Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01754

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 13 210/МА2024/01754

 

 

 

К ХХК-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/03045 дугаар шийдвэртэй К ХХК-ийннэхэмжлэлтэй, Т ХХК-дхолбогдох, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа:

1.1. К ХХК нь Т ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн зураг төслийн дагуу Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, эрүүл мэндийн амбулатори №1 барилгын цонх нийлүүлэх болон угсрах ажлыг хийж гүйцэтгэх, цонхыг өөрийн үйлдвэрийн талбайд бэлдээд барилгын талбайд угсарч суулгах ажлыг 30 хоногт хийхээр харилцан тохиролцсон. Мөн ажлын нэгж м.кв-ийн үнэ НӨЭТ-тай 230,000 төгрөг буюу нийт ажлын 100 м.кв-ийн үнэ 23,000,000 төгрөг байх бөгөөд захиалагч урьдчилгаа 15,000,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлсөн.

1.2. Хариуцагч Т ХХК нь дээрх ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхгүйгээр барилгын ажлыг 2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс орхиж явснаар гэрээний 6.6-д гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгнө... гэх үүргийг зөрчсөн. Гэрээний 6.16-д гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх графикийн дагуу гүйцэтгээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн торгуулийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан. Хариуцагч Т ХХК-ийн хийж гүйцэтгээгүй ажил болох 8,000,000 төгрөгийн ажлыг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тул 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 05-ний өдрийг хүртэлх хугацааны 712 өдрийн алданги 28,480,000 төгрөг болсон.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 8,000,000 төгрөгийн 50 хувь болох 4,000,000 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компани К ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Эрүүл мэндийн амбулатори №1 барилгын цонхыг нийлүүлэхээр харилцан тохиролцон. Уг гэрээний дагуу бэлтгэн нийлүүлсэн ажлын 85 хувь буюу шилийг хийж гүйцэтгэхээр санал тавихад нэхэмжлэгч тал түр хугацаагаар хойшлуулсан.

Гэтэл энэ хугацаанд ковид-19 цар тахалтай холбоотой хил гааль хааж, ачаа бараа тээвэрлэхэд хүндрэлтэй, барилгын материалын үнэ огцом өссөн, үйл ажиллагаа явуулахад хүнд байсан ч манай компанийн зүгээс үлдэгдэл төлбөрийг шийдээд өгвөл ажлаа дуусгах талаар нэхэмжлэгчид хэлсэн.

2.2. Нэхэмжлэгч нь гэрээний 6.16-д зааснаар алданги нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь барилгын ажил 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд зогссон, одоогоор барилга ашиглалтад ороогүй, мөн нэхэмжлэгч тал үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний алдангид 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 50 төгрөг болон хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт ажил гүйцэтгэх хугацааг нэхэмжлэгч хойшлуулж байсан гэх тайлбар, татгалзаж буй үндэслэлээ хариуцагч баримтаар няцааж, нотолж чадаагүй, хариуцагч гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэжээ. Гэтэл хариуцагч шүүхэд хүсэлт гаргаж К ХХК-д ажиллаж байсан инженер н.Өсөхбаяр, мөн Т ХХК-дажиллаж байсан Э.Т нарыг гэрчээр асуулгасан бөгөөд гэрч Э.Т мэдүүлэгтээ ...ганцхан шиллэх дутуу байсан, бүх рам хийгдсэн, захиалагч компанийн инженер ажил зогсоох талаар хэлсэн, ажлыг н.Өсөхбаяр инженер хүлээн авсан гэх мэдүүлэг, гэрч н.Өсөхбаяр мэдүүлэгтээ ...тухайн үед шаврын ажил хийгдэж байсан, ажлын давхцал явагдаж байсан ба цонх зөөвөрлөхөд хагарах эрсдэлтэй учраас хошилуулсан гэх мэдүүлгээс захиалагч хугацааг хойшлуулсан нь нотлогдож байхад шүүх дүгнээгүй.

4.2. Шүүхийн шийдвэрт талууд гэрээний хугацааг хойшлуулах талаар бичгээр акт үйлдээгүй тул хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй гэжээ. Гэтэл акт үйлдэх үүрэг нь захиалагчийн үүрэг буюу гэрээний 5.6-д барилга угсралтын ажлын явцад хяналтын инженер томилж байнга хяналт тавина. Ажлуудыг хяналтын инженер үзэж шалгаж ажил хүлээлцэх акт үйлдсэний дараа дараагийн үе шатны ажлыг эхлүүлнэ гэж заасан байхад хариуцагчийг шүүх буруутгах үндэслэлгүй.

Захиалагч гэрээний хугацааг хойшлуулахдаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаас гадна гэрээний 3.4-т гүйцэтгэгчид ажил эхлэх мэдэгдлийг албан бичгээр өгч талбайг хүлээлгэн өгнө гэх заалтыг зөрчиж ажлыг гүйцэтгэх боломж, нөхцлөөр хангаж өгөөгүй байхад шүүх гэрээг цуцалсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь К ХХК-ийнзахирал н.Нямсүрэн нь энэ барилга одоо ч дуусаагүй байгаа яамтай хийсэн гэрээгээрээ явж байгаа, зөвхөн цонх суулгах ажил биш, том барилга... барилгын үйлчилгээгээ хянуулаад мөнгөө авдаг.. гэх ярианаас маш удаашралтай сунжирч байгаа байдал нотлогдсон.

4.3. Шүүхийн шийдвэрт ...алдангийг нэхэмжлэгч шаардах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Гэрээний 5.13-т захиалагч нь санхүүжилтийг графикийн дагуу санхүүжүүлээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд санхүүжүүлэх ёстой үнийн дүнгийн 0.5 хувь алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасан байдаг. Гэрээнд заасан ёсоор дараагийн ажлын санхүүжилт хугацаандаа өгөхгүй байснаар гэрээгээ нэхэмжлэгч тал зөрчсөнөөс гадна хариуцагч тал гэрээний 6 дугаар зүйлд захиалагчаас төлбөрийг хугацаандаа буюу бүрэн хийгдээгүй тохиолдолд гүйцэтгэгч ажлыг зогсоох эрхтэй, мөн гэрээний 7.3-т захиалагч тал санхүүжилт хоцруулснаас болж барилга ашиглалтанд орох хугацаа хойшлогдвол гүйцэтгэгч тал хариуцлага хүлээхгүй гэх заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

4.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчний улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, холбогдох баримтыг шүүхэд хүргүүлсэн боловч хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмаар хангаагүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Т ХХК-дхолбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хариуцагч Т ХХК-аас хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул ажил гүйцэтгэх гэрээний алдангид 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байх ба шүүх хуралдааны үеэр зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

4. Эвлэрлийн гэрээнд талууд дараах байдлаар харилцан тохиролцсон байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 4,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 3,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 750,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 750,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 750,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн байна.

 

5.Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч К ХХК, хариуцагч Т ХХК-иудын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

6. Зохигчид эвлэрснийг баталсан энэхүү магадлалыг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг болно.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/03045 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч К ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 4,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 3,000,000 төгрөгийг хариуцагч Т ХХК хүлээн зөвшөөрч, 750,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, 750,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 750,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 750,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус тус нэхэмжлэгч К ХХКтөлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ