| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0133/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0133/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М холбогдох эрүүгийн 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 6 бүл эхнэр 4 хүүхдийн хамт урьд нь Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 174 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор ЭХТА 123 дугаар зүйлийн 123 дугаар 2 дахь зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар оногдуулсан ялыг хэлтэрүүлсэн, Улсаас авсан гавъяа шагналгүй, /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.М нь 2018 оны 10 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Дадал сумын Онон багийн нутаг болох “Өвөршанд” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 75 ширхэг буюу 5 куб метр нойтон шинэс мод бэлтгэж ойн санд 1.836.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.М нь 2018 оны 10 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Дадал сумын Онон багийн нутаг болох “Өвөршанд” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 75 ширхэг буюу 5 куб метр нойтон шинэс мод бэлтгэж ойн санд 1.836.000 төгрөгний хохирол учруулсан учруулсан болох нь:
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-9 тал/,
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12 тал/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15-16 тал/,
Хохирогч Ц.О-н 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн”...Хэргийн газар очиж харсан. Бас тэнд GPS цэг авсан. Өвөршанд гэх газар өвөлжөө барьсан байна лээ. Тэр газраас урагшаа 1 км орчим зайд ууланда мод бэлтгэсэн байна лээ. Тухайн газар би очиж тоооход ойролцоогоор 70 гаран ширхэг шинэс мод бэлтгэсэн байсан. Тэгээд тэр уулын ард байх өвөлжөөг шинэс модоор барьсан байна лээ. Тухайн үйлдэл нь хууль бус үйл ажиллагаа юм. тусгааралт хийгдээгүй. Тэр газарт огт тусгааралт хйидэггүй газар юм. Тухайн сумын нутаг. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй...Зөвшөөрөлгүй мод бэлдгэх нь яах аргагүй хууль бус үйл ажиллагаа. сум дундын Биндэрийн ойн анги дүгнэлт гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/
Иргэний нэхэмжлэгч А.Б-н 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр өгсөн”...Н.М бид хоёр нэг айлын хүргэнүүд байгаа юм....тухайн үед манай баз Н.М манай гэрт ирээд надад хандан чи пад трактороо түх хэрэглүүлээч, би нүүдэл суудал хийх, болон хашаа саравчаа зөөхдөө хэрэглэчихээд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н.Мад хандан тэг, тэг гэж хэлээд өөрийнхөө эзэмшлийн хөх өнгийн пад тракотороо чиргүүлийн хамт өгсөн юм...энэ юм ийм учиртай байгаа юм. би уг пад тракторын чиргүүлээ хүнээр хийлгэсэн бөгөөд надад олсон төмөр нь 14-16 ХЭА гэсэн улсын дугаар бичээтэй төмөр байж таараад миний пад тракторын чиргүүлэн дээр иймд улсын дугаар бичээтэй байгаад байдаг юм. тэрнээс би миний пад троктор, чиргүүлэнд ямар нэгэн бичиг баримт гэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/
Гэрчээр Н.М-н 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн”...тиймээ тоолсон нийт 162 шинэс модоор барьсан байна. үүнээс өвсний хашаанд 55 ширхэг 5 метрийн урттай шинэс мод. Аргалын 2 зааланд 20 ширхэг 5 метрийн урттай шинэс мод орсон. Энэ 75 ширхэг шинэс модыг би урд уулнаасаа зөвшөөрөлгүй бэлтгэсэн...хөх өнгийн Пад трактор нь чиргүүлийн хамт одоо манай баз хүргэн Батбаярын пад трактор байсан. Одоо тэднийд байгаа. Би өнгөрсөн 09 сарын эхээр авч ашиглаад 10 сарын дундуур аваачиж өгсөн юмаа. Хөрөө одоо манайд байгаа. Цагаан өнгийн модны цахилгаан өрөө байгаа....өвсний хашаа руу мал ороод болохгүй байхаар нь би ойроос гээд урд уулнаасаа бэлгэсэн юм...надаас өөр хүн мэдэхгүй ээ. Мод бэлтгэх үед манай гэр тэнд буугаагүй байсан. би илүү гэртэйгээ ганцаараа 4 хоног тэнд ажилласан юмаа. Ойр хавьд айл байхгүй болохоор хүн хараагүй. Эхнэр болохоор “Нарийн хадтай” гэх газраас мод авч байгаа гэж бодож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/
Гэрчээр А.Б-н өгсөн”...өнгөрсөн 2018 оны 09 сарын эхээр хадлан тариа нүүдэл суудал хийнэ гээд гэж хэлээд аваад явсан. хөх өнгийн пад трактор, чиргүүлийн хамт авсан. Чиргүүл нь 14-16 ХЭА улсын дугаартай 2018 оны 10 сарын дундуур буцааж өгсөн...шинэ газар өвөлжөө барьж байгаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг,/хх-ийн 50-51 хуудас
Гэрчээр Л.Г-н өгсөн”...өвөл утсаар ярихад шинэ өвөлжөө барьсан тийшээгээ нүүх гэж ярьж байсан...би цагаан сараар эгчтэйгээ золгох гээд очсон. Тэгэхэд модоор хашаа барьчихсан байсан...гэх мэдүүлэг, /52-53 тал/
Гэрчээр О.Л-н өгсөн”...2017 оын 06 сард гарсан түймрийг унтраахад онцгойлон идэвхитэй оролцсон. Хүмүүст талбай тусгаарлаж мод олгогдсон байсан. Тэр хүмүүсийн дунд Н.М, Бадамдорж эмнэлэгийн жолооч Мөнхбаяр өөр бусад хүмүүс байсан...нэг хүнд нарийн бүдүүн нийлсэн 100 гаран шинэс мод оногдож байгаа...гэх мэдүүлэг,/хх-ийн 57-58 тал/
Гэрчээр Ж.Г-н өгсөн”...Засаг дарга Лхагвадорж, Мөнхболд, гэдэг залуу, Бадмаараг авна гээд аваагүй, На.Н.М гэдэг хүмүүс миний хяналтан доор хуулийн дагуу авсан...өөртөө өвөлжөөний хашаа барина гээд авсан. Өнгөрсөн 2018 оны зуун надруу утсаар би модоо очиж авсан шүү гэж хэлсэн. Тэгээд очоод харахад тэр модоо аваад явсан байсан. би бас 09 сард өвөлжөө барих “Өвөр шанд” гэх газар нь очиж харахад тэнд буулгасан байсан...гэх мэдүүлэг,/хх-ийн 59-60 хуудас/
2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Биндэр-ой” сум дундын ойн ангийн дүгнэлтээр”...75 ширхэг буюу 5 куб Шинэс модыг 1.836.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт/хх-ийн 67 тал/
Шинжээчийн 2019.05.02-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 68-69 тал/,
Н.М-н яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.М-н дээрх үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэх буюу Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.Мад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.М-д 700000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 45 хоног орчмын дотор төлж барагдуулахаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.М нь 2018 оны 10 дугаар сарын эхээр Хэнтий аймгийн Дадал сумын Онон багийн нутаг болох “Өвөршанд” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 75 ширхэг буюу 5 куб метр нойтон шинэс мод бэлтгэж ойн санд 1.836.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд уг хохирлыг төлж барагдуулаагүй болох нь хохирогч Ц.О нь: “Н.М нь ойн санд учруулсан хохирол болох 1.836.000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул нэхэмжлэнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 41, 119 тал/ ээр тогтоогдож байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ойн санд учирсан хохирлыг шүүгдэгч Н.М-р төлүүлэх,
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 75 ширхэг буюу 5 куб метр цагаалсан модоор хийсэн хашаа, цагаан өнгийн цахилгаан хөрөө зэргийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хурааж, улсын орлого болгож мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөх өнгийн пад трактор, чиргүүлийн хамт битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч А.Б-т буцаан олгож, трактор, чиргүүлийн үнэ болох 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Н.М-с гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н.Мыг түүнд оногдуулсан 700000 төгрөгөөр торгох ялыг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөрт багтааж төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 75 ширхэг буюу 5 куб метр цагаалсан модоор барьсан хашаа, цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэгийг хурааж улсын орлогод оруулах, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөх өнгийн пад тракторыг чиргүүлийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч А.Б-т буцаан олгож, тракторын үнэ болох 1.200.000 төгрөгийг шүүгдэгч Н.М-с гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-с байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 1.836.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7. Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдоогүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА