Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0120/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                              Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                           Я.Сансар

Шүүгдэгч                                                                   Х.А нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А-д холбогдох 1939... эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 21-09 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х.А /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.А нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Маргад зочид буудлын 208 тоот өрөөнөөс иргэн Г.Б-ын самсунг S9 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Г.Б-ын өгсөн: ...би буудлын ажилчинтай ярьж зогсож байгаад миний утсанд хаан банкны мэдээлэл ирсэн тэгээд удалгүй нөгөө виза карт авч явсан хүн ирээд 40.000 төгрөг болон виза картыг маань өгсөн тэр мөнгөнөөс би буудалд 30.000 төгрөг өгөөд үлдсэн 10.000 төгрөгийг нь таксины жолоочид өгсөн. Х.А бид хоёр 3 номерын өрөөнд ороод авч явсан нэг шил архиа уусан. Тэгээд нилээн муудсан болохоор хэвтээд өгсөн. Нэг сэрэхэд Х.А байхгүй миний халаасанд байсан машины түлхүүр, виза карт болон тамхи орон дээр гаргаж орхисон байсан. Харин миний халаасанд байсан самсунг S9 маркын гар утас байхгүй болсон байсан. Миний алдсан гар утас нь цэнхэр өнгийн гялгар гэртэй хар хөх өнгөтэй, дэлгэц дээр нь усан цэнхэр зурагтай... гар утсаа 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр орчимд 1.950.000 төгрөгөөр авсан. Би Маргад зочид буудалд орохдоо гар утастайгаа орсон учир нь би хүнд виза гартаа өгөөд ХААН банкнаас мэдээлэл ирснийг буудлын зөөгч мэдэж байгаа түүний хажууд утсаа гаргаж байсан...миний хувьд алдсан гар утсаа бүрэн бүтэн олж авсан учраас ямар нэгэн гомдол санал байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 12 хуу/

Гэрч Д.Г-ийн өгсөн...тэр залуу нөгөө дагуулж явсан эмэгтэйн хамт 208 тоот өрөөнд орсон тэгээд шөнийн 00 цаг 50 минутанд 208 тоот өрөөнд орсон эмэгтэй шатаар бууж ирсэн харин би сандал дээр сууж байсан...тэгээд өглөө 208 тоотод орсон эрэгтэй миний гар утас алга болсон байна гээд ямар нэгэн зүйл яриагүй гараад явсан...тэр эмэгтэй манай буудлаас гарахдаа цуг 208 тоот өрөөнд орсон залуугийн цэнхэр өнгийн гадартай мэдрэгчтэй утас аваад гарсан учир нь би тэр залуугийн утсыг буудлын тооцоог хийхдээ тэр залуу бариад байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/

            Х.Аийн яллагдагчаар өгсөн... би энэ зүйл ангиа хүлээн зөвшөөрч байна...уусан архиндаа согтоод тасарчихсан байсан...маргааш нь буудлын бичлэг цагдаа нартай очиж хараад л хальт санаж байгаа юм тэгэхэд яах аргагүй утсаар яриад гарч байна лээ. Би өөрөө бол утасгүй явсан. Харин буудлаас бариад суусан таксиндаа гэрийнхээ гадаа буухдаа мөнгөгүй байсан болохоор гэрийнхээ хаягаа хэлээд үлдээчихсэн байсан тэгээд утсаа 3 хоногийн дараа олж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 5-6 хуу/

Хохирлын үнэлгээ /хх-ийн 21-22 хуу/

Х.А-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31 хуу/

Ял шалгах хуудас /хх-ийн 32 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 56-57 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Х.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.А нь 2019 оны 03 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Маргад зочид буудлын 208 тоот өрөөнд байхдаа хохирогч Г.Б-ын самсунг S9 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

 

Шүүгдэгч Х.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.Б, гэрч Д.Г мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд  шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно. 

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Аийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Х.А-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

Хохирогч Г.Б нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн  /хх-ийн 56 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х.А-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч  Х.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ