| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0124/Э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2019-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0124/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Г.Отгонзаяа,
Улсын яллагч Я.Сансар,
Шүүгдэгч Д.Д- нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Мөрөн сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан. Д.Д /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Д- нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 8-04 тоотод ... гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 8-04 тоотод Д..н гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.С-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.С-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хөдөөнөөс ирсэн хүмүүсийг гаргаж өөрийн гэртээ 2 шил архи уусан... тэгээд хүмүүсээ гаргаж өгчихөөд дэлгүүрээс 1 шил 500 грамтай ерөөл нэртэй архи аваад найз Доржпүрэвийн гэрт очиход Доржпүрэв гэртээ найз Д.Д-гийн хамт архи ууж байсан...Би уусан архиндаа согтсон байсан, цааш юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд хамар муруйчихсан, баруун нүд хөхөрсөн байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,
Гэрч Д.До-н мөрдөн байцаалтанд өгсөн: Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийт хороолол 8 дугаар гудамжны 04 тоотод өөрийн гэртээ найз Д.Д-гийн хамт 500 грамтай ерөөл архи хуваагаад уугаад сууж байхад, гаднаас найз Соронзонбаатар халамцуу орж ирсэн. Тэгээд бид гурав архиа хувааж уучихаад байж байтал Соронзонбаатар, Д.Д- хоёр хоорондоо маргалдсан. Соронзонбаатар, Д.Д- хоёр манай гэрийн гадаа ноцолдоод хэд хэдэн удаа бие биенийгээ цохиж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №159 дугаартай шинжээчийн: “...Г.С-ын биед хамрын мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд зовхины хэсгүүдийн цус хуралт, зүүн нүдний гадна хажуу хэсэг болон хамрын нуруу хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36 тал/,
Д.Д-гийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Би Соронзонбаатарын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Соронзонбаатар бид хоёр учраа олсон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэж хэлсэн. Үүнийгээ бичгээр бичиж өгсөн байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.Д-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Д-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Г.С- нь “...Д.Д- бид хоёрт ямар нэгэн гомдол, санал байхгүй, Д.Д-тай учраа олсон. Нэхэмжлэх зүйл, гомдол санал алга...” гэх хүсэлтийг хавтаст хэргийн 101,103 дугаар талд өгсөн байх тул шүүгдэгч Д.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг прокурор болон шүүгдэгчийн саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Д.Д- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д- нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА