Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/01729

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 09 210/МА2024/01729

 

 

Н.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/02582 дугаар шийдвэртэй,

Н.Н-гийн нэхэмжлэлтэй, К ХК, Д.Д нарт холбогдох,

2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Д.Д-гаас 11,738,000 төгрөг, К ХК-иас 43,262,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М, хариуцагч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Н.Н нь Д.Д-тай2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр Д.Д-гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон, ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00 тоот хаягт байршилтай, 43 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 55,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Тухайн үед уг орон сууц К ХК-ийн зээлийн төлбөрт битүүмжлэгдсэн, хураагдсан байсан 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 43,262,000 төгрөгийг К ХК-д, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 5,436,000 төгрөг бэлнээр, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хооронд 5,202,000 төгрөгийг дансаар, Баянгол дүүргийн Татварын хэлтэст 1,100,000 төгрөг, нийт 11,738,000 төгрөгийг Д.Д-д тус тус төлсөн.

1.2. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00 тоот хаягт байрлах орон сууцыг Ж.М-аас Д.Д-гийн нэр дээр шилжүүлсэн бүртгэлийг хүчингүйд тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээг Т.Энхцэцэгийн нэр дээр гарсан болохыг мэдсэн.

Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед К ХК, Д.Д нараас орон сууцыг өөр этгээдэд шилжсэн талаар мэдсэн, эрхийн зөрчилтэй байхад энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүйгээр нуун дарагдуулсны улмаас Н.Н эд хөрөнгө, мөнгөн хөрөнгө, сэтгэл санаа, цаг хугацаа, нүүдэлтэй холбоотой зардал, одоо амьдарч буй байрны түрээсийн зардлаар хохирсон.

Иймд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч К ХК-аас 43,262,000 төгрөг, хариуцагч Д.Д-гаас 11,738,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч К ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Д.Д нь манай банктай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, нийт 53,900,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатайгаар зээлсэн. Дээрх зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан барьцааны гэрээг байгуулсан. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээгээр олгогдсон мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээнд заасан зориулалт бусаар ашигласан, орлого нотлох баримт бичгийг хуурамчаар бүрдүүлж өгсөн зэрэг зөрчил илэрсэн.

2.2. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2015/02029 дугаар захирамжаар Д.Д-гаас зээлийн гэрээний үүрэгт 54,767,714 төгрөг гаргуулж банкинд олгож шийдвэрлэсэн.Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Н.Н нь тус байрыг худалдан авахаар тохиролцон Д.Д-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр Д.Д-гийн зээлийн дансанд төлбөр хийгдэхээр тохиролцсоны дагуу орж ирсэн мөнгийг суутган авч зээлийн төлбөр бүрэн төлөгдсөний дараа барьцаанаас чөлөөлж, гэрчилгээг зээлдэгчид хүлээлгэн өгсөн.

 2.3. К ХК нь худалдах, худалдан авах гэрээний нэг тал буюу худалдагч тал бус, тухайн хөрөнгийн барьцаалагч байсан тул биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх, эрхийн зөрчлийн талаар мэдээлэл өгөх үүрэг хүлээгээгүй. Харин барьцаалагчийн хувьд үүрэг гүйцэтгэгч нь үүргээ бүрэн биелүүлсний дараагаар тухайн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх үүргээ бүрэн биелүүлсэн. К ХК нь Д.Д-гийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан орлогоос орон сууцны зээлийн гэрээний төлбөрийг суутгасан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, банк нь Н.Н-гаас шууд орон сууц худалдах худалдан авах гэрээний төлбөр аваагүй, Д.Д-гийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж дансанд шилжүүлсэн орлогыг зээлийн төлбөрт суутгасан. Тухайн зээлийн төлбөр нь шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас зургаар баталгаажсан авлага байсан. Мөн Д.Д болон Н.Н нарын байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, тус гэрээний дагуу төлсөн төлбөртэй холбоотой маргаанд гэрээний тал биш К ХК-ийг хариуцагчаар тогтоох үндэслэлгүй. Харин Д.Д нь худалдсан хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээний дагуу төлсөн төлбөрийг худалдагч талаас шаардах үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгчийн К ХК-аас 43,262,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Д.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Н.Н-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хууран мэхэлж хийгээгүй. Д. Д нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, Нарлаг хотхон, 00 тоот хаягт байрлах орон сууцыг М.М-аас худалдаж авсан. Тухайн үедээ орон сууцны лавлагаа авахад үл хөдлөх эд хөрөнгө барьцаалбаргүй байсан тул өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулсан. Тиймээс өөрийн нэр дээр байсан улсын бүртгэлийн гэрчилгээг хүчин төгөлдөр гэж үзэж байна.

3.2. Нэхэмжлэгчээс Д.Д-гийн данс руу шилжүүлсэн 4,202,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин бэлнээр мөнгө өгсөн талаарх нотлох баримт байхгүй, мөн Д.Д нь татварын албанд 1,100,000 төгрөгийг өөрөө төлсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д заасныг баримтлан Н.Н, Д.Д нарын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Д.Д-гаас 11,302,000 төгрөг, хариуцагч К ХК-аас 43,262,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 436,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,975 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д-гаас 195,782 төгрөг, хариуцагч К ХК-аас 374,260 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх үйл баримт болон түүнд холбогдох баримтыг дутуу үнэлсэн. Учир нь К ХК нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний аль нэг тал биш, гэрээ байгуулах үйл явцад оролцоогүй, шүүхээс нэхэмжлэгчийг төөрөгдүүлэх агуулгатай гэж үзсэн албан бичгийг гэрээ байгуулагдсны дараа 2017 оны 08 сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Н.Н-д хүргүүлсэн. Тодруулбал, шүүхийн шийдвэрт ...худалдах, худалдан авах гэрээг дэмжиж Д.Д-гийн зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч Н.Н-гаар төлүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй. Банк нь тус гэрээний оролцогч биш тул тус гэрээг дэмжих, гэрээнээс татгалзах, гэрээний аль нэг талд тус гэрээг байгуулах, байгуулахгүй байх талаар зөвлөх, шаардах зэргээр хувь этгээд хоорондын харилцаанд зүй бусаар оролцох эрх, үүрэггүй. Анхан шатны шүүх К ХК-ийг гэрээний нэг талын адил үзэж, худалдан авагчид худалдаж буй эд хөрөнгийн талаар мэдээлэл өгөх үүрэгтэй байсан мэтээр гэрээгээр хүлээгээгүй үүргийг зөрчсөн, шударга бусаар хэрэгжүүлсэн мэтээр тайлбарласан нь хэргийн үйл баримт, хэрэглэвэл зохих хууль тогтоомжид нийцээгүй.

5.2. Нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Д.Д нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Н.Н гэрээний 2.2-т заасан журмын дагуу төлбөрийг Д.Д-гийн зээлийн дансанд шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн. Хариуцагч Д.Д нь тус худалдах, худалдан авах гэрээний хариу төлбөрийн мөнгөн хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү гүйцэтгэсний үр дүнд Д.Д-гийн дээр дурдсан зээлийн гэрээгээр К ХК-ийн өмнө хүлээсэн хариу төлбөрийн үүрэг гүйцэтгэгдэж, 43,262,000 төгрөгөөр Д.Д нь бусдын өмнө хүлээсэн өр төлбөр, үүргээс чөлөөлөгдсөн.

Гэтэл шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Д.Д нарын хооронд үүрэг үүсгэсэн худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул нэхэмжлэгч Н.Н нь дээрх гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн атлаа уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хариуцагч Д.Д-гийн К ХК дахь зээлийн гэрээний үүрэгт төлсөн 43,262,000 төгрөгийг хариуцагч К ХК-аас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж өмнөх хэсэгт гаргасан дүгнэлттэйгээ зөрчилтэй, үндэслэлгүй дүгнэсэн. Хэргийн үйл баримтын хүрээнд Н.Н-гийн шилжүүлсэн эд хөрөнгө, түүнийг шилжүүлэх үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээний үр дүнд К ХК нь хөрөнгөжөөгүй. Харин хариуцагч Д.Д нь тус гэрээний мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийн хүрээнд олж авсан мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж, К ХК-ийн өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд ийнхүү биелүүлсэн болохоо хүлээн зөвшөөрдөг.

Иймд К ХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргасан. Д.Д-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад Н.Н ярилцаж тохиролцоод авахаар очдог. Тухайн үед банк маргаантай гэдгийг тодорхой тайлбарлаж хэлсэн бол уг маргаан эхнээсээ гарахгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч Д.Д тайлбар гаргаагүй болно.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч К ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч К ХК, Д.Д нарт холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Д.Д-гаас 11,738,000 төгрөг, К ХК-аас 43,262,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

4.1. Иргэн Ж.М нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Д.Д-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Ж.М нь Д.Д-д Баянгол дүүрэг, 07 дугаар хороо, Нарлаг хотхон, Ааөч гудамж, 00 тоот хаягт байршилтай, 43 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр Д.Д өмчлөгчөөр улсын эрхийн бүртгэлийн газар бүртгүүлж, түүнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. /хх-104-149/

 

4.2. Д.Д нь К ХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 53,900,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, түүний хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 45-47/

 

4.3. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, Д.Д-гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 07 дугаар хороо, Нарлаг хотхон, Ааөч гудамж, 00 тоот хаягт байршилтай, 43 м.кв талбайтай, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх42-44, 49/

 

4.4. Д.Д нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, төлбөрийг төлж барагдуулаагүй тул К ХК-аас зээлийн гэрээг цуцалж шүүхэд хандсан бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2029 дугаар захирамжаар К ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Д-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлага 54,767,714 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх58-59/

 

4.5. Дээрх шүүгчийн захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан бөгөөд төлбөр төлөгч Д.Д нь төлөгч авагч К ХК-д 54,767,714 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. /хх62/

 

4.6. Төлбөр авагч К ХК нь Н.Н-д зээлийн барьцаа хөрөнгийг худалдан авах хүсэлттэй танилцаад хүсэлтэд дурьдсаны дагуу Д.Д-гийн зээлийн төлбөрт 30,000,000 төгрөгийг урьдчилан төлөх, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг сар бүр хувиараар 2,000,000 төгрөгийг хугацаандаа төлөгдсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг чөлөөлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгнө гэж хариу өгчээ.

 

Дээрх хариуг өгсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Н.Н-д хариуцагч Д.Д нь К ХК-тай байгуулсан барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 55,000,000 төгрөгөөр худалдахаар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. /хх6/

 

4.7. Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Д.Д-гийн өмнөөс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 30,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 2,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5,262,000 төгрөг, нийт 43,262,000 төгрөгийг К ХК-д, мөн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хооронд өөрийн ХААН банк дахь 0000000000 тоот данснаас ХААН банк дахь 000000000 тоот данс руу нийт 5,202,000 төгрөгийг шилжүүлсэн, улмаар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Татварын хэлтэст 1,100,000 төгрөгийг төлж, нийт 11,302,000 төгрөгийг хариуцагч Д.Д-д тус тус төлсөн. /хх18-30, 80-81, 239-247/

 

4.8. Зээлийн гэрээний дагуу төлөх мөнгөн хөрөнгө төлөгдсөн тул К ХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ГЗ/78 тоот албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан төлбөр төлөгч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар олгож, гүйцэтгэлийн хувийн хэргийг хаах хүсэлт гаргасан. /хх61/

 

4.9. Дээрх худалдах худалдан авах гэрээг байгуулахаас өмнө Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 844 дугаар шийдвэрээр маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Ж.М-ын өмчлөлөөс Д.Д-гийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Харин Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 152 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Д.Д-гийн нэр дээр шилжүүлсэн бүртгэсэн Ү-000000000 дугаар бүртгэлийг хүчингүй болгон, уг бүртгэлийг хүчингүй болгуулах тухай Т.Туулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх117-148/

 

4.10. Улмаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/365 тоот тушаалаар дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Д.Д-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 07 дугаар хороо, Нарлаг хотхон, Ааөч гудамж, 00 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцсон.

 

5. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Энэ тохиолдолд үүссэн бодит нөхцөл байдлын талаар хуурч мэхлэх тодорхой үйлдэл хийгдсэн, шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардана.

 

5.1. Дээрх захиргааны шүүхийн шийдвэрт ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №2/12758 тоот Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан албан бичгээр Ж.Мын эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн хариу ирүүлнэ үү гэсэн байна. Уг албан бичгийн хариу болгож Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №1469 тоот албан бичгээр Ж.Мын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 00 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүллээ гэж хариу мэдэгдсэн.

 

Гэтэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлснээс хойш буюу 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Ж.М-ын өмчлөлөөс Д.Д-гийн өмчлөлд шилжүүлж бүртгэлийн байгууллагаас 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Д.Д-д тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна.

 

5.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн үл хөдлөх хөрөнгийг Д.Д-гийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон үйл баримтыг хариуцагч Д.Д мэдсэн боловч нэхэмжлэгч Н.Н-тай 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул уг гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нь үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, Д.Д нь К ХК-ийн зээлийн өр төлбөрийг төлөх зорилгоор эрхийн доголдолтой үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Н.Нд худалдан борлуулсан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх талаар түүнийг хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5.3. Нэхэмжлэгч Н.Н, хариуцагч Д.Д нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг шүүх хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул хариуцагч Д.Д-гаас 11,302,000 төгрөг, хариуцагч К ХК-аас 43,262,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Нд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт нийцжээ. Энэ шийдвэрт хариуцагч Д.Д давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

6. Хэргийн 7 дугаар талд авагдсан К ХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1814 тоот албан бичигт ...зээлийн төлбөрийг бүрэн төлөгдөж дуусмагц барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх агуулгыг тусгажээ. /хх-7/

 

6.1. Мөн Т.Т, Т.Э нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдох, Д.Д-гийн нэр дээр хууль бусаар шилжүүлсэн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 00 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт К ХК нь гуравагч этгээдээр оролцсон байна.

 

6.2. Дээрхээс дүгнэвэл, хариуцагч К ХК нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Ж.М-ын өмчлөлөөс Д.Д-гийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон үйл баримтыг мэдсэн атлаа нэхэмжлэгч Н.Н-д итгэл төрүүлэн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1814 тоот албан бичгээр төлбөрийг төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөх агуулга бүхий хариу өгсөн.

 

Түүнчлэн, К ХК нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний нэг тал биш боловч уг гэрээ байгуулагдсан нь гуравдагч этгээд болох банкинд ашигтай байсан, мөн банкны барьцаа хөрөнгийн талаар өгсөн албан бичгийг нэхэмжлэгч үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг төлсөн байна.

 

6.3. Иймд худалдах-худалдан авах гэрээг дэмжиж Д.Д-гийн зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч Н.Н-гаар төлүүлсэн нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй тул хариуцагч К ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...банк худалдах-худалдан авах гэрээний аль нэг тал биш, гэрээ байгуулах үйл явцад оролцоогүй, гэрээ бөайгуулагдсаны дараа банкны зүгээс нэхэмжлэгчид албан бичгийг хүргүүлсэн, худалдах-худалдан авах гэрээний үр дүнд К ХК нь үндэслэлгүй хөрөнгөөгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч К ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/02582 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч К ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч К ХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 374,260 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ