Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 184/2024/01346/И |
Дугаар | 210/МА2024/01855 |
Огноо | 2024-10-04 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/01855
2024 10 04 210/МА2024/01855
Ч.Н-ий нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/04041 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ч.Н-ий нэхэмжлэлтэй
Хариуцагч Д.Т-д холбогдох,
Гэм хорын хохиролд 4,240,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн 00-01 УАТ улсын дугаартай, Toyota land cruiser маркийн автомашинтай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангриллагийн баруун хойд уулзварын баруун талын замд явж байтал Д.Т- нь 00-00 УАМ улсын дугаартай, Тоёота приус маркийн суудлын автомашинаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж миний автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан.
Тээврийн цагдаад дуудлага өгч зөрчил гарсан газарт үзлэг, хэмжилт хийхэд иргэн Д.Т- буруутай нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгуулах шийтгэлийг ногдуулсан. Мөн Д.Т- нь зөрчил гаргасан буруугаа хүлээн зөвшөөрсөн. Миний бие хохирлын үнэлгээг А ХХК-аар хийлгэхэд 3,980,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан бөгөөд үнэлгээний төлбөр 260,000 төгрөг болсон. Гэвч Д.Т- нь миний хохирлыг барагдуулахгүй, утсаа авахгүй зугтаасаар байна. Иймд хариуцагчаас хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 3,980,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 260,000 төгрөг, нийт 4,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримт нь хэргийн газрын схем зураг байдаг. Хэргийн газрын схем зургаас харахад тухайн зам нь эсрэг хөдөлгөөнтэй 4 эгнээ зам, нэг тийшээ 2 эгнээгээр явдаг зам, ямар нэгэн эвдрэл гэмтэлд ороогүй, хөдөлгөөнгүй цэгийг А цэг байдаг. 2 машин хоорондоо мөргөлдсөн А цэг нь нэгдүгээр эгнээ байна. Хоёрдугаар эгнээнд явж байгаа машин баруун гар тийшээ эргэх гэж байгаад мөргөлдсөн байдаг. Мөрдөгчийн магадалгаа үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.
Тус тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Замын цагдаагийн газраас хэргийн материалыг хүсэлт гарган татуулсан. Ц.Д- гэх хүний эзэмшилд тус машин байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт заасан зам тээврийн ослоос болсон гэм хорыг тээврийн хэрэгслийн өмчлөгч ашиглагч хохирлыг төлж барагдуулах ёстой. Тээврийн хэрэгслийн өмчлөгч Ц.Д- гэх хүн хохирлыг хариуцаад өөрөө гэм буруутай этгээдээс өөрийн гаргасан төлбөрийг нэхэмжлэх эрхтэй. Тээврийн хэрэгслийн үнэлгээ хийхэд учирсан шууд хохирол нь 230,000 төгрөг байна. Баруун хойд хаалга, баруун урд хаалга, баруун гишгүүрийн үнэлгээ хийлгэсэн. Тус тээврийн хэрэгслийг будсан, хуулга наасантай холбоотой шууд хохирол гарахад зарцуулагдсан нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Ийм учраас шууд хохирол 230,000 нийт хохирол нь 3,980,000 төгрөгийн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч хэлэхдээ 3,400,000 төгрөг гэж байна. Үнэлгээгээр 230,000 төгрөгийн хохирол гарсан. 2 хаалга, гишгүүр нь дунд зэргийн эвдрэлтэй байна. Будаж, хуулга наасан талаар үнэлгээн дээр тодорхой байхгүй байна. Хуулганд хэдэн төгрөг зарцуулсан талаар үнэлгээний тайлан дээр тусгагдаагүй байна.
Д.Т- машиныг осол болох үед барьж байсан талаар маргахгүй, бодит учирсан хохирол нь 230,000 төгрөгийг шүүхээс төлөх шийдвэр гаргавал төлнө гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Т-гээс 4,240,000 /дөрвөн сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Н-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 82,970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Тухайн ослын шалтгааныг үнэн зөв тогтоогоогүй зөрчлийн хэргийн торгуулийг Д.Т- төлөөгүй. Д.Т-гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ц.Д- байсан тул Д.Т- хариуцагч биш. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар А ХХК үнэлгээгээр шууд хохирол 230,000 төгрөг, бусад шууд бус хохирлыг хангах нотлох баримт байхгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч Ч.Н- нь хариуцагч Д.Т-д холбогдуулан гэм хорын хохиролд 4,240,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь миний автомашиныг мөргөж осол гаргасан тул үнэлгээгээр тогтоосон 3,980,000 төгрөг болон үнэлгээний зардалд төлсөн 260,000 төгрөг, нийт 4,240,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.
1.2. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ уг автомашины эзэмшигч нь биш бөгөөд хариуцагч биш. Мөн цагдаагийн магадлагааг хүлээн зөвшөөрөхгүй, хохирлын үнэлгээний шууд зардал гэх 230,000 төгрөгийг төлж болно гэж маргасан байна.
2. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангриллагийн баруун хойд уулзварын баруун талын замд хариуцагч Д.Т- нь 00-00 УАМ улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ нэхэмжлэгч Ч.Н-ий жолоодож явсан 00-01 УАТ улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер Жи-300 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
3. Хариуцагч Д.Т- нь, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасныг зөрчсөн тухай 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрхий бүхий албан тушаалтны тэмдэглэл, зам тээврийн осолд буруутай гэж үзэж 100,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас зэрэг баримтуудаар дээрх зам тээврийн осолд буруутай болох нь нотлогдсон байна./хх17-19/
3.1. Түүнчлэн, хариуцагч нь дээрх магадлагаа, зөрчлийн шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас зэргийг эс зөвшөөрч, эрх бүхий байгууллагад гомдол гаргаж маргасан тухай нотлох баримтгүй байна.
3.2. Иймд зам тээврийн осол гаргаж, улмаар нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг хариуцагч Д.Т- нотлоогүй учраас гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхгүй тул нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.
3.3. Түүнчлэн, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
4. А ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар 00-01 УАТ улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер Жи-300 маркийн тээврийн хэрэгсэлд 3,980,000 төгрөгийн хохирол нэхэмжлэгчид учирсан болохыг тогтоожээ./хх10-11/
4.1. Нэхэмжлэгчийн Тоёота Ланд Круйзер Жи-300 маркийн тээврийн хэрэгслийн хохирлын шууд зардал буюу эвдэрч гэмтсэн эд ангийг засварлах үнэ 230,000 төгрөг, уг эд ангиудыг будах, туслах материал, хуулга наах зардал нь 3,750,000 төгрөг, нийт 3,980,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан байна. Мөн үнэлгээний ажлын хөлс нь 260,000 төгрөг байх тул нийт 4,240,000 төгрөгийг хариуцагч Д.Т-гээс гаргуулж, нэхэмжлэгч Ч.Н-д олгосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн байх тул шууд зардлын 230,000 төгрөгөөс бусад хэсгийг гаргуулсныг зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Дээр дурдсан зам тээврийн осол болох үед хариуцагчийн жолоодож явсан 00-00 УАМ улсын дугаартай, Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь өөр этгээд байх боловч тухайн зам тээврийн осол нь жолоочийн хариуцлагын асуудал буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнтэй холбоотой үйлдлийн улмаас гэм хор учирсан гэж үзэж нэхэмжлэгч нь хариуцагчаар Д.Т-г тодорхойлсныг буруутгахгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай зохигчийн гаргасан хүсэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2024/04041 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ