Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0126

 

 

 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                              Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                           Я.Сансар

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             П.А

Шүүгдэгч                                                                   Н.Н нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-т холбогдох 1939... угаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 11-10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н.Н /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 12-09 тоотод оршин суух иргэн Ё.Н-ын гэрийн тооноор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг гутал, 0.75 литрийн савтай тал шил архи зэрэг эд зүйл хулгайлж 191.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ё.Н-ын өгсөн: ...гэрээс гарахдаа гэрийнхээ хаалгыг цоожлоод гэрлээ асаалттай орхиод явсан тэгээд би гэрийнхээ түлхүүрийг өөрөө  аваад явсан. Тэгээд шөнө 23 цаг нилээн өнгөрч байх үед шиг санаж байна буцаж манай гэрт ирээд гэрийнхээ хаалгыг онгойлгоод ортол ширээн дээр байсан нөгөө дөнгөж задлаад орхисон ерөөл архи байхгүй болсон байсан. Тэгээд гэрийнхээ юмнуудыг шалгаж үзтэл гэрийн баруун талын орны доор байсан миний 2 хос гутал алга болсон байсан. Манай гэрт хулгайч гэрийн тооноор орсон бололтой тоононы рамыг аваад өрхөн дээр тавьсан байсан... цагдаагаас миний алдсан хоёр гутлыг маань олоод буцаагаад өгсөн, харин манайд орж хулгай хийсэн гээд байгаа нөгөө жаахан солир нүдтэй эрэгтэй хүн манайд эхнэртэйгээ ирж уучлалт гуйгаад нөгөө ерөөл архины мөнгийг өгчихөөд явсан...надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

Гэрч Ж.Б-н өгсөн: ... 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 19 цагаас 00 цагийн хооронд шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан... Баянмөнхийн 12 дугаар гудамжаар эрүүл хийж явтал гудамжинд 35-40 орчим насны эрэгтэй хүн архи уусан согтуу архи уусан явж байгаатай таарсан. Тэр хүн 0.75 литрийн ерөөл архи барьчихсан архи нь нилээн дундарсан бараг дуусах гэж байсан... маргааш өглөө нь ажлын рабортон дээр Баянмөнхийн 12 дугаар гудамжны 09 тоот хашаанд байх айлаас 0.75 литрийн ерөөл архи бас 2 гутал алдагдсан гэж мэдээлсэн. Тэгээд урьд орой надтай уулзаж байсан хүнийг санаад тэр хүний надтай гудамжинд таарсан цаг нөгөө айлд хулгай орсон цаг 2 хоорондоо ойрхон байсан болохоор тэр хүнийг олохоор Баянмөнхийн 12 дугаар гудамжны ойр хавийн айлуудаар Н.Н гэх айлыг сураглаж явж байгаад 11 дүгээр гудамжны 10 тоотод байх айлыг Н.Нынх гэж сонсоод яваад очсон... шөнө надтай таарсан Н.Н гэх хүн унтаж байсан... нөгөө хүн хэсэг байж байснаа гэрээсээ гарч ирээд Баянмөнхийн 12-09 тоотод байх айлын тооноор орж хулгай хийсэн талаараа хэлсэн. Айлаас хулгайлсан гуталнууд хаана байгааг асуухад нөгөө хулгай хийсэн айлынхаа хажуу талын намхан блокон хашааны буланд нууж орхисон гэж хэлж байсан тэгээд Баянмөнхийн 12-09 тоотод байх хулгай орсон гэх айл руу дагуулж очоод тэр хашааны баруун урд талын хамхуул өвсөн дунд хоёр хос гутал байж байсан. Нэг гутлынх нь өрөөсөн нь гудамжны урд талд байж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27 хуу/

Н.Н-ын яллагдагчаар өгсөн:... монгол гэрийн гэрэл нь асаатай тэгсэн мөртлөө хүн байхгүй эзгүй байх шиг харагдсан...тэгээд тэр айл руу оръё гэж шийдээд хашааны зүүн талаар намхан хэсгээр давж ороод гэр рүү нь яваад очтол гэрийнх нь хаалга цоожтой байсан тэгэхээр нь би гэр рүү нь авираад гэрийн тоононы рамыг авч өрхөн дээр нь тавиад тооноор нь дотогшоо орсон гэрийн баруун талынорны урд талд байсан жижиг ширээн дээр 0.75 литрийн шилтэй Ерөөл архи задалчихсан дээрээс нь жаахан уучихсан талаасаа дээш хэмжээтэй байсан тэгээд би тэр архийг аваад дараа нь баруун талын орны доор ил харагдаж байсан эмэгтэй хүний урт хар түрийтэй гутал болон бас нэг хүрэн түрийтэй 2 хос гутлыг авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 7-10 хуу/

Эд мөрийн баримт түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 13-15 хуу/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 16-18 хуу/

Эд зүйлийн үнэлгээ /хх-37 хуу/

Н.Н-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49 хуу/

Ял шалгах хуудас /хх-ийн 56 хуу/

Хэнтий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 474 дугаартай “Н.Н нь амьжиргааны доод түвшинд багтдаг” тухай албан бичиг /хх-ийн 58 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 61-62 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Н.Н-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Н нь 2019 оны 04 дүгээр сарын 03-ны шөнийн 23 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 12-09 тоотод оршин суух хохирогч Ё.Нын эсгий гэрийн тооноор нэвтрэн орж эмэгтэй хүний хос гутал 2 ширхэг, 0.75 литрийн Ерөөл архи нэг ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 191.500 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.            

Шүүгдэгч Н.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Ё.Н, гэрч Ж.Б нарын мэдүүлэг  болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Н.Н нь хохирогчийн эсгий гэрийн тооноор нэвтрэн орсон болох нь хохирогч Ё.Н-ын... манай гэрт хулгайч гэрийн тооноор орсон бололтой тоононы рамыг аваад өрхөн дээр тавьсан байсан...гэх мэдүүлэг, яллагдагч Н.Нын...би гэр рүү нь авираад гэрийн тоононы рамыг авч өрхөн дээр нь тавиад тооноор нь дотогшоо орсон...гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй, энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Н-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Н-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж үзлээ. 

Хохирогч Ё.Н нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн /хх-ийн 61 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Н-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Н.Н-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Н.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялын хугацааг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ