Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 11

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын 

эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй 

болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн иргэн Ч.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалын Ч.Төмөрбаатарт холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Гадаад харилцаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Төмөрбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чимэдцэеэ овогтой Төмөрбаатар миний бие 2011 оноос эхлэн улсад тасралтгүй 6 жил Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Гадаад харилцаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын А/10 тоот тушаалаар ажлаас хууль бус чөлөөлөгдөж, эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна. 

Учир нь Ч.Энхцэцэг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдохдоо Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 33 дугаар зүйлийн 33.3, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, 17.5, 17.6 дахь заалтуудыг тус тус зөрчин томилогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 225 тоот албан бичгээр баталгаажиж байгаа тул бүтцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилох эрхгүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөрчсөн бөгөөд миний хариуцан ажиллаж байсан Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн гадаад харилцаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Ч.Төмөрбаатар, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг нар бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

 

Нэг талаас нэхэмжлэгч Баруун-Урт сумын 6 дугаар багийн иргэн Чимэдцэеэ овогтой Төмөрбаатар РД: ЛЮ89022690, нөгөө талаас хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Чулуунбаатар овогтой Энхцэцэг РД: ЛЮ64052401 нар бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 68 дугаар зүйлийн 68.1 дэх заалтыг үндэслэн доорхи нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. 

 

1. Хариуцагч талаас Ч.Төмөрбаатарын ажлаас халагдсаны тэтгэмж, ээлжийн амралтын мөнгийг тооцож олгосон цаашид хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах

 

2. Шинээр ажлын байр бий болсон тохиолдолд Ч.Төмөрбаатарын мэргэжилд тохирох ажлын байраар нэн тэргүүнд хангах

 

3. Энэхүү гэрээ нь нэхэмжлэгч, хариуцагч болон бусад этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлаагүй, талууд харилцан зөвшөөрсөн тул байгуулагдсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Төмөрбаатар нь “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын Ч.Төмөрбаатарт холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Гадаад харилцаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгөх”-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлжээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар  зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Төмөрбаатар, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг нарын

 

а. Хариуцагч талаас Ч.Төмөрбаатарын ажлаас халагдсаны тэтгэмж, ээлжийн амралтын мөнгийг тооцож олгосон цаашид хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах

 

б. Шинээр ажлын байр бий болсон тохиолдолд Ч.Төмөрбаатарын мэргэжилд тохирох ажлын байраар нэн тэргүүнд хангах 

 

в. Энэхүү гэрээ нь нэхэмжлэгч, хариуцагч болон бусад этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлаагүй, талууд харилцан зөвшөөрсөн тул байгуулагдсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэсэн нөхцөлтэй байгуулсан эвлэрлийг баталж  “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын Ч.Төмөрбаатарт холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Гадаад харилцаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтний үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргаж намайг хохиролгүй болгож өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Төмөрбаатараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                     Б.ЦЭРЭНХАНД