аймаг ороод миний бие нөгөө багажуудыг зах дээр аваачаад нэг эрэгтэй хүнд 4 багажийг нийт 500000 төгрөгөөр зарсан”.

     ...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан миний буруу болно. Надад өөр хэлэх зүйл байхгүй. Ял эдлэх хугацаанд ажил хийж, хохирлыг барагдуулах болно гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 166-168 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

     Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд шүүгдэгч П.Д-гийн гэм буруугийн талаар маргаагүй болно.

     Хууль зүйн дүгнэлт:

     Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П.Д нь 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн авто гаражид засварчнаар ажиллаж байхдаа гагнуурын аппарат, 5 тасалгаатай гар багаж, гар цахилгаан дриль, өндгөн толгой алх зэрэг эд зүйл хулгайлсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч П.Д-гаас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг өмгөөлөгчийн хамт гаргаж мэтгэлцээгүй болно.

     Хэргийн үйл баримт, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Д нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн авто гаражаид 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл туршилтын хугацаагаар кузов засварчнаар ажилласан байна. Ажиллах хугацаандаа аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдлага буюу багш нараас гагнуурын аппарат, 5 тасалгаатай гар багаж, гар цахилгаан дриль, өндгөн толгой алх зэрэг багаж хэрэгслийг авто засварын гаражийн түлхүүрийн хамт хүлээн авч, улмаар өмчлөгчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан байна.

     Тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хайхрамжгүй, хяналтгүй байдал нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл туршилтын хугацаагаар ажиллаж байсан гэж кузов засварын дадлагын багш гэх П.Д нь тухайн өдөрт хэчнээн цаг, хэнтэй хамт ажилласан, ямар багаж хэрэгслийг хүлээн авсан, хариуцаж хяналт тавих эрх бүхий албан тушаалтан байхгүй, ажлын уялдаа холбоогүй, зохицуулалтгүй, хяналтгүй байдал зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч П.Д нь гэм буруутай болохоо яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ мэдүүлж, хохирлын хэмжээг зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргахгүй гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

     Иймд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 1950000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

     Тиймээс шүүгдэгч П.Д-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

     Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

     Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

     Шүүгдэгч П.Д-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 1950000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч П.Д-гаас 1950000 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд олгох нь зүйтэй байна.

     Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон С.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирлын үнийн дүнгийн талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй тул хохирлын хэмжээг шинжээчийн дүгнэлтийн дагуу тооцсон болно.

     2.Эрүүгийн хариуцлагын талаар.

     Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нөхцөл байдалтай”, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан хорих ялыг сонгон, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч П.Д-д Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 2 хоногийн хорих ял дээр 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар тогтоож, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан П.Д-д оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

     3. Бусад асуудлаар.

     Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Д нь 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр буюу хорих ангиас шилжиж ирсэн өдрөөс эхлэн 57 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон 57 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч П.Д-гаас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

     Шүүгдэгч П.Д-д урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдэхээр шийдвэрлэв.

 

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Б овогт П Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар П Д-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч П.Д-д Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 2 хоногийн хорих ял дээр 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн П.Д-гийн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар П.Д-д оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

     5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Д-гийн 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 57 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

     6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар зааснаар шүүгдэгч П.Д-гаас 1950000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд олгосугай.

     7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

     8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

     9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

     10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.Т