Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/00102/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Улсын яллагч                                                              Э.Хосбаяр

Иргэдийн төлөөлөгч                                                    Ш.Ц

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                              Х.Баатарбилэг,  Д.Оюунбаатар,                                                                                                                                   Э.Түвшинбаяр, Т.Хүдэр

Шинжээч                                                                       А.Адъяасүрэн, /онлайнаар/        С.Эрдэнэцэцэг, О.Одбаатар

Гэрч                                                                               Ц.Бчулуун

Шүүгдэгч                                                                      Г.Г нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга           Г.Отгонзаяагаар хөтлүүлж Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-т холбогдох 1830... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мал аж ахуйн фермер, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг .... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.Г /РД:.../

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Г нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр  “Сахиул” гэх газарт  Ц.Б-ыг толгойн тус газарт нь модоор цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.А-ийн өгсөн:...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай нөхөр талийгаач Боргил, манай нөхрийн төрсөн дүү Боргилчулуун, Боргилчулууны эхнэр Мөнхболор нарын хамт гэртээ байж байхад Сүхбаатар аймгийн төвөөс 13 цагийн үед Г.Г ирсэн...Борчулууныг хүргэж өгнө гээд Борчулуун, Г.Г талийгаач гурав явцгаагаад орой 21 цагийн үед талийгаач Борчулууны хамаатны хүүхдээр гэртээ хүргүүлж ирээд гэртээ ороод унтаад өгсөн. Удалгүй 1 цаг орчмын дараа араас нь Г.Г мотоциклтойгоо ганцаараа ирээд манай гэрт орж ирэхэд талийгаач унтаж байснаа сэрэнгүүтээ “Та нар муу сайн юмнууд хүн алах гээд байна уу” гээд орон дээрээс босч ирээд Г.Г руу гартаа ямар нэгэн зэвсэг, зэвсгийн чанартай юмгүйгээр зодох гээд дайрахад Г.Г гэрээс гарахаар нь араас нь талийгаач гарахад би мөн араас нь дагаад гарахад талийгаач, Г.Г хоёр гэрээс зүүн урагш ойрхон 5 алхам газарт Г.Г гараараа талийгаачийн нүүр рүү цохиж унагачихаад дээрээс нь нэмж цохиогүй. Харин талийгаач маань газраас босч ирээд гэр рүүгээ ороход араас нь Г.Г мөн ороод эргээд шууд Г.Г гарч ирэхэд араас нь талийгаач ална гээд гартаа заазуур барьчихсан гэрээс гарч ирсэн. Харин би энэ үйл явдал болох үед гэрийнхээ баруун урд талд сүү саалийг маань энэ хоёр асгачихана гэж бодоод сүү саалиа шүүж байсан юм. Тэгээд Боргилчулууны гэрийг тойрч талийгаач Г.Гыг ална гээд заазуураа бариад хөөж байхад нь би очиж талийгаачийн гараас заазуурыг нь аваад Боргилчулууны гэрийн ард талын нарны зайн үүсгүүрийн төмөр шонгийн доор чулуудаж хаячихаад би талийгаачийн хамт гэрийнхээ үүдэнд ирж, талийгаач гэрийнхээ үүдэнд 20 минут орчим юу ч дуугарахгүй сууж, харин би гэртээ, Г.Гыг хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Тэгтэл талийгаач гэр рүүгээ орж ирээд шанагаар ус уучихаад эргээд гарахаар нь би араас нь дагаад гарахад талийгаач ална тална гэж хараал урсгаж хашгираад гэрийн зүүн талаар хойшоо явж байхад би талийгаачийн ард талд нь нэг алхамын зайтай дагаад явж байсан чинь зүүн хойд талаас Г.Г цаанаас мод барьж ирээд талийгаачийн биеийнх нь зүүн талаас нь толгой руу нь модоороо цохиж унагасан. Тухайн үед талийгаач модоор цохиулахдаа гартаа ямар нэгэн хутга шөвөг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл бариагүй байсан юм...Харин би талийгаачийн яг хажууд цохиулаад унахаар нь “Базараа хүн алчихлаа” гэж хашгирахад Г.Г цохисон модоо газар хаячихаад талийгаач дээр очиж, Боргилчулуун эхнэрийнхээ хамт гэрээсээ гарч ирээд бид нар талийгаачийг өөрөө босоод ирэхээр нь хоёр суганаас нь дэмнэж гэртээ оруулаад орон дээр хэвтүүлсэн. Тэгээд тэд нар бүгдээрээ гэрээс гарцгааж харин би талийгаачтайгаа гэртээ үлдэхэд талийгаач маань юм ярихгүй, ямар нэгэн авиа гаргаагүй. Тэгээд бид нар амарцгааж байхад шөнө хэдэн цагийг нь мэдэхгүй байна, Боргилчулуун 3 удаа орж ирээд “ах зүгээр үү, бие нь яаж байна” гэж надаас асуухаар нь “гайгүй ээ” гэж хэлчихээд амарсан. Тэгтэл шөнө дунд талийгаач маань орноосоо гулсаж унаад газраар “Адъяа би үхлээ” гээд өнхөрч байснаа хурхираад унтаад өгсөн. Өглөө 5 цагийн орчимд Г.Г орж ирээд талийгаачийг орон дээр хойш нь харуулж хэвтүүлээд алчуур норгож нүүр амыг нь арчиж цэвэрлээд байхаар нь би Г.Г-т “наад хүн чинь ухаангүй байгаа юм биш үү, түргэн дуудахгүй юм уу” гэхэд Г.Г Боргилчулууны гэр рүү орж утсаар нь түргэн дуудсан байх. Тэгээд түргэний эмч нар 7 цагийн үед ирэхээс нь өмнө 10 минут орчмын өмнө ямар нэгэн амьсгаагүй болж царай нь хөхөрч нас барчихсан...Надад одоо гаргах гомдол санал байхгүй. Миний хувьд Г.Гын ар гэрээс нь оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирол зэрэгт 5.500.000 төгрөг хүлээж авсан тул одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуудас/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэцэцэгийн өгсөн:...Би эцэг эхээс наймуулаа өссөн бөгөөд айлын дээрээсээ 3 дахь охин нь юм. Харин манай талийгаач дүү Боргил маань миний доод талын төрсөн дүү юм...2018 оны 08 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед Мөнххаан суман дахь гэртээ байж байхад манай төрсөн дүү Боргилчулууны эхнэр Мөнхболор над руу утсаар ярихдаа “Ц.Б ах, Г.Г хоёр архи уугаад маргалдаж муудалцаад байна, Г.Г, Ц.Б ахыг цохьчихсон чинь ойчоод өгчихлөө” гэж ярихаар нь “юу болсон яасан бэ” гэж асуухад “харанхуй байсан болохоор юугаар цохьсон, хаана нь цохьсон талаар мэдэхгүй байна” гээд утас нь тасарчихсан. Тэгээд би дахин залгаад асуухад “гэртээ ороод хурхираад унтаж байна” гэж хэлээд утас нь тасраад дахиж холбогдоогүй...надад гаргах гомдол санал байхгүй, нэгнийгээ шороонд нэгнийгээ шоронд орохыг нь хармааргүй байна тийм болохоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/

Гэрч Б.Борчулууны өгсөн:...Тэгтэл орой 23 цагийн үед Г.Г манай гэрт ирээд “Борчулуун ахаа би Боргил ахыг цохьчихлоо, надад утсаа өгөөдөх” гээд миний утсаар эхнэр рүүгээ утсаар залгаад ярихдаа түргэн дуудмаар байна гэж ярих шиг болсон. Тэгээд намайг хамт талийгаачийн гэр рүү явъя гэхээр нь хамт талийгаачийн гэрийн хажууд байх дүү Боргилчулууны гэрт нь ороход Боргилчулуун, эхнэр Болороо, Баяндэлгэрийн танихгүй хүн, Боргилчулууны хүү Мөрөн нар нь байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Боргилчулуун эхнэр Болороо нар нь надад хэлэхдээ “Боргил ах агсан тавиад Г.Гыг ална гээд заазуур бариад явж байгаад гэрийн хойно Г.Гтай таараад зодолдож Г.Г нь модоор цохьсон юм шиг байна” гэж ярьж байсан. Тэгээд би талийгаачийн гэр рүү нь оролгүй тэндээсээ гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/

Гэрч Ю.Мөнхболорын өгсөн:.. Тэгээд Боргил ах согтуу “Г.Г хаана байна, ална” гээд манай гэр лүү орж ирж “хутга аваад аль” гэхээр нь би хутга болон алхаа юман доогуур нуусан юм. Манайхаас гараад “Г.Г хаана байна, ална” гээд бахираад байсан. Гэтэл удалгүй Г.Г мотоциклтой манай гэрийн зүүи урд талд ирээд зогсоход нь манай нөхөр Боргилчулуун түүнийг “гэр лүү ороод байж бай” гэхэд тэрээр манай гэр лүү оролгүй Боргил ахын гэр лүү орсон. Би нөхөртэйгээ гэрлүүгээ ороод байж байхад Боргил ахын ална, шулна гээд бахирч байгаа дуу л гараад байсан. Харин Г.Гын дуу чимээ сонсогдоогүй, мөн тэд хоорондоо зодолдож байгаа юм мэдэгдээгүй. Гэтэл гэрийн хажууд гэнэт түс гэсэн чимээ гараад удалгүй Боргил ахын эхнэр Адъяа “Базараа хүн алчихлаа” гэж бахирахаар нь бид гараад очиход Боргил ах манай өөрийн том гэрийн хойд талд газар уначихсан байсан. Тэгээд хажуу талд нь Базараа, Адъяа нар зогсож байсан. Тухайн үед ойролцоогоор 22 цаг орчим болж байсан байх. Харанхуй болчихсон байсан. Би цагдаа, түргэн дуудна гээд гэрлүүгээ ортол манай нөхөр гаднаас орж ирээд “Боргил ахыг гэр лүү нь түшээд оруулчихлаа” гэхээр нь санаа амраад унтацгаасан... Талийгаач маань архи уухаараа их тавьтаргүй зантай, хүн хүн рүү агсарч байдаг байсан хүн юм. Талийгаач ганц хундага архи уучихаад л агсарч явдаг. Удалгүй архи нь гараад уучлалт гуйгаад явж байдаг зантай хүн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Дэлгэрмөрөнгийн өгсөн:...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн нутаг "Сахиул” гэх газар аав Боргилчулуун, ээж Мөнхболор, хоёр дүү болох 5 настай Хүрэлхүү, 3 настай Хүрэлшагай нарын хамт гэртээ байж байхад оройхон манай авга ах Боргил, хүргэн ах Г.Г нар нь архи ууж ирцгээгээд талийгаач Боргилын гэрийн гадна шуугилдаад, хэрэлдэж маргалдаж байсан. Тэгээд нэг хэсэг буюу 10-20 минут орчим чимээгүй болж байснаа гэв гэнэт Адъяа эгч “хүн аллаа” гэж хашгирахаар нь аав, ээж хоёр гэрээс гарахдаа намайг гэртээ байж бай гээд гарсан. Тэрнээс өөр юу болсон талаар хараагүй бас мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/

Гэрч Ц.Бчулууны өгсөн:...2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би эхнэр Мөнхболорын хамт аймгийн төв рүү орчихоод буцаад гэртээ 17 цагийн орчим очиход манай ах Боргил, хүргэн Г.Г, хажуу хотны Борчулуун нарын хамт архи ууцгаагаад сууж байсан... Тэгээд Боргил ах согтуу “Г.Г хаана байна, ална” гэж бахираад манай гэр лүү орж ирж “хутга аваад аль” гэхээр нь би эхнэртэйгээ хамт түүнд хутга бариулаагүй. Манайхаас гараад “Г.Г хаана байна” ална” гээд бахираад яваад байсан. Гэтэл удалгүй Г.Г мотоциклтой манай гэрийн зүүн урд талд ирээд зогсохоор нь би түүнийг том гэр лүү ороод хоночих гээд би жижиг гэр лүүгээ орсон. Биднийг гэртээ байхад Боргил ахын “Базарааг ална, шулна” гэж бахирч байгаа дуу л гараад байсан. Харин Г.Гын дуу чимээ сонсогдоогүй. Гэтэл гэрийн хажууд Адъяа “хүн алчихлаа” гэж бахирахаар нь бид гараад очиход Боргил ах манай өөрийн том гэрийн хойд талд газар уначихсан байсан. Тэгээд хажуу талд нь Базараа, Адъяа нар зогсож байсан. Би гүйгээд очиход Боргил газар хэвтчихсэн, амьсгаа нь давхцаад байх шиг байхаар нь би түүнийг босоод гэр лүүгээ орчих гэсэн. Гэтэл Боргил ах босоод гэр лүүгээ ороод хэвтээд өгсөн. Тэгээд би гэр лүүгээ орж амарсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 08 дугаар сарын 11-ний өглөө Г.Г нь Б ахыг сонин байдалтай байна гэхээр нь түргэн дуудсан. Эмч ирээд Боргил ахыг нас барсан байна гэсэн. Би талийгаачийг босгоход түүнийг гарт хутга болон өөр эд зүйл байгаагүй. Базараа гартаа юм барьж байсан эсэхийг мэдэхгүй байна. Талийгаач маань архи уухаараа их тавьтаргүй зантай, хүн хүн рүү агсарч байдаг байсан хүн юм. Тухайн үед талийгаач, Г.Г хоёрын согтолтын хэмжээ гайгүи байсан байх гэж бодож байна. Талийгаач, Г.Г нарыг хоорондоо зодолдож муудсан эсэхийг би мэдэхгүй. Талийгаач манай гэр лүү орж ирээд “хутгаа аль” гэхээр нь түүнээс хутга, алх гэх мэт зүйлээ холдуулж нуусан. Манай гэрээс гараад талийгаач ямар нэгэн газраас хутга эсхүл өөр эд зүйл авсан эсэхийг мэдэхгүй... Талийгаач чанга чанга хашгираад гэрээс тэр хоёр гараад гадаа дуу нь гараад байсан. Харин би гарах гэтэл манай эхнэр “битгий гараа’’ гэж хэлэхээр нь гараагүй. Гэтэл тэр хоёр бие биенээ хөөгөөд байгаа бололтой гэр тойрч гүйцгээж байснаа талийгаач манай гэр рүү орж ирэхдээ гартаа заазуур барьчихсан “Базараа хаана байна, энэ муу новш намайг цохичихлоо, намайг цохидог хүн мөн үү, миний энэ хамрыг хар даа” гэхээр нь хамрыг нь харахад хамарных нь нүхнээс цус үл ялиг гарч ирсэн байдалтай байсан. Тэрнээс цус нь урсаж гарч ирсэн юм байхгүй байсан. Тэгээд би талийгаачид “Ах минь та гэртээ орж амар, энэ хоёр /4 настай хүү, 3 настай/ хүүхдүүд айгаад байна шүү дээ” гэж хэлэхэд “Ах нь одоо гэртээ орж амарлаа, миний хоёр хүүхдүүд битгий ай, өвөө нь амарна аа” гэж хэлчихээд гэрээс гарсан. Тэгээд удаагүй 3 минут орчмын дараа эргэж орж ирэхдээ гартаа заазуургүй орж ирээд “хутга аваад аль, Базарааг алнаа” гэж хэлэхээр нь хутга шөвөгөө нуусан. Тэгээд гэрээс гараад нэг хэсэг буюу 20 минут орчим ямар нэгэн чимээгүй байж байснаа талийгаач “ална” гээд хашигираад гадуур алхаж байхад гэнэтхэн гэрийн ард Адъяа эгч “Базараа хүн алчихлаа” гээд хашгирахаар нь би эхнэрийн хамт гэрээсээ гүйж гараад гэрийн зүүн талаар тойроод очиход талийгаач гэрийн чанх ард талд яг хажууд талд нь доошоо хараад уначихсан байхаар нь би “ахаа яасан бэ” гээд толгойг нь өргөөд өөрөө босохоор нь бид нар дэмнэж 2 суганаас нь өргөөд гэрт нь оруулж хэвтүүлсэн...Ер нь бол төрсөн дүү Ц.Б алдсан болохоор маш их харамсаж байна. Гэхдээ надад гаргах гомдол санал байхгүй. Нэгнийгээ шороонд нэгнийгээ шоронд орохыг нь хармааргүй байна. Тийм болохоор ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/

Яллагдагч Г.Г-ын өгсөн:...Би 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн үед Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн нутаг Сахиул гэх газар байх хадам ээжийн төрсөн дүү Боргилын гэр лүү нь өөрийн мотоциклтойгоо явах замдаа Борчулуун гэх танил ахын гэрээр орж цай ууж мөн 0.5 литр савтай нэрмэлийг Борчулуун ах түүний эхнэр Туяа нартай хувааж ууж дуусгаад 13 цагийн үед Боргил ахынд очиж мөн цай хоол идэж хэсэг байж байгаад талийгаач Боргил бид хоёр Чука гэх айлын цаана байх танихгүй айл руу очиж 2 ширхэг савтай 4 литр монгол архи авч эргэж Чука гэх айлдаа ирж нэг савтай монгол архиа танихгүй 5 хүний хамт архи хувааж уусан. Тэгээд тэндээсээ талийгаачийн гэрт ирж нэг монгол архи хувааж ууж дуусаад талийгаач намайг Өлзийбаяр гэх айлаар хэсье гэхээр нь хамт миний мотоциклтой Өлзийбаяр гэх айлд очиход Өлзийбаяр ах 1 шил 0.5 литрийн “Ерөөл” архи гаргаж тэрийг нь Өлзийбаяр ах, талийгаач бид гурвыг ууж байхад гаднаас Борчулуун ах ирж мөн ууцгаасан. Тухайн үед архиа ууж байхад талийгаач над руу агсрах гээд байхаар нь Борчулуун ах нэг дүүгээ дуудаж талийгаачийг гэрт нь хүргэсэн. Тэгээд тэр айлдаа хэсэг байж байгаад орой 22 цагийн үед талийгаачийн гэр рүү очиж Боргилчулуун ахын гэрээр орчихоод талийгаачийн гэр рүү би ганцаараа ороход над руу талийгаач “чамайг ална, нэвт шаана” гээд дайрахаар нь би гэрээс гарч зугтах гэж байхад миний өмссөн цамцыг нэг юмаар эсгэх шиг болсон. Тухайн үед би заазуур, хутга алийг нь барьсан байсныг хараагүй. Тэгээд гэрээс нь гараад Боргилчулуун ахын гэрийг 2 удаа тойрж зугтахад намайг араас хөөгөөд байсан. Намайг хөөж байх үед гарт нь хутга байсан. Харин талийгаачийн эхнэр Адъяа нь хутгыг булааж авсан. Тэгээд мөн Боргилчулуун ахын гэрээс хутга хайгаад байхаар нь би зугтаж гэрийн хойно байх амбаарын араар орж нуугдаж 4 минут орчим байх зуур талийгаач гэртээ орохоор нь би хамгийн зүүн талын гал тогооны гэр рүү орж 5 минут орчим хэвтэж байхад талийгаач “Базараа хаана байна” гээд гэрийнхээ үүдэнд хашгираад нь би гал тогооны гэрээсээ гараад Боргилчулуун ахын гэр рүү орох гэж байхад талийгаач өөриинхөө гэрээсээ над руу чиглээд алхаад явж байхдаа хутгатай байсан байх. Би харин талийгаачаас зугтаж гэрийн араар ороход талийгаач мөн гэрийн баруун талаар миний өөдөөс эгц гарч ирээд тулгарсан. Тэгтэл талийгаач “чамайг ална” гээд над руу дайраад алхаж байхдаа зүүн гартаа заазуур барьчихсан байхаар нь би арагш ухраад алхаж байхад хөлд мод тээглэх шиг болохоор нь аваад шууд толгой руу нь цохисон. Тэгэхэд талийгаач Боргилчулуун ахын гэрийн ар талыг налж баруун мөрөөрөө газар ойччихоод байж байхад талийгаачийн эхнэр Адъяа нь цаанаасаа хашгираад гүйгээд ирэхэд нь мөн Боргилчулуун ах эхнэртэйгээ гарч ирээд бид нар талийгаачийн хоёр суганаас нь дэмнэж гэрт оруулаад орон дээр суулгачихаад бид нар Боргилчулуун ахын гэр рүү нь орцгоосон. Би Боргилчулуун ахыг та талийгаачийн биеийн байдлыг үзээдэх гээд явуулахад Боргилчулуун ах орж ирээд “бие нь зүгээр байна, орон дээрээ хурхираад хэвтэж байна” гэхээр нь би Борчулуун ахын гэр рүү нь мотоциклтойгоо очиж “Борчулуун ахаа би Боргил ахын толгой руу харанхуйд цохьчихлоо, та нэг очиж биеийн байдлыг нь хараад өгөөч” гэж хэлээд бид хоёр талийгаачийн гэрт ирж Борчулуун ах бид хоёр хаалгаар нь гэрэл тусгаж харахад гайгүй байх шиг байхаар нь Борчулуун ах гэртээ харьсан. Тэгээд өглөө 05 цагийн алдад би сэрээд талийгаачийн гэрээр ороход талийгаач гэрийнхээ зүүн талын орны доор урагшаа хараад дээлээ дэрлээд хэвтэж байхаар би өргөж орон дээр хойш нь харуулж хэвтүүлэхэд хурхираад унтаж байсан. Харин 07 цагийн үед талийгаачийн биеийн байдал нь муудаад амьсгал нь хэвийн бус болж нүүр царай нь цонхийхоор нь аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн дуудсан. Түргэний эмч ирэхээс нь 10 орчим минутын өмнө амьсгалахгүй болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 хуудас/,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн /45 нэмэлт/ дугаартай: Талийгаач Ц.Б-ын биед учирсан гавал тархины битүү гэмтэл: зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, дагз хэсэг дамжсан баруун чамархай руу үргэлжилсэн шугаман салсан хугарал, зүүн чамархайн хатуу хальсны дээрх цусан хураа /ЗООмл/, зүүн тал бөмбөлгийн хажуу ховдолд няцралын голомт, зүүн чамархай, дагзны хуйхан дор, гавлын булчинд цус хуралт бүхий гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач Ц.Бын биед учирсан зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, дагз хэсэг дамжсан баруун чамархай руу үргэлжилсэн шугаман салсан хугарал, зүүн чамархайн хатуу хальсны дээрх цусан хураа /ЗООмл/, зүүн тал бөмбөлгийн хажуу ховдолд няцралын голомт, зүүн чамархай, дагзны хуйхан дор, гавлын булчинд цус хуралт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд, духны зүүн дээд хэсэгт, зүүн нүдний гадна хэсэгт, зүүн чихний дэлбэнгийн гол хэсэгт, зүүн бөөр орчимд зулгаралт, зүүн бөөр орчим цус хуралт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтлүүдээс үзэхэд эмнэлгиин тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй гэмтлүүд байна гэх дүгнэлт /хх-ийн 150 хуудас/,

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 110 дугаартай: Талийгаач Ц.Б-ын цогцосноос авсан гэх цусанд 1.6 промилль этилийн спирт илэрлээ. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 48 хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны шүүх химийн шинжилгээний 109 дугаартай: Г.Гаас авсан гэх цусанд 0.8 промилль этилийн спирт илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 55 хуудас/

Шинжээч О.Одбаатарын өгсөн:...Хар хөх өнгийн Knowledge is power гэсэн цагаан өнгийн бичиглэлтэй фодволконд үүссэн огтолж авсан шинэ цооролт нь заазуураар нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй. Уг гэмтэл нь хэрэв заазуураар үүсгэгдэх боломжтой тохиолдолд фодволкноос гараар барьж заазуураар олон удаагийн давтамжтай үйлчлэлээр уг гэмтэл нь үүсэх боломжтой. Аль эсхүл хайчаар хайчилсан тохиолдолд уг гэмтэл үүснэ. Уг гэмтлийн зах ирмэг хэсгийн утаснууд хөвөрч, сунаж, бохирлогдоогүй байх тул шинэ гэмтэл болно. Хэзээ үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Харин хуучин гэмтэл гэдэг нь зах ирмэг хэсгийн утаснууд хөвөрч, сунасан, эдэлгээний явцад бохирлогдсон гэмтэл байна. Мөн адил хугацааг тогтоох боломжгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 129 хуудас/

Г.Г-ын сэтгэцийн байдлыг тодорхойлсон шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт: Г.Г нь сэтгэцийн талаас ямар нэгэн хурц эмгэггүй. Г.Г нь болсон асуудлыг бодитоор үнэн зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Г.Г нь хэрэг хариуцах чадвартай болно гэх дүгнэлт /хх-ийн 87 хуудас/

Шинжээч эмч А.Адъяасүрэнгийн өгсөн:...шинжээчид тухайн үеийн сэтгэцийн байдлыг тодорхойлдог. Харин Г.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ эхний буюу 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн үзлэгээр сэтгэцийн эмгэггүй нь тогтоогдсон. Г.Г нь үйлдлээ хянах чадвартай байсан. Г.Г-ыг урьд өмнө заналхийлсэн,  мөн зугтаасан үйлдлийн дараа уг асуудал болсон болохоор үйлдлээ хянах чадвартай байсан... гэх мэдүүлэг / 2 хх-ийн 4-5 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /2-4 хуу, 7-8 хуу/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх-ийн 11 хуу/

Г.Г-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 117 хуу/

Ял шалгах хуудас /хх-ийн 123 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2 хх-ийн 25-27 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Г нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны шөнийн 23 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сахиул” гэх газарт хохирогч Ц.Б-ын толгойн тус газарт модоор нэг удаа цохиж алсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, гэрч Ц.Б, Ц.Борчулуун, Ю.Мөнхболор нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл болон гэм буруу, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Ц.Б-ын толгойд модоор цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн биед зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал, дагз хэсэг дамжсан баруун чамархай руу үргэлжилсэн шугаман салсан хугарал, зүүн чамархайн хатуу хальсны дээрх цусан хураа /ЗООмл/, зүүн тал бөмбөлгийн хажуу ховдолд няцралын голомт, зүүн чамархай, дагзны хуйхан дор, гавлын булчинд цус хуралт бүхий гэмтэл үүсч, Ц.Б нь уг гэмтлийн улмаас нас барсан, уг гэмтлүүд нь амьдрах боломжгүй гэмтлүүд болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгчийг хохирогчийн өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан.

Г.Г-ын яллагдагчаар өгсөн... Би харин талийгаачаас зугтаж гэрийн араар ороход талийгаач мөн гэрийн баруун талаар миний өөдөөс эгц гарч ирээд тулгарсан. Тэгтэл талийгаач “чамайг ална” гээд над руу дайраад алхаж байхдаа зүүн гартаа заазуур барьчихсан байхаар нь би арагш ухраад алхаж байхад хөлд мод тээглэх шиг болохоор нь аваад шууд толгой руу нь цохисон...гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ийн өгсөн... би талийгаачийн ард талд нь нэг алхамын зайтай дагаад явж байсан чинь зүүн хойд талаас Г.Г цаанаас мод барьж ирээд талийгаачийн биеийнх нь зүүн талаас нь толгой руу нь модоороо цохиж унагасан...гэх мэдүүлэг, шинжээч А.Адъяасүрэнгийн... шинжээчид тухайн үеийн сэтгэцийн байдлыг тодорхойлдог. Харин Г.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн үзлэгээр сэтгэцийн эмгэггүй нь тогтоогдсон. Г.Г нь үйлдлээ хянах чадвартай байсан. Г.Г-ыг урьд өмнө заналхийлсэн,  мөн зугтаасан үйлдлийн дараа уг асуудал болсон болохоор үйлдлээ хянах чадвартай байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийг хохирогчийн үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Г.Г-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Г-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, Ц.Э нар нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материалтай танилцах үедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс /хх-ийн 91 хуу/ 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр / 2 хх-ийн 62 хуу/  хүртэл 207 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу ял эдлэх хугацаанд оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу, дүрсний бичлэг бүхий CD хоёр ширхэг, гарын мөр хоёр ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, нийт 28 см урттай заазуур нэг ширхэг, 190 см урттай, 8 см өргөнтэй мод нэг ширхэг, талийгаач Ц.Бын өмсөж байсан цэнхэр өнгөтэй adidas гэсэн бичигтэй фудволк, судалтай саарал өнгийн дотуур өмд, саарал эрээн өнгийн өмдийг устгаж, шүүгдэгчийн өмсөж байсан хар хөх өнгийн knowledge is power гэсэн бичигтэй фудволк, ханцуйгүй цэнхэр өнгийн хантааз, хар хөх өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн түрийтэй гутал зэргийг Г.Г-т буцаан олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах журмыг хэрэглэх, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон    

                                            

                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Г-ыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Г-ыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 207 /хоёр зуун долоо/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу, дүрсний бичлэг бүхий цагаан өнгийн CD хоёр ширхэг, гарын мөр хоёр ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, нийт 28 см урттай заазуур нэг ширхэг, 190 см урттай, 8 см өргөнтэй мод нэг ширхэг, талийгаач Ц.Б-ын өмсөж байсан цэнхэр өнгөтэй adidas гэсэн бичигтэй фудволк, судалтай саарал өнгийн дотуур өмд, саарал эрээн өнгийн өмдийг устгаж, шүүгдэгчийн өмсөж байсан хар хөх өнгийн knowledge is power гэсэн бичигтэй фудволк, ханцуйгүй цэнхэр өнгийн хантааз, хар хөх өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн түрийтэй гутал зэргийг шүүгдэгч Г.Г-т буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялын хугацааг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тооцсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Ц.МӨНХТУЛГА

 

 

                        ШҮҮГЧИД                                 Д.ГАНЗОРИГ

 

 

                                                                           Э.ОДХҮҮ