Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01707

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 04 210/МА2024/01707

 

 

Ч ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/02617 дугаар шийдвэртэй, Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э ХХК, Э.Б, С.Э нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 528,034 ам.доллар буюу 1,782,695,587 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Х.Ч, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа:

1.1. Ч ХХК-аас Э ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр 1,748,000 ам.долларыг сарын 1.08 хувь, жилийн 13 хувийн хүүтэйгээр 7 сарын хугацаатай зээлсэн.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээг Э ХХК-тай байгуулж, тус компанийн эзэмшиж буй Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум, Тал булаг гэх газарт байрлах нүүрсний уурхайн 00000 дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсан.

1.2. Гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон, Э ХХК нь ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа түр зогссон тул зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр болон 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгээр хандсан. Банк албан бичигт дурдсаны дагуу 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 6 сарын дотор зээл, зээлийн хүүг төлөх боломж олгосон боловч дээрх хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд Э ХХК нь зээлийн гэрээний дагуу 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 283,200 ам.доллар, үндсэн хүү 129,404 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 23,804 ам.доллар, нийт 436,408 ам.доллар буюу 1,267,569,408 төгрөгийг нэхэмжилнэ.

1.3. Гэрээний 4, 6-д зааснаар 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх 384 хоногийн хугацаанд Э ХХК-аас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тус тус тооцоход хүү 38,732.45 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 7,746.49 ам.доллар, нийт 46,478.94 ам.доллар болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа 266,414,108 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

1.4. 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 191 хоног өнгөрсөн боловч хариуцагч нар зээлийг төлж барагдуулаагүйтул хүү 19,266 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 3,853.00 ам.доллар, нийт 23,119 ам.доллар буюу 79,838,567 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

1.5. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 3 сарын 19-ны өдрийг хүртэл 158 хоног өнгөрсөн боловч хариуцагч нар зээлийг төлж барагдуулаагүй тул хүү 15,937 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 3,187.00 ам.доллар, нийт 19,124.00 ам.доллар буюу 64,568,170 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

1.6. 2024 ны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 23 хоног өнгөрсөн боловч хариуцагч нар зээлийг төлж барагдуулаагүй тул хүү 2,420 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 484 ам.доллар, нийт 2,904 ам.доллараар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд хариуцагч нараас үндсэн зээл 283,200 ам.доллар, зээлийн хүү 205,759 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 39,075 ам.доллар, нийт 528,034 ам.доллар буюу 1,782,695,587 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 283,200 ам.доллар буюу 799,998,622 төгрөгийг хүлээн зөвшөөрч, зээлийн болон нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1093,747 ам.доллар, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 371,053 ам.долларыг төлөөд 283,200 ам.доллар үлдсэн. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн болон нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлгүй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 7 сарын хугацаатай байгуулагдсан тул зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хүү төлөх үүргийг харилцан тохиролцсон гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусгавар болсон байхад гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Э ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1,650,774,479 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 131,921,108 төгрөгийг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг болон хариуцагч С.Э-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Э.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлаж, хариуцагч Э.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,733,228 төгрөг /6 495 797 + 30 000 + 1 490 021 + 557 143 + 480 790 + 679 477/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 8,411,822 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч нь зээлийг ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолын 8 дугаар заалтыг үндэслэн зээлийн нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 131,921,107 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Э ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Тодруулбал, ковид-19 цар тахлын хөл хорио Монгол Улсад бий болохоос өмнө Э ХХК нь гэрээний үүргийн зөрчил гаргасан буюу гэрээний хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Харин Засгийн газрын тогтоолын 8 дахь заалт нь тухайн үед зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй гэрээнд хамааралтай буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг зээлдэгчээс гаргасан тохиолдолд банк, банк бус санхүүгийн байгууллагаас тухайн хүсэлтийг харгалзан шийдвэрлэх агуулгатай. Түүнчлэн, уг тогтоол гарахаас өмнө Ч ХХК нь Э ХХК-аас зээл, зээлийн хүүг шаардаж Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч талууд эвлэрэн хэлэлцээгүй тул уг ажиллагааг дуусгавар болсон тэмдэглэл хэргийн баримтаар авагдсан.

Мөн шүүхийн шийдвэрт хариуцагчийн өмгөөлөгчийн цар тахалтай холбоотой санхүүгийн байдалд хүндрэл учирсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болон 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгүүдээр тогтоогдож байх бөгөөд уг албан бичгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь маргаагүй тул нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 39,075 ам.доллар буюу 131,921,108 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Учир нь Э ХХК-ийн дээрх албан бичгүүд нь дээрх Засгийн газрын тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн бөгөөд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах агуулгагүй болно. Мөн нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилж буй 131,921,107 төгрөгийн шаардлага 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон. Засгийн газрын тогтоолын 8 дугаар зүйлд ...зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус зөвлөсүгэй гэж заасан байхад шүүхээс нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хуулийг зөрчсөн.

Иймд нэмэгдүүлсэн хүү 131,921,107 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд 2018 онд 7 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулагдаж зээлийн гэрээний хугацаа дууссан байхад 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний хугацаа хэдий дууссан ч хариуцагчаас зээлийн үндсэн хүү болон үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай оролцсон.

Мөн хүүг тусгайлан тохиролцож зээлийн гэрээг шинэчлээгүй, Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоол нь захиргааны хэм хэмжээний акт мөн бөгөөд бүх нийтээр дагаж мөрдөх журам учир анхан шатны шүүх уг тогтоолыг үндэслэж нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгаа атлаа зээлийн гэрээний хугацаа 2018 онд дууссан гэж зөрүүтэй тайлбар гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангасан өөрчлөлт оруулав

 

2. Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан үндсэн зээл 283,200 ам.доллар, зээлийн хүү 129,404 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 23,804 ам.доллар, нийт 436,408 ам.доллар буюу 1,267,569,408 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагчаар Э.Б, С.Энарыг татан оролцуулан нэхэмжлэлийг нийт 4 удаа ихэсгэн, үндсэн зээл 283,200 ам.доллар, зээлийн хүү 205,759 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 39,075 ам.доллар, нийт 528,034 ам.доллар буюу 1,782,695,587 төгрөг гаргуулахаар шаардсан байна. /хх-ийн 1-2, 78-79, 102-107, 128-134, 146-153, 159-167/

 

3. Нэхэмжлэгч Ч ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

4. Ч ХХК нь хариуцагч Э ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Ч ХХК нь 1,748,000 ам.долларыг сарын 1.08 хувь, жилийн 13 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай зээлдүүлэх, Э ХХК нь зээл, түүний хүүг төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 7-9/

 

4.1. Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд энэ өдөр барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр Э ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум, Тал булаг нэртэй газарт байрлах, 1391 гектар талбай бүхий, нүүрс уурхайн 00000 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл, улсын 00-00 УБО дугаартай ачааны машиныг тус тус барьцаалсан. /хх10-14/

 

Анхан шатны шүүх Ч ХХК болон хариуцагч Э ХХК-иудын хооронд хүчин төгөлдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

4.2. Зээлдүүлэгч Ч ХХК нь гэрээний үүргээ биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн, Э ХХК-аас 1,464,800 ам.долларыг буцаан төлсөн үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна. /хх 16-17/

 

4.3. Хэргийн баримтаар талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болсон, хариуцагч Э ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн буруутай байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагч Э ХХК-аас шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн атлаа Засгийн газрын тогтоолыг буруу тайлбарлан дүгнэлт хийж, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсныг дараах байдлаар залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

5.1. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаартай тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй гэжээ.

 

5.2. Дээрх тогтоолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгч хүсэлт гаргасан нөхцөлд нэмэгдүүлсэн хүү тооцохгүйгээр зээлдүүлэгчээс зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, тогтоолыг Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхийг зөвлөсөн агуулгатай байна. Гэтэл хэрэгт авагдсан Э ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны болон 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээл төлөх хугацааг хойшлуулах, зээлийг хэсэгчлэн төлөх хүсэлтийг гаргажээ. Харин тогтоолд дурдсанчлан зээлийн нэмэгдүүлсэн хүүг тооцохгүй байх агуулга бүхий хүсэлтийг гаргаагүй байна. Түүнчлэн, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байхаас гадна дээрх тогтоолыг хэрэгжүүлэхийг арилжааны банкуудад үүрэг болгоогүй байхад шүүх Засгийн газрын тогтоолыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байна.

 

5.3. Нөгөөтэйгүүр, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэжээ.

 

Дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан зохицуулалт нь зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй бол зээлийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны зээлийн хүүг төлнө, энэхүү хүү нь гэрээгээр тохирсон үндсэн зээлийн хүүнээс хэтрэхгүй байхаар талууд тохиролцож болно гэсэн агуулгатай байна.

 

5.4. Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул зээлдүүлэгч нь зээлийн гэрээг цуцалсан ч зээлдэгч нараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй. Зээлдэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Дээрх үндэслэлээр хариуцагч талын ...зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээлийн болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэх татгалзал үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Э ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 283,200 ам.доллар, зээлийн хүү 205,759 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 39,075 ам.доллар, нийт 528,034 ам.доллар буюу 1,782,695,587 төгрөгийг нэхэмжлэгч Ч ХХК-д төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага болон хариуцагч С.Э-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй. Харин шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6 гэж хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2024/02617 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1,782,695,587 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч ХХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...8,411,822 гэснийг ...9,071,428 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 817,555 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ