Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/01814

 

 

 

 

 

 

 

 

    2024        09            27                                    210/МА2024/01814

 

 

А.У-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/01812 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.У-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Б-д холбогдох,

Үндэслэлгүйгээр шилжүүлсэн 22,720,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Э.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Э.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 0000 тоот данс руу бараа ачуулах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 22,720,000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгийг бусдад өгсөн нэрийдлээр барааг эсвэл мөнгийг өгөөгүй. Иймд Э.Б-д үндэслэлгүйгээр шилжүүлсэн 22,720,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний эзэмшлийн Хаан банк дахь 0000 тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11:05 цагт 22,720,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12:15 цагт Сичин, Г- руу 22,720,000 төгрөгийг тухайн үеийн юанийн ханш 466 төгрөгөөр тооцож 48,755 юань шилжүүлсэн. Үүнийг Г- (Х-) хүлээж авснаа илэрхийлж хүлээн авлаа гэсэн зурвас бичсэн. Миний бие 2020 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан.

Тухайн үед ковид гарчихсан, банкнаас юань гаргахгүй байсан учир ажлын түнш болох А- болон С-тэй хамтарч ажилладаг байсан. Х- гэх хүн нь миний дансанд уг мөнгийг хүлээж авч, дараа нь С-ээс юань болгон солиулж авсан. Би Х- болон А.У- гэх хүмүүсийг сайн мэдэхгүй. Тухайн үед төгрөгийг юаниар солиулах гэж байна гэж ойлгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Б-д холбогдох үндэслэлгүйгээр шилжүүлсэн 22,720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А.У-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.У-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч бараа ачуулахаар мөнгөө хариуцагч руу шилжүүлсэн. Хариуцагч нь мөнгийг нь хүлээж аваад төлөөлөгчийн газрынхаа ажилтнуудад өгсөн нь хариуцагчийн тайлбараар тодорхой байхад шүүх нэхэмжлэгч хариуцагч нарыг гэрээ хэлэлцээр хийсэн, /эрх зүйн харилцаа/ болон гэрээний харилцаа үүссэн мэтээр ойлгож хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч А.У- нь хариуцагч Э.Б-д холбогдуулан үндэслэлгүйгээр шилжүүлсэн 22,720,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр А.У- нь 22,720,000 төгрөгийг Э.Б-ийн эзэмшлийн Хаан банкны 0000 тоот данс руу “Х-агаар элс авхуулах 86+13811168582” гэх утгаар шилжүүлсэн байх ба хариуцагч нь уг  22,720,000 төгрөгт тэнцэх 48,755 юанийг Г- гэх иргэнд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх12/

 

3. Анхан шатны шүүх, хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулна. Учир нь, нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч тал заасан этгээдэд шилжүүлсэн харилцааг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд даалгаврын гэрээ үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагчийн дансанд бараа ачуулах зорилгоор шилжүүлсэн, мөнгийг бусдад шилжүүлсэн гэх нэрийдлээр одоог хүртэл барааг өгөөгүй” гэж тайлбарласан, харин хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “Х- гэх хүн нь миний дансанд уг мөнгийг хийлгүүлэн, дараа нь С-ээс юань болгон солиулж авсан. Тухайн үед төгрөгийг юаниар солиулна гэж ойлгосон” гэж тус тус тайлбарласан байна.

 

3.2. Нэхэмжлэгч нь 22,720,000 төгрөгийг бусдад дамжуулан өгөх зорилгоор хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нь мөнгийг юаньд хөрвүүлэн цааш дамжуулсан тухай ирүүлсэн баримтыг нэхэмжлэгч талаас няцаагаагүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн бараа бүтээгдэхүүн шилжүүлэх үүрэг хүлээсэн эсэхийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй зэргээс үзэхэд хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

 

3.3. Иймд нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцэхгүй байна.

 

4. Харин, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт “Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан тул хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зохих этгээд рүү шилжүүлснээр өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/01812 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “211 дүгээр зүйлийн 211.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д” гэснийг “399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                      М.БАЯСГАЛАН

 

  Ц.АЛТАНЦЭЦЭГ