Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 181/2024/00949/И |
Дугаар | 210/МА2024/01730 |
Огноо | 2024-09-09 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/01730
2024 09 09 210/МА2024/01730
СБДНДГазрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/02713 дугаар шийдвэртэй,
СБДНДГазрын нэхэмжлэлтэй, Ү ХХК-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 821,952,591 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Ү ХХК нь 2020 оны 07 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг зөрчиж нийт 821,952,591.22 төгрөгийн өр үүсгэсэн.
1.2. Нийгмийн даатгалын байгууллагын зүгээс ажил олгогчид үүссэн шимтгэлийн өрийг төлөхийг удаа дараа шаардан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх тухай улсын байцаагчийн албан шаардлага, дансны зарлагын гүйгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдлийг арилжааны банкинд тус тус хүргүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан боловч хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй.
Иймд хариуцагчаас 821,952,591.22 төгрөгийг гаргуулан нийгмийн даатгалын сангийн дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Ү ХХК нь СБДНДГазар-т 2020 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэл ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг сар бүр явуулж байгаа боловч санхүүгийн боломжгүйгээс нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг төлөлгүй 821,952,591 төгрөгийн өр үүссэн.
Улмаар СБДНДГазар-тай 2021 оны 10 дугаар сарын 06 болон 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр тус тус нийгмийн даатгалын шимтгэлийг график байгуулан төлөхөөр гэрээ байгуулсан боловч тухайн үед манай байгууллагад ажиллаж байсан гүйцэтгэх захирал, санхүүгийн ажилчдын буруутай үйл ажиллагаа, мөн ковид-19 цар тахлын үетэй холбоотойгоор компанийн үйл ажиллагаа зогссон, санхүүгийн байдал муу байснаас шалтгаалан төлөгдөөгүй.
Тиймээс СБДНДГ-аасгаргасан нэхэмжлэлд дурдагдсан төлбөрийг тодорхой хугацаанд төлж барагдуулна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Нийгмийн даатгалын тухай /1994 он/ хуулийн 17 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Ү ХХК-иас 821,952,591.22 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СБДНДГ-т олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ү ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийн 4,267,713 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн хуулиар хамгаалагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш эрхтэй мэтгэлцэх, шүүх хуралд биечлэн оролцож үг хэлэх эрхийг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Хавтаст хэрэгт авагдсан баримтад хариуцагч Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Санжаад утсаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3. Нэхэмжлэгч СБДНДГ нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 821,952,591 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч маргаагүй хэдий ч гүйцэтгэх захирал, санхүүгийн ажилчдын буруутай үйл ажиллагаа, мөн ковид-19 цар тахлын үетэй холбоотойгоор компанийн үйл ажиллагаа зогссон, санхүүгийн байдал муудсанаас шалтгаалан төлөгдөөгүй тул цаашид тодорхой хугацааны дотор төлж барагдуулна гэж тайлбарлажээ.
4. Хариуцагч Ү ХХК нь 2020 оны 07 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлснөөс 821,952,591 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн болох нь компанийн 2023 оны 01 дүгээр сарын тайлан, нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, авлагын дэлгэрэнгүй бүртгэл, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ зэрэг баримтаар нотлогдож байна. /хх5-8, 20-21/
4.1. Нэхэмжлэгч СБДНДГ-аас хариуцагч Ү ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болон 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус тус нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулах гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан хугацаанд хариуцагч нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө төлөөгүй байна. /хх6-8/
4.2. Үүний дараа СБДНДГазрын улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 206, 209, 207 тоот, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 631, 633, 630, 632 тоот дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай мэдэгдлийг Хаан банк ХК, Голомт банк ХК, Төрийн банк ХК-д, мөн улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн албан шаардлагыг хариуцагчид тус тус хүргүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4.3. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зааснаар хариуцагч Ү ХХК нь албан журмаар даатгуулагч байх бөгөөд энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.
Нөгөөтэйгүүр, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал, санхүүгийн ажилчдын буруутай үйл ажиллагаа, мөн ковид-19 цар тахлын үетэй холбоотойгоор компанийн үйл ажиллагаа зогссон, санхүүгийн байдал доголдсон нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
4.4. Анхан шатны шүүх хэргийн баримтууд болон зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэж хариуцагч Ү ХХК-аас нийгмийн даатгалын өр төлбөрт 821,952,591 төгрөгийг гаргуулан СБДНДГазар-т олгож шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасанд нийцсэн. Энэ шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байна.
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
5.1. Учир нь шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12496 дугаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр товлож, шүүхийн мэдэгдэх хуудсыг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн оршин байх хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн шүүгчийн туслах 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С-гийн 00000000 дугаарын утсанд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд За, ойлголоо гэсэн хариу өгсөн болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус нотлогдож байна. /хх 39-40/
5.2. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт болон холбогдох баримтыг ирүүлээгүй байхаас гадна хариуцагч шүүхээс шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/02713 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 4,267,713 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ