Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2024/01695

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 08 30 210/МА2024/01695

 

 

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01882 дугаар шийдвэртэй

Г.Б-гийн нэхэмжлэлтэй, Ж ХХК-дхолбогдох

М худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын 00 тоот (759 дүгээр байрны 00 тоот), 39.64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,

Уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б-гийн нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах,

Г.Б болон Ж ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, уг гэрээний 3.3 дахь заалтын 4 дэх сараас эхлэн..., 10%-аар тооцон... гэх хэсэг нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, алдангид 88,377,380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Г.Б нь Ж ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр барилгад хөрөнгө оруулах гэрээг байгуулж, М худалдааны төвийн 2 дугаар давхрын 15 тоот үл хөдлөх эд хөрөнгийг 176,754,760 төгрөгөөр захиалсан. Нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж, нийт 176,754,760 төгрөгийг төлсөн.

Гэтэл Ж ХХК-аас гэрээнд зааснаар үйлчилгээний талбайг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр буюу нийт 889 хоногийн хугацаа хэтрүүлэн хүлээлгэж өгсөн. Одоогоор өмчлөх эрхийг шилжүүлээгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Тус барилга 2019 онд баригдах явцад захиалагчид мэдэгдэлгүйгээр тухайн барилгад Ү-00000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж аваад Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд барьцаалсан.

1.2.Гэрээний 3.3-т Гэрээний 3.1-д заасан хугацааг 3 сараас дээш хугацаагаар хойшлуулж болохгүй. Хугацаа хойшилсон тохиолдолд 4 дэх сараас эхлэн гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиар тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх алдангийг тооцож захиалагчид төлнө гэж заасан. Ж ХХК нь дээрх нөхцөл бүхий гэрээг бусад захиалагч нартай ижилхэн байгуулсан, өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн тул санал болгосон гэрээний нөхцөлийг бүхэлд нь зөвшөөрөхөөс өөр сонголтгүй байсан. Энэ нь захиалагч талд илт хохиролтой бөгөөд шударга бус юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр заасан байхад гэрээний талуудын алданги тооцох үнийн дүнг захиалагч талд хохиролтой байдлаар тусгасан. Иймд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний 3.3 дахь заалтын дээрх нөхцөлүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.

1.3. Гэрээний стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутам алданги тооцвол 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 889 хоногийн алданги 157,134,982 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцвол 88,377,380 төгрөг болно.

Иймд М худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын 00 тоот (759 дүгээр байрны 00 тоот), 39.64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б-гийн нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, Г.Б болон Ж ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 180305 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, уг гэрээний 3.3 дахь заалтын 2 дахь өгүүлбэрийн 4 дэх сараас эхлэн..., 10%-аар тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсний алдангид 88,377,380 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Г.Б-тэй 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр барилгад хөрөнгө оруулах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр М, үйлчилгээний зориулалтай, 759 дүгээр байрны 2 давхрын 15 тоот 39.64 м.кв талбайг захиалан бариулж, төлбөрийг 100 хувь барагдуулсан. Талбайн төлбөрт нийт 194,236,000 төлөхөөс манай компани 17,481,240 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэн 176,754,760 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Захиалагч 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 8 хувааж төлсөн тул өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй.

2.2. М тоот, улсын бүртгэлийн Ү-00000000 дугаартай, 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд барьцаалсан. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад ганцхан банкны барьцаа чөлөөлсөн бичиг дутуу байна. Харин барьцаанаас чөлөөлсөн бичгийг дээр дурдсан шалтгаанаар бид банкнаас гаргуулж авч чадахгүй байна. Барьцаанаас чөлөөлсөн бичгээс бусад бүх бичиг баримтыг манайхаас гаргуулахад чөлөөтэй авч болно.

2.3. Барилга, хөрөнгө оруулалтын гэрээг стандарт нөхцөлтэй гэрээ болохыг тогтоолгох шаардлагыг зөвшөөрөхгүй. Тухайн үед гэрээний бүх нөхцөлийг уншиж ойлгоод гарын үсэг зураад уг гэрээг хийе гэж хэлсэн. Мөн ашиглалтад орсноор төлбөрөө төлөөд түлхүүрээ авах ёстой байсан боловч захиалагч өөрөө сүүлийн төлбөрөө 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хугацаа хоцорч төлсөн учраас алданги шаардах эрхгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч 17,481,240 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, үл хөдлөх хөрөнгийг 176,754,760 төгрөгөөр худалдан авсан. Тиймээс гэрээний 2.9-д Захиалагч нь энэхүү гэрээний 2.1-т заагдсан графикт төлбөрөө хугацаа хожимдуулан төлж байсан, үнийн хөнгөлөлттэй нөхцөлөөр төлбөрийг төлсөн, мөн бартераар гэрээ байгуулсан зэрэг тохиолдолд захиалагч нь орон сууц ашиглалтад орох хугацаанаасаа хоцорсон талаархи болон бусад ямарваа нэгэн алданги, торгууль тооцох, нэхэмжлэх эрхгүй байна гэж тохиролцсон тул алдангийг зөвшөөрөхгүй. 

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг зөвшөөрч, харин бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 200 дугаар зүйлийн 200.1, 202 дугаар зүйлийн 202.2.12-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-г М худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын 15 тоот (759 дүгээр байрны 220 тоот), 39.64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б-гийн нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрэн гаргаж өгөхийг хариуцагч Ж ХХК-нд даалгаж, Ж ХХК, Г.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 180305 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, гэрээний 3.3 дахь заалтын 4 дэх сараас эхлэн..., 10%-иар тооцон... гэх стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 88,377,380 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,922,361 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,322,524 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээний зүйл болох үйлчилгээний талбайг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Гэвч гүйцэтгэгч тал үйлчилгээний зориулалттай талбайг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөлгүйгээр 29 cap 6 хоног буюу нийт 889 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Гэрээний 3.1-д заасан хугацааг 3 сараас дээш хугацаагаар хойшлуулж болохгүй, хугацаа хойшилсон тохиолдолд 4 дэх сараас эхлэн гүйцэтгэгч нь гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиар тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх алдангийг тооцож захиалагчид төлнө гэж заасан. Ж ХХК нь Парк од молл худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын бүх захиалагч нартай тогтсон нэг загвар, ижил нөхцөл, заалт бүхий барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээг шууд санал болгосон, гэрээнд манай зүгээс өөрчлөлт оруулах, санал өгөх боломжгүй байсан тул үйлчилгээний талбай захиалахаар компанийн санал болгосон гэрээний нөхцөлөөр гэрээ байгуулсан.

Гэрээний 2.2-т захиалагч тал гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн төлөгдөх ёстой төлбөрийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлөхөөр заасан атлаа гэрээний 3.3-т гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний улмаас захиалагчид төлөх алдангийн хэмжээг хугацаа хэтрүүлсэн зөрчил үүссэнээс хойш 4 дэх сараас эхлэн тооцож эхлэх, мөн ингэж тооцохдоо гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиар тооцон хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгч талд төлөхөөр заасан нь захиалагч талд илт хохиролтой бөгөөд шударга бус юм. Тус гэрээний дагуу гүйцэтгэгч тал үүргээ зөрчсөнөөс өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг илт багасгасан нь захиалагч талд хохиролтой, хариуцлагаас чөлөөлөгдөх боломжийг өөртөө олгосон. Алдангийг хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр хуульд заасан. Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээгээр талуудын төлөх алдангийн хувь хэмжээ адил байх боловч алданги тооцох хугацаа, алданги тооцох үнийн дүнг захиалагч талд хохиролтой байдлаар ялгаатай тусгасан.

Гэрээний 3.3, 2.2 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалттай харьцуулан авч үзвэл гүйцэтгэгч тал хугацаа хэтрүүлсэн тохиолдолд захиалагч тал хугацаа хэтэрсэн эхний 3 сарын алданг авч чадахгүй, мөн 4 дэх сараас эхлэн тооцогдох алданги нь гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгээс бодогдохгүй, харин тухайн гүйцэтгээгүй үүрэг буюу гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хоног тутамд 0,1 хувийн алданги тооцож төлүүлэхээр заасан нь хууль зөрчсөн. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэрээний 2.9 дэх заалт Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4-т Гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар заасан гүйцэтгэгч тал нэгэнт гэрээний 3.4-т алданги төлөхөөр үүрэг хүлээсэн атлаа захиалагчийн ашиг сонирхолд үл нийцэх шударга бус аргаар уг үүргээс өөрийгөө чөлөөлөхөөр заасан гэрээний уг стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус юм.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний 2.9-д зааснаар аливаа хөнгөлөлт эдлээгүй тул хөнгөлөлт эдэлсэн гэх үндэслэлээр алданги шаардах эрхээ алдах үндэслэл байхгүйгээс гадна, гэрээний 1.1-т заасан үнийн дүнгийн тооцоолол дээрх хөнгөлөлт гэх үг нь бодит хөнгөлөлт биш гүйцэтгэгч талын санал болгож буй гэрээний үнийн санал юм. Тиймээс уг үнийн саналаар гэрээ байгуулагдаж, үйлчилгээний талбай захиалсан явдал нь захиалагч талыг хөнгөлөлт эдэлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Гэрээний эдгээр стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус байх тул гүйцэтгэгч Ж ХХКнь гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлөх үүрэгтэй. Гүйцэтгэгч Ж ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь гэрээний үнийн дүнгийн хэмжээгээр буюу гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээр тодорхойлогдоно. Үүний дагуу гүйцэтгэгч нь төлбөл зохих алдангийг тооцвол 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 889 хоног, 1 өдрийн алданги 176,754,767 (176,754,760*0,1) нийт тооцогдсон алдангийн дүн 157,134,982 төгрөг болно. Үүнийг хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийн хэмжээг тооцоход 88,377,380 төгрөг болж байх тул хуульд заасан хэмжээгээр алдангийн хэмжээг нэхэмжлэх эрхтэй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хугацаа хэтрүүлсний алдангид 88,377,380 төгрөгийг хариуцагч Ж ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Захиалагч гэрээ байгуулахдаа 194,236,000 төгрөгийн байрыг 9 хувь буюу 17,481,240 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, 176,754,760 төгрөгөөр авсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1 дэх заатад энэ талаар тохиролцсон.

Түүнчлэн, гэрээний 2.9-т захиалагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан графикт төлбөрөө хугацаа хожимдуулан төлж байсан, үнийн хөнгөлттэй нөхцлөөр төлбөрийг төлсөн, бартераар гэрээ байгуулсан зэрэг тохиолдолд захиалагч нь орон сууц ашиглалтанд орох хугацаанаасаа хоцорсон талаархи болон бусад ямарваа нэгэн алданги, торгууль тооцох, нэхэмжлэх эрхгүй гэж тохиролцсон.

Иймд нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Ж ХХК-д холбогдуулан М худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын 00 тоот (759 дүгээр байрны 00 тоот), 39.64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б-гийн нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгахыг шаардсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, уг гэрээний 3.3 дахь заалтын 4 дэх сараас эхлэн..., 10%-аар тооцон... гэх стандарт нөхцөл нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, алдангид 88,377,380 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохыг зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Талууд 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь 00 тоотод байрлах, 39.64 м.кв үйлчилгээний талбайг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор багтаан барьж ашиглалтад оруулах, захиалагч нь 176,754,760 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 7-11/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

3.1.Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 107,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 19,576,400 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 7,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 9,554,100 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 624,260 төгрөг, нийт 176,754,760 төгрөгийг төлж барагдуулсан болох нь төлбөрийн тооцоо нийлсэн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 13/

 

3.2. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар М худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын 15 тоот (759 дүгээр байрны 220 тоот), 39.64 м.кв үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоолгохыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

3.3. Мөн талуудын хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байх бөгөөд уг гэрээний 3.3 дахь заалтын ...4 дэх сараас эхлэн..., ...10 хувиар тооцон... гэх стандарт нөхцөл нь мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12-т заасан үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан агуулгатай гэж үзэхээр байна.

 

3.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б-г М худалдаа, үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын 15 тоот (759 дүгээр байрны 220 тоот), 39.64 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, уг үйлчилгээний талбайг Худалдаа хөгжлийн банкны барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Г.Б-гийн нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч Ж ХХК-д даалгаж, Ж ХХК, Г.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 180305 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, гэрээний 3.3 дахь заалтын 4 дэх сараас эхлэн..., 10%-иар тооцон... гэх стандарт нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Ийнхүү шийдвэрлэсэнд зохигчдын хэн алин нь давж заалдах гомдол гаргаагүй тул нэмж дүгнэх шаардлагагүй болно.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэгч хөнгөлөлт эдлээгүй тул хөнгөлөлт эдэлсэн гэх үндэслэлээр алданги шаардах эрхээ алдах үндэслэлгүйгээс гадна хөнгөлөлт биш гүйцэтгэгчийн санал болгож буй гэрээний үнийн санал юм. Иймд хариуцагч нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй... гэж тайлбарлан маргасан.

 

4.1. Талуудын байгуулсан гэрээний 1.1-д гэрээний үнийн дүнг 194,236,000 төгрөгөөр тогтоож үүнээс хөнгөлөлт 9 хувь буюу 17,481,240 төгрөгийг хасч төлөх дүнг 176,754,760 төгрөгөөр тохиролцжээ. Гэрээний энэ тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу тайлбарлавал захиалагч нь төлбөл зохих үнийн дүнгээс тогтоосон хувь, хэмжээгээр багасгасан төлбөр төлөх буюу хөнгөлөлт эдлэхээр тохиролцсон, улмаар захиалагч уг хөнгөлөлтийг эдэлсэн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, гэрээний 2.9-д захиалагч нь ... хөнгөлөлттэй нөхцлөөр төлбөрийг төлсөн...бол алданги тооцох, нэхэмжлэх эрхгүй гэж тохиролцсон нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг зөрчихгүй байна.

 

4.2. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Б-г гэрээний 2.9-д заасны дагуу алданги шаардах эрхгүй үндэслэлээр алданги 88,377,380 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01882 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 599,837 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ