Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2017/0712/З |
Дугаар | 221/МА2019/0117 |
Огноо | 2019-02-27 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2019/0117
Ч л с м нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Номинцэцэг, гуравдагч этгээд “У х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, өмгөөлөгч Г.Ч нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0780 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн давж заалдах гомдлоор, Ч л с м нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0780 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.2-т тус тус заасныг баримтлан Ч л с м эзэмших эрх бүхий 2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н давж заалдах гомдолдоо: “...шүүхийн дурдсанаар гуравдагч этгээд “А м т” ХХК болон нэхэмжлэгч нарын газрын давхцалтай холбоотой маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 513 дугаар шийдвэрээр “...маргаан бүхий захиргааны актуудын гуравдагч “А м т” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь бус харин нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэсгээр газрын хэмжээнээс хасах буюу маргаан бүхий захиргааны актуудад өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж шийдвэрлэснийг давах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн байдаг.
Гэтэл анхан шатны шүүх дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэгэнт тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийж, гуравдагч этгээдийн газрын хэмжээг өөрчлөхгүйгээр нэхэмжлэгчийн газрын солбицолд өөрчлөлт оруулан газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалган шийдвэрлэх байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг зөрчсөн.
...шүүхээс нэхэмжлэгчийн эзэмшил газрын солбицлыг өөрчлөх үндэслэлгүй байхад шүүхийн шийдвэрийн дор хариуцагч дахин нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэлгүйгээр халдах нөхцлийг бүрдүүлсэн шийдвэр гаргаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг зөрчин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, хэргийн оролцогчийн маргаагүй өмнөх шүүхийн шийдвэрийн үйл баримтад дүгнэлт өгсөнд нь үндэслэлгүй байна.
Иймд “...А м т ХХК (одоогийн эзэмшигч нь М ХХК)-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164, 2010 оны 257 дугаар захирамжуудын холбогдох хэсгийг (давхцалтай гэх 227 м кв газрыг) шүүхийн шийдвэрээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн хэдий ч хариуцагч одоо хүртэл шинээр акт гаргаагүй дээрх захирамжуудын эрх зүйн үр дагавар арилаагүй байх бөгөөд харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед тайлбарласан дээрх давхцал бүхий газарт байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг хөндөхгүйгээр газрын солбилцолыг өөрчлөх байдлаар Засгийн газрын тогтоолоор баталгаажсан нэхэмжлэгчийн 2 га газрыг өөрчлөхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэснийг шүүх шийдвэрийнхээ гол үндэслэл болгов” гэж дүгнэсэн хэсгийг хүчингүй болгож, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг баримтлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах хэмээн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ч л с м эзэмших эрх бүхий 2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хариуцагч Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар тогтоолоор Ч л с м-г улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад оруулж, 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор тус музейн хамгаалалтын бүсийг 2 га газар байхаар тогтоож, улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар Ч л с м-д дээрх 2 га газрыг 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийг баталгаажуулсан.
Үүнээс хойш Ч л с м эзэмшлийн 2 га газрын хэмжээ, байршил, солбицлыг өөрчилсөн болон эзэмших эрхийг цуцалсан ямар нэг шийдвэр гараагүй, дээрх Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын шийдвэрүүд хүчин төгөлдөр үйлчилж байна.
Гэхдээ Ч л с м нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 40 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 341-ний өдрийн 215 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 215 дугаар тогтоолоор Чойжин ламын сүм музейд эзэмшүүлсэн 2 га газраас 199 м.кв газар нь Б.Б-ийн хууль ёсны эзэмшилд байна гэж гэж дүгнээд Ч л с м нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,
Мөн Ч л с м нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 513 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 527 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “А м т” ХХК-д эзэмшүүлсэн газраас 227 м.кв газар нь Ч л с м эзэмшлийн 2 га газартай давхацсан гэж дүгнээд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164, 2010 оны 257 дугаар захирамжуудын “А М т” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Засаг даргаас дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, дахин шинэ акт гаргаагүй байна.
Нэхэмжлэгчээс “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гэндэнгийн гудамж Ч л с м эзэмших эрх бүхий 2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэтэл дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд, хэдийгээр шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын дагуу Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар Чойжин ламын сүм музейд эзэмшүүлсэн 2 га газрыг кадастрын зурагт тэмдэглэсэн солбицлын дагуу сунгахыг хариуцагчид даалгах боломжгүй.
Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч Ч л с м эзэмшлийн 2 га газрыг кадастрын мэдээллийн санд оруулсан солбицол бүхий хэмжээнээс 199 м.кв газрыг нь нэхэмжлэгч эзэмших эрхгүй болохыг шүүх тогтоосон, 277 м.кв газрыг нь дахин шинэ акт гартал ямар нэг шийдвэр гаргах боломжгүй байдлаар шийдвэрлэсэн тул 2 га газрын солбицлыг өөрчлөхгүйгээр анх кадастрын зурагт орсон хэмжээгээр дахин эрхийн гэрчилгээний хугацааг шууд сунгах боломжгүй юм.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ч л с м хамгаалалтын бүсийг 2 га газар байхаар тогтоосон Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоол /уг тогтоолоор 2 га газрын эргэлтийн цэг, солбилцолыг нарийвчлан тогтоогоогүй/, газар эзэмших эрхийг баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамж нэгэнт хүчин төгөлдөр байгаа учраас шүүх нэхэмжлэгч Ч л с м 2 га газрыг эзэмших эрх нь хэвээр хадгалагдаж байгаа гэж үзээд тухайн газрын эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг хариуцагч нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Харин анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед тайлбарласан дээрх давхцал бүхий газарт байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг хөндөхгүйгээр газрын солбилцолыг өөрчлөх байдлаар Засгийн газрын тогтоолоор баталгаажсан нэхэмжлэгчийн 2 га газрыг өөрчлөхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэснийг шүүх шийдвэрийнхээ гол үндэслэл болгов” гэж дүгнэсэн нь буруу, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй ч энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах боломжгүй.
Нэгэнт шүүхийн шийдвэрээр “А м т” ХХК-д эзэмшүүлсэн газраас 227 м.кв газар нь Ч л с м эзэмшлийн 2 га газартай давхацсан гэж дүгнээд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164, 2010 оны 257 дугаар захирамжуудын “А М т” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн учраас хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу дахин шинэ акт гаргасны дараа нэхэмжлэгч Ч л с м эзэмших эрх бүхий 2 га газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2018/0780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН