Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/01708

 

 

 

 

 

 

2024 09 04 210/МА2024/01708

 

 

ТАЗ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/02730 дугаар шийдвэртэй,

ТАЗ-ийн нэхэмжлэлтэй, Ц.П-д холбогдох,

төрд учирсан хохирол нийт 12,190,036 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Ц.П нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа тус газрын бүртгэлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э-ийг 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 388 дугаар тушаалаар албан тушаалаас нь чөлөөлсөн.

Улмаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Ч.Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн тул Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар 6,806,357 төгрөгийг Ч.Э-т ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон.

1.2. Ч.Э нь шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 5/309 тоот тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй ахлах мэргэжилтний оронд томилогдсон. Улмаар нэхэмжлэгч нь 2016 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулахаар шүүхэд хандсан бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1277 тоот тушаалаар 5,383,679 төгрөгийг Ч.Э-т ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон.

Иймд хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол нийт 12,190,036 төгрөгийг Ц.Поос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Төрийн албаны тухай хууль /2017 оны/-ийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн тул энэ хугацаанаас хойш Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар шаардах эрх Төрийн албаны зөвлөлд анх үүссэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу Ц.Э-т ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хууль зүйн сайдын 2018 ояы А/121 тоот тушаалын дагуу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлж олгосон тул нэхэмжлэгч нь өмнөх цаг хугацааны асуудлыг буцаан хэрэглэх замаар шаардах эрхгүй.

2.2. Ц.Э-т Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 187 дугаар тогтоолын дагуу 6,806,357 төгрөг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 824 дүгээр магадлалаар 5,383,679 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр шүүхийн тогтоол 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр, магадлал 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөр тус тус хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу татгалзах эрхтэй.

2.3. Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 4.2.7-д хуулъ тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцахаар, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/- ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. Харин хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заахдаа ийнхүү ажилтнаас буцаан шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг хамаатуулаагүй, зөвхөн тодорхой хэлбэрийг хууль тогтоогч тухайлан зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хэмжээнд ажиллаж байсан 196 ажилчин, албан хаагчдыг 155 болгож цөөрүүлсэн тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар нийтдээ 196 ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, мөн өдрийн 389 дүгээр тушаалаар томилох ажиллагаа явагдсан.

Үүнээс Ц.Э-гийн тухайд орон тоо цөөрсөн тул чөлөөлж, түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Энэ маргааны тухайд хариуцагч Ц.П Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллах үедээ Ц.Э-ийг ажлаас чөлөөлөхдөө шууд санаатай хэлбэрээр төрд хохирол учруулах санаа зорилго анхнаасаа агуулаагүй. Нэг зэрэг 199 ажилтныг чөлөөлөх, томилох ажиллагаанд зөвхөн байгууллагын даргаас гадна тамгын газар, хүний нөөц хариуцсан ажилтнууд тодорхой хэмжээнд оролцох, тушаалын төслийг боловсруулах, ажилтнуудыг шинэчлэгдсэн бүтцийн дагуу мэргэжил ур чадварын хувьд хэн нь илүү хангах, тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хэн нь илүү хангах талаарх холбогдох судалгаа зэргийг чиг үүргийн дагуу гаргах замаар оролцсон. Иймд тушаалыг эцэслэн баталсны хувьд зөвхөн нэг хүнд бүх үр дагаврыг хариуцуулахаар шаардаж байгаа нь учир дутагдалтай. Хуульд зааснаар гэм хор учрах болсон шалтгаан нөхцөл, хамтын оролдооны байдал, гэм буруугийн хэр хэмжээг шүүх зайлшгүй харгалзах учиртай.

2.5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 99 дугаар шийдвэрээр 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,806,357 төгрөг олгохоор заасан. Ц.П нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул түүнээс хойшхи цаг хугацааны олговрыг шаардах учиргүй, шууд шалтгаант холбоогүй. Түүнчлэн, энэ шийдвэр гарах үед ажлаас чөлөөлөгдсөн байсан тул эрхээ хамгаалах боломжгүй болсон үед гарсан шүүхийн шийдвэрээр надаас хохирол нэхэмжилж байгаа нь учир дутагдалтай, шударга ёсонд үл нийцнэ.

2.6. Тус шүүхэд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс Ц.П-д холбогдуулан 7 тусдаа нэхэмжлэлээр нийт 56,601,387 төгрөгийг шаардсан. Үүнээс энэ маргаанд хамаарах бүтцийн өөрчлөлт хийгдсэн 2015 оны 388 дугаар тушаалтай холбоотойгоор 4 тусдаа нэхэмжлэлээр нийт 30,446,736 төгрөгийг шаарджээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 134 дүгээр зүйлийн 134.1, Хөдөлмөрийн тухай хууль /2021 оны/-ийн 130 дугаар зүйлийн 130.1-д ажилтны буруугаас учруулсан хохирлын дээд хэмжээг зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй байхаар заасан. Ц.П нь төрийн үйлчилгээний ажилтан биш хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар ажилтнаас хохирлыг буцаан шаардаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх боломжтой. Ажил үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотойгоор захиргаа эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолд хохирлыг тооцох арга аргачлал төрийн болоод төрийн бус бүх байгууллагын ажилтанд адил тэгш байх ёстой.

Иймд Төрийн албан хаагчийн дотогш чиглэсэн шийдвэрийн улмаас иргэнд олгох нөхөн олговор бүрийг төр тухайн шийдвэрийг гаргасан албан хаагчаас буцаан нэхэмжилж байгаа нь төр хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөж буй хэлбэр юм. Түүнчлэн, аливаа иргэн төрийн албан хаагч байхдаа гаргасан бүх шийдвэрийн хариуцлагыг тухайн шийдвэрийг гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх нөхцөлд эргээд Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хуулийн суурь зорилго, зарчимтай нийцэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.П-оос төрд учирсан хохиролд 12,190,036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ТАЗ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгчийн хувьд шаардах эрх хуулиар үүсэх тул Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 187 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 824 дугаар магадлалаар хуулиар хүлээлгэсэн үүргийн дагуу төрд хохирол учирсан талаар мэдэх үүрэгтэй гэж үзэх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар тоолох үндэслэлтэй. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасанд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гарган шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон... гэж үндэслэлгүй дүгнэсэн.

Хариуцагч нь Ч.Э гэх төрийн албан хаагчийг төрийн албанаас хууль бусаар үндэслэлгүйгээр чөлөөлснийг тогтоосон, мөн хууль бус шийдвэрийн үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох эрх үүссэнийг шийдвэрлэсэн шийдвэр болохоос биш эдгээр шийдвэрүүдээр төрд гэм хорын хохирол шууд учирсан гэж үзэхгүй. Уг шүүхийн шийдвэрүүдийг биелүүлж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Ч.Э-т нөхөн олгож, төрийн сангийн хөрөнгөнөөс мөнгө гарснаар төрд гэм хорын хохирол бодитой учирсан гэж үзнэ. Тодруулбал, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг биелүүлээгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төрийн сангийн хөрөнгөнөөс гаргаж Ч.Э-т нөхөн олгоогүй тохиолдолд төрд гэм хорын хохирол учирсан гэж тооцохгүй. Иймд дээрх шүүхийн шийдвэрүүд гарснаар төрд гэм хорын хохирол учирч шаардах эрх үүснэ гэсэн дүгнэлт үндэслэлгүй.

4.2. Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна гэж зааснаар төрд гэм хорын хохирол учруулсан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг 10 жил гэж үзнэ. Захиргааны болон иргэний хэрэгт Ч.Э нэхэмжлэгчээр оролцож байсан бөгөөд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул уг шүүхийн шийдвэрүүд гарсан үеэс эхэлж богиносгосон биш 10 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Учир нь 2002 оны Төрийн албаны тухай хуулиар төрд учруулсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч тал 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Иргэний хуулийн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Ц.П-д холбогдуулан төрд учруулсан хохирол 6,806,357 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5,383,679 төгрөгөөр ихэсгэсэн, нийт 12,190,036 төгрөг нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

3.1 Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.П-ийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус газрын Бүртгэлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. /хх8-13/

 

3.2 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 99 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөллстэй тэнцэх олговорт 4,094,726 төгрөгийг Ч.Э-т олгохыг даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 242 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 187 дугаар тогтоолоор Ч.Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,806,357 төгрөг гаргуулахаар болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. /хх21-39/

 

3.3 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/309 тоот тушаалаар тус газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн Ө.Б-ын хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ч.Э-ийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн томилж, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/121 дугаар тушаалаар 6,806,357 төгрөгийг Ч.Э-т олгосон. /хх 41-42, 78/

 

3.4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 322 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс ажилд томилсон өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,383,679.30 төгрөгийг гаргуулахыг хүссэн Ч.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 824 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,323,679 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх90-97/

 

3.5 Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1277 дугаар тушаалаар 5,383,679 төгрөгийг Ч.Э-т олгосон байна. /хх66-68/

 

4. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан. Иймд  нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Ц.П-оос хохирол шаардах эрхтэй.

 

4.1. Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэж заасан.

 

4.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 187 дугаар тогтоол болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 210/МА2018/00824 дугаар магадлал гарсан өдрөөс нэхэмжлэгчийн шаардлага гаргах таван жилийн хугацааг тоолсон нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.

 

4.3. Учир нь Иргэний хуулийн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.

 

4.4. Хэргийн баримтаас үзэхэд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/121 дугаар тушаал гарч, улмаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ч.Э-т 6,806,357 төгрөгийг олгосон болох нь нотлогдсон.

 

Дээрх мөнгө шилжүүлсэн өдрөөс хөөн хэлэлцэх таван жилийн хугацааг тоолох бөгөөд гомдлын шаардлага гаргах уг хугацаа 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1277 дугаар тушаал гарч, улмаар 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ч.Э-т 5,383,679 төгрөгийг олгосонд нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Харин хариуцагч Ц.П нь тухайн үед Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Ц.Э-гийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан цалин олговор 5,383,679 төгрөгийг хариуцагч Ц.П хариуцан төлөх гэм хорын шалтгаант холбоо тогтоогдоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд хариуцагч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байгаагүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2024/02730 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ