Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 101/2023/06498/И |
Дугаар | 210/МА2024/01706 |
Огноо | 2024-09-04 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/01706
2024 09 04 210/МА2024/01706
С.Г-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/02021 дугаар шийдвэртэй
С.Г-ын нэхэмжлэлтэй, Х.А-д холбогдох
8,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Г хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Би 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Х.А түүний хүү А.Э-ын хамт зээлийн гэрээ байгуулан 3,000,0000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, гэрээг нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлсэн мөнгөө буцааж төлөөгүй.
2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг Х.А-тай байгуулж, гэрээгээр 10,000,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Улмаар хариуцагч нь 1,000,000 төгрөгийг бэлнээр өгч, 750,000 төгрөгт кофе тооцож авсан.
Иймд хариуцагчаас төлбөрийг үлдэгдэл 8,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Х.А нь С.Г-тайзээлийн гэрээ байгуулаагүй, харин А.Э-тай 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг бэлнээр аваад үүнээс 600,000 төгрөгийг хүү гэж өгсөн, үлдэх 2,400,000 төгрөгийг бэлнээр аваад буцаагаад төлөөд дууссан. Нэхэмжлэгч нь хариуцагч биш этгээдийг хариуцагчаар татсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Х.А-аас 8,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Г-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.А-аас улсын тэмдэгтийн хураамж 146,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Г-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрт ...талуудын байгуулсан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна гэжээ. Гэтэл тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ нь үүргийн харилцаанд орсон хүмүүсийн гэрээ дүгнэх үйл явц болохоос хүний өмнөөс үүрэг хүлээх үндэслэлгүй байхад шүүх дүгнэлт хийгээгүй шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч С.Г нь тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа гэж тайлбарлах боловч уг гэрээг дүгнэхэд талуудын хооронд өмнө байгуулагдсан үндсэн гэрээ буюу зээлийн гэрээний харилцаа чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан үндсэн гэрээгээр ямар хугацаа тохирсон, гэрээний сунгалт тухай бүр хийгдсэн эсэх нь тооцоо нийлэхэд ач холбогдолтой байхад Х.А-тай өмнө байгуулсан үндсэн гэрээ байхгүй байхад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлсон тул талууд үүргийн харилцаанд өмнө ороогүй учраас гэрээ дүгнэх үйл явц яригдахгүй.
4.2. Нэхэмжлэгч С.Г нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр А.Э-тай зээлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь зээлдэгч А.Э-аас гэрээний үүргийг шаардах ёстой. Гэтэл тус гэрээ нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардах эрхгүй болсон.
4.3. Шүүгч шийдвэрийн тогтоох хэсгээ уншиж танилцуулахдаа хариуцагч талыг 2015 оны гэрээний үүрэг гүйцэтгээгүйтэй холбоотой гэж тайлбарласан. Энэ гэрээ нь харилцан тохиролцож хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлд нийцэж байна гэж тайлбарласан. Гэтэл дээрх байдлаар танилцуулснаас өөрөөр шийдвэртээ бичиж дээр дурдсан тайлбараа дурдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр шийдвэрээ өөрчилж хууль зөрчжээ.
4.4. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б гэж шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заасан атлаа үндэслэх хэсэгт өөрөөр тайлбарласан. Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй тул хариуцагч талын эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй гэжээ. Энэхүү дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцсон байхад түүний шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулгыг шийдвэртээ тусгаагүй.
4.5. Нэхэмжлэгч С.Г-тай зээлийн гэрээ байгуулсан А.Э-ыг анх зээл авахад нэхэмжлэгч 3,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж ирээд 600,000 төгрөгийг 2 сарын хугацааны хүүнд суутган авч үлдээд 2,400,000 төгрөгийг А.Энхтамирт өгсөн. Зээлээс 1,750,000 төгрөгийг бэлнээр, 750,000 төгрөгт тооцож кофе өгч, нийт 2,500,000 төгрөг өгч дуусгасан гэж талууд тайлбарладаг. Гэтэл үндсэн зээлийг төлж дууссан байхад С.Г нь цэргийн найздаа гэж хэлж хуурч мэхлэн согтууруулах ундаа уулгаж байгаад Х.А-ийг дагуулж нотариат ороод тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулж бусдын өмнөөс үүрэг хүлээлгэсэн агуулгатай гэрээнд гарын үсэг зуруулсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.7 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохоор нөхцөл байдлыг тайлбарлаж байхад шүүх хуралдааны явцад шүүх хуралдаан даргалагч Х.А-ийг гарын үсгээ зурсан байгаа нь бичиг үсэг мэднэ гэсэн агуулгаар тайлбарлаж байсан нь бичиг үсэг мэдэхгүй, гарын үсгээ зурж чаддаг хүн олон байдаг гэдгийг тал бүрээс нь харгалзан үзээгүй.
Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Х.А нь хүүхдээ гадаад руу явуулах гэсэн юм, чи надад 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлээч гэсний дагуу түүний хүүтэй нотариат ороод 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа Х.А надад 300,000 төгрөгийг 1 сарын хүү гэж өгсөн. Гэтэл Х.А надад 600,000 төгрөг өгсөн гэж намайг гүтгэж байна. Х.А нь намайг нотариат руу дагуулж явахдаа надад хүчээр архи уулгаж, согтоож байгаад гарын үсэг зуруулсан гэжээ. Би Х.А-ийг таньдаггүй байсан бол тухайн хүүхдэд мөнгө өгөхгүй байх байсан.
2015 оны 10 дугаар сард надаас мөнгө авснаас хойш Х.А нь уулзахгүй 6 жил надаас зугтааж уулзахаар манай хүүхэд гадаадад байгаа, мөнгийг чинь удахгүй хүүтэй нь бодож өгнө гэж хэлдэг боловч мөнгө өгдөггүй. Мөн Х.А нь анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа ...би сэтгэл мэдрэлийн өвчтэй, хариуцлага хүлээх чадваргүй... гэж хэлсэн. Гэтэл Х.А нь дээд боловсролтой, бие бялдрын хувьд эрүүл саруул хүн байдаг. Х.А надад 1,750,000 төгрөг бэлнээр өгөөгүй, дансаар 1,000,000 төгрөг өгсөн талаарх банкны баримтыг хэрэгт өгсөн гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Х.А-д холбогдуулан 8,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. Нэхэмжлэгч С.Г нь А.Э-тай 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч нь 1,300,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хүүгүй, 1,700,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарны 19-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 10 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 3/
3.2. Дээрх гэрээгээр хүлээсэн үүргийг зээлдэгч биелүүлээгүй, хожим буюу 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч С.Г нь А.Э-ын эцэг хариуцагч Х.А-тай тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Х.А нь 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 10,000,000 төгрөгийг С.Г-д төлөхөөр харилцан тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн байна. /хх-ийн 4/
3.3. Дээрх гэрээний 6.4-т 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Х.А-ийн хүү А.Э-ын зээлж авсан мөнгө болно гэж зааснаас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
4. Хариуцагч нь зээлийг төлөөд дууссан, хариуцагч биш этгээд, талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэх тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
4.1. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,000,000 төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар авч, 750,000 төгрөгт тооцож кофе авсан гэх тайлбарыг гаргасан. Иймд анхан шатны шүүх дээрх тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,750,000 төгрөгийг хасч, үлдэх 8,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
5.1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх тул ...хөөн хэлэлцэх дууссан... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн гэж дүгнэсэн буруу боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд ...шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасанд нийцээгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5.3. Шүүхийн шийдвэр уншиж танилцуулснаас өөр байдлаар бичигдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2023/02021 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 8 дугаар сарын 01-ны өдөр төлсөн 146,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ